2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09235

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         10         29                                               191/ШШ2025/09235   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,095,000 төгрөг, хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Гэрч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,095,000 төгрөг, хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тай 2022 оны 08 сараас эхлэн 2025 оны 01 сар хүртэл  хамтран амьдарч эхэлсэн. Би ажиллаж байх хоорондоо цалингаа өгөөд гүйлгээний утга дээр нь зүгээр нэг үсэг тавьчихдаг байсан. Хадгалуулах зорилгоор өгдөг цалин нэмэгдэл хөлс байсан. Миний цалингаас СӨХ, байрны мөнгө зэргийг төлж, 14,095,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хамтран амьдарч байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Лексус-450 маркийн УБТ улсын дугаартай автомашиныг зээлээр авсан. Зээлээр авахад би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөг нийт 3,800,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар Б.******* руу шилжүүлж байсан тул хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө Лексус-450 маркийн УБТ улсын дугаартай автомашинаас зах зээлийн үнэ 45,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.*******тай 14,095,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй үерхэж байх хугацаандаа гаргасан зардлууд бөгөөд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн авч байсан. Үүнд Худалдаа хөгжлийн банкны данснаас 9,788,000 төгрөг, Хаан банкны данснаас 3,320,192 төгрөг шилжүүлж байсан. Хамт амьдарч байх хугацаанд орон байрны СӨХ, тог, байрны бүх зардлыг Б.******* төлж байсан. Мөн М.*******д өөрийн хөрөнгөөр гар утас, зөөврийн компьютер авч өгч байсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдахын тулд зээл төлөх хугацаа, хүү тохиролцдог боловч ийм тохиролцоо байхгүй. Түүнчлэн энэ гэрээ бичгээр байгуулагдаагүй. Б.*******гийн худалдан авсан Лексус-450 маркийн машиныг дундын хөрөнгө тул өөрт ногдох хувийг гаргуулна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь өмнө дурдсанчлан нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ машины зээлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Зээлийн гэрээг харахад үндсэн зээлдэгч нь Б. байдаг бөгөөд нийт 58,000,000 төгрөгийн зээл авсан байгаа. Энэ харилцаанд нэхэмжлэгч М.******* байдаггүй, нэхэмжлэгчийн хөрөнгөөр автомашин авсан гэх үйл баримтгүй. Талууд гэрлэлтээ батлуулаагүй тул гэр бүл гэж үзэх боломжгүй. Энэ машиныг авахад гарсан эх үүсвэр нь Б.*******гаас гарсан байдаг. Тухайн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127.1.1-т заасан иргэний хуваарьт эд хөрөнгөд хамаарна. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлийг төлж дуусган эзэмшил нь Б.*******д шилжсэн. Гэрлэлт байхгүй учраас гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд хамаарахгүй. Оруулсан хөрөнгөө нотлоогүй. Зээл гэж шаардсан мөнгөө давхардуулж оруулсан хөрөнгө гэж нэхээд байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Хас банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ,  Харилцагчийн гүйлгээ, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрэл зураг, Сүлд үнэлгээ ХХК-ийн тодорхойлолт,

Хариуцагч нотлох баримтаар Зээлийн мэдээллийн лавлагаа, Тандэм Инвэст ББСБ ХК-ийн тодорхойлолт, Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Зээл төлөлтийн дансны хуулга, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашины лавлагаа, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,095,000 төгрөг, хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хамтын амьдралтай байсан хугацаанд 14,095,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хадгалуулах зорилготой байсан. Лексус-450 маркийн УБТ улсын дугаартай автомашин авахад 3,800,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар Б.******* руу шилжүүлж байсан тул хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгийн зах зээлийн үнэ 45,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.*******аас 14,095,000 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээ байгуулагдаагүй. Лексус-450 маркийн УБТ улсын дугаартай автомашин авахад 3,800,000 төгрөгийг Б.******* руу шилжүүлсэн гэх баримт нь зээл олгосон гэх баримттай давхардсан бөгөөд Зээлийн гэрээгээр зээлдэгч нь Б. 58,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ машиныг авахад гарсан эх үүсвэр нь Б.*******гаас гарсан гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хас банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Сүлд үнэлгээ ХХК-ийн тодорхойлолт, Зээлийн мэдээллийн лавлагаа, Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Тандэм Инвэст ББСБ ХК-ийн тодорхойлолт, Зээл төлөлтийн  дансны хуулга, Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашины лавлагаа, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

          7.Талууд 2022 оны  08 сараас эхлэн  2025 оны 01 сар хүртэл  хамтран амьдарч байсан тухайд маргаагүй.

 

          8.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч М.*******  нь Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авахад 3,800,000 төгрөг оруулсан тул хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс Лексус 450 маркийн автомашины зах зээлийн үнэ 45,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг, хариуцагч Б.*******д хадгалуулах зорилготой зээлдүүлсэн 14,095,000 төгрөг,  нийт 36,595,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

9.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******тай 2022 оны 08 сараас эхлэн  2025 оны 01 сар хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа Хас банкны 5005651047 тоот данснаас Б.*******д 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 550,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 750,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 350,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 550,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хас банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-19 тал/

 

11.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******тай 2022 оны 08 сараас эхлэн  2025 оны 01 сар хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа хариуцагч Б.*******д хадгалуулах зорилготой зээлдүүлсэн гэж 14,095,000 төгрөг шаардсан боловч зээлийн гэрээг амаар буюу бичгээр байгуулаагүй, дээрх гүйлгээний баримтад “Ами, ами, хайр, Т, Y” гэх утгатай шилжүүлэг хийгдсэн байх ба зээл гэсэн утга огт бичигдээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

12.Хариуцагч Б.******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авахад 3,800,000 төгрөгийн бэлэн мөнгө оруулсан тул хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг, хариуцагч Б.*******д хадгалуулах зорилготой зээлдүүлсэн 14,095,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч М.******* шаардаж байна.

 

 13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь  Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашиныг худалдан авах эх үүсвэрт Б.******* өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн машиныг урьдчилгаанд өгөөд өөрийн төрсөн дүү Б. нь үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч Б.******* нар 58,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд нэхэмжлэгч М.*******ын оролцоо байхгүй гэж мэтгэлцэв.

 

 14.Тандэм Инвэст ББСБ ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25/20 тоот албан бичгээр “Батжаргал овогтой /РД:/ нь үндсэн зээлдэгч, ******* овогтой ******* /РД:*******/ нь хамтран зээлдэгчээр 2022 оны 11 сарын 04-нд 2022301 тоот зээлийн гэрээгээр автомашин барьцаалан зээл авсан бөгөөд 2024 оны 3 сарын 14-ний өдөр зээлээ бүрэн төлж дуссан нь үнэн болно” гэх албан бичиг ирүүлжээ. /хавтаст хэргийн 220 тал/

 

   15.Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаанд эгч Б.******* өөрийнхөө Приус-30 маркийн хар өнгийн машиныг өгөөд үлдэгдэл мөнгө болох 28,000,000 төгрөгийг ББСБ-аас зээл аваад эгч сар бүр 1,230,000 төгрөгийг төлдөг байсан. Приус-30 маркийн машиныг эгч Б.******* Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө авч байсан. Приус-30 маркийн машин эгч Б.*******гийн нэр дээр байсан. Приус-30 маркийн машиныг урьдчилгаанд өгсөн. Би зөвхөн зээлийг өөрийнхөө нэр дээр авч өгсөн. Би машин авахад мөнгө гаргаагүй гэв.

 

16.Нэхэмжлэгч М.*******ын Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаас 2024 оны 12 дугаар сарын 23 өдөр 100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 630,000 төгрөг, 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны  өдөр 2,000,000 төгрөг, 100,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 400,000 төгрөгийг нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******гийн дансанд  шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

17.Гэвч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашин зээлээр худалдах, худалдан авахад 3,800,000 төгрөгийн бэлэн мөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн дээрх гүйлгээний он, сар өдөр зэргийг харахад 2023, 2024 оны гүйлгээ байх тул 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Лексус 450 маркийн - УБТ улсын дугаартай автомашины худалдан авахад оруулсан хувь хэмжээ, өөрт ногдох хэсгийг нотлоогүй нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаас нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

18.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,095,000 төгрөг, хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

19.Нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,095,000 төгрөг, хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 22,500,000 төгрөг нийт 36,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ