Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2026/0081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ш.Е,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Е,

            Гуравдагч этгээд : Е.Н нарын хоорондын  багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Е, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, хариуцагч Х, гуравдагч этгээд Е.Н, түүний өмгөөлөгч С.Нургайып,орчуулагч Т.Хуаныш,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1.Нэхэмжлэгч  Ш.Е нь Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Ед холбогдуулан “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”-аар  маргаж байна

Нэхэмжлэгч анх  “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн багийн Засаг даргын сонгуулийн талаарх шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг даалгах”  шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг  тодруулсан болно. 

            2. Нэхэмжлэгч Ш.Е, гуравдагч этгээд Е.Н нар нь Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад   нэр дэвшсэн байх ба  Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор олонхын санал авсан гэсэн үндэслэлээр  Е.Ныг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. 

3. Нэхэмжлэгч Ш.Е  нь   дээрх тогтоолыг   эс зөвшөөрч 2026 оны  02 дугаар   сарын 27-ны өдөр шүүхэд  нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч Ш.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

“Миний бие Ш.Е, 1999 онд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, Алтанцөгц сумын 1 дүгээр багт байнга оршин суудаг. 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин оролцсон. Уг сонгуульд: Д.Ж, А.Х ,Е.Н ,Ш.Е (миний бие) нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөн.

Анхан шатны санал хураалтад багийн нийт 298  иргэд оролцож: Ш.Е - 112 санал ,Е.Н - 93 санал, Д.Ж - 63 санал ,А.Х - 25 санал, хүчингүй 5 санал гарсан би хамгийн олон санал авч эхний байрт орсон  бөгөөд хэн ч нийт оролцогчдын 50-иас дээш хувийн санал аваагүй тул хурлын дэгийн дагуу дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн.

 Хоёр дахь санал хураалтын хуралдаан 16:00 цагт дахин эхлүүлж, 21:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр тогтсон боловч санал хураалт явагдаж байх үед намайг тал талаас нэр дэвшигч Е.Нын хүмүүс шахан шаардаж, айлган сүрдүүлсэн. Сонгуулийн комисс хурлын дэгийг зөрчин 16 цаг 30 минутын үед 86 хүн санал өгсний дараа хурлыг дундаас нь тасалж, нэр дэвшигч Е. Н багийн Засаг даргаар баталгаажуулахаар уламжилсан шийдвэр гаргасан. Мөн сонгуулийн явцад нэр дэвшигч Е.Н нь надад удаа дараа "надад зам тавьж өг” гэх зэргээр хууль бус санал тавьж, айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлсэн. Улмаар намайг иргэдийн өмнө гарч нэрээ татах талаар мэдэгдэл хийхийг шаардсан. Тухайн үед би ганцаараа байсан тул айж, дарамтад орж мэдэгдэл хийсэн болно. Тухайн үед Тилейхан гэдэг төрийн албан хаагч ирж бичлэг хийж байсан ба нэг цаасанд гарын үсэг зуруулсан. 2 дахь санал хураалтад 86 иргэн оролцсон гэсэн. Гэхдээ бид явсны дараа саналын хуудсыг өөрсдөө нээж, тоолсон байна.

Энэ асуудлаар би сумын Засаг дарга Х болон сонгуулийн комисст удаа дараа хандаж, хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. 

Иймд сонгуулийн журам ноцтой зөрчигдөж, санал хураалт хууль бусаар явуулж, хууль бус шийдвэр гаргасан тул 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг шүүхээс хүсье” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тилеугавал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна" , 32.7-д "Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэж заасан ба өмнөх багийн Нийтийн Хурлын дарга уг заалтыг үндэслэж тогтоол гаргах ёстой байсан. Тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Ж.М багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов тогтоох тухай тогтоолыг  гаргаагүй байна. Энэ ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т "Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:32.8.1.баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох ,32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг, хуралдааны дотоод журмыг батлах ёстой байтал уг ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан материалуудаас харагдаж байна.

Тухайн өдрийн сонгуулийн ажлын хэсгийн дарга, нарийн бичиг, гишүүдийг багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар олонхын саналаар хэлэлцэлгүйгээр Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Жанарбек, Серик, Айдос, байгаль орчны хяналтын улсын байцаагч  Наранхүү, нярав Аязбек, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Тилейхан нар зохион байгуулахаар ирсэн байна гэж Ж.М танилцуулснаар сонгуульд нэр дэвшигч нар нэрээ дэвшүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг иргэдийн тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална" гэх заалтыг зөрчиж сонгуулийг явуулсан байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуралдааны дотоод журам, хуралдааны дэг, ямар зохион байгуулалтаар явуулах, сонгууль явуулах ажлын хэсгийг хэн ахлах, нарийн бичгийн дарга болон гишүүдэд ямар хүмүүсийг ажиллуулах, сонгуулийг хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусгах талаар хуралдаанаар хэлэлцэж тэмдэглэл үйлдээгүй асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1,32.8.2,32.8.3, 32.8.4 дахь заалтууд болон  32 дугаар зүйлийн  32.10-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна" гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Уг сонгуулийн эхний санал хураалтад  багийн 298 иргэн оролцсон ба багийн Засаг даргад 4 хүн өрсөлдөж, хэн ч олонхын санал аваагүй байдаг. Тус багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалтад нийтдээ 89 хүн оролцсон болохыг нотлох баримтаар ирүүлсэн саналын хуудаст шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийх ажиллагаа явуулахад тогтоогдсон. Мөн шүүхийн зүгээс шаардсанаар нотлох баримтаар ирүүлсэн “хүлээн зөвшөөрсөн Зауреш” гэсэн он, сар, өдөргүй, ямар хүн бичсэн нь тодорхойгүй бичигт 89 хүн санал өгсөн Е.Н 50 хүн, Ш.Е 39 хүн авсан байсан гэх бичгээр мөн тогтоогдсон. Алтанцөгц сумын Хаш багийн иргэдийн Хурлын хуралдааны даргалагчаар Х.Еийг сонгох тухай 11 дугаартай тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаан даргалагч Ж.Мухтархан гаргахдаа тус тогтоолын 2 дугаар заалтад "Тус сумын Хаш /1 дүгээр/ багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 298 иргэн оролцсоноос 163 иргэн буюу 54.69 хувийн санал авсан Х.Еийг Хаш багийн иргэдийн Хурлын хуралдааны даргаар хоёр жилийн хугацаатайгаар сонгосугай” гэсэн нь  мөн хуулийг зөрчсөн байна.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3, 32.10 дахь заалтыг үндэслэн Х.Еийг Алтанцөгц сумын 01 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар шинээр сонгож батлах тухай тогтоол гаргах ёстой байтал мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.4 дэх заалтыг баримталж тогтоол гаргасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэтэл 2 дахь санал хураалтыг явуулахаар нэр дэвшигч Ш.Е, Е.Н нарт гараар бичсэн баримтад гарын үсэг зуруулахдаа 16 цагаас эхэлж 21 цаг хүртэл санал авах ажлыг зохион байгуулж, саналын хуудас тоолохыг зөвшөөрч байна гэж гарын үсэг зуруулсан байна. Уг баримтад буй огноо, сар нь засвартай, ямар хүн бичсэн нь тодорхойгүй байна.

 Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг хангаж тогтоол гаргах ёстой байтал уг тогтоолыг гаргалгүйгээр багийн иргэд тараад явсны дараа хоёр нэр дэвшигчээс саналыг асуугаад 16 цагт дахин сонгууль явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт "хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ" гэх заалтыг зөрчсөн байна.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт  "Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно: 30.2.1.  баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох" заалтыг зөрчсөнөөс болж 210 иргэн саналын эрхтэйгээр оролцож чадаагүй байна. Багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалт явагдаж байх үед нэр дэвшигч нэрээ татсан гэх асуудлаар сонгуулийг зогсоох эрхийг ажлын хэсгийнхэн болон бусад албан тушаалтанд хуулиар олгоогүй болно.

 

Үүнээс болж тухайн өдрийн өглөөний багийн Засаг даргын сонгуульд санал өгч оролцсон 209 иргэдийн хууль ёсны эрх нь зөрчигдсөн, мөн нэхэмжлэгч Ш.Е нь эхний санал хураалтад 112 хүний санал авч нэгт бичигдэж байхад 2 дахь санал хураалтыг хуулийн хүрээнд явуулаагүйгээс болж миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ба энэ талаар нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ тодорхой бичсэн, шүүх хуралдааны үед мөн болсон асуудлыг илэрхийлсэн гэж үзэж байна. 

 Багийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн багийн Хурлын дарга даргалж явуулах ёстой байсан боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нарийн бичгийн дарга Тилейхан, тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч нар зохион байгуулан явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд сумын Хурлын нарийн бичгийн дарга Тилейханы гар утсанд байгаа дүрс бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэх асуудлыг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт, нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна” гэв.

5. Хариуцагч Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х. Еркин хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журмын дагуу явагдсан. Нийт 298 иргэн оролцсон нь ирцийн хувьд хүчин төгөлдөр байсан. Анхан шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын (50-иас дээш хувь) санал аваагүй тул хурлын дэгийн дагуу хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан нь хууль ёсны ажиллагаа юм.

Хоёр дахь шатны санал хураалт явуулах бэлтгэл ажил хийгдэж, хуралдаан хэвийн үргэлжилж байх явцад нэр дэвшигч Ш.Е нь өөрийн хүсэл зоригоор нийт иргэд болон ажлын хэсгийн өмнө "нэрээ татаж байна" хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Энэтэй холбоотой сумын удирдлагууд түүний хэлсэн зүйлийг гар утсандаа бичлэг болгон хадгалсан байгаа. Нэр дэвшигч өөрөө нэрээ татсан нь түүний сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээс сайн дураараа татгалзаж буй үйлдэл юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргагч нь өөрийн "эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн" байхыг шаарддаг. Гэтэл Ш.Е өөрөө сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзсан тул түүний сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэлд дурдсан "айлган сүрдүүлсэн", "дарамт шахалт үзүүлсэн" гэх тайлбар нь ямар нэгэн бодит баримтаар нотлогдоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь субьектив дүгнэлт байна. Хуралдаан даргалагч болон комиссын зүгээс хурлын дэгийг сахиулж, хуулийн хүрээнд ажилласан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын  01 дүгээр тогтоол нь иргэдийн олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг батламжлуулахаар гаргасан хууль ёсны шийдвэр юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан иргэн Ш. Е гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

6. Гуравдагч этгээд Е.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуулийн дагуу явагдсан. Санал хураалтын эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явагдаж байсан. Энэ үед нэр дэвшигч Ш.Е нь ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр, өөрийн хүсэл зоригоор нийт иргэд болон ажлын хэсгийн өмнө "Миний бие нэрээ татаж байна. Олон түмэн минь Нурболатыг дэмжиж, багийн Засаг даргаар ажиллуулж өгнө үү” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч өөрийн сонгогдох эрхээсээ сайн дураараа татгалзсан болохыг бүрэн нотлох бөгөөд одоо шүүхэд "эрх ашиг зөрчигдсөн" гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үйл баримт, нөхцөл байдал нь тухайн үед хуралдаанд байлцсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Тилейханы гар утсанд дүрс бичлэг болон хадгалагдсан байгаа. Уг бичлэгт нэхэмжлэгч Ш.Еын хэлсэн үг, нэрээ татаж буй үйл үйлдэл маш тодорхой бичигдсэн. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1- д зааснаар шүүх зөвхөн "зөрчигдсөн эрхийг" хамгаалдаг. Ш.Е өөрөө өрсөлдөөнөөс татгалзаж, намайг дэмжихийг уриалсан атлаа дараа нь нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй төдийгүй иргэдийн олонхын саналыг үгүйсгэж буй үйлдэл юм.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "гурван өрх тутмаас нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно" гэж заасан. Алтанцөгц сумын 1 дүгээр баг нь нийт 160 өрхтэй. Хуулийн дээрх заалтын дагуу 54-өөс доошгүй өрхийн төлөөлөл оролцсоноор хуралдааны ирц бүрдэхээр байна. Гэтэл 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд нийт 89 иргэн оролцож, санал хураалтад оролцсон нь хуульд заасан ирцийн босгыг 164%-иар давуулан биелүүлсэн, хүчин төгөлдөр хуралдаан болсныг нотолно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар иргэн зөвхөн "өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн" гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Ш.Е нь өөрөө тухайн хуралдаанд нэр дэвшиж, өрсөлдөж байсан оролцогч мөн боловч тэрээр "Өрхийн төлөөлөл оролцоогүй" буюу бусад өрхүүдийн төлөөлөх эрхийг өмнөөс нь хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргах субъект биш юм. Хэрэв ирц хүрээгүй гэж үзэж байгаа бол тухайн багийн өрхүүд "эрх ашиг маань хөндөгдлөө" гэж маргаж болохоос биш, өөрийн хүсэлтээр нэрээ татсан нэр дэвшигч этгээд ирцийн асуудлаар маргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй.

Ийнхүү хуралдааны ирц хуулийн дагуу бүрдсэн, нэхэмжлэгч Ш.Е нь ирцийн асуудлаар маргах эрх бүхий субъект биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ш.Е багийн Засаг даргад  нэр дэвшиж байсан.  Эхний санал хураалтад олонхын санал аваагүй. 2 дахь  удаагийн санал хураалт явагдах хугацаанд өөрийн санаачилгаар нэрээ татаж авсан, хуралдаанд оролцохоос татгалзсан  баримтад  гарын үсэг зурсан. Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдэд хандаж “ за иргэдээ, би нэрээ татаж байгаа, Засаг даргаар нэр дэвшихгүй, би залуу хүн байна, надтай өрсөлдөх гэж байгаа хүн манай нагац ах юм, тэтгэврийн насанд дөхөж байгаа, энэ хүнийг нэг удаа багийн Засаг дарга хийлгүүлье, би зөвшөөрч байгаа” гэж сайн дурын үндсэн дээр үг хэлээд, хуралдаанаа орхиж явсан. Ш.Е нь шүүхэд нэхэмжлэл гаргаж,  хуралдаанаа орхиж явах нөхцөл байдлаа тайлбарлахдаа  хэн нэгэн этгээд хөндлөнгөөс айлган сүрдүүлж, заналхийлж, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэсэн гэж тайлбарлаж байна. Хэрвээ тийм нөхцөл байдал байсан бол түүнийг тогтоох ёстой.  Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заналхийлэх гэдэг гэмт хэргийн шинжийг агуулж байгаа,энэ асуудлыг цагдаа, шүүхийн байгууллага тогтооно. Харин үүнтэй холбоотой цагдаа, шүүхийн байгууллагаас тогтоосон шийдвэр байхгүй,эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа нөхцөл байдал мөн адилхан байхгүй байна. Тиймээс хуралдааныг хэн нэгний дарамт шахалтын улмаас, хөндлөнгийн нөлөөллөөс, өөр бусад байдлаар нэхэмжлэгч Х.Ержанат нь орхиж явсан гэдэг нь тогтоогдохгүй байна.  

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт  зааснаар хуралдаанд оролцох эрхтэй болохоос биш заавал оролцох үүрэг хүлээхгүй. Ш.Еын хувьд эрхийн дагуу оролцсон бөгөөд оролцож байх явцад өөрөө татгалзаж явсан. Ш.Е нь 2 дахь удаагийн  Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны оролцогч мөн байсан боловч хуралдаанаа өөрөө орхиж явсан учраас Ш.Е нь хуралдааны оролцогч биш юм. Хуралдааныг орхин гарч, оролцогч биш болсон хүний хувьд тухайн хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой гомдол гаргах эрхтэй юу гэдэг асуудал хөндөгддөг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулах тухай заасан..Нэгэнт татгалзаж явсан тул тухайн хуралдааны тогтоол, шийдвэрийн асуудалд оролцоогүй, түүний эрх ашгийг зөрчөөгүй учраас Ш.Еын хувьд тухайн асуудалтай холбоотой гомдол гаргах эрхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан субьектив эрхийг зөрчөөгүй байна. 

Тухайн багт 161 өрх байдаг, нийтдээ 89 иргэн өрхийн төлөөлөл болж оролцсон.   Хуралдаан хүчин төгөлдөр, нийт оролцсон иргэдээс 50 иргэний санал буюу олонхын саналыг Е.Н нь авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг сонгохтой холбоотой хуралдааны оролцогчдын олонх гэдгээр Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа. Тиймээс тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ш.Е нь монгол хэл, бичиг үсэг мэднэ, их сургуулийг гадаадаас төгссөн гэж байгаа. Нэхэмжлэгч Ш.Еын хувьд тухайн бичиг цаасанд юу бичсэнийг мэдэхгүй, уншихгүйгээр гарын үсэг зурсан гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн бичиг баримттай танилцах, ойлгох эрхтэй байсан. Эхний удаагийн  санал хураалтын дараа тогтоол нь тэмдэглэл хэлбэртэй гарсан. Эхнийх дээр  хэн нь ч олонхын санал аваагүй учраас 2 дахь удаагийн хуралдааны санал хураалт явуулна гэсэн, үүнийг зөвшөөрч, гарын үсэг зурсан. Товлосон цаг хугацаанд иргэдээс санал хураалт явагдаж байх хугацаанд Ш.Е нь өөрөө сайн дурын үндсэн дээр зогсоосон. Тэмдэглэл, бусад ажиллагаанууд хийгдэж, товлосон цаг хугацаанд шийдвэр гарсан, хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Д.Съез гэдэг хүний хувьд Ш.Еын ажиглагч байсан. Бусад гэрчүүдийн мэдүүлгээс Д.Съезийн мэдүүлэг нь зөрүүтэй байгаа, тэрээр өөрийн гарын үсгийг хоосон цаасан дээр зуруулсан гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байж нотлох баримтын шаардлага хангадаг. Д.Съез гэдэг хүн нэхэмжлэгч Ш.Еын хамаатан садан хүн байсан байна.  Харин өөрөө шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үүний нуусан байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Еын  “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй  байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох; 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус  заасны дагуу 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан  Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 298 иргэн оролцож, багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад Х.Е, З.Е, Засаг даргад  Ш.Е, Е.Н, Д.Ж, А.Х нар тус тус нэр дэвшсэн. 

Уг хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны дарга  Ж.М нээж удирдсан, хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга  болон  Засаг даргыг нууц санал хураалтаар сонгохоор шийдвэрлэсэн, 298 иргэн оролцсон санал хураалтын дүнгээр хуралдааны даргад нэр дэвшсэн Х.Е олонхын санал авсан, харин багийн Засаг даргад нэр дэвшсэн Ш.Е 112, Е.Н 93, Д.Ж 63, А.Х 25 хүний санал тус тус авсан.

 Багийн Засаг даргад нэр дэвшигчдийн  хэн аль  нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан Ш.Е, Е.Н нарын дунд явуулсан дахин санал хураалтаар олонхын санал авсан  гэсэн үндэслэлээр Е.Ныг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн. 

Уг 01 дүгээр тогтоолд  тухайн өдрийн хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсон Х.Е гарын үсэг зурж баталгаажуулсан  байх ба  Алтанцөгц сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Е.Ныг 1 дүгээр  багийн Засаг даргаар томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 17,20,32,54,55-56,57,82-83,87,94-95,99-100 дах тал/ тус тус тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хоёр дахь санал хураалтыг 16:00 цагаас  21:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр тогтсон боловч санал хураалт явагдаж байх үед намайг нэр дэвшигч Е.Н болон түүний хүмүүс “надад зам тавьж өг” гэх зэргээр хууль бус санал тавьж, дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлсэн. Улмаар намайг иргэдийн өмнө гарч нэрээ татах талаар мэдэгдэл хийхийг шаардсан. Тухайн үед би ганцаараа байсан тул айж, дарамтад орж мэдэгдэл хийсэн. Сонгуулийн комисс хуралдааны дэгийг зөрчин 16 цаг 30 минутын үед  санал хураалтыг дундаас нь тасалж, нэр дэвшигч Е.Ныг багийн Засаг даргаар баталгаажуулахаар уламжилсан шийдвэр гаргасан. Сонгуулийн журам ноцтой зөрчигдөж, санал хураалтыг хууль бусаар явуулж, хууль бус шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргасан.

 

4. Дээр дурдсанаар эхний  санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 4 хүнээс хэн ч олонхын санал аваагүй байх тул  хамгийн олон санал авсан  2 хүн болох Ш.Е, Е.Н нарын  дунд  дахин санал хураалт явуулахаар болж, хуралдааны даргаар сонгогдсон Х.Еээс  дахин санал хураалтыг тухайн өдрийн 16  цагаас эхэлж, 21 цагт дуусгахаар  2 нэр дэвшигчтэй  тохиролцож шийдвэрлэсэн байх ба  энэ  талаар үйлдсэн  тэмдэглэл буюу  баримтад нэр дэвшигчид гарын үсэг зурсан.  

Энэхүү дахин санал хураалтын явцад нэхэмжлэгч Ш.Е нь багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаа тухайн багийн иргэдийн өмнө илэрхийлж үг хэлсэн,  мөн энэ талаар хуралдааны даргаар сонгогдсон Х.Еээс үйлдсэн тэмдэглэл буюу баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох  баримт, дуу,дүрсний бичлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 19,20, 53,72-73,82-83, 94-95,99-100 дах тал/ тус тус  тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч  Ш.Е нь багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаа илэрхийлснээр дахин санал хураалтад оролцож, санал өгөхөөр хуралдаанд  ирсэн иргэд тарсан  байх ба  энэ хүртэлх хугацаанд 89  хүн дахин санал хураалтад оролцож санал өгсөн, санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах  ажлын хэсгээс уг 89 хүнээс  50 хүний саналыг Е.Н, 39 хүний саналыг Ш.Е авсан гэж санал хураалтын дүнг гаргасан, тус 1 дүгээр баг нь 162 өрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 21,30-31,51-52,82-83,89-90, 94-95,99-100,102 дах тал/ тус тус тогтоогдсон. 

Мөн   тус багийн Засаг  даргад нэр дэвшүүлэх  дахин санал хураалтад оролцож санал өгсөн иргэдийн саналын хуудаст хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс хийсэн үзлэгийн дүн /Хавтаст хэргийн 36-37 дах тал/ болон  дээрх ажлын хэсгийн гаргасан дахин санал хураалтын дүн зөрүүгүй байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Ш.Еад санал өгсөнд тооцсон 39 саналын хуудаснаас 4  саналын хуудас нь  Шулай Ержанат гэдэг  нэрийн   өмнөх “1” гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн боловч  түүнд санал өгсөн нь тодорхой, Е.Над санал өгсөнд тооцсон 50 саналын хуудаснаас 3  саналын хуудас нь  Ережеп Нурболат гэдэг  нэрийн   өмнөх “1” гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн боловч  түүнд санал өгсөн нь  тус тус тодорхой саналын хуудаснууд байна.

Иймд уг  7 иргэний 4  нь  нэр дэвшигч Ш.Еад, 3 нь  нэр дэвшигч  Е.Над  санал өгснөө илэрхийлсэн гэж үзэхээр байгаа тул  дахин санал хураалтад оролцсон  89  хүнээс нэхэмжлэгч Ш.Еын авсан санал 39, гуравдагч этгээд Е.Нын авсан санал 50   гэж  үзэх  үндэслэлтэй байна.

5.Харин  нэхэмжлэгчийн “нэр дэвшигч Е.Н болон түүний хүмүүс дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлсэн,  нэрээ татах талаар мэдэгдэл хийхийг шаардсан, тухайн үед  ганцаараа байсан тул айж, дарамтад орж мэдэгдэл хийсэн” гэх  тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Еыг “багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар татгалзсан” талаар мэдэгдэл хийх үед  санал хураалт  явагдаж байгаа  1 дүгээр багийн төвийн байрны гадаа тус багийн иргэд, хажууд нь  эх нь , байрны дотор ажлын хэсэг болон нэр дэвшигчдийн ажиглагч нар, түүний  дотор Ш.Еын  ажиглагчаар ажилласан Д.Сьез тус тус байсан, нэхэмжлэгч   Ш.Е нь “дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлсэн” гэх асуудлыг тухайн үед  хуралдааны дарга, ажлын хэсэг, өөрийнхөө ажиглагчид хэлж мэдэгдээгүй, мөн  энэ талаар  холбогдох байгууллагад огт гомдол гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын   тайлбар болон  хэргийн  бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 72-73 ,82-83,94-95,99-100 дах тал/ тогтоогдож байна.

6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах; 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”,

32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.1.баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;32.8.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох;32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; 56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус зохицуулсан. 

7. Дээрх байдлаар Алтанцөгц сумын 1 дүгээр  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцсон 298 иргэний олонхын саналыг  Засаг даргад нэр дэвшсэн 4 хүнээс хэн аль  нь аваагүй байх тул хамгийн олон санал авсан Ш.Е, Е.Н нарын дунд  дахин санал хураалтыг  тухайн өдөр 16-21 цагт явуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.6, 32.8.1, 32.8.2, 32.8.3, 32.8.4,56 дугаар зүйлийн 56.5.2 дах заалттай тус тус  нийцсэн байна.

Дахин санал хураалтад  89 хүн оролцож, санал өгсний дараа нэхэмжлэгч Ш.Е нь  багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаар дахин  санал хураалтын үйл ажиллагаа дууссан, дахин санал хураалтад 89 хүн оролцсон  нь  хуралдааны ирцийн хүчинтэй байдлыг хангаж байгаа бөгөөд дахин санал хураалтад оролцсон  89 хүнээс  олонхын санал  авсан  Е.Ныг  багийн Засаг даргаар томилуулахаар  нэр дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 02-ны  өдрийн  01 дугаартай  тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2,32.8.4,32.6,56 дугаар зүйлийн 56.5.2 дах заалттай тус тус  нийцсэн байна гэж дүгнэв.

Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох,  Хурлын хуралдааны дарга, Засаг даргад  нэр дэвшүүлэх, дэвших, хэлэлцэх асуудал санаачлах,асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Е нь багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар татгалзсан нь тогтоогдож байх тул дахин санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал  авсан Е.Ныг  багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн  багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын өмнөх хуралдааны дарга нь  хуралдааны тов тогтоох тухай тогтоолыг  гаргаагүй, хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулаагүй, хуралдааны дэг, хуралдааны дотоод журмыг батлах ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй,  тухайн өдрийн сонгуулийн үйл ажиллагааг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нарийн бичгийн дарга Тилейхан, төрийн захиргааны албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулах талаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээгүй,  уг ажлын хэсэг зохион явуулсан нь “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно" гэх заалтыг зөрчсөн, 2 дахь санал хураалтыг явуулах  тогтоолыг гаргалгүйгээр багийн иргэд тараад явсны дараа хоёр нэр дэвшигчээс саналыг асуугаад 16 цагт дахин сонгууль явуулсан нь хууль зөрчсөн, нэр дэвшигч Ш.Е, Е.Н нараар гарын үсэг зуруулсан “16 цагаас эхэлж 21 цаг хүртэл санал авах ажлыг зохион байгуулж, саналын хуудас тоолохыг зөвшөөрч байна” гэж бичсэн  баримтад буй огноо нь засвартай, ямар хүн бичсэн нь тодорхойгүй, багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалт явагдаж байх үед нэр дэвшигч нэрээ татсан гэх асуудлаар сонгуулийг зогсоох эрхийг ажлын хэсэгт хуулиар олгоогүй, үүнээс болж тухайн өдрийн өглөөний багийн Засаг даргын сонгуульд санал өгч оролцсон 209 иргэний хууль ёсны эрх нь зөрчигдсөн,  2 дахь санал хураалтыг хуулийн хүрээнд явуулаагүйгээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж маргасан.

9.Хэрэгт авагдсан  Алтанцөгц сумын 1 дүгээр  багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдийн 01 дүгээр тогтоол, шинээр хуралдааны даргаар сонгогдсон Х.Еий хуралдааны үед  үйлдсэн баримтууд,  хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, дуу, дүрсний бичлэг зэрэг нотлох баримтуудаар  Алтанцөгц сумын 1 дүгээр  багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаан нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан,  хуралдаанд 298 иргэн оролцсон буюу нэхэмжлэгч  хуралдааны товыг мэдсэнээр оролцсон, хуралдааныг багийн Хурлын хуралдааны дарга Ж.М нээж  удирдсан ба  Хурлын хуралдааны дарга болон Засаг даргыг сонгох  санал хураалтыг нууцаар явуулахаар  хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар шийдвэрлэсэн,  сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар сумын 4 багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор  байгуулсан ажлын хэсэг тус багийн санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан,  багийн иргэдээс тухайн ажлын хэсэг Хурлын хуралдааны дарга болон Засаг даргыг сонгох санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Эхний санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 4 хүнээс хэн ч олонхын санал аваагүй тул  хамгийн олон санал авсан  2 хүн болох Ш.Е, Е.Н нарын  дунд  дахин санал хураалт явуулахаар болсон, хуралдааны даргаар сонгогдсон Х.Е нь   дахин санал хураалтыг тухайн өдрийн 16  цагаас эхэлж, 21 цагт дуусгахаар  нэр дэвшигч  Ш.Е, Е.Н нартай тохиролцож шийдвэрлэснээр үйлдсэн  тэмдэглэлд сайн дураар гарын үсэг зурснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, улмаар ажлын хэсгээс  саналын хуудас хэвлэж, санал хураалтын үйл ажиллагаа явагдсан, уг санал хураалтын явцад Ш.Е нь  багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаар  санал хураалтын үйл ажиллагаа  зогсож дууссан,  дахин санал хураалтад оролцсон 89 иргэнээс нэр дэвшигч  Е.Н олонхын санал авсан, мөн тухайн хуралдаанаас багийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшиж, нууц санал хураалтаар иргэдийн олонхын санал авсан Х.Еийг Хурлын хуралдааны даргаар сонгосон тогтоолыг хуралдааны дарга /өмнөх/ Ж.М баталсан, багийн Засаг даргад нэр дэвшиж, нууц санал хураалтаар иргэдийн олонхын санал авсан Е.Ныг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг шинээр сонгогдсон Хурлын хуралдааны дарга Х.Е баталж гаргасан  үйл баримтууд   тус тус тогтоогдсон. 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Тилейхан, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  1 дүгээр багийн  иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн хуралдааны хуралдааны даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын үйл ажиллагааг  техник, зохион байгуулалтаар хангаж ажилласан бөгөөд ажлын хэсэг санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг  тус багийн иргэд, нэр дэвшигчид зөвшөөрсөн, харин ажлын хэсгээс  санал хураалтын үйл ажиллагаа, үр дүнд  нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болон  дахин санал хураалтыг явуулахаар шийдвэрлэхээс өмнө багийн иргэд тарж явсан гэх асуудал нь хэргийн нотлох баримтаар  тус тус тогтоогдоогүй болно.

Түүнчлэн эхний санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн  хэн ч олонхын санал аваагүй тул  хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасантай нийцэж байгаагаас гадна нэр дэвшигч  Ш.Е, Е.Н нар тухайн үед дахин санал хураалт явуулахыг зөвшөөрч,  энэ талаар маргаагүй.

Дахин санал хураалтын явцад Ш.Е нь  Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаа илэрхийлснээр  багийн иргэд тарж явсан байх тул    ажлын хэсгээс санал хураалтын үйл ажиллагааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, мөн  иргэдээс энэ талаар санал, гомдол гаргаагүй тул  багийн иргэдийн санал өгөх эрх нь зөрчигдсөн  гэж  үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна   багийн иргэдийг төлөөлөх эрх нэхэмжлэгчид олгогдоогүй болно.

Иймд багийн Засаг даргад нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулах талаар бичгээр шийдвэр гараагүй, сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс  тус багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааны санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан, нэхэмжлэгч Ш.Е нь  Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаар  ажлын хэсгээс дахин санал хураалтын үйл ажиллагааг дуусгавар болгосон  нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх, маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

            10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.

            Дээрх байдлаар Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр  зохион байгуулагдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж,  эхний санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдээс хэн  аль нь олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн дунд явагдсан дахин санал хураалтын явцад  нэхэмжлэгч Ш.Е нь  Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар  татгалзсанаар  дахин санал хураалтад оролцсон багийн оршин суугч иргэдийн олонх  нь гуравдагч этгээд Е.Ныг багийн Засаг даргаар нэр дэвшүүлэхээр сонгож санал өгсөн, хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрийг Хурлын шинээр сонгогдсон хуралдааны дарга баталсан зэрэг захиргааны энэхүү үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудтай нийцэж байх тул нэхэмжлэгчийн “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн   32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5.2, 32.6, 32.8.2, 32.8.3, 32.8.4,56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож,  Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              С.ЕРКЕШ