Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Д.Ганчимэг

Хохирогч                                                                   *******

Хохирогчийн өмгөөлөгч                                        Д.Галтогтох

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  Ө.Батболд

Шүүгдэгч                                                                   *******

                                                                                    *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2321003630016 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

******* овогт *******гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт галч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: /

2. Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******, Э нар нь  бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт өөрийн хонин сүрэгт нь нийлсэн хохирогч *******ийн эзэмшлийн 80 хонь, ямаа буюу олон тооны малыг хулгайлан бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хүснэгт болон дүгнэлтээр гаргаагүй байх тул хохирогч нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх дүгнэлтээ гаргуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж, зундаа мал харж амьдардаг. Би Намжилдовдонд зарсан хонь ямааг хохиролд бүгдийг нь өгсөн. Миний хувьд бүхэл бүтэн 3 жилийн хорих ялыг биеэр эдлэх маш хүнд байна. Би өөрийн үйлдсэн хэргээ анхнаас нь хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр болсон асуудлын талаар мэдүүлгээ өгсөн. Би хэний хонь гэдгийг нь мэдээгүй байсан. Уг нь хохирогч ******* нь миний эхнэр ын төрөл садангийн хүн болох юм. Яагаад ингэж хатуурхаад байгааг нь сайн ойлгохгүй байна. Надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгч *******, өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагатай юм.

******* өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон зүйл байхгүй, ар гэрийн хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа Сэргэлэн сумын нутагт мал маллан амьдарч ар гэр ахуй амьдралаа авч явдаг, үйлдсэн хэргийн тухайд өөрийнх нь малтай нийлсэн малнаас 29 толгой хонийг зарж борлуулсан үйлдлээр энэ гэмт хэрэгт холбогдсон. Түүнээс биш тухайн малаас хөөж тууж өөрийн хониндоо нийлүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн нөхцөл байдал байхгүй байгааг анхаарч үзнэ үү.

******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба ял хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэг дээр байхгүй болно.

Иймд *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

7. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан 3 жилийн хорих ялыг тохирсон шийтгэл гэж үзэж байна. Тав гурван мал биш 80 гаруй малыг минь хулгайлсан үйлдэл гаргасан. Миний хувьд хорих ялын хэмжээ тохирч байна гэж үзээд давж заалдах гомдол гаргаагүй. Анх бол 136 том хонь алдсан нь үнэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэнээс болж хэрэг удааширч хугацаа алдсан. Ер нь хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзэж байна. Гомдолтой байна.” гэв.

8. Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үйлдлээ зөөлрүүлэн ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа ямар хандлага гаргасан гэдэг нь чухал. Хонь мал нийлсэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ ямар айлын мал гэдгийг нь мэдэхгүй байгаа бол эзнийг нь сураглаж ирэхийг хүлээх монголчуудын зан байдаг. ...Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт этгээдүүдийн шунахайн сэдэл нь бүрэн харагддаг. Мөн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, асуултанд хариулж байгаа байдал зэргийг харахад бүрэн гэмшиж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. ...Хохирогчийн хувьд анхнаасаа 136 тооны мал алдсан. Гэвч нотлогдож байгаа нь 80 тооны мал болсон. Хулгайд алдагдсан гэдгээр далимдуулж хохирлыг их хэмжээгээр нэмж байна гэх үндэслэлгүй зүйлийг ярьж байна. Хэд хэдэн удаа тооллого хийгээд дутуу байгаа малынхаа тоог тодорхой хэлж ирсэн. ...Сэтгэл санааны хувьд 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон боловч өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг төлөөгүй. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээсэн. Хохирогчийн хувьд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ тохирч байна гэж үзэж гомдол гаргаагүй. Шүүгдэгч нарын хувьд сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан бол хохирол төлбөрийг бүрэн төлсөн гэж хэлж болох байсан. Хохирогчийн хувьд одоо ч гомдолтой хэвээр байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

9. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* анхнаасаа надад хонь мал нийлсэн талаар огт хэлээгүй. Ажилд туслаад өгөөч гэж хэлсэн. ...Хэдэн хонь ялгачихсан гол дээр орхилоо, аваад яваарай гэж хэлсэн...” гэв.

10. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа л үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. 29 хонийг нь зарж борлуулсан үйлдэл гаргасан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 11. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын хувьд ял нь багадсан гэж ярьж байна. Гэтэл хорих ялын хэмжээг шүүхээс тогтоох ёстой. Давж заалдах шатны шүүхээс хорих ялын хэмжээг багасгах бүрэн эрхтэй. Шүүхийн дотоод итгэл үнэмшилээр шийдвэрлэх ёстой асуудал юм. ...Эдгээр хүмүүсийн хувьд тухайн хонь ямааг тууж ирж, нууцаар хулгайлах зэрэг идэвхтэй үйлдэл гаргаагүй байдаг. Малын хулгайн төгс үйлдэгддэг шинжийг агуулаагүй гэж хэлж болно. Гэвч бид хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлыг үнэн зөвөөр хэлж ирсэн. Хохирогчийн тогтворгүй мэдүүлгээс шалтгаалж хэрэг удааширсан гэж хэлж болно.

...Хүн бүр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй байдаг. Шүүгдэгч нарын хувьд бодож санаж байгаа зүйлсээ бүрэн илэрхийлж чадахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Малын хамгийн өндөр үнэлгээгээр 5,800,000 төгрөгийн хохирол төлсөн. 29 тооны хонь ямааг борлуулахад 3,500,000 төгрөг болсон хэдий ч хамгийн өндөр хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг ярьж байна. Цаг хугацааны хувьд төлөх боломжгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүүхийн шийтгэх тогтоол дээр сэтгэцэд учирсан хохирлыг төлөх талаар огт дурдаагүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

12. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Шүүгдэгч *******, Э нар нь  бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт өөрийн хонин сүрэгт нь нийлсэн хохирогч *******ийн эзэмшлийн 80 тооны хонь, ямааг буюу олон тооны малыг хулгайлан бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогдсон. Бусдад зарж борлуулсан идэвхитэй үйлдэл гаргасан байна. Энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан баримтаар бүрэн нотлогдож ял шийтгэгдсэн нь үндэслэлтэй байна.  Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалтай уялдуулж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Миний хувьд хорих ялыг харин ч багаар оногдуулсан гэж хэлмээр байна. Бусдын олон тооны мал яригдаж байгаа шүү дээ. ...Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч  *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч *******, Э. нар нь  бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт өөрийн хонин сүрэгт нь нийлсэн хохирогч *******ийн 80 тооны хонь, ямаа буюу олон тооны малыг хулгайлан бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-129, 132-134, 137-139, 142-143, 154-155, 162-163,  2-р хх-ийн 20, 23-24, 83-84, 97-98/

хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-42, 2-р хх-ийн 12-13, 134-135, 138/, гэрч , , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 45-47, 54-55, 58-59, 62-63, 65-66, 69-70, 71-72, 75-76/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 91-94, 96-99, 2-р хх-ийн 27-31, 140-145/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

4. Шүүгдэгч *******, Э. нарын бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 зааснаар зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хэргийг зөв зүйлчилжээ.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, Э. нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, Э. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.

7. Шүүгдэгч *******, Э. нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболд нь “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан.

Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн, бусдын 80 тооны буюу олон тооны малыг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 3 жилийн хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******, Э. нарын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, Э. нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Э. нарын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ЭРДЭНЭЗУУ

             ШҮҮГЧИД                                                            Г.УРТНАСАН                                                                                                                

                                                                                            С.ГАНЧИМЭГ