| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00931/И |
| Дугаар | 191/ШШ2025/04298 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04298
2025 05 14 191/ШШ2025/04298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч; тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Бын Нийн нэхэмжлэлтэй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б,
Гуравдагч этгээд Ш.У,
Прокурур Ц.А,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
Б.Н миний аав Б.Б нь 1939 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлагдаж Ховд аймгийн шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 119 дүгээр тогтоолооор 8 жил хорих ялаар шийтгүүлсэн. Б.Б нь уг ялыг биечлэн эдлэж байгаад БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай 60 дугаар тогтоолоор суллагдсан. Аавд холбогдох хэргийг шалгаад БНМАУ-ын АИХ-ын тэрүүлэгчдийн цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолооор хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан болно. Б.Н миний бие Б.Бын төрсөн охин бөгөөд төрсөн ах Б.Б бид хоёроос өөр нөхөх олговор авах хүнгүй учир 50:50 хувь хуваан авахаар хэлцэл хийсэн. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-д заасны дагуу төрсөн охин Б.Н, хүү Б.Б бид хоёрт 40.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад заасан үндэслэлээр 40.000.000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Ц.А нь 2025 оны 05 дугаар сарын 14-нд өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.
Х аймгийн А сумын харьяат, Бын Б нь 1938 онд баривчлагдан ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1939 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дүгээр хурлын тогтоолоор шийтгэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж цагаатгасан болох нь Цагаатгалын ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор цагаатгагдсан байна. /хх-ийн 3-4 тал/
Дээрх баримтаас үзэхэд Б.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна гээд 5.1.1-д зааснаар шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монголын Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдож байна.
Бын Бн эхнэр М, төрсөн хүүхэд Б.Б, Б.Н нар болох хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.
Сүбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг Я.Мд олгож шийдвэрлэсэн байх ба Я.М нь 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нас болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3 дахь заалтад хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, 13 дугаар зүйлийн 13.2.2-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, нөхөр эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийг олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Б.Н нь таслан шийдвэрлэх тогтоол олдоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг мэдээгүй, материалаа бүрдүүлж яваад 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт зааснаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Нийн 40.000.000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн 40.000.000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН