| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0295/э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа /томилолтоор/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Соёлмаа /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1710 0007 40270 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суух, иргэн Ц.Б-ы сууцны байшингийн цонхыг хагалж нэвтрэн Филлипс маркийн 42 инчийн телевизор, морин хуур, жимс холигч, Анукал, Самсунг маркийн гар утас тус бүр 1 ширхэг, Эл Жи маркийн гар утас 2 ширхэг, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 920.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2016 онд хөдөлмөрийн чадварын алдалтын 70 хувиар групп тогтоолгосон. Надад группийн тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Би хохирогчийг танина, бид нэг хашаанд байдаг, урьд хааяа ус авдаг байсан. Би тухайн өдөр хөдөө явах гээд зардлын мөнгө асуух гэж очиход хүнгүй байсан болохоор цонхыг хагалаад орсон. Би авсан эд зүйлийг буцааж өгөөгүй, гудамжинд байсан хүнд зарсан. Би морин хуурыг 10.000 төгрөгөөр зарсан. Харин зурагтыг байшингаас авч гарах үедээ зурагтны дэлгэцийг нь хагалсан байсан учир гудамжинд хаясан. Бусад эд зүйлсийг хэдэн төгрөгөөр зарсанаа санахгүй байна. Миний зүгээс хохирогчийн гэрээс авсан эд зүйлийн тоо, хэмжээ, үнэлгээний талаар маргах зүйл байхгүй. Би группийн мөнгөөрөө хохирол төлбөрийг төлж барагдуулна. Ийм гэмт хэрэг хийсэн нь миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710000740270 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонтын 22-780 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-10х/,
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөө 08:00 цагийн үед гэрээсээ гаран ажилдаа явсан юм. Тэгээд оройн 20:00 цагийн үед гэртээ иртэл урагшаа харсан цонх хагарчихсан, гэрийн хоймор байрлах зурагт, хананд байсан морин хуур, хөргөгчин дээрх жимс холигч, тольны доод талын шүүгээнд байсан LG маркийн андройд гар утас, Anycall маркийн андройд гар утас, Samsung Motorolla маркийн дэлгэгддэг утас, охины маань монетан 2 ширхэг ээмэг, мөнгөн нэг хос ээмэг тус тус хулгайд алдсан. Тухайн үед вакум цонх хагарчихсан байсан учир баярын өдөр гээд нэмэгдэлтэй үнээр 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Үнэлгээтэй танилцсан. Үнэлгээгээр тогтоогдсон 920.920 төгрөгийг нэхэмжилж байна.
Хулгайд алдсан Phillips маркийн зурагтыг 2015 оны 02 сарын 17-нд Арена электрониксоос 799.500 төгрөгөөр худалдан авч байсан. Морин хуурыг 100.000 төгрөгөөр, жимс холигч нь 250.000 төгрөгөөр худалдаж аваад ашиглаагүй, шинээрээ байсан. LG маркийн хар гэртээ том цагаан утсыг 100.000 төгрөгөөр, нөгөө LG-г нь 80.000 төгрөгөөр, Anycall маркийн андройд 1 ширхэг гар утсыг 50.000 төгрөгөөр, самсунг маркийн нугастай гар утсыг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утаснууд маань хуучин ч гэсэн минйи хэрэгцээг хангаад болоод байсан. Охины жижиг монетон 1 ээмгийг 170.000 төгрөгөөр 2016 онд худалдан авч байсан. нөгөө монетэн ээмгийг нь 2015 онд 150.000 төгрөгөөр авч байсан. Нэг хос 2 хос мөнгөн ээмгийг 2015 онд 35.000 төгрөгөөр авсан юм.
Өмнө нь 2015 онд манай гэрт хулгай орж байсан тухайн үедээ хулгайч нар нь баригдаад, цагдаа дээр шалгагдаж байсан ч хохирол барагдуулаагүй. Манай хашаанд байдаг Б гээд эрэхлсэн ажилгүй залуу архи уугаад яваад байдаг юм, би Бг хэрэгт сэжиглэж байна.
... Би өмнө өгсөн мэдүүлэгт Motorolla маркийн гар утас алдагдсан талаар дурьдсан байсан бөгөөд тухайн утас алдагдаагүй байсныг сүүлд гэрээ янзалж байхдаа мэдсэн. .... Би Д ХХК-ийн шинжээчийн үнэлгээтэй танилцсан, дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй. Би өөрт учирсан 920.920 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 96х/,
3. Шүүхийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний 2017 оны 07 сарын 11-ны өдрийн 05/434 дугаартай дүгнэлтэд:
1. 2017.07.10-нд ХУД 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суух Ц.Б-ы эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалан хулгай орж Phillips маркийн 42 инчийн LCD зурагт алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр х/ч Очирхуягийн бэхжүүлж ирүүлсэн №1, 2, 3, 4 гэж дугаарласан дакто хальсан дээрх гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн №1 “цонхны дотор талын тавцан дээрээс” гэж дугаарлсан дакто хальсан дахь гарын мөр нь Папилон санд MN000110005416, MN000110014694, MN 000120003214, MN000810002051, MN005410000691, MN005410001396 дугаараар бүртгэгдсэн Ц.Б-гийн зүүн гарын алганы хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас илэрсэн мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хэргийн 26х/
4. Хэрэгт шинжээчээр ажилласан хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2-18-189 дугаартай:
Хохирогч Ц.Б-ы гэрээс алдагдсан гэх 9 нэр төрлийн эд зүйлс, хагарсан вакум цонхны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 07 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 920.920 /есөн зуун хорин мянга есөн зуун хорин/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 34-35х/,
5. Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарч байна. Би Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суудаг бөгөөд манай хашаа дундуураа хуваагдах ёстой ч хуваагдаагүй байгаа, манай хашаанд хөрш айл болох Ц.Б нөхөр, 2 хүүхдийн хамт байшинд тусдаа амьдардаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө голын эрэг дээр архи уучихаад гэртээ согтуу ирсэн, тэгээд баяр наадам болох гэж байсан учир Төв аймагт байрлах хүргэн Б-лын гэрлүү явах хэрэг гараад зардлын мөнгө гуйх санаатай хөрш айл Ц.Б-ы гэрлүү ороход хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь гэрээс нь зардлын мөнгө болчих эд зүйл авахаар болж баруун талын цонхыг хагалж дотогш орж хоймор байрлах маркийн санахгүй байна ямартай ч 42 инчийн хар зурагт, хананд байсан модон морин хуур, хөргөгчин дээр байсан жимс холигч, зочны өрөөнд байсан шүүгээнээс 3 ширхэг утас, ээмэг бөгж тус тус аваад гарсан. Тэгээд шууд хойшоо хашааны хаалгаа гараад ертөнцийн зүгээр зүүн доошоо жалга руу явсан явж байхдаа нэг хүнтэй таарч авч явсан эд зүйлээ зарах гэхэд зурагтыг нь үзье бусдыг нь авахгүй гэж хэлээд гэртээ дагуулан орж зурагтыг асааж үзэхэд ногоон эрээн болчихсон байсан учир аваагүй, би тухайн зурагтыг авч явахдаа унагаасан, эсвэл юманд цохисон байж магадгүй согтуу байсан, мөн нэлээд яаруу айж сандарсан байсан болохоор сайн санахгүй байна тэр айлаа ч зааж өгч чадахгүй, ямартай ч уг айлаас гараад жалгаараа урагшаа гудмаар явж байгаад зурагтыг нь хаячихсан би хүнд юм удаан өргөж явж чаддаггүй юм. Тэгээд цааш нь явж байгаа гудамжинд 40 орчим насны эгчтэй таараад морин хуураа 10.000 төгрөгөөр гуйж байгаад зарсан, тэгээд мөнгөтэй болчихоод Яармагийн хуучин эцсийн буудлаас ширхэгийн тамхи аваад автобусанд суугаад Баянзүрхийн автовогзал дээрээс Багануур явах таксинд суугаад дүүгийнх рүүгээ явсан, замдаа жижиг, ээмэг, жимс холигч гар утаснуудыг яаснаа мэдэхгүй байна хүнд зарсан эсвэл гээсэн байгаа, тухайн үед согтуу байсан учир нарийн санахгүй байна.
Би согтуу байсан учир зурагтыг хаана байдаг ямар айлд оруулж үзүүлсэн, хаана орхисноо мэдэхгүй байна, гудамжинд л орхисон, морин хуураа 40 орчим насны эмэгтэй хүнд 10.000 төгрөгөөр зарсан, тэр хүнээ танихгүй харин бусад жижиг ээмэг, жимс холигч болон 3 ширхэг гар утаснуудыг яаснаа санахгүй байгаа юм, согтуу хулгай хийгээд нэлээд санд руу хүн харчих вий гээд явж байсан замдаа гэсэн байж магадгүй, би өмнө нь барилга дээр ажиллаж байгаад шээсний сүвээ тасалж байсан хүнд эд зүйл удаан өргөж чаддаггүй болохоор үнэд хүрэн юмыг нь сугдаж бариад л явж байсан юм. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 46-47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 52х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 09 сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 55-56х/, Хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 24 сараар буюу 2018 оны 12 сарын 08-ныг хүртэлх хугацаанд сунгасан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 71-72х/, шүүгдэгчийн Төрийн банк дахь тэтгэмжийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 68-69х/, гэрч Ц.Б-ий мэдүүлэг /хэргийн 23х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суух иргэн Ц.Б-ы сууцны байшингийн цонхыг хагалж, нэвтрэн орж, Phillips маркийн 42 инчийн LCD зурагт, морин хуур, жимс холигч, LG маркийн гар утас 2 ширхэг, Anycall, Samsung маркийн андройд гар утас тус бүр 1 ширхэгийг, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг 1 хос зэрэг нийт 9 нэр төрлийн 920.920 үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Б-ы эд хөрөнгөд 920.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хэргийн газрын /Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонтын 22-780 тоот/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,
- хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ы: “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөө 08:00 цагийн үед гэрээсээ гаран ажилдаа явсан юм. Тэгээд оройн 20:00 цагийн үед гэртээ иртэл урагшаа харсан цонх хагарчихсан, гэрийн хоймор байрлах зурагт, хананд байсан морин хуур, хөргөгчин дээрх жимс холигч, тольны доод талын шүүгээнд байсан LG маркийн андройд гар утас, Anycall маркийн андройд гар утас, Samsung маркийн дэлгэгддэг утас, охины маань монетан 2 ширхэг ээмэг, мөнгөн нэг хос ээмэг тус тус хулгайд алдсан. Тухайн үед вакум цонх хагарчихсан байсан учир баярын өдөр гээд нэмэгдэлтэй үнээр 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Үнэлгээтэй танилцсан. Үнэлгээгээр тогтоогдсон 920.920 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,
- Криминалистикийн шинжилгээний 2017 оны 07 сарын 11-ны өдрийн 05/434 дугаартай:
1. 2017.07.10-нд ХУД 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суух Ц.Б-ы эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалан хулгай орж Phillips маркийн 42 инчийн LCD зурагт алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр х/ч О-гийн бэхжүүлж ирүүлсэн №1, 2, 3, 4 гэж дугаарласан дакто хальсан дээрх гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн №1 “цонхны дотор талын тавцан дээрээс” гэж дугаарлсан дакто хальсан дахь гарын мөр нь Папилон санд MN000110005416, MN000110014694, MN 000120003214, MN000810002051, MN005410000691, MN005410001396 дугаараар бүртгэгдсэн Ц.Б-гийн зүүн гарын алганы хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас илэрсэн мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт,
- хохирогч Ц.Б-ы гэрээс алдагдсан гэх 9 нэр төрлийн эд зүйлс, хагарсан вакум цонхны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 07 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 920.920 /есөн зуун хорин мянга есөн зуун хорин/ төгрөг гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2-18-189 дугаартай үнэлгээний тайлан,
- шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-780 тоотод оршин суудаг иргэн Ц.Б-ы сууцны байшингийн цонхыг хагалж, нэвтрэн орж, Phillips маркийн 42 инчийн LCD зурагт, морин хуур, жимс холигч, LG маркийн гар утас 2 ширхэг, Anycall, Samsung маркийн андройд гар утас тус бүр 1 ширхэгийг, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 920.920 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-гийн дээрх гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Энэ хэргийн шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.
Хохирогч Ц.Б-ы хулгайд алдагдсан Phillips маркийн 42 инчийн LCD зурагтыг 180.000 төгрөг, морин хуурыг 80.000 төгрөг, жимс холигчийг 101.520 төгрөг, LG маркийн гар утас /том цагаан/ 36.000 төгрөг, LG маркийн гар утсыг 42.000 төгрөг, Anycall маркийн андройд гар утсыг 42.000 төгрөг, Samsung маркийн нугастай гар утсыг 21.000 төгрөг, монетон ээмэг 2 хосыг 302.000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хосыг 25.000 төгрөгөөр, вакум цонхыг 85.000 төгрөгөөр тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан баримтууд /хэргийн 34-35х/ хэрэгт авагдсан тул уг үнэлгээний тайланг шүүх үнэн зөвд тооцсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 920.920 төгрөг /есөн зуун хорин мянга есөн зуун хорь/ төгрөг гэж тогтоосныг үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба уг үнэлгээг хохирогч, шүүгдэгч талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ хэргийн хохирогч Ц.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийн дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 920.920 /есөн зуун хорин мянга есөн зуун хорин/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн, учруулсан хохирлын шинж чанар, тэрээр бүсэлхий нуруу ба аарцаг ясны хугарал өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг шүүх ял шийтгэхдээ харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу шүүгдэгч Ц.Б-гийн 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс 2018 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Б-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Б-гоос 920.920 /есөн зуун хорин мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Б-д олгосугай.
6. Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.Б-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолын эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД