Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 328

 

 

 

 

                                    

                                                

 

                                   

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Баярхүү,

хохирогч А.Д,

шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Ө-т холбогдох эрүүгийн 1810 0133 70420 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах ХААИС-ын хичээлийн байрны 138 тоот ангид хохирогч А.Д-тэй хөзөр тоглож байхдаа маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч П.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг. Манай ээжийн бие нь өвдөөд гэртээ байгаа, дүү арван жилийн сурагч. Тайван Улсын Хүүхдийн сангаас хагас өнчин хүүхдэд 1.000.000 төгрөгийн тэтгэлэг авдаг, үлдэгдэл мөнгийг өөрөө ажил хийж олдог. Би хичээлийн бус цагаар хүний ТҮЦ-д суудаг. Би хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байгаа. Би “С” барилга угсралтын ХХК-д өдрийн 30.000 төгрөгөөр цалинжиж, ажиллаж байгаа. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авахаар хохирлоо төлөхөөр тохиролцсон. Хохирогчийн нэхэмжилсэн 900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2.  Хохирогч А.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11-13 цагийн хооронд сургуульд хөзөр тоглож сууж байгаад би н.Л гэдэг хүүхэдтэй маргалдахад түүний найз охин нь салгаад аваад явсан. Дараа сууж байхад П.Ө “одоо болиоч пизда минь, чимээгүй байгаач” гэхээр нь би уурлаад түүн рүү дайрсан. Бид хоёр нэг, нэгнийгээ заамдаж авахад ангийн хүүхдүүд болиулсан. Тэгээд ангиас гарч ирхээр нь би П.Ө-ын дух хавьцаа нь цохисон.

Манай ангийн нэг хүүхэд “миний цүнхийг аваарай” гэж шидэхэд би аваагүй. Тэгээд газар унасан миний цүнхийг П.Ө өшиглөхөөр нь миний дургүй хүрээд эргэж харахад ангийн хүүхдүүд “та нар, багш нарын ангийн үүдэнд байна больцгоо” гэсэн. Тэгээд болиод зогсож байхад П.Ө хүрч ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Би эмчилгээ хийлгэсэн 400.000 төгрөгийг нэхэмжилсэн. Намар хамарны мэс засалд орохоор болсон болохоор нийт 900.000 төгрөгийг нэхэмжилж байна.

П.Ө 2018 оны 8 дугаар сарын эхээр хохирлыг барагдуулж өгнө гэсэн. Би  хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй. Би Өтай сайн дураараа  эвлэрсэн болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хэрэг гарахад миний бас буруу байгаа. Би томографийн зурганд 120.000 төгрөг, хамар тэгшлүүлэхэд 120.000 төгрөг, эмчийн үзлэгт ороход 35.000 төгрөг, эм тарианд 55.000 төгрөг, замын зардалтай нийлээд 400.000 төгрөг болж байна. Уг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Одоо бид 2 эвлэрсэн. Шүүгдэгч надаас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг

 

Эрүүгийн 1810 0133 70420 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж инженерийн 3 дугаар дамжаанд суралцдаг юм. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай ангийн Ө, Л бид гурав сургуулийнхаа 138 тоот өрөөнд хөзөр тоглосон. Ингээд тоглоомон дээрээсээ болж Л бид хоёр маргалдсан. Ингээд Л нь бидний хажууд хараад сууж байсан найз охин Д дагуулаад гараад явсан.

Тэгээд Л-ыг ангиас гараад явтал Ө “Одоо чи дуугүй болчихооч дээ, пизда минь” гэхээр нь би түүнд “юу гээд байгаа юм” гээд түүнтэй маргалдаад, Ө бид хоёр бие биенээ заамдаж авсан. Тэр үед манай ангийн хүүхдүүд Ө бид хоёрыг салгахаар нь би ангиас гараад явсан. Ингээд Өыг коридорт гараад ирэхээр нь би түүний дух орчимд нь гараараа нэг удаа цохитол Ө миний цүнхийг өшиглөнөөс дахин маргалдаж байгаад бид хоёр дахин заамдалцсан. Энэ үед манай ангийн хүүхдүүд Ө бид хоёрын дундуур орж салгатал Ө над руу давшилж байгаад гараараа миний хамар луу цохиод хугалсан.

Тэгээд би ариун цэврийн өрөө орж хамрын цусаа цэвэрлэчихээд, Ч, Ө нарын хамтаар Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд гэртээ харьсан. Тэгтэл манай ар гэрийнхэн намайг Ө-тай зодолдож, хамраа гэмтээснийг мэдчихээд, миний өмнөөс цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байсан.

Миний хувьд Ө-т цохиулж хамраа хугалуулсандаа гомдолтой байна. Би Анагаахын нэгдсэн эмнэлэгт 120.000 төгрөгөөр хамрын цөмөрхийг гаргуулсан, толгойны томографик зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Өаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 400.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Ирэх намар хамар тэгшлэх мэс засалд орно. Үүний зардал нь 1.000.000 төгрөг болох юм байна. Ийм болохоор Өаас эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлын баримтыг дараа хэрэгт хавсаргана. ...Тухайн үед Ө бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй ба бидний дунд өр авлага, өш хонзон байхгүй. Ө нь намайг цохиж, хамар гэмтээхийг Ч, Л нар харсан. Өөр харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/,

 

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6700 тоот дүгнэлтэд:

1. А.Д-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, S  хэлбэрийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун дал, зүүн мөр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/

 

3. Шүүгдэгч П.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 1 давхарын ангид 11 цагийн үед Л, М, Д бид дөрөв хөзөр тоглож байсан.

Л, Д хоёр тоглоомноос болж муудалцсан чинь манай ангийн хүүхдүүд салгаад, Л ангиас гараад явсан. Д, Б луу уурлаад байхаар нь би Д-д “чи дуугүй байгаач, пизда минь” гэж хэлсэн чинь Д намайг “чи их давраад байгаа шүү” гэсэн.  Д над руу хүрч ирээд, бид хоёр ноцолдоод байж байтал ангид хичээл орох гээд ангийн хүүхдүүд орж ирэхээр нь ...ангиас гарсан. Д-гийн араас би гарсан чинь коридорт Д миний баруун нүд рүү нэг цохихоор нь би нүдээ дараад хойшилсон. Тэгтэл Д ирээд дух руу нэг удаа цохисон.

Ч Дийг цааш нь аваад явж байхаар нь би уурандаа ширээн дээр байсан Дий цүнхийг өөр рүү нь шидээд, араас нь орилоод дагаад явсан. Бид хоёр сургуулийн 122 тоот ангийн үүдэнд ирэхэд Д намайг цохих гэж байна гэж бодоод, толгойгоо доошлуулж байгаад баруун гараараа цохисон.

Намайг цохисон болохоор нь би уурандаа цохисон. Нүүр рүү нь хоёр удаа баруун гараараа цохисон. Манай ангийн Ч, Л, Б, М нар харсан. Д-ий цохисон үйлдлийн улмаас миний дух, хүзүүн дээр хумсны сорви үлдсэн, зүүн талын шанаа хөндүүртэй байгаа, тархи хөдөлсөн байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.

Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд байцаалтандаа болсон зүйлийг үнэн зөвөөр ярьсан байгаа одоо хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16, 38-39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 17х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22х/, шүүгдэгч нь өрхийн амьжиргааны түвшний 384.27 оноотойгоор харьцангуй бага хэрэглээтэй бүлэгт багтсан болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хэргийн 35х/, шүүгдэгч П.Ө нь ХААИС-ийн Инженер технологийн сургуульд цахилгаан хангамжийн 3 дугаар ангид суралцдаг болохыг тодорхойлсон ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн сургалтын албаны тодорхойлолт /хэргийн 26х/, Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6705 тоот дүгнэлт /хэргийн 28х/, хохирогч А.Д-ий хүсэлт /хэргийн 44х/, шүүгдэгч П.Өын хүсэлт /хэргийн 45х/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 51х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч П.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигийн нөхөн төлбөрт нэхэмжилж буй эмчилгээний зардлын 400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хохирогч А.Д нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэн хэлэлцсэн, прокурорын хяналтын шатанд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаархи бичгээр гаргасан  хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтийг /хэргийн 44-45х/ 2018 оны 07  дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тэдгээрт танилцуулж /хэргийн 53х/, улмаар П.Ө-т холбогдох эрүүгийн 1810 0133 70420  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцжээ.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Өт гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ын хичээлийн байрны 138 тоот ангид хохирогч А.Д-тэй “хөзөр тоглож байхдаа” маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж “Хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, S  хэлбэрийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун дал, зүүн мөр, цээжинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт:   

- хохирогч А.Д-ий: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай ангийн Ө Л бид гурав сургуулийнхаа 138 тоот өрөөнд хөзөр тоглосон. Ингээд тоглоомон дээрээсээ болж Л бид хоёр маргалдсан. Ингээд Л нь бидний хажууд хараад сууж байсан найз охин Д дагуулаад гараад явсан. Тэгээд Лыг ангиас гараад явтал Ө “Одоо чи дуугүй болчихооч дээ, пизда минь” гэхээр нь би түүнд “юу гээд байгаа юм” гээд түүнтэй маргалдаад, Ө бид хоёр бие биенээ заамдаж авсан. Тэр үед манай ангийн хүүхдүүд Ө бид хоёрыг салгахаар нь би ангиас гараад явсан. Ингээд Өыг коридорт гараад ирэхээр нь би түүний дух орчимд нь гараараа нэг удаа цохитол Ө миний цүнхийг өшиглөснөөс би дахин Өтай маргалдаж, ...Ө дахин над руу давшилж байгаад гараараа миний хамар руу цохиод хугалсан. .. Би Анагаахын нэгдсэн эмнэлэгт 120.000 төгрөгөөр хамрын цөмөрхийг гаргуулсан, толгойны томографик зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Өаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 400.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Ирэх намар хамар тэгшлэх мэс засалд орно. Үүний зардал нь 1.000.000 төгрөг болох юм байна.  Өаас эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн: “...А.Д-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, S  хэлбэрийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун дал, зүүн мөр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 6700 дугаартай дүгнэлт /хэргийн 29х/, шүүгдэгч П.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч А.Д-ий биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, S  хэлбэрийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун дал, зүүн мөр, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Ө түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисоноос үүссэн байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ө нь хохирогч А.Д-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч П.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Прокуророос П.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Түүнчлэн хэргийн хохирогч А.Д нь тоглоомоос болж бусадтай маргаж, зүй бус харилцахад нь П.Ө нь “боль” гэсэн шаардлага тавихад, тэрээр дургүйцэн маргааныг үргэлжлүүлэн өдөөж, шүүгдэгчийг цохиж биед нь духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл учруулсан хохирогчийн зохих буруутай байдал тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон нь хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 6705 дугаартай дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг баримтаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.   

Хэргийн шүүгдэгч П.Ө нь хохирогч А.Д-ийг цохиж түүнд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, S  хэлбэрийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун дал, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилж буй 900.000 /есэн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүгдэгч П.Өаас гэм хорын хохиролд 900.000 /есэн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч А.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч П.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 22х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  мөн тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэн хэлэлцсэн болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч П.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Мөн шүүгдэгч нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, хичээлийн бус амралтын үед цагийн ажил эрхэлж орлого олдог байдлыг харгалзан шүүгдэгч П.Ө-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.    

 

Энэ хэрэгт П.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.     

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                             

ТОГТООХ нь:

 

1. П.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ө-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож,  тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Д нь гэм хорын хохиролд 900.000 /есэн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж, тэдгээр нь эвлэрэн хэлэлцсэнийг баталж, П.Ө-аас гэм хорын хохиролд 900.000 /есэн зуун мянга/ төгрөг гаргуулж,  хохирогч А.Д-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт П.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД