Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

2025/ДШМ/09

 

 

        

О.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.У, Ц.М

Яллагдагч: О.С

            Нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжтай шүүгдэгч О.Ст холбогдох 2412002770254 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ж.Ундармаагийн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0-р баг Т хорооллын 0-0 тоотод оршин суух, А аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 сарын 12-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 2.040.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Оын С  /РД:000000000000/

 

Яллагдагч О.С нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гост супермаркетын урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд хүлээж байсан хохирогч О.Бийн банкны картыг гуйж аван О.Бид 60.000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн данс руу 60.000 төгрөгийг түүний картаас шилжүүлэх гэж байхдаа андуурч 600.000 төгрөгийг шилжүүлж, алдаатай гүйлгээний улмаас орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж 540.000 төгрөгийг зээл төлөх болон бусад зүйлд захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас О.С холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Оын Ст холбогдох эрүүгийн 2412002770254 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх яллагдагч О.Ст холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн зүйлчлэл буруу гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1- 6.17 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх асуудлуудыг заасан бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон эсэх асуудал нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй байна. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх яллагдагч О.Сийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж байгаа нь хуулийн уг заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх О.Ст холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий боловч “прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан заалттай зөрчилдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/07 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү ... гэжээ.

 

            Прокурор Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ .... О.Ст холбогдох хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаасан хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Энэ хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ шүүхэд байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Яллагдагч О.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн. Тухайн үйл баримтын хувьд О.С нь гэмт хэрэг үйлдэхдээ гаргасан субьектив санаа зорилгыг тогтооход хүндрэлтэй байсан учраас зүйлчлэлд алдсан байж магадгүй. Энэ дээр ямар нэгэн  маргаад байх асуудал байхгүй. Харин хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх өөрийн санаачлагчаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй буюу гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудал буюу гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын тэгш мэтгэлцээн буюу мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримт, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилсан дүгнэлт хийж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаар хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан заалт давхар зөрчигдөж байна. Мөн хэргийг үндэслэлгүйгээр буцааж байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд оршино гэж хуульд заасан. Гэтэл хохирогч болон яллагдагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Яагаад гэвэл энэ хэрэгт нэмж хийх ажиллагаа байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 тав дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад шийдчих ёстой юмыг шүүхээс прокурор руу, прокуророос мөрдөн байцаалт руу, дахиад мөрдөн байцаалтаас прокурорт дахиад шүүх рүү шилжих гэх мэт асуудалд хохирогч дахин дахин дуудагдах, яллагдагч дахин дахин олон байгууллага дамжих, эрх ашиг нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхгүй шүүхэд эрх нь олгогдчихсон. Зүйлчлэлийг хүндрүүлэх эрх нь байна. Тухайн хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэх хуулийн заалт нь байна. Ийм байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, зорилтод нийцэхгүйгээр, үр дагавартай асуудлууд гарсан гэж үзэж байна ... гэв.

 

Прокурор Ж.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Ахлах прокуророос дүгнэлт тайлбар хэлсэн учраас А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна ... гэв.

 

Шүүгдэгч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Тайлбаргүй ... гэв.             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас яллагдагч О.Сийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гост супермаркетын урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд хүлээж байсан хохирогч О.Бийн банкны картыг гуйж аван О.Бид 60.000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн данс руу 60.000 төгрөгийг түүний картаас шилжүүлэх гэж байхдаа андуурч 600.000 төгрөгийг шилжүүлж, алдаатай гүйлгээний улмаас орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж 540.000 төгрөгийг зээл төлөх болон бусад зүйлд захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Яллагдагчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул яллагдагч О.Ст холбогдох хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт ...  яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хуульчилсан бөгөөд уг хэрэгт шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулсан нь хууль зөрчөөгүй, хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн нь зөв байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д  ... урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх ... шийдвэр гаргана ... гэж заасан.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

             Ахлах прокурор ... гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад шийдчих ёстой юмыг шүүхээс прокурор руу, прокуророос мөрдөн байцаалт руу, дахиад мөрдөн байцаалтаас прокурорт дахиад шүүх рүү шилжих гэх мэт асуудалд хохирогч дахин дахин дуудагдах, яллагдагч дахин дахин олон байгууллага дамжих, эрх ашиг нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна ... гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

            Прокурор мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй.

 

              Гэтэл прокурор яллагдагч О.Ст холбогдох хэргийг анх зүйлчлэхдээ хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг зүйлчилсэн нь прокурор хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ахлах прокурорын дүгнэлтэд заасан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа улмаар түүнд хяналт тавих шатанд бий болсон зөрчил гэж дүгнэхээр байна.

 

             Харин уг зөрчлийг арилгуулахаар буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

           

 Яллагдагч О.Ст холбогдох хэрэгт мөрдөн байцаалтаар хийгдсэн болон хяналт тавих ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж засуулах шаардлагатай, энэ нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход болон шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ажиллагаа байна.

 

               Мөн яллагдагч О.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлүүлэх эрхээр хангагдах, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, улмаар дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргах зэрэг эрхтэй бөгөөд дээрх эрхүүдийг мөрдөн шалгах ажиллагаагааны явцад гүйцэтгэх боломжтой.

 

              Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭГ