| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2019/0289/Э |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Чанцалдулам
Иргэний хариуцагчийн төлөөлөгч *******
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Баттөмөр
Шүүгдэгч *******
*******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Чанцалдуламын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1702002350236 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт
овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Говь- аймгийн Дэлгэр суманд 1959 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 26 дугаар хороо ******* хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: /
овогт ийн , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, гийн гудамж 4 дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /
2. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 5.1-д зааснаар “...Улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл болон суудлын автомашин тус бүрд гаалийн болон мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийнэ...” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “ургамлын үр, үрслэг” суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний “мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр групп-ын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,
шүүгдэгч ******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан *******той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан *******т хууль бусаар нөлөөлж, улмаар ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр групп-ын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч *******гийн *******, ийн нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нэг хавтастай 59 хуудас баримт, 1 ширхэг СД, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Прокурор Г.Чанцалдулам бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:
1. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулж болох ялын төрөл, хэмжээгээр ялгамжтай тогтоосон тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.
Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага хүлээлгэхгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэхгүй эсхүл оргон зайлаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай холбогдуулан, тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хуульд тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулах бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаас гадна энэ зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилж, хууль хэрэглээнд нэгэнт тогтсон ойлголт болж хэвшсэн байна.
Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хуулиар өөрчлөн тогтоосноор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар уг хууль үйлчилж 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагаас өмнө тухайн этгээдийн хувьд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.
Хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 48, 50 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, дээрх хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 53, 54 дугаартай тогтоолоор мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 249, 250 дугаартай прокурорын тогтоолоор “2018 онд *******, ******* нарыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол”-д өөрчлөлт оруулж, дээрх өөрчлөлт оруулсан тогтоолд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 416, 417 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл прокуророос *******, ******* нарыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шийдвэр гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна.
Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, ... тээврийн хэрэгсэл, ... бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгайлан заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд мөн зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж байхаар зохицуулсан байхад шүүхээс “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн “ ” ХХК хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эд зүйл болон түүнийг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгох санал гаргасан нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
6. Иргэний хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ үйлдэл нь тухайн үед “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ийн буруутай үйл ажиллагаатай холбоотой, манай компанийн үйл ажиллагаатай хамааралгүй юм. Би энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлж байсан. Компанийн зүгээс ийм зүйл хийхийг шаардсан, даалгасан зүйл байхгүй.” гэв.
7. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой тайлбарласан. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах талаар дурдаж байна. Мөрдөн байцаалтанд *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан боловч шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна.” гэв.
8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргах тайлбар байхгүй.” гэв.
9. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол дээр Засгийн газрын 173 дугаар тогтоолыг дурдсан байна. Энэ тогтоолд хүнсэнд хэрэглэж болохгүй буудайг улсын хилээр нэвтрүүлж болохоор заасан байгаа. Хөдөө аж ахуйн яамны дүгнэлт хэрэгт хавсаргагдсан. Хоёр жилийн хугацаанд агуулахад хадгалагдсан, хүнсэнд хэрэглэх боломжгүй буудай байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.” гэв.
10. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ бүрэн дэмжиж оролцож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шинээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа асуудал биш юм. Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг “ ” ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Хэдийгээр ******* буруутнаар татагдаж байгаа боловч хуулийн этгээдийн эрх ашгийн өмнөөс энэ үйлдлийг хийсэн гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
2. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна.
4. Шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1702002350236 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /2 хх-ийн 217-228/
Прокурорын дээрх 1702002350236 дугаартай тогтоолыг дээд шатны прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48, 49 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /3 хх-ийн 20-27/
5. Мөн Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 93, 94 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /3 хх-149-156/ байх бөгөөд уг 93, 94 дугаартай тогтоолуудыг дээд шатны прокурорын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 51, 52 дугаар тогтоолуудаар тус тус хүчингүй болгосон байна. /3 хх-ийн 194-197/
6. Шүүгдэгч *******, ******* нарт анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48, 49 дүгээр тогтоолуудыг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53, 54 дүгээр прокурорын тогтоолоор хүчингүй болгожээ. /3 хх-ийн 198-201/
Улмаар Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 249, 250 дугаартай тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. /3 хх-202-207/
7. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Чанцалдуламын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 416, 417 дугаартай тогтоолуудаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 249, 250 дугаартай прокурорын тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан өөрчилжээ. /6 хх-153-162/
8. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч нарыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх ба үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 10, мөн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж зүйлчлэл өөрчилснийг шинээр ял сонсгож, яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлгүй юм.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолд заасан мөн зүйл хэсгийг хэрэглэх талаарх албан ёсны тайлбараас үзвэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй байхаар тусгасан байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын гаргасан эсэргүүцлээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан прокурорын гаргасан эсэргүүцлээс “...энэ гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “ ” ХХК-иас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан эд зүйл болон түүнийг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгоогүй нь хууль зөрчсөн...” гэх хэсэгт дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН С.ГАНЧИМЭГ