| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2024/0345/Э |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мэндбаярын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421000000002 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, өвөө, дүү нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү *******тай үл ялих зүйлээр маргалдан улмаар биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс даатгуулагч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 1,795,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутга, хохирогчийн өмсөж байсан 2 ширхэг өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Прокурор М.Мэндбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.
... 1. Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжгүй байна.
Учир нь шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түрхэн зуурын агшинд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж түргэн зуур болдог онцлогтой.
Мөн хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад хүргэсэн өдөөн хатгалт нь хүчээр дарлагдсан, хүндээр доромжлох, хууль бус бусад үйлдэл гэсэн хэлбэртэй байна.
Хүндээр доромжлох гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадаад төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрдэг.
Хэрэгт авагдсан гэрч *******, нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарах үед хохирогч Б. нь шүүгдэгч *******т хандаж үг хэлээр гутаан доромжилсон, ална, зодно гэж айлган сүрдүүлсэн үг яриа, үйлдэл гаргаагүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гадаа гарч хөрзөн хуулна” гэх шалтгаанаар маргалдсан байдаг.
Мөн шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч ******* нь шүүгдэгч *******ийг цохиогүй далайх үед нь шүүгдэгч ******* 6 удаа хутгалсан үйлдэл нь хохирогчийн Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч *******ын зүгээс шүүгдэгч *******ийг хүч хэрэглэхээр довтлох, үг хэлээр гутаах, эрхшээл дарамтад оруулах зэрэг зүй бус, ёс бус, балмад үйлдлийг гаргаагүй, урьд нь зодож байсан гэх шалтгаанаар хутга хэрэглэн амь биед нь аюултай хүнд хохирол учруулсан үйлдэл нь өс хонзонгийн сэдэлттэй, субьектив санаа зорилготой үйлдлийг илтгэж байгаа болохоос сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , , , , , , *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн “... Тэгэхэд зугтаахаар нь би гэр рүү ороод хальт суугаад хаашаа явчихав гэж бодоод гарсан чинь гэрийн баруун урд талд цасан дээр хэвтэж байсан.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч зугтааснаар шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхээр завдах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах үйлдлийг онолын ойлголтын хүрээнд ялган зүйлчлэх нь зүйтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцааны байдал, үг хэллэг, үйл хөдлөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бодит үйл явдалд тулгуурлан хийсвэр байдлаар бус тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт хийх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж, хэргийг шийдэж байгаа нь шүүхийн практикт буруу жишиг тогтоож хуулийн хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухй хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
6. Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд дүүгээ алах санаа зорилго огт байгаагүй. Хохирогч ч гэсэн өөрөө “би архи уухаараа ийм үйлдэл гаргадаг. Тэрнээс биш намайг урьд нь ална гэж хэлж байгаагүй” гэдэг. Эмэгтэй дүү нь хүртэл сэтгэцийн өөрчлөлттэй. Урьд нь нь ахыгаа ухаан алдтал цохиж байсан. Энэ талаар тэр хавийн айл өрх болон сумын хүмүүс нь ч гэсэн мэддэг юм байна лээ. Сэжигтний өгсөн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болдоггүй. Тухайн хэргийг үзсэн харсан гэрч нарын мэдүүлгийг ч гэсэн онцолж харах хэрэгтэй. Мод барьж дайрсан. Гэрээс гарахдаа “ална” гэж хэлсэн. ... Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг нарийн тогтоосон гэж үзэж байна. Иймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сэтгэл санааны айдастай байсан гэдэг нь үнэн. Тухайн үедээ хэдэн удаа хутгалсан гэдгээ ч мэдээгүй. Сүүлд л ийм асуудал болсон гэдгийг ойлгосон. Би айж сандарснаасаа болж л тийм үйлдэл гаргасан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү *******тай үл ялих зүйлээр маргалдан улмаар биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахыг завдсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч *******ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
5. Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт байх гэртээ өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан хохирогч *******ын хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автан сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... ах ******* бид хоёр гадаа зодолдоход хажууд хэн ч байгаагүй. Харин гэрт ээж Эрдэнэцэцэг, өвөө Андрей нар байсан, өөр хүн байгаагүй. ...Би хэрэг болдог өдөр архи ууж нэлээн согтсон байсан. Өмнө нэг удаа ******* ахыг тоосгоор цохиж байсан. Би архи уухаараа гэрийнхэндээ агсам согтуу тавьчих гээд байдаг. Би өөрөө бол сайн мэддэггүй. Хэрэг болдог шөнө би гэртээ согтуу очсон. Тэгээд аав, ээж, ахын үгэнд нь ороогүй, тэрнээс болж намайг хутгаар хатгасан байх. Тэгэхээр миний буруутай үйлдлээс болсон гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд / 1хх 23-24, 26, 89/,
гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний хүү нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цэрэнрагчаа гэх айл руу бой хийхээр явсан. Тухайн өдрийнхөө шөнийн 03 цагийн орчимд Цэрэнрагчаа ыг гэрт нь хүргэж ирсэн. ... “гадаа гарч хөрзөн гаргана” гээд байх шиг байсан. Тэгээд төрсөн ах ******* нь “харанхуй шөнө болж байна, одоо унтаж амар” гэхэд нь согтуурхаад хэрүүл маргаан үүсгээд гадагшаа гараад явсан. ыг гадагшаа гарахад нь ******* гэрийнхээ хаалгыг хаасан. Удалгүй хаалга угзарч татаад байхаар нь ******* араас нь гарсан. Гарсан даруйдаа тэр хоёр гэрийн гадаа ноцолдоод байх шиг байсан. Ноцолдож байснаа ******* ыг чирээд гэр рүү оруулж ирсэн. Гэрт оруулж ирэхээр нь харсан чинь ыг энэ тэнд нь хутгаар зүссэн байсан...” гэх мэдүүлэг / 1хх 29-30/,
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...ын ах ******* манай гэрт ирээд “утсаараа яриулчих, манайд сүлжээ орохгүй байна” гэхээр нь би утсаараа яриулсан. Утсаар ярьж дуусчихаад надаар буцаад гэртээ хүргүүлсэн. ...******* шөнө утсаар ярихдаа “би хамаагүй ноцолдож байгаад сандраад мэс хүргэчихлээ” гэж хэлээд манайд ирсэн...” гэх мэдүүлэг /1хх 33-34/,
гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...ыг төрсөн ах ******* нь “би хутгалчихсан” гэж байсан. Очоод шууд боолт хийгээд яаралтай сумын эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх 38/,
гэрч Б.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...******* нь би дүүгээ хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн“...Би тухайн хэрэг болсон өдөр гэртээ эхнэр болон ******* нарын хамт унтаж байсан бөгөөд шөнө хүү нэлээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд буцаад гарахаар нь *******ийг дүүгээ унтуулаачээ гэж хэлсэн. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх 41-42/,
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би тухайн хэрэг болсон өдөр гэртээ эхнэр болон ******* нарын хамт унтаж байсан бөгөөд шөнө /хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна/ хүү нь нэлээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд буцаад гарахаар нь *******ийг дүүгээ унтуулаачээ гэж хэлсэн. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна. Тэгээд түргэн /эмнэлэг/ ирээд аваад явсан. Тэгэхэд л ******* нь ыг хутгалсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх 99/,
шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2023 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө гэртээ ээж Эрдэнэцэцэг, өвөө Андрей нарын хамт унтаж байхад 02-03 цагийн хооронд төрсөн дүү архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад хөрзөн хураана, гарлаа гэсэн. Тэгэхээр нь ээж “чи шөнө хөрзөн хураана гэж юу байдаг юм унтаж амар” гэхэд “та нар намайг ажил хийдэггүй гэдэг биз дээ” гэж хэлээд “гарна” гээд ээжийг түлхсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ, унтаж амар” гэхэд чамд хамаагүй гээд гадагшаа гарсан. Гадаа гарахаар нь би хаалгаа түгжчихсэн. Тэгсэн удаагүй хаалгаа цохиод татаад орох гээд байсан. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх үү гартаа юм барьсан байж магадгүй гэж бодоод анд авч явдаг хутгаа орныхоо ширдэг доороос аваад хаалгаа онгойлгосон. Тэгсэн намайг чирч татаж гаргаад гартаа мод бариад цохих гээд далайхаар нь би доошоо суугаад хутгаар хэд хэдэн удаа хатгасан...” гэх мэдүүлэг /1хх 60, 2хх 06/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед айж сандарсны улмаас хутга хэрэглэсэн. Дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирэх бүрд би айдаг. Өмнө нь нэг удаа тоосгодуулж хохирол учирч байсан. нь хаалга нүдээд байхаар нь би ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод хутга авч гарсан. Тухайн үед над руу мод авч дайрахаар нь би доош суугаад хутга хэрэглэсэн. Надад дүүгээ алах санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх 72-73 /,
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 08/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 09-13/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот дүгнэлт /1-р хх-ийн 47-50/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч *******ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
7. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ хугацаанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгчид хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
8. Прокурор М.Мэндбаяр “... Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжгүй байхад зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ... хохирогч ******* нь шүүгдэгч *******ийг цохиогүй далайх үед нь шүүгдэгч ******* нь 6 удаа хутгалсан үйлдэл нь хохирогчийн Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл ... буюу “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхээр завдах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Гэвч шүүгдэгч *******т холбогдох хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар ******* нь өөрийн төрсөн дүү хохирогч *******ыг алах санаа зорилготой байсан, улмаар хохирогчийг хутгалж алах довтолгоон нь түүний хүсэл зоригоос үл шалтгаалан таслан зогсоогдсон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаан доромжилж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг онцлогтой.
Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх хүнийг алах, эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагддаг болно.
Иймд хохирогч *******ын байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэрийнхэндээ агсан тавьж айлгадаг, урьд өмнө нь *******ийн толгойн тус газар нь тоосгоор цохиж хүч хэрэглэж байсан, тухайн цаг хугацаанд *******т хүч хэрэглэхээр мод барин дайрсан гэх түүний хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцжээ.
10. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/347 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН