Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2026/0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Н.Е,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг даргалагч,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ө.Ж нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга Н.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч  Н.Е  нь  анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Жыг ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад Н.Ен нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, маргааны  үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

1.1. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар тус багийн Засаг даргыг сонгохоор болсон, багийн Засаг даргад Н.Е надтай хамт Ө.Ж өрсөлдсөн. Гэтэл Ө.Ж нь хуульд заасан багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангаагүй байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг дарга нь бүрэн дунд боловсролтой байх ёстой. Гэтэл Ө.Ж нь бүрэн дунд боловсролгүй байснаас гадна нийтийн албанд ажиллах эрхээ шүүхийн шийтгэх тогтоолоор хасуулсан байсан.

1.2. Мөн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд хууль зөрчиж оролцсон иргэдийн сонголтод нөлөөлсөн явдал болсон. Дээрээс нь тухайн багт оршин суудаггүй иргэд ирээд хуралдаанд оролцож, санал өгч хууль бусаар Ө.Жыг Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилсон тогтоол гаргасан.  Миний бие 197 хүний, Ө.Ж нь 207 хүний санал авсан гэсэн тооллого гарсан гэж хэлсэн. Би Ө.Жыг  багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хуралд надаас өөр шаардлага хангасан хүн нэр дэвшээгүй тул намайг багийн Засаг даргаар томилох тогтоол гаргах ёстой гэж үзэж байна. 

1.3. Засаг даргыг сонгох тухай анхдугаар хуралдааны шийдвэрт маргах хугацаанд тухайн маргаантай тогтоолыг үндэслэн Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргаар Ө.Жыг сумын Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажилд томилсон байна. Анхдугаар хуралдааны тогтоолыг хууль бусад тооцсон шийдвэр гаргасан тохиолдолд Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм гэжээ.

2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

2.1. Манай багт 650 иргэн санал өгөх ёстой, тэрнээс 425 хүн санал хураалтад оролцсон. Санал хураалтад  миний бие 197 хүний саналыг авсан, Ө.Ж нь 215 хүний саналыг авсан. Тухайн санал хураалтад өөр багаас иргэд  оролцсон. Тухайн хүмүүсийн нэрийг тодорхойлж шүүхэд өгсөн байгаа. Гуравдагч этгээд Ө.Ж нь Баяннуур сумаас бүрэн дунд сургууль төгссөн гэсэн байна. Ө.Жтай бид хамт суудаг, Ө.Ж нь Баяннуур сумын сургуульд сурч байгаагүй. Баяннуур сумын сургуулийн Төлепберген гэдэг багшийн ангиас төгссөн гэж гэрчилгээ авсан байна. 

Ө.Ж нь 10 дугаар анги төгсөөгүй гэж үзэж байгаа. Бүрэн дунд боловсрол эзэмшээгүй, 10 дугаар анги төгсөөгүй хүн диплом авсан нь учир дутагдалтай байна. Диплом нь хуурамч гэж үзэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

3.1. Нэхэмжлэгч Н.Ен шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нийтдээ 425 иргэн багийн хуралдааны оролцогчоор хүрэлцэн ирж, санал өсгөн. Үүнээс Ө.Жын зүгээс 213 хүний саналыг авч байгаа нөхцөл байдал нь 50 хувь дээр нэмэх нь 1 санал авмсан байх хуулийн шаардлагыг хангахгүй, 214 хүний саналыг авсан байх шаардлагатай.  Гэтэл гуравдагч этгээд Ө.Жын хувьд 214 хүний саналыг авч чадаагүй гэж үзнэ.

3.2. Нэхэмжлэгчээс санал хураалтад оролцсон тус багт оршин суудаггүй иргэдийн жагсаалтыг гаргаж өгсөн. Эдгээр нь  Айзада, Жазира, Солдатхан Серикбол, Дана нарын  нийтдээ 12 хүн юм. Зарим нь тухайн багт бүртгэлтэй боловч зарим нь бүртгэлгүй. Хууль бусаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зохион байгуулагдсан, өөр багийн иргэн оролцсон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

3.3. Хамгийн гол үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах болзол шаардлагыг хангаагүй хүнийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшиж томилогдсоны дараа болзол шаардлагыг хангасан гэдэг ойлголт байхгүй. Нэр дэвшигч нь нэр дэвшиж байсан үед хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар бүрэн дундаас дээш боловсролтой байх ёстой.

 Ө.Жын хувьд багийн Засаг даргад нэр дэвшсэн үед бүрэн дунд боловсролгүй байсан. Хуульд заасан багийн Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж,  Засаг даргаар томилсон захирамж гаргасан. Багийн Хурлын хуралдаанаас түүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж,  санал хураалтад оролцуулсан нь, санал хураалтаас олонхын санал авсан гэж тогтоол гаргасан нь, сумын Засаг дарга тухайн тогтоолыг үндэслэж, багийн Засаг даргаар томилсон нь буруу буюу хууль бус юм.  Нэгэнт хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас маргаан бүхий тогтоол, захирамжийг тус тус хүчингүй болгох саналтай байна.

3.4. Н.Ен хувьд тухайн хуралдаанаар ганцхан шаардлага хангаж байгаа хүн нь, түүнээс гадна шаардлага хангасан этгээд байгаагүй учраас ганцаараа өрсөлдсөн гэдэг үүднээс Н.Ег Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлж тогтоол гаргахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

3.5. Шүүхэд өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгч байгаа дипломын асуудал илт хууль зөрчсөн зүйл юм.  Дээд боловсролын тухай хууль, Боловсролын ерөнхий хуульд зааснаар дээд боловсрол эзэмшихээр элсэх журмыг нь зааж өгсөн.

Дээд боловсрол эзэмших элсэх журам дээр ерөнхий боловсролын гэрчилгээтэй байх ёстой, эсхүл тусгай гэрчилгээтэй байж элсэх боломж бүрддэг. Тэгэхээр ерөнхий боловсролын гэрчилгээгүй хүнийг дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх боломжгүй.

Ерөнхий боловсрол эзэмшээгүй хүний хувьд шүүхээс дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Засаг даргад томилогдсоны дараа дээд боловсролын дипломыг олж авсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр гэдэг зүйлийг ярих байх. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт багийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан. Нэр дэвшигч гэдэг нь нэр дэвших үед гэсэн үг. Тухайн үед ерөнхий боловсролын гэрчилгээгүй хүнийг нэр дэвшүүлж байгаа тогтоол хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа гэв.

4. Хариуцагч  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг даргалагчийн гаргасан тайлбарт:

4.1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ескендир нээсэн. Манай багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Г нь Улаанбаатарт байгаа учраас ард иргэд намайг хуралдаан даргалагчаар томилсон. Тус хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын даргад Д. , Х.Ж,  багийн Засаг даргад Н.Е, Ө.Ж нар нэр дэвшиж өрсөлдсөн. Санал өгөх үйл явцад маргаантай 2 хүн болох  М.Б, Д.Н нарыг иргэний бүртгэл мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн оруулсан байна. Оройн 19:00 цагт хуралдааны дэг ёсоор санал өгөх үйл явц дуусаж, санал тоолох үед нийт 425 хүн оролцож, иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Х.Ж 207 хүний санал, Д.С 206 хүний санал авч хүчингүй, 12 санал гарсан байна. Засаг даргад нэр дэвшигч Ө.Ж 215 хүний санал авсан бол Н.Е 197 хүний санал авсан. Хүчингүй саналын хуудас 13 гарсан.

4.2. Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч Ө.Жыг 3 дугаар багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргаж, сумын Засаг даргад уламжлан явуулсан. Тухайн өдрийн хуралдааны үеэр тооллогын комисс болон ажиглагч нараас ямар ч гомдол гаргаагүй.  Маргааш нь Н.Е надад гомдол гаргахдаа Ө.Ж боловсролгүй, ял шийтгэлтэй гэсэн байна. Ө.Ж нь 2010 онд бүрэн дунд сургуулийг төгссөн. Ял шийтгэлгүй эсэхийг лавлагаагаар баталгаажуулав. Өчигдөр Авлигатай тэмцэх газраас Ө.Ж нь багийн Засаг дарга хийх бүрэн эрхтэй гэсэн тодорхойлолт явуулсан байна гэжээ.

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 3 дугаар багийн Засаг даргад Ө.Жын нэрийг дэвшүүлсэн тогтоол ирүүлсэн. Ө.Ж нь бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй, “ял шийтгэлгүй” гэсэн цахим лавлагааны тодорхойлолттой тул түүнийг томилоход хуулийн дагуу шаардагдах материалыг бүрдүүлэн Авлигатай тэмцэх газарт 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/296 албан бичгийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар уламжилсан. Иймд Авлигатай тэмцэх газраас хянасан тухай хариу ирсний дараа 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргаар томилсон гэжээ.

6. Хариуцагчийн   шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргад тавигдах шаардлагын дагуу Ө.Жын бүрэн дунд боловсрол төгссөн гэрчилгээг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж, Авлигатай тэмцэх газарт албан тоот явуулсан, зөрчилгүй гэсэн бичиг ирсэн. Миний хувьд тухайн гэрчилгээ нь хуурамч эсэхийг шалгаж, тодорхойлох боломжгүй. Журмын дагуу Ө.Жыг томилсон. Багийн иргэдийн Нийтийн хуралдаанд харьяалал зөрчиж иргэн ороогүй, хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байна гэв.        

7. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

7.1. Ө.Ж би Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас товлон зарласан 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралд биечлэн оролцож, тус багийн Засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлэн улмаар санал хураалтын дүнгээр тус багт оршин суудаг иргэдийн олонхын саналыг авсан. Ө.Ж намайг Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг сумын Засаг даргад уламжилсан юм. Баяннуур сумын Засаг дарга Н.Мендигүлээс надад холбогдох материалуудыг хүргүүлснээр Авлигатай тэмцэх газраас Ө.Жыг тус багийн Засаг даргад томилоход татгалзах зүйлгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Ингээд Баяннуур сумын Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б\22 дугаартай захирамжаар намайг Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилсон.

7.2.   Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэх үед буюу санал хураалтын өмнө холбогдох хуульд заасан бичиг баримтуудыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед миний бичиг баримт дутуу талаар ямар нэгэн зүйл яриагүй, бичиг баримтуудыг хүлээн авсан гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Нэхэмжлэгч талын хувьд 3 үндэслэл зааж байна. Гуравдагч этгээд Ө.Ж нь ял шийтгүүлсэн гэж маргасан, ял шийтгүүлж байсан нь үнэн. Баяннуур сумын Засаг даргаас Ө.Жтай холбоотой Авлигатай тэмцэх газарт бичиж явуулсан. Ө.Жын мэдээлэл нь Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа, ялтай байх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өмнө нь ял шийтгүүлж байсан хүн багийн Засаг даргад нэр дэвшихийг хориглосон тусгай заалт байхгүй. Тиймээс ял шийтгэлтэй гэдэг асуудал нь үндэслэлгүй юм.

8.2. Нэхэмжлэгч Н.Ен нь 197 хүний саналыг авсан, Ө.Ж 215 хүний саналыг авсан, 18 хүний саналыг илүү авсан. Дээр нэр нь дурдагдсан хүмүүсийн зарим нь тухайн багт оршин суухгүй байгаа нь,  зарим нь оршин суудаг талаар Улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолт гарсан.  Тухайн 12 хүнийг хаслаа гэхэд,  санал хураалтын дүнд нөлөөлөхгүй.  Шүдний эмч Нурлан, эхнэр нь Бахытгүл  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу санал болохоос 2 хоногийн өмнө нь тухайн багт хууль ёсоор шилжсэн.

8.3. Ө.Жын боловсрол дээр маргаж байгаа. Дипломын хуулбарыг 10 хоногийн өмнө шүүхэд гаргаж өгснөөс хойш нэхэмжлэгч талаас тухайн нотлох баримтыг шалгуулах, нотлох баримтаас хасуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Дипломыг хуурамч гэх үндэслэл байхгүй. Дипломын хуурамч гэдэг нь тодорхойлогдвол шинээр ирсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрээр хянуулах эрх нь бий. Хуульд багийн Засаг даргад нэр дэвшигч нь бүрэн дунд боловсролоос дээш байх гэж заасан. Ө.Жын хувьд Аварга дээд сургуулиас 2022-2026 оны хооронд сурч төгссөн дипломыг хуурамч гэж үзэх боломжгүй.

Сургуульд сураагүй хүнд диплом олгохгүй. Тухайн үед дипломын талаар яагаад яриагүй гэвэл сургууль төгсөөгүй байсан. Сургуулиа төгсөж, улсын шалгалтаа өгч чадах эсэх асуудал яригдана. 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захирлын тушаалаар тус сургуулиас төгссөн  гэв.

                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргааны зарим хэсэг үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу дагуу Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

3. Хэргийн нотлох баримтаар багийн Засаг даргад нэхэмжлэгч Н.Е, гуравдагч этгээд Ө.Ж нарын хоёр хүн нэр дэвшсэн нь, тухайн хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгох асуудлаар 425 хүн санал өгснөөс нэхэмжлэгч Н.Ен төлөө өгсөн 197 санал, гуравдагч этгээд Ө.Жын төлөө өгсөн  215 саналыг  хүчинтэйд, 13 саналыг хүчингүйд тус тус тооцсон нь, санал хураалтын үр дүнгээр гуравдагч этгээд Ө.Жыг иргэдийн олонхын буюу 50.6 хувийн санал авсан гэж үзэж, Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаас багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 05 дугаартай тогтоол гаргаж, улмаар уг тогтоолыг үндэслэн Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар  3 дугаар багийн Засаг даргаар томилсон үйл баримтууд  тус тус тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “...өөр багийн оршин суугч Маулымханы Бахытгүл, Даржаагийн Нурлан, Бергенжаны Айзада, Смагулын Жазира, Муратханы Берикгүл, Мархаба Солдатхан,  Солдатханы Серикбол, Ерболын Дана, Хыстаубайн Өмирбек, Хыстаубайн Өзгерис, Муратбекийн Жанбота, 18 насанд хүрээгүй Хурметжаны Айдана нар хуралдаанд тус тус  оролцож санал өгсөн нь хууль бус,  Ө.Ж нь нийтийн албанд ажиллах эрхээ хасуулж, ял шийтгүүлсэн, хуульд заасан багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах боловсролын шаардлагыг хангаагүй” гэж тайлбарлан маргасан.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” гэж,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.6-д “...Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:6.1.12.оршин суугаа газрын хаягийн;” гэж тус тус заасан.

6. Нэхэмжлэгчийн Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал өгөх эрхгүй иргэд санал хураалтад оролцсон гэх дээрх маргаанд холбогдуулж шалгаж үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1. Тухайн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал өгсөн гэх нийт 425 иргэдийн нэрсийн жагсаалт бүхий /эх хувь/ баримтад  иргэдийн зөвхөн нэр тусгагдсан байх ба Жанбота, Бахытгүл, Дана, Айзада, Солдатхан, Серикбол, Нурлан, Жазира, Өзгерис, Айдана, Өмирбек, Берикгүл нэртэй иргэд санал өгснөөр уг баримтад бүртгэгджээ.

 6.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10/82  дугаартай албан бичгээр ирүүлсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, хэргийн оролцогчоос гаргаж өгсөн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа” бүхий баримтуудаар Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  байдлаар иргэн  Маулымханы Бахытгүл, Даржаагийн Нурлан нар нь тус 3 дугаар багийн оршин суугч болох нь,

6.3. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/236 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баяннуур сумын 3 дугаар багийн оршин суугч иргэдийн нэрсийн жагсаалт бүхий баримтаар Бергенжаны Айзада, Смагулын Жазира, Муратханы Берикгүл, Мархабагийн Солдатхан, Ерболын Дана, Хыстаубайн Өмирбек, Муратбекийн Жанбота нар нь Баяннуур сумын 3 дугаар багийн оршин суугч болох нь,  Хурметжаны Айдана нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн нь,

6.4. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10/249 дугаартай албан бичгээр ирүүлсэн  “Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”,”Иргэний үнэмлэхийн лавлагаа”-аар Солдатханы Серикбол нь Баяннуур сумын 3 дугаар багийн оршин суугч болох нь тус тус тогтоогдсон.

6.5. Санал хураалтад оролцсон Хыстаубайн Өзгерис нь Өлгий сумын 11 дүгээр багийн оршин суугч гэх нэхэмжлэгчийн маргаан нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10/249 дугаартай албан бичгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал, санал хураалтад оролцсоноор бүртгэгдсэн Өзгерис нэртэй иргэнийг нэхэмжлэгчээс  “Өлгий сумын 11 дүгээр багийн оршин суудаг Хыстаубайн Өзгерис”  гэх иргэн гэж тодруулсан боловч тус багт Хыстаубайн Өзгерис нэртэй иргэн оршин суугчаар бүртгүүлээгүй нь тогтоогдсон.

 Харин Баяннуур сумын 3 дугаар багийн оршин суугч иргэдийн жагсаалтаас үзэхэд, тус багт Хыстаубайн Өзгерисбек нэртэй иргэн оршин суугчийн бүртгэлтэй байх ба санал хураалтад оролцсон Өзгерис нэртэй иргэн нь нэхэмжлэгчийн тодорхойлсоор Хыстаубайн Өзгерис нэртэй иргэн эсэх, эсхүл тус 3 дугаар багийн оршин суугч Хыстаубайн Өзгерисбек эсэх нь тодорхой бус байна.

7. Иймээс нэхэмжлэгчийн тухайн хуралдаанд оролцож санал өгсөн Маулымханы Бахытгүл, Даржаагийн Нурлан, Бергенжаны Айзада, Смагулын Жазира, Муратханы Берикгүл, Мархаба Солдатхан,  Солдатханы Серикбол, Ерболын Дана, Хыстаубайн Өмирбек, Муратбекийн Жанбота нар нь өөр  багийн оршин суугч гэх,  Хурметжаны Айдана нь сонгуулийн эрх бүхий иргэн биш гэх маргаан нь тус тус үндэслэлгүй, харин санал хураалтад оролцсон Өзгерис нэртэй иргэн нь аль багийн оршин суугч болох нь дээрх байдлаар тогтоогдоогүй ба нэг хүний санал нь санал хураалтын дүнд нөлөөлөхөөргүй байна.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.ялгүй байх.” гэж зааснаар  багийн Засаг даргад нэр дэвшигч дээрх үндсэн 4 шаардлагыг хангах ёстой.

9. Гуравдагч этгээд Ө.Ж нь багийн Засаг даргад нэр дэвших үед   хуульд заасан бүрэн дундаас дээш  боловсролтой байх шаардлагыг хангаагүй нь дараах байдлаар тогтоогдсон.

9.1. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "ерөнхий боловсрол" гэж бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг;”, 3.1.3-т "боловсролын түвшин" гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролыг;”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.”, 9.2-т “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом олгоно.”  заасан.

Гуравдагч этгээдээс хуульд заасан боловсролын шаардлагатай холбогдуулан Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд  бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн талаарх 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БҮ201001414 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Аварга дээд сургуулийг багш, биеийн тамирын  боловсрол хөтөлбөрөөр суралцан  2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  төгссөн 6202610882 дугаартай бакалаврын дипломыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

2010 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам"-ын 1.1-д  “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсрол эзэмшсэнийг нь нотолж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх /цаашид гэрчилгээ, үнэмлэх гэх/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.”, 2.2-т “Бүрэн дунд боловсролын стандарт хангасан суралцагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгоно. “, 4.5-д   “Гэрчилгээ, үнэмлэхэд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, анги удирдсан багш гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарна. Шалгалтын комиссын дарга гэсэн хэсэгт аймаг, дүүргийн Боловсролын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.”, 6.1д “Ерөнхий боловсролын сургууль нь гэрчилгээ, үнэмлэх олгож дууссаны дараах 7 хоногт багтаан гэрчилгээ, үнэмлэх олгосон хүснэгт /суралцагчийн регистр, гэрчилгээ, үнэмлэхийн дугаар, сурлагын дүн, хувь, гарын үсэг бүхий "Б" маягт/, төгсөлтийн талаарх тайлан мэдээг 3 хувь гаргаж, 2 хувийг Боловсролын асуудал хариуцсан нэгжид ирүүлэх ба үлдэх хувийг сургуульдаа 70 жил хадгална.”, 6.2-т  “Боловсролын асуудал хариуцсан нэгж нь гэрчилгээ, үнэмлэх олгосон тайлан, "Б" маягтыг хүлээн авч, 1 хувийг хадгалан үлдсэн хувийг төгсөлтийн нэгдсэн мэдээний хамт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цаасан буюу электрон хэлбэрээр ирүүлнэ.” 6.3-т "Б" маягтад сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, анги удирдсан багш, Боловсролын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. "Б" маягтын загварыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргаж хүргүүлнэ.”, 6.4-т “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн "Б" маягтыг тухайн онд багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт 70 жил хадгалагдахаар шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээд Ө.Жын Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд  бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн талаарх  2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БҮ201001414 дугаартай гэрчилгээнд үзлэг хийхэд,   /эх хувь/ тус сургуулийн захирлын хувьд С.Аманкельд, ...ангийн багшийн хувьд Б.Төлепберген, “Төгсөлтийн шалгалтын комиссын дарга” хэсэгт Т.Тохтархан гэж /Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга/ тус тус гарын үсэг зурагдсан байв.  Энэ талаар ба гэрч С.Аманкелдээс “...БҮ201001414 дугаартай Ө.Жад 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийн хоёр хуудаст сургуулийн захирлын хувьд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Харин уг баримтын нөхөх хэсгийг бичсэн бичиг минийх биш. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг тухайн жилд төгсөгчдийн тоогоор сургуулиас хичээлийн эрхлэгч хариуцаж аймгийн Боловсролын газарт захиалга өгсний дагуу Боловсролын газраас тухайн хичээлийн жилд төгсөгчдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн үнэт цаасыг сургуульд ирүүлдэг.  Аймгийн Боловсролын газраас ирүүлсэн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн үнэт цаасыг хичээлийн эрхлэгч тухайн төгсөх анги удирдсан багш нарт сурагчдын тоогоор өгдөг ба анги удирсан багш нь бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нөхөх хэсгийг бичиж, хичээлийн эрхлэгчид эхэлж хянуулдаг. Хамгийн сүүлд сургуулийн захирал надаар хянуулдаг. БҮ201001414 дугаартай Ө.Жад олгогдсон “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ээс харахад энэ үе нь миний тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон үе байна. Иймээс 2009-2010 оны хичээлийн жилд Ө.Ж нь Төлепберген багшийн удирдсан 11А ангиас суралцсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ БҮ201001414 дугаартай Ө.Жад олгогдсон “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-д сургуулийн захирлын хувьд би  гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн ангийн багш Б.Төлепберген гэж бичигдэж гарын үсэг зурагдсан. Үүнээс үзэхэд Ө.Ж нь 2009-2010 оны хичээлийн жилд манай сургуулийг Төлепберген багшийн ангиас суралцаж төгссөн гэж бодож байна.” гэж,

 гэрч Б.Төлепбергенээс “...Ангийн багш Б.Төлепберген” гэсэн нэрийн өмнөх гарын үсэг бол миний гарын үсэг мөн. Харин “Б.Төлепберген” гэдэг нэрийг бичсэн бичиг миний бичиг биш юм.  Тухайн 2010 онд манай сургуулиас 11-ийн 2 анги төгссөн, 2010 онд миний удирдаж төгсгөсөн 11А ангиас 2010 онд 26 хүүхэд төгссөн. Миний удирдсан 11А ангиас Ө.Ж гэдэг хүүхэд суралцаж төгсөөгүй. Үүнийг би  сайн мэдэж байна, Ө.Жыг Баяннуур сумын оршин суугчийн хувьд танина.  БҮ201001414 дугаартай Ө.Жад 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон бүрэн дунд боловсролын үнэмлэхэд ангийн багш Б.Төлепберген гэх нэрийн өмнө яагаад гарын үсэг зурсныг, ямар учраас хэзээ гарын үсэг зурснаа, мөн хэн зуруулсан болохыг санахгүй байна.” гэж  тус тус мэдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулиас “...сургуулийн архиваас тухайн онд төгсөгчдийг бүртгэсэн “Б” маягт олдоогүй” гэх, Баян-Өлгий аймгийн Боловсролын газраас “...Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь 2010 онд бүрэн дунд боловсрол  эзэмшиж төсгссөн нийт  төгсөгчдийн нэрсийн жагсаалт “Б” маягтыг тухайнд үед Боловсролын газарт хүлээлгэн өгөөгүй учраас мэдээлэл, лавлагаа гаргах боломжгүй”[1] гэх хариуг тус тус шүүхэд ирүүлсэн.

Боловсролын яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2648 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн “А” бүлгийн сурагчдын боловсролын үнэмлэхэд тавигдах дүнгийн маягт ”Б”, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн “Б” бүлгийн сурагчдын боловсролын үнэмлэхэд тавигдах дүнгийн маягт ”Б” баримтууд нь 2010 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн “А”, “Б” бүлэгт суралцагсдын тоо, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, боловсролын үнэмлэхийн дугаар,  хичээлийн нэр, дүн, хувь, сонгон судалсан хичээлийн нэр, хувь, төгсөлтийн шалгалтын дүн хувь, гарын үсэг” зэрэг мэдээллүүдийг агуулсан байна.

Энэхүү баримтаар тус сургуулийн 11 дүгээр ангийн “А” бүлэгт нийт 26, “Б” бүлэгт нийт 28 хүүхэд тус тус суралцаж төгссөн нь, “А”, “Б” бүлгээс Ө.Ж нэртэй хүүхэд суралцаж төгсөөгүй нь, 2010 оны хичээлийн жилд тус сургуулийн захирлаар С.Аманкельд, харин 11 дүгээр ангийн “А” бүлгийн багшаар Б.Төлепберген нар ажиллаж байсан нь тус тус тогтоогдож байна.

Гуравдагч этгээдээс Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд сурч  бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн гэж маргаж,   2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БҮ201001414 дугаартай гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч бусад нотлох баримтууд болох гэрч Б.Төлепберген, Боловсролын яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2648 дугаартай албан бичиг,  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн “А” бүлгийн сурагчдын боловсролын үнэмлэхэд тавигдах дүнгийн маягт ”Б”, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн “Б” бүлгийн сурагчдын боловсролын үнэмлэхэд тавигдах дүнгийн маягт ”Б” бүхий баримтуудаар гуравдагч этгээд Ө.Ж нь тухайн сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшин 2010 онд төгссөн нь үгүйсгэгдсэн ба энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

 Түүнчлэн гуравдагч этгээд Ө.Ж нь дээд боловсролтой гэж маргасан боловч Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдаан болсон 2025 оны 11 дүгээр сарын 27-ны үед Аварга дээд сургуулийг төгсөөгүй буюу дээд боловсрол эзэмшээгүй нь тус сургуулийн  2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  6202610882 дугаартай бакалаврын дипломоор  тогтоогдож байна.

Иймд гуравдагч этгээд Ө.Ж нь багийн Засаг даргад нэр дэвших үед хуульд заасан “бүрэн дундаас дээш боловсролтой байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/47 дугаар магадлал, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ц-1/143 дугаартай албан бичгээс үзэхэд, гуравдагч этгээд Ө.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлжээ.

"Ял эдэлж байгаа" гэдгийг Аймаг, нийслэл, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар  Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд хариуцагчаас шүүхэд гаргасан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгогдсон ”Цагдаагийн Ерөнхий газрын иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодрхойлолт” баримт нь   Ө.Ж нь “эрүүгийн хариуцлага хүлээгээгүй” гэх агуулгатай байна.

Иймд шүүхийн дээрх шийдвэрээр гуравдагч этгээд Ө.Жад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацаа нь өнгөрсөн, мөн торгох ялыг биелүүлсэн байх тул гуравдагч этгээд Ө.Жыг ял эдэлж байгаа буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.4.4.ялгүй байх.” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5.4.нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх.”,56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж тус тус заасан.

12. Дээрх байдлаар гуравдагч этгээд Ө.Ж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1-д заасан шаардлагыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Ө.Жыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар тус багийн Засаг даргаар томилсон маргаан бүхий захиргааны актууд нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй гэж дүгнэв.

 Тус багийн Засаг даргад дээрх байдлаар нэхэмжлэгч Н.Е, гуравдагч этгээд Ө.Ж нарын хоёр хүн нэр дэвшсэн, Ө.Ж нь хуульд заасан боловсролын шаардлагыг хангаагүй байхад түүнийг багийн Засаг даргад нэр дэвшихийг зөвшөөрч, багийн Засаг даргаар сонгох эсэх асуудлаар санал хураалт явуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

13. Иймд нэхэмжлэгч Н.Ен шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 05 дугаартай “Ө.Жыг ажилд томилох тухай” тогтоол, Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

14.  Хэргийн оролцогч нарын тайлбар, тухайн хуралдааны тэмдэглэл, санал хураалтад оролцсон иргэдийн бүртгэлийн жагсаалт бүхий баримтаар Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 425 иргэн оролцсон нь тогтоогдсон. Шүүхээс саналын хуудаст үзлэг хийхэд, саналын хуудасны тоо мөн  425 гарсан ба үүнээс нэхэмжлэгч Н.Ен төлөө санал өгсөн  197 саналын хуудас, гуравдагч этгээд Ө.Жын төлөө санал өгсөн 215 саналын хуудас,  хүчингүйд тооцсон саналын хуудасны тоо 13 байв.

Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хуралдааны үед Х.Жадра нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулагдаж, саналын хуудсыг хэвлэх, иргэдэд саналын хуудсыг өгөх, саналын дүнг тооцож гаргах зэргээр санал хураалтыг зохион байгуулж ажилласан байх ба үзлэгийн явцад, нэхэмжлэгч Н.Ед санал өгсөн 196,  Ө.Жад санал өгсөн 213 саналын хуудасны хойд талд хоёр хүний гарын үсэг зурагдсан, уг хэсэгт Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Баяннуур сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгыг тус тус дарж баталгаажуулсан, харин Н.Ед санал өгсөн 1 саналын хуудас  тамгагүй,  мөн гарын үсэг зурагдаагүй, Ө.Жад санал өгсөн 2 саналын хуудасны хойд талд  нь Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дарагдсан хэсэгт гарын үсэг зурсан, харин Баяннуур сумын  3 дугаар багийн иргэдийн  Нийтийн Хурлын тамга дарсан хэсэг нь гарын үсэггүй, мөн хүчингүйд тооцсон 13 саналын  9 нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд зэрэг санал өгсөн, 4  саналын хуудаст огт тэмдэглэл хийгээгүй буюу нэр дэвшигч нарын хэн алинд санал өгөөгүй байв.Иймээс  хуралдааны үед ажилласан тооллогын комиссоос нэхэмжлэгч Н.Ег сонгосон 197, Ө.Жыг сонгосон  215 саналыг хүчинтэйд, 13 саналыг хүчингүйд тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээд Ө.Ж нь  хуралдаанд оролцсон 425 хүнээс 213 санал авсан гэж үзэж, олонхын санал авсан байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж маргасан боловч дээрх байдлаар хуралдаанд 425 хүн оролцож багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал өгсөн нь тогтоогдсон, түүнчлэн саналын хуудасны хойд талд тамга дарах, гарын үсэг зурж баталгаажуулах асуудлыг хариуцаж ажилласан этгээд нь дээрх байдлаар Ө.Жад санал өгсөн 2 хүнд олгосон саналын хуудаст гарын үсэг зураагүй орхигдуулсан нь Ө.Жаболатад санал өгсөн тухайн 2 саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй тул энэ талаарх маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

            15. Дээрх байдлаар гуравдагч этгээд Ө.Жыг  Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн улмаар багийн Засаг даргаар томилсон маргаан бүхий захиргааны актуудыг шүүхээс хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч Н.Ен авсан 197 хүний санал нь тухайн хуралдаанд оролцсон 425 хүний олонхын санал болохгүй тул нэхэмжлэгчийг тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах маргаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасантай нийцэхгүй юм. Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, “Хуралд оролцсон иргэд” гэдгийг тухайн Хурлын хуралдаанд биечлэн ирж, санал хураалтад оролцсон буюу саналын хуудас авсан иргэдийг ойлгох бөгөөд хүчинтэй, хүчингүй нийт санал нь хуралдаанд оролцсон нийт иргэдийн өгсөн саналд тооцогдоно. Түүнчлэн “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн саналын тавиас дээш хувийн санал авсан байх нөхцөлийг ойлгоно.  Гуравдагч этгээд Ө.Ж нь хуульд заасан бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагыг хангаагүйн хувьд багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй хэдий ч Ө.Жыг сонгосон 215 хүний саналыг нэхэмжлэгчийн авсан саналд нэмж тооцохгүй тул нэхэмжлэгчийн авсан 197  санал нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналд хүрэхгүй, иймээс нэхэмжлэгчийг  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр Н.Ег Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4.1,  56.5.1, 56.5.2, 56.5.4, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ен  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур  сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  хуралдааны 05 дугаартай “Ө.Жыг ажилд томилох тухай”  тогтоолыг,  Баяннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус  хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Н.Ег Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.РИЗА

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/142 дугаартай албан бичиг,  Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай албан бичиг