Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00195

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Ж.Л,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бхолбогдох эрүүгийн 1838000000116 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Цэцэгтийн эх гэх газарт оршин суух иргэн Ж.Лтуслах малчнаар ажиллаж байхдаа бэлнээр 1.800.000 төгрөг, гэрийн гадаа байсан улбар шар өнгийн супер даюн маркийн мотоцикль зэргийг хулгайлж 3.000.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Цэцэгтийн эх гэх газарт оршин суух иргэн Ж.Лтуслах малчнаар ажиллаж байхдаа бэлнээр 1.800.000 төгрөг, гэрийн гадаа байсан улбар шар өнгийн супер даюн маркийн мотоцикль зэргийг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Л гэх хүний малыг хөлсөөр маллахаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэрт нь очсон. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Лхагва гуайг эхнэрийнхээ хамт тугалсан үхэртээ явсан хойгуур нь Л гуйн унтдаг орны дээд талд байсан хар өнгийн цүнхийг ухаж үзэхэд хар өнгийн пасктай мөнгө гарч ирсэн. Тухайн мөнгөнүүд нь дандаа хорь, арав, таван мянгатын дэвсгэртүүд байсан. Би тэр пасктай мөнгийг авсан. Л гуйн улбар шар өнгийн мотоциклийг унаад Мөрөнгийн төвийн чиглэл рүү явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 6 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай санал /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

       Хохирогч Ж.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхнэрийнхээ хамт үхэр тугалсан байна гээд машинаар гэрээсээ гарч хөндий орсон. Тэр үед гэрт манай малчин Б үлдсэн.  Гэртээ буцаад ирэхэд манай гэрт байсан 1.800.000 төгрөгийг хар цүнхнээс аваад гадаа байсан супер даюун маркийн улбар шар өнгийн мотоциклийг аваад явчихсан байсан...Надад хэсгийн төлөөлөгч Сэнгэравдан 550.000 төгрөг хүлээлгэж өгсөн.  Мөн хулгайд алдсан супер даюун маркийн улбар шар өнгийн мотоциклио хүлээж авлаа. Одоо Баас 1.250.000 төгрөгөө нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг,

        Гэрч Г.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед нөхөр Ж.Лгийн хамт машинаар тугалсан үхрээ эргэхээр яваад барагцаагаар 40 орчим минут болоод гэртээ иртэл мотоцикль байхгүй байсан. Би хонины хашаанд ороод байж байтал өвгөн гэрээсээ гарч ирээд нөгөө нөхөр чинь мөнгө хамаад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

        Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Хөдөөнөөс аав Л утсаар манайд мал маллахаар ирсэн Б гэгч мотоцикль унаад гар цүнх болон түрүүвчинд байсан 1.850.000 төгрөг зэргийг малд явсан хойгуур аваад явсан байна. Сумын цагдаад мэдэгдээрэй гэж хэлэхээр нь би сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

        Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Намайг Мөрөнд байхад аав утсаар нөгөө Б мотоцикль унаад ноолуурын 1.850.000 төгрөг аваад алга болчихлоо цагдаад мэдэгдээрэй гэсэн. Дүүжий ах руу залгасан чинь цагдаад мэдэгдсэн гэж байсан.  Базарсард хөдөө 19 орчим хоносон байх аав, ээж нь хөдөө мал малладаг гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-29 дүгээр хуудас/,

       Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Би Бтай 2018 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн үед Зөөлөн дэлгүүрт таарсан. Надаас пүүз, женсэн як хоёрыг 60.000 төгрөгөөр худалдаж авсан...Хөдөөнөөс мотоцикльтой ирсэн гээд захын Ирээдүй цайны газрын эсрэг талд  гудамжны үзүүрт мотоцикль байсан дээр нь хар малгай улаан хүрэн өнгийн дээл тавьсан байсан. Тэндээ мотоциклио унаад Ноёд буудлын үүдэнд тавьсан...Б дууяа буюу Баасандолгор хоёр өнөө орой уунаа гээд намайг машинаа тавьчих ууя гээд байхаар нь зөвшөөрөөд Грен голдын 401 тоотод 2 ортой өрөө 65.000 төгрөгөөр авсан. Намайг тэр буудалд ирсэн даруй Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй ирсэн. Б бид нар буудлаас гараад дэлгүүр орж 3 том пиво нэг 0.75 гр Соёрхол нэртэй архи аваад байрлаж байсан буудалдаа ирсэн. Б түрүүлж дотогшоо орсон. Би араас нь хоол идчихээд ороход урдаас хоёр цагдаа дагуулаад гарч явсан. Би дээшээ өрөөнд орох гэтэл урдаас нөгөө 2 эмэгтэй гарч ирсэн асуусан чинь хаалга нүдээд 2 цагдаа орж ирээд аваад явлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-37 дугаар хуудас/,

       Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Өөрийгөө би Азаа эгчийн дүү нь байгаа юм намайг Базараа гэдэг гээд би танд мөнгөө хадгалуулъя өөртөө хэрэглэхээ авч үлдээд 1.200.000 төгрөг хадгалуулсан. Манай бааранд ажилладаг Баасандолгор гэдэг эмэгтэйтэй хамт хоносон. Маргааш өглөө нь хувцас авна гээд 200.000 төгрөг тоолж авсан. Эгч унаагаа найдвартай газар үлдээмээр байна гэхээр нь манай хашаанд аваачаад тавьчих гэсэн чинь бид нар явах гээд байна гэхээр нь би хүүгээ дуудаад хашаандаа тавиулсан. Өгөөмөр явлаа гээд дахиад 200.000 төгрөг авсан. Буцаж ирээд 300.000 төгрөг аваад ах таарчлаа хөдөө явахаар болчихлоо үлдсэн 500.000 төгрөгөө хөдөө гарахдаа авъя гээд явсан. Базарааг цагдаа аваад явчихлаа гэж Баасандолгор хэлэхээр нь би цагдаа орж жижүүртэй уулзсан чинь Бын мотоцикль шүү авчирч өг гэхээр нь цагдаа дээр авчирч өгсөн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг нь өөрт нь өгсөн байцаагч нь хамт явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

       Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Бтай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр танилцаад Мөнгөншагай гэдэг найз нь ирээд зах руу хамт явж хувцас авахаар явж ирээд манай найз Нандин-Эрдэнэ бид 4 хоолонд орсон. Грен голд буудалд 401 тоотод 2 ортой өрөө авсан. Мөнгөншагай машинаа угаалгахаар яваад буудалд Б бид хоёр үлдсэн. Бид хоёр халуун усанд орж байтал хаалга цохихоор нь онгойлготол Мөнгөншагай, Нандин-Эрдэнэ хоёр орж ирсэн. Мөнгөншагай удалгүй хоол иднэ гээд гараад явсан хойгуур өрөөнд цагдаа орж ирээд Быг аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-43 дугаар хуудас/,

      Гэрч Л.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Миний төрсөн дүү Бямбацогт залгаад аавынд байсан залуу чинь хулгайч юм байна, аавын мөнгө болон мотоциклийг аваад явсан байна гэж хэлсэн...Мотоцикльтой хүн миний машиныг хараад замаа буруулж шууд чигээрээ цаашаагаа зутгаасан. Тэгэхээр нь би нилээн дөхөж байгаад Баа зогсож бай ярилцъя гэж цонхоороо хашгирсан. Тэгсэн бүүр уулруу өгсөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000000116 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       Шүүгдэгч Л.Баас хохирол 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Лд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналтын хугацаа тогтоогдсон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбар, /ХХ-ийн 74-80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь 11 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Л.Бын эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.   

    Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Бад эрүүгийн хариулцлага хүлээлгэхдээ  ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Л.Б-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заааснаар 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-аас 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух Жадамбын Лд олгосугай.

      7. Эрүүгийн 1838000000116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР