Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 310

 

 

 

 

                                         

 

                                                      

 

   

                               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн 1810003300334 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын урд талын автомашины зам дээр Д.Д-ыг автомашинтай явж байхад нь хажуу талын машинаас МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буугаар буудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Г.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Ам бүл 2. Би барилгын ажил хийдэг. Би 500.000 төгрөгийн цалинтай. Тэр өдөр С гэдэг манай найз намайг дуудсан. Бид 2 уулзаад Вива сити хорооллоос тодорхойлолт авахаар машинтай явж байхад түүний машин дотор нь нэг буу байхаар нь “энэ юун буу вэ” гэж асуухад “хүнээс авсан” гэж хэлсэн. Манай машины хажуугаар урьд нь цуг ажиллаж байсан Д.Д бас машинтай явж байсан юм. Би бууг сонирхоод цонхоор гаргаад сууж байхад хурд сааруулагчаар гарах үед машины донсолгоонд хийн бууны гох нь дарагдаад, түс тас хийх чимээ гарсан. Би санамсаргүй байдлаар цонхоор буудсан.

Би хохирогч Д луу араас нь залгахад утсаа таслаад байсан ба дахин залгахад “чи толгой хагалчихлаа шүү дээ, тэнэг юм уу” гээд утсаа салгасан. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буу С гэдэг залуугийн буу. Тухайн үед буу сумтай байсныг би мэдээгүй. Хохирогч бид хоёрын хооронд өр авлага, өш хонзон, урьдын таарамжгүй харилцааны асуудал байхгүй. Би хохирогчид эмчилгээний зардалд 220.000 төгрөг төлсөн, мөн бэлнээр 500.000 төгрөг, нийт 720.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан.

Бууны эзэмшигч нь буугаа нэхэмжлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0033 00334 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Д-ы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 32-34х/,

 

2. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 35х, 37-39х/,

 

3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 40х/,

 

4. Хохирогч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Т” ХХК-ын охин компани болох “АУ” ХХК-д бэлэн мөнгөний машины засварчнаар ажилладаг. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 11:00 цагийн үед Яармагт дуудлага аваад, Яармагийн гүүрээр гараад Вива сити хорооллын урд замаар ажлынхаа Д гэх залуутай албаны Приус-30 маркийн автомашинтай явж байхад хажуу талаар Приус-20 маркийн автомашин гүйцэж түрүүлээд зэрэгцээд ирсэн. Тэгээд хажуу тийшээ хартал тэр машин дотор жолоочийн хажууд өмнө нь надтай хамт ажиллаж байсан У гэж залуу гараараа даллаад өнгөрсөн. Гартаа хар өнгийн, дээрээ дурантай том буу барьчихсан байсан. Тухайн үед би түүнийг анд явж байгаа юм байх гэж бодсон. Удалгүй манай машин баруун хойд хэсэгт нь явж байхдаа өөрийнхөө сууж байсан талын цонхыг онгойлгоод буу гаргачихсан наашаа шагайж байсан. Энэ үед хойно сууж явсан хамгаалагч Мөнхбат баруун хойд талын цонхыг онгойлгосон байсан. Тэгтэл буун дуу гараад, миний дух өвдөөд цус гарахаар нь Яармагийн эмнэлэг дээр очсон. У машинтайгаа зогсолгүй Вива сити хороолол руу эргээд орчихсон.

Тэгээд би буудуулснаас хойш хоёр хоног толгой эргээд, бөөлжис хүрээд байхаар нь ГССҮТөвд очиж зураг авахуултал, “миний духанд гадны биет байна, нарийн шинжилгээ хийнэ” гээд 2 удаа томографийн зураг авахуулаад, духандаа байсан бууны сумыг гаргаж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.

Би №1967 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан духанд шарх, зөөлөн эдийн гэмтлийг У хар өнгийн, дээрээ ногоон өнгийн дурантай том буугаар нэг удаа буудаж учруулсан. У бид хоёрын хооронд ямар нэгэн өр, авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь хамт ажилладаг байхад ер нь намайг жоохон шоглочих гээд л байдаг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар зодолдож байгаагүй, харин хоорондоо нэг удаа маргалдаж байсан.

Одоо миний шилэн хүзүү хөшөөд, хааяа юм мартдаг болсон, энэ нь Ут буудуулснаас болсон гэж бодож байна. У тухайн үед томографийн зураг авахуулсан мөнгө болон эмчилгээний зардлын тооцоог надтай хамт явж хийсэн. Би Ут буудуулснаас болоод 7 хоног ажилдаа явж чадаагүй, акттай байсан болохоор цалингаас 450.000 төгрөг хасагдаж бододсон. Энэ мөнгийг нэхэмжилнэ.

... Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, У нь миний эмчилгээний зардал болон томографийн зураг авахуулсан мөнгийг төлчихсөн тул эмчилгээний зардалтай холбоотой болон өөр хэргийн материалд хавсаргуулах баримт байхгүй.

Би У-т буудуулснаасаа болоод ажлаа тасалсан нийт 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Би нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулаад авчихвал надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Би хааяа шөнө унтаж чадахгүй нойр хүрэхгүй, харин өдөр нь нойр хүрээд унтах гээд байгаа. Би үүнийг буудуулснаас болж миний биеийн байдалд өөрчлөлт орж байгаа гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 14х/,

 

5. Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуудлагын дагуу Яармагийн эцсийн Боса дэлгүүрийн АТМ засахаар ажлынхаа Д, Д нарын хамт ажлынхаа 93-73 УБЧ улсын дугаартай приус 30 маркийн автомашины баруун хойд талын суудал дээр суугаад явж байтал манай машины баруун талаар приус-20 маркийн автомашинтай хуучин манай ажилд байсан У гээд зүс таних залуу гараа даллаад өнгөрсөн юм. Тэгээд би тухайн үед өөдөөс нь толгой дохиж мэндэлчихээд, цонхоо онгойлгосон байдалтай урагшаа хараад явж байтал баруун хойд талд “тас” хийх дуу гарсан ба машины зүүн урд суудал дээр Д над руу харсан байдалтай байхад нь духнаас нь цус гартал Д цусаа гараараа дараад доошоо тонгойсон. Тэгээд бид нар замдаа зогстол Д намайг буудчихлаа гэхээр нь бид нар үрлэн сумтай буу байсан байх гэж бодоод сумыг нь хайгаад олоогүй юм. Ды цус тогтохгүй болохоор нь бид нар Яармагийн эмнэлэгт очоод Д дотогшоо ороод цусаа тогтоолгоод гарч ирсэн. ... Д ...”У намайг хар өнгөтэй урт буугаар буудсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

6. Гэрч Р.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХУД-ийн 6-р хороо, Боса төвийн АТМ дээр дуудлага өгөхөөр нь 12 цагийн үед ажлынхаа АТМ засварчин Д, хамгаалагч Мөнхбат нартай хамт ажлынхаа 93-73 УБЧ улсын дугаартай приус-30 маркийн саарал өнгийн автомашинтай явж байсан. Би жолоо бариад, Д зүүн урд суудалд, Мөнхбат баруун хойд суудалд суугаад цонхоо онгойлгосон явж байсан. Биднийг Яармагийн гүүрнээс баруун тийшээ Нисэх чиглэлд явж байхад манай машины баруун талаар саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай танихгүй залуу цонхоороо гараа даллаад байсан ба Д түүнийг “өмнө нь хамт ажиллаж байсан залуу байна” гэж байсан.

Тэгээд би тэр машиныг гүйцэж түрүүлээд толиндоо хартал тэр жолоочийн хажууд сууж байсан, Д-тай өмнө нь хамт ажиллаж байсан гэх залуу цонхоороо хар өнгийн дээрээ дурантай буу барьсан харагдаж байсан. Тухайн үед би нэг их юм бодолгүй замаа хараад явж байтал гэнэт “пад” гэх чанга дуу гарсан. Тэгээд Д луу хартал духнаас нь цус гарсан байхаар нь машинаа зогсоогоод арчиж өгөхөд тогтохгүй байсан тул Яармагийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тухайн үед Ды дух нь шалбарсан байсан ба би “яасан хүчтэй үрлэн сумтай буу вэ” гэж бодоод сумыг нь машинаас хайгаад олоогүй юм. Тэгтэл 2 хоногийн дараа Д духнаасаа сумыг нь олсон гэж байсан. Би машины толинд харахад л дээрээ дурантай, хар өнгөтэй нилээн том буу байх шиг харагдсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

7. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1967 тоот дүгнэлтэд:

1. Д.Д-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

 

8. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2269 тоот дүгнэлтэд:

1. Энэ буунд үзлэг хийхэд 86 см урттай, 4,5 мм-ийн ОХУ-д үйлдвэрлэсэн, спортын зориулалттай MP-61 загварын хийн шахуургатай /пневматик/ бууг ирүүлсэн байна.

2. Дээрх бууны сангийн анги 106110452 гэсэн дугаартай, энэ дугаарыг өөрчлөөгүй байна.

3. Дээрх буугаар буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

4. Дээрх буунд эвдрэл гэмтэл байхгүй байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн MP-61 загварын бууны цохилтын хүч нь 7,5 дж

6. Шинжилгээнд ирүүлсэн MP-61 загварын буу нь галт зэвсэг биш.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 47-48х/,

 

9. Хохирогч Д.Д-аас тус шүүхэд гаргасан “шүүгдэгч Г.У-аас хохирлын мөнгө бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаарх бичгээр гарасан хүсэлт,

10. Шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз С-тай утсаар ярьтал “хамт ажилд орохоор ярьсан, гараад ир очиж байна” гэхээр нь би С-тай Гандангийн автобусны буудал дээр уулзаад, түүний приус 20 маркийн саарал өнгийн автомашинд суугаад 120 мянгатад очиж ажилд оруулах хүнтэй нь уулзсан. С-д хорооны тодорхойлолт хэрэг болоод гэр нь Вива ситид байдаг болохоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо орохоор явсан юм. Би С-ын машины жолоочийн хажуу талын суудалд буюу зүүн урд сууж явсан. Миний суусан суудлын дор  шалан дээр “хар өнгийн дээрээ дурантай буу” байсныг ямар учиртай буу болохыг асуухад “хүнээс авсан буу” гэж С хэлсэн.

Тэгээд бид хоёр Яармагийн гүүр гараад явж байтал бидний хажуу талаар приус-30 маркийн автомашинтай өмнө нь хамт ажиллаж байсан Д, жолоочтойгоо, мөн хамгаалагчтайгаа явж байсан. Тэгээд би түүн рүү гараа даллаж мэндэлчихээд өнгөрсөн ба тэд нар биднийг түрүүлээд явсан. Төд удалгүй манай машин тэдний машины ардаас дөхөх үед би өөрийнхөө талын цонхоор машинд байсан бууг авч дурангаар нь Д-ы сууж явсан машин руу шагайж байгаад гохыг нь дартал пүс пас гээд дуугарсан. Тэгээд бид хоёр Вива сити хороолол руу эргээд явсан юм. Тэр үедээ би хүн оносон гэдгээ мэдээгүй, Д луу утсаар залгатал надад “чи буудаад толгой хагалчихлаа” гэж хэлсэн.

Тэгээд би түүнтэй 2 хоногийн дараа уулзаад, түүнийг эмнэлэгт үзүүлж эмнэлгийн зардал, эм тариаг нь авч өгч нийт 300.000 төгрөг зарцуулсан. №1967 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтэнд тусгагдсан Д.Д-ы духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг би С-ын тугалган сумтай хийн буугаар буудаж учруулсан. Би тухайн бууг цэнэгтэй гэж мэдээгүй, мөн яг Д-ыг буудна гэж бодоогүй, зүгээр машин луу чиглүүлж байгаад гох дартал Д-ыг оносон байсан.

Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2014 он хүртэл ээж Мөнхдэлгэрээр овоглож байгаад 2014 оноос аав Г-аар овоглох болж овгоо солиулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 70х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 07-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 73-77х/, гэрч Д.Ц, О.М, С.М нарын мэдүүлэг /хэргийн 27-31х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын урд талын автомашины зам дээр Д.Д-ыг автомашинтай явж байхад нь хажуу талын машинаас МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буугаар буудаж, түүний биед “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

- хохирогч Г.Д-ы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 32-34х/,

- хохирогч Д.Д-ы: “...Би ... 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 11:00 цагийн үед Яармагт дуудлага аваад, Яармагийн гүүрээр гараад Вива сити хорооллын урд замаар ажлынхаа Д гэх залуутай албаны Приус-30 маркийн автомашинтай явж байхад хажуу талаар Приус-20 маркийн автомашин гүйцэж түрүүлээд зэрэгцээд ирсэн. Тэгээд хажуу тийшээ хартал тэр машин дотор жолоочийн хажууд өмнө нь надтай хамт ажиллаж байсан У гэж залуу гараараа даллаад өнгөрсөн. Гартаа хар өнгийн, дээрээ дурантай том буу барьчихсан байсан. ... Удалгүй манай машин баруун хойд хэсэгт нь явж байхдаа өөрийнхөө сууж байсан талын цонхыг онгойлгоод буу гаргачихсан наашаа шагайж байсан. Энэ үед хойно сууж явсан хамгаалагч Мөнхбат баруун хойд талын цонхыг онгойлгосон байсан. Тэгтэл буун дуу гараад, миний дух өвдөөд цус гарахаар нь Яармагийн эмнэлэг дээр очсон. У машинтайгаа зогсолгүй Вива сити хороолол руу эргээд орчихсон.

Тэгээд би буудуулснаас хойш хоёр хоног толгой эргээд, бөөлжис хүрээд байхаар нь ГССҮТөвд очиж зураг авахуултал, “миний духанд гадны биет байна, нарийн шинжилгээ хийнэ” гээд 2 удаа томографийн зураг авахуулаад, духандаа байсан бууны сумыг гаргаж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би №1967 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. ... Миний биед учирсан духанд шарх, зөөлөн эдийн гэмтлийг У хар өнгийн, дээрээ ногоон өнгийн дурантай том буугаар нэг удаа буудаж учруулсан. ...Одоо миний шилэн хүзүү хөшөөд, хааяа юм мартдаг болсон, энэ нь Ут буудуулснаас болсон гэж бодож байна. У тухайн үед томографийн зураг авахуулсан мөнгө болон эмчилгээний зардлын тооцоог надтай хамт явж хийсэн. Би Ут буудуулснаас болоод 7 хоног ажилдаа явж чадаагүй, акттай байсан болохоор цалингаас 450.000 төгрөг хасагдаж бододсон. Энэ мөнгийг нэхэмжилнэ. ... Би Ут буудуулснаасаа болоод ажлаа тасалсан нийт 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Би нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулаад авчихвал надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 14х/,

- Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 35х, 37-39х/,

- Эд мөрийн баримтаар тогтоол /хэргийн 40х/,

- гэрч Г.М-ын: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуудлагын дагуу Яармагийн эцсийн Боса дэлгүүрийн АТМ засахаар ажлынхаа Д, Д нарын хамт ажлынхаа 93-73 УБЧ улсын дугаартай приус 30 маркийн автомашины баруун хойд талын суудал дээр суугаад явж байтал манай машины баруун талаар приус 20 маркийн автомашинтай хуучин манай ажилд байсан Ууганаа гээд зүс таних залуу гараа даллаад өнгөрсөн юм. Тэгээд би тухайн үед өөдөөс нь толгой дохиж мэндэлчихээд, цонхоо онгойлгосон байдалтай урагшаа хараад явж байтал баруун хойд талд “тас” хийх дуу гарсан ба машины зүүн урд суудал дээр Д над руу харсан байдалтай байхад нь духнаас нь цус гартал Д цусаа гараараа дараад доошоо тонгойсон. Тэгээд бид нар замдаа зогстол Д “намайг буудчихлаа” гэхээр нь бид нар үрлэн сумтай буу байсан байх гэж бодоод сумыг нь хайгаад олоогүй юм. Ды цус тогтохгүй болохоор нь ...Яармагийн эмнэлэгт очоод Д дотогшоо ороод цусаа тогтоолгоод гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- гэрч Р.Д-ийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХУД-ийн 6-р хороо, Боса төвийн АТМ дээр дуудлага өгөхөөр нь 12:00 цагийн үед АТМ засварчин Д, хамгаалагч М нартай хамт албаны 93-73 УБЧ улсын дугаартай приус-30 маркийн саарал өнгийн автомашинтай явж байсан. Би жолоо бариад, Д зүүн урд суудалд, Мөнхбат баруун хойд суудалд суугаад цонхоо онгойлгосон явж байсан.

Биднийг Яармагийн гүүрнээс баруун тийшээ Нисэх чиглэлд явж байхад манай машины баруун талаар саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай танихгүй залуу цонхоороо гараа даллаад байсан ба Д түүнийг “өмнө нь хамт ажиллаж байсан залуу байна” гэж байсан. Тэгээд би тэр машиныг гүйцэж түрүүлээд, толиндоо хартал тэр жолоочийн хажууд сууж байсан, Дтай өмнө нь хамт ажиллаж байсан гэх залуу цонхоороо хар өнгийн, дээрээ дурантай буу барьсан харагдаж байсан. Тухайн үед би нэг их юм бодолгүй замаа хараад явж байтал гэнэт “пад” гэх чанга дуу гарсан. ...Д луу хартал духнаас нь цус гарсан байхаар нь машинаа зогсоогоод арчиж өгөхөд тогтохгүй байсан тул Яармагийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тухайн үед Д-ы дух нь шалбарсан байсан ба би “яасан хүчтэй үрлэн сумтай буу вэ” гэж бодоод сумыг нь машинаас хайгаад олоогүй юм. Тэгтэл 2 хоногийн дараа Д духнаасаа сумыг нь олсон гэж байсан. Би машины толинд харахад л дээрээ дурантай, хар өнгөтэй нилээн том буу байх шиг харагдсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1967 тоот “...Д.Д-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн  дүгнэлт/хэргийн 42х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2269 тоот “...Энэ буунд үзлэг хийхэд 86 см урттай, 4,5 мм-ийн ОХУ-д үйлдвэрлэсэн, спортын зориулалттай MP-61 загварын хийн шахуургатай /пневматик/ бууг ирүүлсэн байна, дээрх бууны сангийн анги 106110452 гэсэн дугаартай, энэ дугаарыг өөрчлөөгүй байна, дээрх буугаар буудлага үйлдэх боломжтой, буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй, дээрх буунд эвдрэл гэмтэл байхгүй байна, шинжилгээнд ирүүлсэн MP-61 загварын бууны цохилтын хүч нь 7,5 дж, шинжилгээнд ирүүлсэн MP-61 загварын буу нь галт зэвсэг биш.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 47-48х/,

- хохирогч Д.Д-ы хохирол мөнгө хүлээн авсан талаарх шүүхэд бичгээр гаргасан хүсэлт,

- шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.Д-ы биед учирсан “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Уын МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буугаар буудсанаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.У нь хохирогч Д.Д-ыг МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буугаар буудаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокуророос Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Г.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Д.Д-ы эмчилгээний зардлыг бүрэн нөхөн төлсөн болох нь:

 - хохирогч Д.Д-ы “...У тухайн үед томографийн зураг авахуулсан мөнгө болон эмчилгээний зардлын тооцоог надтай хамт явж хийсэн...” гэсэн мэдүүлэг, мөн хохирогчийн тус шүүхэд гаргасан “... Г.У-аас хохирлын мөнгө болох 500.000 төгрөг бэлнээр авав. Миний бие хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн хүсэлт зэрэг баримтаар нотлогдсон.

Иймд шүүгдэгч Г.У-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон гаргуулах хохирол төлбөргүй байна.   

 

Шүүгдэгч Г.У нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Г.У нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 70х/ шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 73-77х/ тус тус хэрэгт авагдсан ба шүүгдэгчийг тэнсэж, хянан харгалзсан дээрх хугацаа нь түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар дуусгавар болсон байх тул түүнийг хуульд заасан үндэслэл журмын эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон гэж үзнэ. /ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Шүүх  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.У-т торгох ял оногдуулж шийдвэрлэв.     

 

Энэ хэрэгт Г.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д нь хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэх үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буу 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Г.С-д буцаан олгож, металл сум 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу усгтгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                             

                                                         ТОГТООХ нь:

 

1. Г.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-ыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж МР-61 загварын спорт зориулалттай хийн шахуургатай буу 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Г.С-д буцаан олгож, металл сум 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

5. Энэ хэрэгт Г.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д нь хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАЗАРХАНД