2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04304

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05         14                                              191/ШШ2025/04304 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Бийн Гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “С” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Нийслэлийн тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай,       

2023 оны 04 дүгээр сарын 04-ний дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.У,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.         

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Нийслэлийн тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Г миний бие 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК-ийн захирал Ц.Мд 8 хувийн хүүтэй 45.000.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Ц.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Нийслэлийн тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны шаардах эрхээ надад барьцаалуулсан. Нэхэмжлэгч Б.Г миний бие барьцааны зүйлийг баталгаажуулах зорилгоор тус орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч болох “С” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, барьцааны зүйл болох орон сууцны шаардах эрхийг “М” ХХК-иас шилжүүлэн авсан болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр өөрийн биеэр очиж урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн. Намайг хариуцагч “С” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах үед шаардах эрх эзэмшиж байсан “М” ХХК нь хариуцагчид ямар ч өр төлбөргүй гэдгээ баталж байсан бөгөөд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1 дэх хэсэгт “С” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх дугаартай гэрээний дагуу орон сууцны төлбөр урьдчилж төлөгдсөн болно гэж тусгасан. Мөн “М” ХХК-ийн зүгээс “С” ХХК-д хандаж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77/99 тоот албан бичгээр Б.Ггийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү. Б.Г нь өр төлбөргүй болно гэсэн хүсэлтийг хүргүүлж байсан. Гэтэл хариуцагч “С” ХХК нь одоо болохоор “М” ХХК манай компанид өглөгтэй, төлбөр тооцооны асуудалтай байгаа хэмээн худал шалтаг тоочин Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч миний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, улсын бүртгэлийн байгууллагад хандсан албан бичгээ гаргаж өгөхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг зөвшөөрсөн албан бичгээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан гарган өгч байж нэхэмжлэгч миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарах ёстой юм. Иймд хариуцагч “С” ХХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Нийслэлийн тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Г миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч “С” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“С” ХХК нь “М” ХХК-тай “Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээг талууд хугацаанаас өмнө тооцоо нийлэн цуцалсан. Гэрээ цуцалсны дагуу маргаан бүхий байрыг гэрээний төлбөрт шилжүүлэхгүй байхаар талууд тохиролцсон. Нөгөөтэйгөөр “М” ХХК нь иргэн Б.Гд холбогдуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай утсаар мэдэгдсэн. “М” ХХК нь “С” ХХК-тай “Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ /ажлыг/ бүрэн хийж гүйцэтгэсний дараагаар маргаан бүхий орон сууцыг “М” ХХК нь өөрийн эзэмшилд авах замаар захиран зарцуулах эрхтэй байсан бөгөөд Ц.М гэрээг цуцлахаас өмнө буюу гэрээт ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд гэрээ байгуулах болон улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна. Урьдчилсан тэмдэглэгээтэй холбоотой нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардан авах үед мэдэж холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Маргаан бүхий орон сууцны үнийг ямар нэгэн байдлаар “М” ХХК болон нэхэмжлэгч нь төлж байгаагүй бөгөөд тоот хаягт орон сууцыг “М” ХХК болон нэхэмжлэгч нь өмчлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

              

3.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:   

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд Ц.Мд 8 хувийн хүүтэй, 45.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Ц.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргааны зүйлийг нэхэмжлэгчид барьцаалуулсан мөн барьцааны зүйлийг баталгаажуулах зорилгоор хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан, “М” ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан тухай тайлбарладаг. Иймд хариуцагчийн зүгээс дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцож өгнө үү гэв.    

 

4.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус тооцох үндэслэл байхгүй. Учир нь “М” ХХК-ийн захирал Ц.М нь 70.000.000 авсан тухайдаа маргаагүй. 70.000.000 төгрөгийг авсан учраас “С” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ эрхийг Б.Г надад шилжүүлсэн. Гэрээний эрх шилжүүлсэн тухайдаа талуудын хэн ч маргаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно гэв.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Энэхүү хэрэг маргаанд хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Учир нь Н.Б хариуцагч болох “С” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц, худалдах, худалдан авах тоот гэрээ байгуулан тоот хаягт байршилтай 41.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Гэрээний үнийг нийт 131.296.000 төгрөг тус төлбөрийг 100 хувийн ипотекийн зээлээр авахаар тохиролцсон. Мөн гэрээний 2.5 дугаар зүйлд Голомт банкны зээлийн шийдвэр гарсан тохиолдолд байрны түлхүүрийг хүлээлцэхээр тохиролцож, банкны шийдвэр гарч хариуцагч компаниас байрны түлхүүрийг хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Энэхүү нөхцөл байдал иргэний хуульд зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ анх миний бие 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК-ийн захирал Ц.Мд 8 хувийн хүүтэй 45.000.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Ц.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Нийслэлийн тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны шаардах эрхээ надад барьцаалуулсан” гэжээ. 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана. барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл, барьцааны зүйлийн байршил, тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримт, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн байгууллагын нэр, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам, барьцааны шаардлагыг хангах журам зэргээр барьцааны гэрээ байгуулах тохиолдолд хуулиар заасан хэлбэрийн шаардлагыг тодорхой зааж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлох, хариуцагчийн өөрийн татгалзлаа нотолж шүүхэд мэтгэлцдэг энэхүү хэрэгт маргааны зүйл болох тус орон сууцны өмчлөх эрхтэй этгээд хэн болох “М” ХХК, иргэн Ц.М хэн аль нь өмчлөх эрхтэй нь тодорхойгүй буюу Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь гэрчилгээгээр баталгааждаг болон барьцааны гэрээ огт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч “С” ХХК нь 2023.12.02 өдрийн тоот “М” ХХК-д гэх албан бичгээр иргэн Б.Гтай байгуулсан гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж, хариу нь 2023.12.15-ны өдрийн тоот албан бичгээр уг маргаан бүхий орон сууцны асуудлаар хариу өгч тус компанийн захирал Ц.М нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө бүрэн буцааж төлсөн тул гэрээ цуцлахтай холбоотой саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлаар “С” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх болон орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ дуусгавар болж анхны ажил гүйцэтгэх гэрээний бартер буюу маргаан бүхий орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрх хариуцагчид хэвээр үлдсэн нөхцөл байдал байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хариуцагчийн тодорхойлолтоор иргэн Б.Ггаас тус байртай холбоотой нэг ч төгрөг төлөөгүй болохыг тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                     

6.Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, “М” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77/99 албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах нь гэх өргөдөл, Ц.Мын гаргасан хүсэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ггийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/147 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг,

хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, “С” ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, “С” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/02/320 дугаартай “Тодорхойлолт”, “С” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/327 дугаартай “Гэрээ цуцлах тухай”, албан бичиг, “С” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/02/340 дугаартай “Мэдэгдэл” гэх албан бичиг, “С” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/02/320 дугаартай “Тодорхойлолт”, “С” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/327 дугаартай “Гэрээ цуцлах тухай”, албан бичиг, “С” ХХК-ийн Тодорхойлолт, “М” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/507 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, 2 ширхэг фото зураг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №21/БЗ 120 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай “С” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №Г/ХХАГ 330 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч СХХК-д холбогдуулан тоот хаягт байршилтай 41.03 м.кв орон сууцны  өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Ггийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         

3.Хариуцагч “С” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний Г-21/Б3145-1 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

4.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны үнийг ямар нэгэн байдлаар “М” ХХК болон Б.Г нар төлж байгаагүй. тоот хаягт орон сууцыг “М” ХХК болон нэхэмжлэгч нь өмчлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №Г-21/БЗ145-1 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, “М” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77/99 албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах нь гэх өргөдөл, Ц.Мын гаргасан хүсэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ггийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/147 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, “С” ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, “С” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Тодорхойлолт”, “С” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Гэрээ цуцлах тухай”, албан бичиг, “С” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл” гэх албан бичиг, “С” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Тодорхойлолт”, “С” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Гэрээ цуцлах тухай”, албан бичиг, “С” ХХК-ийн “Тодорхойлолт”, “М” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, 2 ширхэг фото зураг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай “С” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.“С” ХХК болон Б.Г нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “С” ХХК нь тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ 

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр Б.Г нь орон сууцны төлбөр төлөх нөхцөл бартерт “С” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх №15 дугаартай гэрээний дагуу төлбөр урьдчилж төлөгдсөн, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

 

Дээрх “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.“С” ХХК “М” ХХК нарын хороонд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга, тээвэрлэх ажил гүйцэтгэх,гүйцэтгүүлэх гэрээ байгуулагджээ. /Хавтас хэргийн 75-88 дугаар тал/

 

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай “С” ХХК, “М” ХХК нарын хооронд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “С” ХХК нь тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, 1 м.кв-ын үнэ 2.980.000 төгрөг, нийт 122.269.400 төгрөг, төлбөр төлөх нөхцөл бартер, төлбөр төлөх “С” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх №15 дугаартай гэрээний дагуу төлбөр урьдчилж төлөгдсөн хэмээн талууд тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтас хэргийн 71-74 дугаар тал/

 

“С” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг Б.Гтай байгуулж, уг гэрээгээр тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрх үүргээ хүлээн авагч Б.Гд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх №15 дугаартай гэрээний дагуу төлбөр урьдчилж төлөгдсөн эрхийг бүрэн шилжүүлжээ. Эрхээ шилжүүлсэн тухайд нь маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ”,

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь “М” ХХК-ийн захирал Ц.Мад 45.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн барьцаанд тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захилгын гэрээг барьцаалсан. Зээл, зээлийн хүү нийт 69.000.000 төгрөг болсон. Дансаар 1.000.000 төгрөг мөн зээлсэн. Бүгд 70.000.000 төгрөгийг болсон. Нийт 70.000.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 16-нд өгөхгүй бол “М” ХХК-ийн захирал Ц.М нь тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захилгаар бариулах гэрээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нэхэмжлэгч Б.Г нь “М” ХХК-д 70.000.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан “М” ХХК-ийн Ц.Мын хүсэлт, “М” ХХК-ийн “С” ХХК-д гаргасан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77/99 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “С” ХХК-иас нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч шүүх сөрөг шаардлага байгаа эсэхээс үл хамааран нэхэмжлэгч Б.Ггийн “С” ХХК-д 50.000.000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн учраас Орон сууцны захиалгаар бариулах гэрээний үнийн дүн 120.000.000 төгрөгөөс төлсөн төлбөр болох 70.000.000 төгрөгийг хасч үлдэх 50.000.000 төгрөгийг Б.Ггаас гаргуулж хариуцагч “С” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаж 2023 оны 04 дүгээр сарын 04-ний дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь талуудын хүсэл зоригийн дагуу, бодит хийгдсэн хэлцэл байх тул  хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Ггийн 70.200 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Ггийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох Б.Ггийн тоот, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Б.Ггийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, Б.Ггаас 50.000.000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гд холбогдуулан гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Ггийн 70.200 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН