Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02310

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02310

 

 

ХХХХ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХ ХХК-д холбогдох

 

ХХХХХ ХХК-ийн Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ, ХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс дуусгавар болгох талаар мэдэгдлийг надад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн. Би халагдах үндэслэлийг зөвшөөрөөгүй тул уг мэдэгдлийг хүлээн авсан гэх баримтад гарын үсэг зураагүй. Би тус компанид ажиллах хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, харин ч эсрэгээрээ шагнал урамшуулал авч байсан. ХХХХХ ХХК-ийн Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэст туслах процессийн 2 металлургич ажилладаг бөгөөд нэг нь би, нөгөө нь миний шавь буюу ХХХХ юм. Одоо уг орон тоон дээр 3 хүн ажиллаж байгааг би олж мэдсэн. Гэтэл орон тоо цөөрүүлсэн гэж намайг цомхотгохдоо ямар журмаар намайг сонгож цомхотгосон нь ойлгомжгүй, хамгийн хөгшин гэж намайг сонгож байгаа юм уу, эсхүл тэр ажлын байранд хамгийн туршлагатай нь гэж намайг сонгож байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг би зөвшөөрөхгүй тул намайг ХХХХХ ХХК-ийн урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар  шүүхэд гаргасан  болон хариуцагчийн өмгөөлөгчийн ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХ ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан иргэн ХХХХтай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр цуцалсан. Тиймээс нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Орон тоо цөөрсөн нь үнэн. Ажлын үзүүлэлт, ажил тасалсан байдал, сахилгын зөрчил гаргасан байдал зэргийг харгалзан үзэж ХХХХыг сонгож ажлаас нь халсан. Цөөрсөн орон тоонд хэнийг авч үлдэж ажиллуулах нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  ХХХХыг ХХХХХ ХХК-ийн Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХХХ ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24 901 190 төгрөгийг гаргуулж ХХХХт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны ХХХХ-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ХХХХХ ХХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ХХХХ-ын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХХ ХХК-аас 282 460 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх "... үлдсэн ганц ажлын байранд үлдэж ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгосон, уг шалгуурт нэхэмжлэгч тэнцээгүй талаархи баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т нийцээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгчээс санаачлан асуусан асуулттайгаа холбоотойгоор баримтыг гаргуулж аваагүй атлаа шийдвэртээ "... уг шалгуурт нэхэмжлэгч тэнцээгүй талаархи баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т нийцээгүй гэж үзнэ" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажия, албан тушаал, боловсрол шашип шүтлэг, үзэл бодлоор нъ ялгаварлах, хязгаарлах. давуу оайдал тогпюохыг хориглоно" гэж заасан. Хавтаст хэргийн 21 дүгээр талд байгаа тушаал, 24 дүгээр талд байгаа мэдэгдэл, 75, 76 дугаар дугаар талд байгаа тушаалын дагуу туслах металлургичийн орон тоог цөөрүүлж, ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтны төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрээр тохирсон тэтгэмжийг олгосон. Энэ нь шүүхээс захирамжаар гаргуулсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр тэтгэмж, олговорыг авсан гэж шүүгчийн асуултанд хариулсан хариулт зэргээр тогтоогдож байна. Тиймээс шүүх хэрхэн, ямар нотлох баримтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгтээ нийцээгүйг тогтоосон нь тодорхойгүй байна. ХХХХХ ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн цуцалсан. Гэтэл шүүх ажил олгогчийг ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг хязгаарласан гэж буруутган, нэхэмжлэгч талаас энэ талаар гаргасан тайлбар, хүсэлт нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

ХХХХХ ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцалсан. Хариуцагч талаас ХХХ-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсантай уялдах компанийн орон тооны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдох баримт материалыг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангуулан гаргаж өгсөн. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс "ялгаварласан" гэсэн үндэслэл, шаардлага, гомдлыг гаргаж байгаагүй. Мөн ажилтныг ялгаварлаж хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэдгийг шүүх тогтоогоогүй. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХ ХХК-д холбогдуулан Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ажиллаж байсан ажлын байранд 2 орон тоо байсныг 1 болгон цөөрүүлсэн, ямар журмаар сонгож ажлаас халсан нь тодорхойгүй, ялгаварлан гадуурхсан гэсэн нөхцлийг заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХ нь ХХХХХ ХХК-тай 2016 онд байгуулсан Гүйцэтгэх удирдлагын гэрээ-ний 1.2 дахь заалтын (G)-д Ажилтнуудыг ажилд авах, тэдэнд цалин хөлс олгох, мөн тэдний хөдөлмөрийн гэрээг цуцлах, компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах гэж заасан эрхийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 44/16 тоот тушаал гаргаж, ХХХХХ ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батласан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 75, 78, 105-107 тал/

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ХХХХт 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр цуцалжээ. /хх-ийн 4-6 тал/

Хариуцагч ХХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн HR0079/17 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг хүлээсэн бөгөөд ХХХХ нь ХХХХХ ХХК нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн гэдгийг үгүйсгээгүй, харин уг мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан тухайгаа тайлбарлажээ. Иймд ажил олгогчийн хуулиар тогтоосон мэдэгдэл өгөх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан байна. Хуулийн энэхүү заалт нь ажил олгогчоос өөрийн давуу байдлаа ашиглан ялгаварлан гадуурхах замаар хүний эрхийн зөрчил үйлдэхээс сэргийлсэн зохицуулалт байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.3-т хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, эрэгтэй, эмэгтэй, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварласан, хязгаарласан, давуу байдал тогтоосон, иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлогтой холбоогүйгээр ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулахаар заажээ. Анхан шатны шүүх ажил олгогч байгууллага нь ажилтны хуулиар олгогдсон эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарласан гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан журам тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим, мөн тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлын зарчим хөдөлмөрийн гэрээний талуудад нэгэн адил хамаарна.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх журмыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд орон тоо цомхотгосон гэх үндэслэл нь энэхүү нарийвчилсан зохицуулалтанд хамаарна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт орон тооны цомхотгол хийсэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа баримтлах журмыг нарийвчлан тогтоосон байна.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтанг чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ цуцлаглагдаагүй ажилтнуудтай харьцуулан ялгаварлан гадуурхалт хийгээгүй гэдгээ нотлох үүргийг хуулиар ажил олгогчид ногдуулаагүй байна.

Анхан шатны шүүх ажил олгогч хууль зүйн үндэслэлгүйгээр талуудын тэгш байдлын зарчимд халдаж, ялгаварлан гадуурхалт гаргасан, ажилтны хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэсэн дүгнэлт хийсэн нь иргэний эрх зүйн харилцааны нэг тал болох ажил олгогчид хуулиар ногдуулаагүй үүргийг хүлээлгэж Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан байна гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХХХХ-ын ХХХХХ ХХК-д холбогдуулан гаргасан Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО