| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01546/И |
| Дугаар | 320/ШШ2025/01281 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/01281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, .......... 1-р багт оршин суух,.......... овогт Э-ийн Н
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай 320/2025/01546/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Э.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Би Төмөрбулаг сумын иргэн Н-н Б /регистрийн ........... дугаартай/ 2015 оноос эхлэн хамт амьдарч байгаад 2019 оноос гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд хөдөө ажил төрөл олдохгүй учраас нөхөр маань 2018 оноос эхлэн барилгын ажил хийхээр хот явж байгаад намар хүйт орохоор ирээд цагаан сарын дараагаас дулаарахаар буцаад барилгын ажил эхлэхээр хот явдаг байсан. 2021 онд хавар мөн барилгын ажил хийхээр Улаанбаатар хот яваад гэртээ иргэж ирэхдээ архинд дуртай болсон. Их л ууртай, ааштай болж архи уусан үедээ буу барьж намайг ална гэж заналхийлж зодож, доромжилдог болсон. 2022 оноос хойш гэртээ ирээгүй. Энэ хугацаанд нөхөр маань Улаанбаатар хотын ........... ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан сураг байсан. Архи ууж ажил төрлөөсөө гарсан. Дахин энэ компанид найз, нөхөд рүүгээ ажил сураглаж ярьсан сураг байсан. Эхнэр, хүүхэд бид нар луу утсаар ярьдаггүй. Энэ хугацаанд утасны дугаар сольсон тул холбогдох боломжгүй. Дам сонсоход түрээсийн байрныхаа хажуу өрөөний хүүхэнтэй гэрлэж эхнэр, нөхөр болсон сураг байсан. Төмөрбулаг суманд байдаг өвөөгөө нас барахад тэр эмэгтэйтэйгээ ирээд явсан сураг байсан. Мөн 2024 оны намар шүүхээс над руу утасдаж танай нөхөр Н.Б нь банк бусын зээлээ төлөхгүй байгаа учир шүүхэд өгсөн байна гэж утасдаж байсан. Энэ үед бид хоёр уулзаагүй олон жил болж байгаа талаараа хэлсэн. Нөхөр маань утасны дугаараа сольсон. Н Б гэх фэйсбүүк хаягтай боловч намайг блок хийсэн тул ямар ч холбоо барих боломжгүй байна. Цаашид бид хоёр хамт амьдрах боломжгүй болж нөхөр маань өөр хүнтэй гэр бүл болсон тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хаана амьдарч байгаа болон бусад хаягийг нь мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар харилцахгүй, сураггүй байгаа учир би шүүхэд хандах боломжгүй болж байна. Манай нөхөр Н.Б нь өвөөгийнхөө гал дээр гарсан гээд өвөө Н оор овоглодог байсан. Өвөө н.Н Төмөрбулаг суманд амьдарч байгаад нас барсан. Ах Н.Н нь Төмөрбулаг суманд, Н.Н нь Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг сурагтай байгаа болохоос бидэнтэй ямар ч холбоо байхгүй. Иймээс эдгээр хүмүүсээр дамжуулж Н.Б ы хаягийг олж тогтоож намайг шүүхэд хандах боломжоор хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б-ны Х , Б-ны С нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н-н Б , Э-ийн Н нарын гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-4, 24-26 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........ багийн засаг дарга болон Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сумын .......... багийн засаг дарга нараас тус тус ........ овогт Н-н Б ы хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэргээр Н.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Иймд Э.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар ........ овогт Н-н Б ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн CVL2567000001003710 дугаар: регистрийн дугаар ........ , ........ овогт Н-н Б ы, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум ....... баг, .......... гэх мэдээлэл бүхий Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын .......... багт 2022 оноос хойш амьдраагүй оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар Н.Б-ыг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
........ овогт Н-н Б нь ........ регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын .......... 1 дүгээр багт албан ёсны бүртгэлтэй боловч тус хаягтаа 2022 оноос хойш амьдраагүй, Өвөө н.Н Төмөрбулаг суманд амьдарч байгаад нас барсан. Ах Н.Н нь Төмөрбулаг суманд, Н.Н нь Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг сурагтай байгаа гэсэн болно.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ........ овогт Н-н Б (........ )-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ........ овогт Н-н Б ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Н.Б ы хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Э.Н ад нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН