Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2026/0080

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.Б,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “М.Бт  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, М.Бт 2026 оны 3 дугаар  сарын  19-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

            Нэхэмжлэгч анх “М.Бт  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, М.Бт 2026 оны 3 дугаар  сарын  18-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “М.Бт 2026 оны 3 дугаар  сарын  19-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

2. Нэхэмжлэгч М.Бийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байна.

            3. Тус зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “М.Бийн  хоолой засварчин, шатахууны ачигч, насосчнаар  ажилласан жилийг  хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулан тооцох боломжгүй”  гэж  шийдвэрлэснээр  2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны оршин суудаг, иргэн М.Б  нь одоо 51 настай, улсад 20-иас доошгүй  жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөл буюу хоолой засварчин, шатахуун ачигч, насосчнаар “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт 10-иас доошгүй жил тасралтгүй ажилласан тул тэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтуудыг 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарт танилцуулсан боловч тэд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн юм.

Иргэн М.Бээс 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тэтгэвэр тогтоох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж 2026 оны 3 дугаар сарын 19-ны өдөр гомдол гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцон өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Иргэн М.Бийн ажиллаж байсан албан тушаал буюу хоолой засварчин, шатахуун ачигч, насосчны  албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаартай “Жагсаалт, журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19-ийн бүлэгт зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа юм.

Иймд иргэн М.Бт өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоолгох, М.Бт 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү”  гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Армиягийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Нэхэмжлэгч М.Б нь тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлийн хуралд оруулж, холбогдох нотлох баримтыг танилцуулж, хурлаас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй гэж шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн 2 дах хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна. Уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дах хэсгийн 196-д заасан 8332-16 кодтой нефтийн цэнэглэгч автомашины жолооч ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагын нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хамаарахгүй. Иймд аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчноор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй гэж  зөвлөмжийг баримталсан болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн “М.Бт  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, М.Бт 2026 оны 3 дугаар  сарын  19-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан. 

3.  Нэхэмжлэгч М.Б нь 1975 оны 6 дугаар  сарын 20-ны өдөр төрсөн, 50 нас хүрсэн бөгөөд  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул  түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил 6 сараар /1991 оны 7 дугаар сараас эхлэн 1995 оныг дуустал/ нөхөн тооцсоныг  эрх бүхий этгээдээс баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 23,24-30,32 дах тал/  тус тус  тогтоогдсон болно.

4. Нэхэмжлэгч М.Б нь НИК-ТОС ББХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын даргын 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар, 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 72 дугаар тушаалуудаар тус газрын уурын зуухны машинистаар түр хугацаагаар,1997 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаар тушаалаар   барилгын бригадад түр хугацаагаар,1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаар тушаалаар нэгдсэн халаалтын уурын зуухны машинистаар түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлөгдөж, мөн тушаалаар буулгагчаар томилогдсон байх ба 1996,1997 онд 1 жил 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 51,54-55,59,60,97,102 дах тал/ тогтоогдож байна.

5.Нефть импорт концерний харьяа Баян-Өлгий аймгийн Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын даргын 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус газарт буулгагчаар ажиллаж байсан М.Бийн ээлжийн амралтын хуваарийг баталсан ,”НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102 дугаар тушаалаар тус газрын төвийн агуулахын  буулгагч М.Бийн цалинг баталсан,1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар  буулгагч М.Бийн ээлжийн амралтын хуваарийг баталсан, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаалаар төвийн агуулахын  буулгагч М.Бийн цалинг баталсан,2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тушаалаар ачигч, буулгагч М.Бт  сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Улсын нөөцийн газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын  эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар  Цагааннуур дахь нефтийн агуулахыг  хүлээн авч цаашид үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотойгоор Цагааннуур дахь нефтийн агуулахад   ажиллаж байсан М.Б нарын хүмүүсийг  хуучин эрхэлж байсан ажилд нь түр томилон үргэлжлүүлэн ажиллуулсан, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь  Улсын нөөцийн салбарын даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тушаалаар засварчин М.Бийг амралтын хуваарийг баталсан, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь  Улсын нөөцийн салбарын даргын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тушаалаар Цагааннуур агуулахын засварчин М.Бийг тооллогын комиссын бүрэлдэхүүнд томилсон , Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь  Улсын нөөцийн салбарын даргын 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тушаалаар Цагааннуур шатахууны нөөцийн цэгийн  орон тооны бус бүлгэмд гишүүнээр засварчин М.Бийг оруулсан,2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Цагааннуурын шатахууны агуулахын 1 дүгээр нөөцийн савнаас нэвчилт үүссэн тул 3 дугаар саванд  шилжүүлэн байршуулах ажлын хэсэгт  шатахууны агуулахын моторчин, засварчин М.Бийг оруулсан, 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар засварчин М.Бийн цалинг баталсан,2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тушаалаар засварчин М.Бийн цалинг баталсан, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар засварчин М.Бийн цалинг баталсан,2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/05 дугаар тушаалаар  Цагааннуурын шатахууны агуулахын засварчин, насосчин М.Бийг ажлын хэсэгт оруулсан, 2013 оны 4 дүгээр  сарын 08-ний өдрийн А/18 дугаар тушаалаар засварчин М.Бийг амралтын хуваарийг баталсан, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар засварчин М.Бийн амралтын хуваарийг баталсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн   А/461 дүгээр  тушаалаар  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын орон тоог батлахад Цагааннуур сум дахь Улсын нөөцийн цэгт  сав, тоног төхөөрөмжийн засварын инженерийн  орон тоо батлагдаж, засварчин, насосчны орон тоо хасагдсанаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дүгээр  тушаалаар Цагааннуур тосгон дахь Улсын нөөцийн шатахууны цэгийн насосчин М.Бийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дугаартай шийдвэрээр “...нэхэмжлэгч М.Бийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын моторчин, насосчин, засварчнаар ажиллаж байсан нь  ....нотлогдож байна” гэж дүгнэсэн байх ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2019/00024 дугаар магадлалаар хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

6.Дээрх байдлаар  нэхэмжлэгч М.Б нь 1998  оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 02 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын агуулахын шатахууны буулгагч, засварчин ,моторчин, насосчнаар ажилласан, үүнээс  17 жил 11 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь дээрх тушаалууд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2019/00024 дугаар магадлал, хөдөлмөрийн гэрээ,  ажлын байрны тодорхойлолт, 499337,633675,0904817 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, 2026 оны 3 дугаар  сарын 19-ны, 2026 оны 6 дугаар сарын 04-ний  өдрийн огноотой, даатгуулагч М.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 5-22,24-30,69-71,72-75,78,79-84,85-88,89-90,91-95,96-100,103-112,118-120,123-124,127,130-132, 135-136,139-141,142,145-146,150-151 дэх  тал/ тус тус тогтоогдож байна. 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр М.Б нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын моторчин, насосчин, засварчнаар ажилласан нь тогтоогдсон тул  энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

7. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, Баян-Өлгий аймгийн Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын уурын зуухны машинистаар ажиллаж,шимтгэл төлсөн хугацаа 1 жил 3 сар, тус газрын агуулахын шатахуун буулгагч, засварчин ,моторчин, насосчноор ажиллаж,  шимтгэл төлсөн хугацаа 17 жил 11 сар,   Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 он/-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нөхөн тооцсон хугацаа 4 жил  6 сар, нийт 23 жил 8 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр  байна.

8. Хариуцагч талаас нэхэмжлэгч М.Бт  хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”–ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 2.19-д заасан ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад  хамаарахгүй” гэж тайлбарласан.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох  бусад  болзлыг хангаж байгаа талаар  маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн  талаар, мөн   10-аас доошгүй жил Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын агуулахын шатахуун буулгагч, засварчин ,моторчин, насосчнаар ажилласан талаар маргаагүй болно. 

9. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг”, 4.1.3-т “"агуулах" гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг” гэж тус тус заасан.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын агуулахын  шатахуун буулгагч, засварчин ,моторчин, насосчнаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг “агуулахын тоног төхөөрөмж,  сав шугам хоолой,  цахилгааны хэрэгслийн засвар үйлчилгээг тогтмол хийж, түүний хэвийн жигд ажиллагааг хангаж ажиллах,нөөцийн бараа материал хүлээн авах, хадгалах, бөөний ачилт хийх ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох норм, дүрэм, стандартын дагуу гүйцэтгэх” гэж, хөдөлмөрийн нөхцөлийг  “шатахуун хүлээн авах, гаргах, шугам хоолой цэвэрлэхэд хортой хэвийн бус нөхцөлд    ажиллах” гэж   тус тус тусгагдсан байна.

Үүнээс гадна, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “...бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө: 2.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ” гэж тусгаснаас үзэхэд  Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр нь  ашиглалтад ороогүй, төслийн шатанд  байгаа  гэж үзэхээр байна. 

10. Нэхэмжлэгч М.Б  нь 1998  оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 02 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Цагааннуур  дахь нефть хангамжийн газрын агуулахын  шатахуун буулгагч, засварчин ,моторчин, насосчнаар ажилласан байх ба энэхүү ажил нь  тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжилд хамаарах  эсэх нь  тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн  дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар  тус тус зохицуулагдана. 

2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс өмнө дагаж мөрдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ. 

Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар   баталсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан. 

Өөрөөр хэлбэл, “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн засварчин, насосчин, шатахуун ачигч, буулгагчийн ажил,  мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд   хамаарч байна. 

 Харин  уг  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын  “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14- өөс бусад хэсэгт нефть  буюу  шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.

Үүнээс үзвэл уг тушаалаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий шатахуун түгээх станц , агуулахын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14-т зааснаар  зохицуулсан гэж үзнэ.

11. Дээрх  үйл баримтуудыг   холбогдох хууль, захиргааны хэм  хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд  шатахуун ачигч, буулгагч, засварчин, насосчны ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд  нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог  болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой  байнга, ойр харьцдаг, түүнийг  хэмжих,ачих, буулгах, агуулахын тоног төхөөрөмж,  сав шугам хоолойн засвар үйлчилгээг хийх зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг”  нөхцөл байдалтай холбоотойгоор  хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад  хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажилтанд хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй  шууд харьцдаг  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр  Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

12. Иймд   нэхэмжлэгч  М.Б  нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй,  хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажилтны ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ. 

Дээрх байдлаар  нэхэмжлэгч М.Бт өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. 

13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно”  гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан хугацаагаар бус харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   гомдол гаргасан өдрөөс буюу 2026 оны 3 дугаар  сарын 19-ний өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  М.Бт өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож,  М.Бт 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг   Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ