| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0023/З |
| Дугаар | 110/ШШ2026/0082 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 110/ШШ2026/0082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжаар байгуулагдсан Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг /ахлагч/,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: С.Т нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагч Ц.О, Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч З.М, Алтай сумын Засаг дарга А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс шүүхэд “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар явуулсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:
1.1. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад надтай хамт С.Т, Х.Б, С.Э нарын 4 иргэн нэр дэвшсэн. Эхний санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн аль аль нь олонхын санал буюу 50-иас дээш хувийн санал аваагүй, хамгийн олон саналыг С.Б, С.Т нар авсан.
Дахин санал хураалтад С.Б би болон С.Т нар оролцож, би 76 иргэний, С.Т 77 иргэний саналыг авсан. Энэхүү санал хураалтын дүнг сонссоны дараа би даруй уг санал хураалтыг зохион байгуулсан З.Мейрамбек ахлагчтай Ажлын хэсэгт хандаж, “Улаанхад багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн ажиллагаанд өөр багт оршин суудаг зарим иргэд оролцсон байж магадгүй учраас оршин суугаа хаягийг сумын улсын бүртгэгчээс тодруулах шаардлагатай, тэр хүртэл С.Тыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргах буюу эцсийн дүнг танилцуулахыг зөвшөөрөхгүй байна.” гэж хэлсэн. Миний хүсэлтийг З.Мейрамбек хүлээн авч “Тэгвэл маргааш сумын төвд та хоёр очоорой. Би та нарыг байлцуулж байгаад сумын улсын бүртгэгчээс багийн Засаг дарга сонгох санал хураалтын ажиллагаанд оролцсон иргэдийн оршин суугаа хаягийг тулгана." гэсэн хариу өгсөн юм. Маргааш нь буюу 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Алтай сумын Засаг дарга А.Алимаатай уулзаж, учир байдлыг танилцуулахад тэрээр “Танай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад өөр багт оршин суудаг зарим иргэд санал өгсөн байж болзошгүй байна. Тухайн иргэдийн нэрсийг танд хэлэх боломжгүй байна. Энэ бол улсын болон хувь хүний нууц, харин та энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Шүүхээс уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл шинээр багийн Засаг даргад нэр дэвшсэн С.Тыг батламжлахгүй.” гэсэн хариу өгсөн.
Иймд тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд өөр багт оршин суух зарим иргэд оролцсон байж магадгүй учраас уг санал хураалтын ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Гуравдагч этгээд С.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олонхын санал авсан С.Тыг тус багийн Засаг даргаар томилохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус багийн Засаг даргаар С.Тыг томилохыг даалгах” бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1. Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар 50.3 хувийн саналаар сонгогдсон. Авлигатай тэмцэх газраас "томилоход харшлах шалтгаангүй" гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл сумын Засаг дарга А.Алима нь "шүүхийн маргаантай" гэх үндэслэлээр томилохоос татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй тохиолдолд захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, томилгоог хийх үүрэгтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нь томилгоог гацаах хууль зүйн үндэслэл болохгүй тул энэхүү үйлдэл нь миний хөдөлмөрлөх, төрийн албанд ажиллах эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй юм гэжээ.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 4 хүний авсан санал хуралдаанд оролцсон иргэдийн 50 хувийн саналд хүрээгүй учраас хамгийн олон авсан эхний хоёр оролцогчийн талаар дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Дахин санал хураалтын явцад 153 иргэн санал өгснөөс миний бие 76 хүний саналыг авсан, иргэн С.Т 77 хүний санал авсан. Тухайн өдөр Ажлын хэсгийн ахлагч З.Мейрамбек сонгуулийн дүнг танилцуулахад “би зөвшөөрөхгүй байна, өөр багийн иргэн оролцсон байж болзошгүй” гэдэг саналыг илэрхийлсэн, гэхдээ ямар иргэн оролцсон гэдгийг хэлээгүй гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Тухайн багийн Засаг даргад нэр бүхий 4 иргэн анх өрсөлдсөн. Эхний санал хураалтаас С.Б, С.Т нар хамгийн олон санал авч, тухайн өдрийн орой дахин санал хураалт явуулсан, дахин санал хураалт явуулах асуудлаар маргаан гараагүй.
4.2. Дахин санал хураалтад оролцсон 153 иргэний саналаас С.Б нь 76, С.Т 77 хүний саналыг авсан. Санал хураалтын дүн гарангуут С.Б “гаднаас хүн орсон байж магадгүй” гэж маргаж, Ажлын хэсгийн дарга З.Мейрамбект энэ асуудлыг хэлсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд тухайн багт байнга оршин суух бүртгэлтэй иргэн оролцох ёстой. Болд, Дамдинсүрэн гэдэг өөр багийн харьяалалтай хүмүүс санал өгсөн. Болд гэдэг хүн Улаанхад багийн сургуульд галчаар ажилладаг юм байна. Дамдинсүрэн нь Алтай сумын 2 дугаар багийн байнгын оршин суугч биш гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Аливаа баг, сум, аймагт оршин суугаа хаягийг тодорхойлох асуудал нь Улсын бүртгэлийн хуулийн дагуу зохицуулагдана. Болд, Дамдинсүрэн гэдэг тухайн багийн оршин суугч биш, өөр багт амьдарч, ажилладаг, өөр багт харьяалалтай иргэд оролцсон нь тухайн санал хураалтын ажиллагааны дүнд нөлөөлсөн гэж ойлгож байна.
4.3. С.Б, С.Т нарын хооронд явуулсан дахин санал хураалтын ажиллагаа хүчингүй болох ёстой. Хэрвээ шүүхээс хүчингүй болгосон шийдвэр гарсан тохиолдолд тухайн хоёр нэр дэвшигч бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагыг хангаж байгаа учраас дахин сонгууль зохион байгуулагдах учиртай гэж үзнэ. Хэрвээ дээрх хоёр иргэн санал хураалтад оролцоогүй байсан бол санал хураалтын дүн өөрөөр гарахыг үгүйсгэхгүй.
4.4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт тухайн багийн Засаг даргатай холбоотой маргаан шүүхээр шалгагдаж байгаа, өөр багт харьяалалтай хоёр иргэн оролцсон нь нотлогдож байгаа учраас сумын Засаг даргаас С.Тыг багийн Засаг даргаар томилох эхийн акт гаргах боломжгүй гэв.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Алтай сумын 2 дугаар багт Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт зохион байгуулагдсан. Эхний санал хураалтаар нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан С.Б, С.Т нарын хооронд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтаар С.Б, 76 санал, С.Т 77 санал авсан. Санал хураалтын явцад зарим иргэний оршин суугаа хаягтай холбоотой маргаан гарсан тул эцсийн дүнг түр хойшлуулсан. Иргэн санал өгсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад С.Б, С.Т нарын хооронд дахин сонгууль явуулах үндэслэлгүй гэжээ.
6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад миний бие нэр дэвшиж, олонхын саналаар сонгогдсон. Багийн Засаг даргын сонгууль 2 удаа явуулна гэж намайг дуудаж, би ирж суусан. Тухайн хуралдаанаас багийн Засаг даргад С.Тын нэрийг дэвшүүлсэн тогтоол гарч, би тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжаар байгуулагдсан Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг /ахлагч/-ийн шүүхэд гаргасан тайлбарт:
7.1. Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлах тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 01 дугаартай захирамжаар 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулах тухай шийдвэр гарсан. Тус сумын багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай сумын Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэгдсэн семинар хийсэн, уг семинарын үед бид “...18-аас дээш насны хүмүүсийн нэрсийн жагсаалт хэрэгтэй”-г хэлэхэд, сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар жагсаалт гаргаж өгөөгүй, улсын бүртгэлээс иргэдийн нууцлалтай холбоотой гэж жагсаалт өгөх боломжгүй байсан, сумын статистикийн бүртгэлээс баг тус бүрд жагсаалт гаргаж өгөхөөр болж, уг жагсаалтыг баримтлаарай, жилийн эцсийн мал тооллогод малаа тоолуулсан хүмүүс хамрагдаж байгаа учир болох байх, гэхдээ үүнд завсардаж ороогүй хүн байвал сумын иргэний бүртгэлээс тодруулж утсаар асууж аваарай.” гэж хэлж, 230 хүний нэрсийн жагсаалтыг хүлээлгэж өгсөн.
7.2. Багийн иргэд хангалттай цугларсан тул хуралдааны нээлтийн үйл ажиллагааг өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ц.Ганболд удирдаж хуралдааныг зохион байгуулах журмыг танилцуулж, хэлэлцэх асуудлын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулсан. Тус багийн Хурлын даргад Х.Мэндбаяр Ц.О нар, багийн Засаг даргад Х.Батхүү, С.Б, С.Т, С.Энхбат нар нэрээ дэвшүүлсэн. Эхний санал хураалтаар 163 хүн санал өгснөөс Х.Батхүү 46, С.Б 57, С.Т 47, С.Энхбат 8 санал авч, тэмдэглээгүй саналын хуудас 5 гарсан. Журмын дагуу хамгийн олон санал авсан С.Б, С.Т нарын хооронд дахин санал авах ажлыг зохион байгуулж, 18:00 цагт эхэлж 20:00 цагт дуусгасан. Үүнд 153 хүн оролцож, санал өгсөн бөгөөд С.Б 76 санал, С.Т 77 хүний санал авсан дүнг танилцуулахад, С.Б гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Саналын хуудсыг тус бүр 3 удаа тоолж битүүмжилсэн. Санал тэмдэглэхэд зарим хүмүүс овог нэрийн эхний үсгийг дугуйлсан байлаа хөдөө орон нутгийн хүмүүсийн боловсролын түвшин харилцан адилгүй байдаг учир түүнийг тухайн хүнд өгөх саналаа илэрхийлсэн гэж үзэж хүчинтэйд тооцсон гэжээ.
8. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
8.1. Алтай сумын 2 дугаар багийн хуралдаанд журмын дагуу багийн Хурлын зөвлөлийн гишүүнийг томилсон. Дараа нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигчийн сонгууль явагдсан. Түүний дараа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж, шат дараалан зохион байгуулсан. Тухайн багийн Хурлын даргад Ц.О сонгогдсон. Багийн Засаг даргад нэр бүхий 4 иргэн нэр дэвшиж, түүнээс 50 хувьд хүрээгүй үндэслэлээр эхний олон санал авсан 2 иргэний талаар хоёр дахь санал хураалт явуулахаар шийдвэрлэж, дахин санал хураалтаар С.Т 77 хүний, С.Б 76 хүний саналыг авсан. Уг санал хураалтын дүнг танилцуулахад С.Б нь “...санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна, өөр багийн иргэн оролцсон.” гэсэн. “Тэрийг нотлох ямар ч баримт байхгүй, маргааныг улсын бүртгэгч болон сумын Засаг даргад танилцуулъя.” гэж хэлж, хурлын тэмдэглэлд тусгаж, маргааш нь сумын Засаг даргад энэ асуудлыг танилцуулсан.
Тухайн багт хэн харьяалалтай эсэхийг би ч, сумын Засаг дарга ч нарийн тодорхойлох боломжгүй, иймээс улсын бүртгэгчээс асуухад “би ч тодорхойлохгүй, хуулийн дагуу тодруулаарай” гэдэг тайлбарыг өгсөн гэв.
9. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:
9.1. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас С.Тыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр уламжилсан. Гэвч нэр дэвшигч С.Бээс уг санал хураалтад Г.Галбадрах Х.Ганцэцэг, Ц.Болд, Х.Дамдинсүрэн нарын өөр багийн 4 иргэн оролцож, санал өгсөн гэх гомдлыг гаргасан. Санал хураалтын дүнгээр С.Б 76, С.Т 77 санал авсан бөгөөд нэг саналын зөрүүтэй. Хэрэв маргаан бүхий 4 иргэний санал хураалтад оролцсон байдал нь хууль бус болох нь тогтоогдвол энэ нь сонгуулийн эцсийн дүн болон "олонхын санал" авсан гэх үзүүлэлтэд шууд нөлөөлөхүйц байна.
9.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй бол томилохоос татгалзаж, дахин нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдэх эрх Засаг даргад бий. Монгол Улсын засаг захиргаа, нут дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т Засаг даргад нэр дэвшүүлэх хүн нь тухайн нэгж (баг)-ийн байнгын оршин суугч байх шаардлагыг хуульчилсан байдаг. Хэрэв нэр дэвшүүлсэн иргэн уг шаардлагыг хангаагүй нь тогтоогдвол томилгоо хийх боломжгүй юм.
9.3. С.Тын нэр дэвшсэн Хурлын шийдвэр шүүхийн маргаантай байгаа бөгөөд Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар "Санал болгох тухай" албан бичгээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл томилгоо хийхгүй байхыг санал болгосон.
9.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчмын дагуу Засаг дарга нь аливаа томилгоог хийхдээ нэр дэвшсэн иргэн хуульд заасан шалгуурыг бүрэн хангаж байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй.
С.Тын хувьд Авлигатай тэмцэх газраас “ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн дүгнэлт гарсан хэдий ч сумын Засаг даргын зүгээс С.Тыг томилохоос татгалзаагүй, харин санал хураалтын үр дүн болон сонгогчдын ирцийн талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл томилгоог түр түдгэлзүүлсэн болно.
Саналын зөрүү маш бага (1 санал) байгаа үед өөр багийн иргэд санал өгсөн эсэхийг шүүхээр тогтоолгохгүйгээр томилгоо хийх нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм гэжээ.
10. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
10.1. Тухайн өдөр Ажлын хэсгийн дарга З.Мейрамбек, нэхэмжлэгч С.Б нар миний өрөөнд орж ирж, “...сонгууль ил тод явуулсан эсэхэд сэтгэл хангуулан биш байна. Тус 2 дугаар багийн харьяалалгүй өөр багийн иргэн оролцсон эсэх нь эргэлзээтэй учраас шүүхэд хандана.” гэсэн. Багийн Засаг даргад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Шүүхээс гарсан шийдвэрийг дагана гэв.
11. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:
11.1. Тухайн өдрийн хуралдаанд оролцсон 153 иргэн нь зөвхөн Алтай сумын 2 дугаар багийн бүртгэлтэй иргэд байсан бөгөөд хуралдаан даргалагч болон нарийн бичгийн дарга нар улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн бүртгэлийг маш нарийн хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг өөр багийн хүн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нь баримтгүй гүтгэлэг юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т багийн Засаг даргад тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд хэний ч нэрийг дэвшүүлж болно гэж заасан. Миний бие дээд боловсролтой, багш мэргэжилтэй, төрийн албанд ажиллах зохих чадвартай, хуульд заасан бусад шалгуурыг бүрэн хангаж нэр дэвшсэн.
11.2. Санал хураалтыг хоёр шаттай явуулж хоёр дах шатны санал хураалтад оролцсон 153 иргэний 77 нь буюу 50.3 хувь нь надад итгэл үзүүлж саналаа өгсөн. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно гэх заалттай бүрэн нийцэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолд олонхын санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар нэр дэвшүүлсэн Хурлын шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулна гэж үзсэн байдаг. Миний бие иргэдийн олонхын санал авсан тул иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргаар томилуулах саналыг сумын Засаг даргад уламжлах нь хууль тогтоомжид нийцсэн үйлдэл юм.
11.3.Нэхэмжлэгч С.Б нь ямар нэгэн хууль зөрчсөн бодит баримт ирүүлээгүй атлаа зөвхөн би ялагдсан гэх субьектив хандлагаар шүүхэд хандаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлд ойртож байна. Миний бие эмэгтэй хүн, багш мэргэжилтэй гэдгээрээ ад үзэгдэх ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан. Иргэдийн сонгох эрхээ эдэлж гаргасан шийдвэрийг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гацааж байгаа нь төрийн албаны залгамж халаа болон ардчилсан зарчмыг алдагдуулж байна гэжээ.
12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
12.1. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулах, дахин санал хураалт явуулах тухай байна. Эрх ашгийг нь зөрчиж байгаа аливаа шийдвэртэй холбоотой маргах эрхтэй бөгөөд маргаан бүхий тогтоолтой холбоотой маргаж болно. Түүнээс биш багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хэзээ хуралдах асуудлаар С.Б гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй юм. Хэрвээ багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй байвал эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, багийн Засаг даргыг сонгож, хуралдаанаа хийх, хуралдаанаа хийхгүй байгаа нь хууль бус гэх асуудлаар дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Хуралдаан хэзээ болохыг шүүх зарлахгүй. Шүүхийн шийдвэрээр тухайн маргаан бүхий тогтоол нь хүчингүй болбол дараагийн арга хэмжээг иргэдийн Нийтийн Хурлын дарга хуралдаанаа хуульд заасан хугацаанд хийнэ.
12.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.” гэж заасан.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна” гэж заасан. Тэгэхээр өрх гэдэг зүйл маш чухал байна.
Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагч нараас “Дамдинсүрэн, Болд гэдэг хүмүүс хаана ямар ажил эрхэлж амьдардаг вэ” гэж хариуцагчаас тодруулж асуухад, статистикийн оршин суух бүртгэл, мэдээллийн жагсаалтад байсан иргэд, өрхүүдийн мэдээллийг авсан. Тухайн жагсаалтын дагуу иргэдийг оролцуулсан, тухайн бүртгэл дээр Дамдинсүрэн, Болд гэдэг хүмүүсийн нэр нь байгаа учраас тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын оролцогч мөн гэж үзсэн” гэж тайлбарлаж байгаа.
Статистикийн бүртгэл мэдээллийг авах тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс статистикийн бүртгэл мэдээллийг авахгүй, улсын бүртгэлийн мэдээлэл дээр байсан эсэхийг үндэслэж шийдвэр гаргана гэж шийдвэрлэсэн. Тухайн хүмүүс тухайн багт оршин суудаг, тэнд амьдардаг, ажилладаг. Ийм нөхцөл байдал байхад тухайн хүмүүсийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны оролцогч биш гэж үзэх нь үндэслэлгүй юм.
12.3. Тухайн хоёр хүний хувьд хэнд санал өгсөн нь тодорхой бус гэдэг санал дэвшүүлсэн. Багийн Засаг даргын шаардлагыг С.Т хангаж байгаа, хоёр удаагийн санал хураалтад өндөр санал авсан. Олонхын санал буюу 50 хувь дээр нэмэх 1 санал авсан байх шаардлагыг хангаж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу дагуу Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.
3. Хэргийн нотлох баримтаас үзэхэд, багийн Засаг даргад С.Энхбат, С.Т, С.Б, Х.Батхүү нарын 4 хүн нэр дэвшиж, хуралдаанд оролцсон 163 хүнээс С.Энхбат 8, С.Т 47, С.Б 57, Х.Батхүү 46 санал авснаар, хамгийн олон санал авсан С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулсан байх ба захиргааны байгууллагын уг үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасантай нийцсэн байна.
4. Дахин санал хураалтад 153 иргэн оролцсон, үүнээс нэхэмжлэгч С.Б 76 хүний, гуравдагч этгээд С.Т нь 77 хүний санал авсныг хуралдааны үед ажилласан Ажлын хэсгээс тус тус хүчинтэйд тооцож, санал хураалтын дүнг нэгтгэн гаргаснаар, Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаас С.Тыг иргэдийн олонхын санал авсан гэж үзэж, тус багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 04 дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг хуралдааныг даргалагч Ц.О батлан гаргасан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
5. Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “...багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн оршин суугч Х.Ганцэцэг, Г.Галбадрах, Ц.Болд, Х.Дамдинсүрэн нарын 4 хүн оролцож, санал өгсөн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
5.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.6-д “...Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:6.1.12.оршин суугаа газрын хаягийн;” гэж тус тус заасан.
Хуулийн уг зохицуулалтын дагуу Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд өөр багийн иргэд оролцсон гэх нэхэмжлэгчийн маргаанд холбогдуулж шалгаж үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
5.1.1. Тухайн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад Х.Ганцэцэг, Г.Галбадрах, Ц.Болд, Х.Дамдинсүрэн нарын 4 хүний нэр бүртгэгдсэн нь,
5.1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10/274 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”-гаар Х.Ганцэцэг, Г.Галбадрах нар нь Алтай сумын 2 дугаар багийн оршин суугч мөн болох нь, Ц.Болд нь Алтай сумын 04 дүгээр багийн, Х.Дамдинсүрэн нь Алтай сумын 5 дугаар багийн оршин суугч болох нь тус тус тогтоогдсон.
5.2. Иймээс нэхэмжлэгчийн тухайн хуралдаанд оролцож санал өгсөн Х.Ганцэцэг, Г.Галбадрах нар нь өөр багийн оршин суугч гэх маргаан нь үндэслэлгүй, харин хуралдаанд оролцож санал өгсөн Ц.Болд, Х.Дамдинсүрэн нар нь өөр багийн оршин суугч гэх маргаан нь үндэслэлтэй байна.
6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай 8 дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн.”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-т “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн агуулгаас үзвэл, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан, энэ хэргийн тухайд, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн оршин суугч иргэд Ц.Болд, Х.Дамдинсүрэн нар оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь хууль зөрчсөн, энэ нь багийн Засаг даргад нэр дэвшсэн хоёр хүний талаар явуулсан санал хураалтын үр дүнд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.
7. Дээрх байдлаар Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын авсан санал нь 1 саналын зөрүүтэй, тус хуралдаанд дээрх байдлаар өөр багийн оршин суугч 2 хүн оролцож санал өгсөн нь санал хураалтын үр дүнд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар нийт 153 хүний саналаас 77 хүний санал авсан гуравдагч этгээд С.Тыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн 04 дугаартай тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасантай нийцээгүй байна. Тодруулбал, олонхын санал гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн саналын 50-иас дээш хувийн санал авсан байх нөхцөлийг ойлгох бөгөөд энэ хэргийн тухайд хуралдаанд оролцож санал өгсөн 153 хүнээс гуравдагч этгээд 77 хүний санал буюу олонхын санал авсан хэдий ч хуралдаанд оролцсон өөр багийн оршин суугч Ц.Болд, Х.Дамдинсүрэн нар нь хэнд санал өгснийг тодорхойлох боломжгүй тул гуравдагч этгээд С.Тын авсан саналыг хуульд заасан олонхын санал авсан байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй юм.
8. Иймээс гуравдагч этгээд С.Тыг Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль зөрчөөгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.
8.1. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар явуулсан санал хураалтын дүнг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олонхын санал авсан С.Тыг тус багийн Засаг даргаар томилохгүй байгаа Алтай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус багийн Засаг даргаар С.Тыг томилохыг хариуцагчид даалгах тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.ялгүй байх.” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч дээрх үндсэн 4 шаардлагыг хангасан байх шаардлагатай.
9.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд С.Т нар хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3-т заасан шаардлагыг хангасан нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/381 дугаартай албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтууд, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32-06/1584 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон.
9.2. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1-д заасан шаардлагын хувьд нэхэмжлэгч С.Б нь дээд боловсролтой, гуравдагч этгээд С.Т нь бүрэн дунд боловсролтой болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчдоос маргаагүй болно.
9.3. Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2026/0031 дугаартай тогтоолоор “...Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага гэж бүх шатны Хурлыг тухайлан заасан боловч Үндсэн хуулийн үзэл санаа ёсоор Засаг дарга Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болохыг уг хуулиар баталгаажуулсан, мөн орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд өдөр тутамд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байна. Үүний тулд Засаг дарга өөрийн орон нутаг, иргэд, тэдэнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг бусдаас илүү мэддэг, орон нутгийнхаа иргэдийн илтгэлийг хүлээсэн, тэднийг төлөөлөх чадвартай, Хурлын шийдвэр болон төрийн үйлчилгээг өдөр тутамд хэрэгжүүлэх боломжтой байхын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн (энэ тохиолдолд тухайн багийн) оршин суугч байх зайлшгүй шаардлагатай юм. Ийм ч учир хууль тогтоогчоос орон нутгийн анхан шатны нэгжүүдэд, тухайлбал багт Засаг даргад нэр дэвшигчийн болзол хангах хүн хангалттай байдаггүй бодит нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэн нэр дэвшиж болохоор өөрчилсөн байдаг.” гэж тайлбарлажээ.
Улсын дээд шүүхийн тогтоолын агуулгаас үзэхэд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1-д “...багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;” гэж заасан зохицуулалтыг боловсролын хувьд бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэн багийн Засаг даргад нэр дэвших эрхтэй гэж ойлгохоор байна.
Иймд нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд С.Т нар нь багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувьд хуулийн 56.4.1-д заасан боловсролын шаардлагыг хангасан гэж дүгнэв.
10. Дээрх байдлаар Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч С.Б, С.Т нар нь олонхын санал авсан байх шаардлагыг хангаагүй байх ба энэ тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж зааснаар Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд нийцүүлэн хуралдуулж, С.Б, гуравдагч этгээд С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулах нь хуулийн 56.5.3-т заасантай нийцэх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагч /тус багийн Хурлын хуралдааны дарга/ Ц.Од даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.5.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5.2, 56.5.3, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар явуулсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагч /тус багийн Хурлын дарга/ Ц.Од даалгаж, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олонхын санал авсан С.Тыг тус багийн Засаг даргаар томилохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус багийн Засаг даргаар С.Тыг томилохыг Алтай сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, зааснаар нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд С.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөг буюу нийт 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
.