Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/196

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бхолбогдох эрүүгийн 1838002810222 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 14 дүгээр гудамжны баруун талын засмал зам дээр ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж С.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 14 дүгээр гудамжны баруун талын засмал зам дээр .. улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж С.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “… 7 дугаар хорооны гудамжаар яваад засмал зам руу гарч дээшээ нэг гудамж өгсөөд эмнэлэг рүү явах байсан учраас зүүн гар тал руу эргэх дохио өгөөд замын гарц руу эргээд орж байтал дээрээс уруудаж ирж явсан мотоцикльтой хүн ирээд миний машины баруун талын багаж хэсэг рүү мөргөсөн...Би эмчилгээнд нь 200.000 төгрөг өгсөн....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/,

Осол гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тухай акт /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 16-21 дүгээр хуудас/,

      Хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Мөрөн сумын 7 дугаар багийн засмал зам замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад миний урдуур эсрэг талын эгнээнд өгсөж явсан машин урдуур эргээд би баруун талын арын хэсэг рүү мөргөсөн. Би зам дээр унасан. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг гарсан. Б надад 200.000 төгрөг өгсөн. Одоо 300.000 төгрөг өгчихвөл ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26,30 дугаар хуудас/,

        Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний орой би нөхөр Бын хамт 7-р хорооны гандангийн зүүн талд мотоцикльтой хүнтэй шүргэлцсэн. Тэр мотоцикльтой хүн манай эгч Номинзулын баз Б гэдэг хүн байсан. Нөхөр бид хоёр Б гэдэг хүний эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Унааг нь 50.000 орчим төгрөгөөр засаж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

          Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Даваасүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэд:

         1. С.Бы биед дух, зүүн чамархайн ясны шугаман хугарал, баруун зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

        5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой  гэх дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай “.... Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-д заасан Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол  үүссэн гэж үзэв...” гэх дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002810222 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Б-ы эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч С.Бы нэхэмжилсэн 300.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 300.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

   Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838002810222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б-ын ... дугаартай ВС ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1838002810222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Б-ын ... дугаартай ВС ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

      6. Эрүүгийн 1838002810222 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б нь 300.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР