Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

2025/ДШМ/08

 

 

        

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.Б

            Нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2412000000261 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг А 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь А аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд торгох ял биелэгдээгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Бы Б /РД:000000/

 

Шүүгдэгч Б.Б нь А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 10-ын тойрог дээр 0-0 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  А аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Монгол овогт Батсайханы Быг шүүхээс торгох ял шийтгүүлсэн хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 /нэг /жил 5 /таван/ сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуу мянга/ төгрөгийн торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, түүнд мөн шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын ял дээр дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нийт  3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж,Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо ... А аймгийн цагдан хорих байранд хоригдож буй Монгол овогт Батсайханы Б миний бие  А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолоор надад жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие өөрийн гэм буруутай маргадаггүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа ба өөрт оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Миний бие эрүүл мэндийн хувьд группт байдаг. Нэг талын нүд болор суулгасан бүрэн гүйцэд шарх нь эдгээгүй хоригдохоос өмнө өвдөж байсан хоригдсоноос хойш илүү их өвдөж зовуурилаад байна. Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан  үзэж надад оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсч байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна ... гэжээ.

Прокурор Ж.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Тус аймгийн прокурорын газрын шилжүүлж байгаа гэмт хэргийн 11 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ хэргээс урьдчилан сэргийлэх нь хуулийн байгууллагуудын үүрэг гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бын гомдолд эрүүл мэндийн байдал гэж бичсэн байна. Гэтэл Б.Б нь 2 сарын өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд торгох ялаар шийтгэгдсэн. Гэтэл дахин 2 сарын дараа тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа байдал нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.  Иймээс анхан шатны шүүхийн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүл мэндийн байдлын хувьд  хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас тогтоогдохгүй байна гэж үзэж байна .... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 1-рт Б.Бын хувийн байдлыг тогтоох нь цагдаагийн үүрэг 2-рт Б.Б айраг уусан гэдэг айраг уусан уу архи уусан уу гэдгийг тогтоогоогүй. Тухай үед гэртээ байсан. Эхнэр нь ирж ав гээд байсан. Айраг уугаад гарч яваад баригдсан. Өмнө нь торгуультай байсан. Б.Б өрөөсөн нүдээ авхуулаад болор суулгасан байдаг түүнээсээ шалтгаалаад даралт нь ихсээд байгаа. Одоо хүртэл нүд нь сайн эдгээгүй болохоор өвдөөд байдаг.  Б.Б нь 4 хүүхэдтэй, хүүхдүүд нь бага насных  Б.Б нь зүйчлэл дээр маргадаггүй. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байдаг. Б.Б  ялыг нь зорчих эрх хязгаарлах юм уу нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар сольж өгөөч гэх саналтай байна ... гэв.

 

          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

  А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 10-ын тойрог дээр 0-0 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх 2024 оны 12 сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 255 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод уншин сонсгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж. … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгийн торгох ял болон энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдлүүлж  дууссан үеэс эхлэн тоолж … гэж шийдвэрийг уншин сонсгосон болох нь дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

          Гэтэл А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн ороцогчдод гардуулсан, уг тогтоолын тогтоох хэсэгт уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ... шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ... түүнд мөн шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нийт  3  жилийн хугацаагаар тогтоож ... гэсэн шийдвэрийг гардуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй.

 

           Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

             Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.  

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                      Т.ГАНЧИМЭГ