Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2026/0084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.А,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжаар байгуулагдсан “Өлгий сумын 8 дугаар багт баригдсан иргэн С.А 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулах комисс /цаашид “Комисс” гэх/  хоорондын барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч комиссын дарга А.А, нарийн бичгийн дарга Б.А, гишүүн М.А, Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч С.А нь  анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад ажиллаж зохих шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, уг барилгыг ашиглалтад оруулах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “уг барилгад комисс ажиллахаас өмнө  ашигласан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажиллахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг мөн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, маргааны  үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан Үүнд:

1.1. Миний бие С.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай өөрийн эзэмшлийн газарт 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга барихаар төлөвлөж, зураг төслийг хийлгэж, Барилгын хөгжлийн төвөөр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулсан. Тухайн барилгын ажлыг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй “Джихангер” ХХК, “Эмпориа” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, дээрх компаниуд нь барилгын ажлыг хийж гүйцэтгэж, 2025 оны 3 дугаар сард барьж дуусгасан. Тухайн үед магадлалын дүгнэлт гараагүй байсан учир барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч чадаагүй байсан. Энэ хооронд барилгын бүх ажлууд бэлэн болсон учир үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Шындаулет газар дээр нь шалгаж, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0074997 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 500 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Би тухайн торгуулийн мөнгийг зохих дансанд төлсөн. Магадлалын ерөнхий дүгнэлт  гарсны дараа барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргад хандахад, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/982 дугаартай албан бичгээр Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах зохицуулалттай гэсэн хариу өгсөн.

Би үүний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тэндээс зохих шийдвэр гарсны дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр барилгын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгосон. Би үүний дараа тухайн барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулж өгөхийг хүсэж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандсан. Аймгийн Засаг дарга миний хүсэлтийг хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаар захирамжаар миний барьсан барилгад ашиглалтад оруулах комисс томилсон.

1.2. Тухайн комисс нь газар дээр ирж ажиллах гэсэн боловч комиссын гишүүдийн зарим нь тусдаа ажилтай байсан учир ирц бүрдээгүй гэж ирж ажиллаагүй, дараа нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д 10 хоногийн дотор комисс ажиллаагүй бол үргэлжлэн ажиллах боломжгүй гэж дээрх захирамжаар томилогдсон хүмүүс ажиллахаас татгалзсан. Үүний дараа би аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дахин хандсан. Тус газраас 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/203 дугаартай албан бичгээр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.4-т заасны дагуу комиссын ирц 90 хувьд хүрээгүй тул комисс ажиллуулах боломжгүй болсон. Мөн дүрмийн 10.3-т барилга байгууламжийг ашиглаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах талаар зохицуулсан байна. Иймд захиалагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг мэдэгдэж байна.” гэж хариу өгсөн.

1.3. Баян-Өлгий аймгийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилсон захирамж гаргасан байхад ирц бүрдүүлэхгүй байгаа нь иргэн миний буруутай үйл ажиллагаа биш. Би хэдийгээр тухайн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа боловч дээрх зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас зохих хариуцлага хүлээлгэсэн. Ийм байхад хариуцагч нарын гаргаж байгаа татгалзал нь үндэслэлгүй учир эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

1.4. Хариуцагч ...комиссын дарга Х.Аын шүүхэд гаргасан тайлбарт Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан учир энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр комисс ажиллуулах боломжгүйг дурдсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/203 дугаартай албан бичгээр надад хариу мэдэгдэхдээ “... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.4-т заасны дагуу комиссын ирц 90 хувьд хүрээгүй тул комисс ажиллуулах боломжгүй болсон. Мөн дүрмийн 10.3-т барилга байгууламжийг ашиглаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах талаар зохицуулсан байна. Иймд захиалагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг мэдэгдэж байна.” гэж дурдсан. Ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох ба энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр комисс ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

2.1. Би Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт барилгыг ашиглалтад оруулах хүсэлтээ гаргасан. Холбогдох бичиг баримтуудаа тус газрын мэргэжилтэн Н.Тд өгсөн. Би Улаанбаатар хотоос ирсний дараа  2026 оны  4 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийн талаар мэдсэн. Улаанбаатар хотоос ирээд Газрын албанаас миний барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах захирамж гарсан эсэхийг асуухад, “захирамж 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байна. Тэрнээс хойш 10 хэдэн хоног өнгөрсөн тул комисс очиж ажиллах хугацаа нь дууссан.” гэх хариуг  мэргэжилтэн Н.Т өгсөн. Би уг хариуг авсны дараа шүүхэд хандсан.

2.2.  Комиссын нарийн бичгийн даргаас надад мэдэгдээгүй. Би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийг 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Газрын албаны мэргэжилтэн Н.Таас авч танилцсан.

2.3. Уг барилгад 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс  үйл ажиллагаа явуулсан,  комисс ажиллахаас өмнө  барилгыг ашигласан маань буруу, комисс ямар шаардлага тавина, тэрний дагуу  ажиллах боломжийг нь гаргаж өгөхөд бэлэн байна гэв.

          3. Хариуцагч комиссын дарга Х.Аын шүүхэд гаргасан тайлбарт:

         3.1. Нэхэмжлэгч С.Аын Өлгий сумын 8 дугаар багт байршилтай 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулах Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамж гарсан талаар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар заасан хугацаанд надад хэн ч мэдэгдээгүй бөгөөд миний бие ээлжийн амралтаа 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс авсан. Тухайн захирамж гарсан талаар мэдэгдэх нь комиссын нарийн бичгийн даргын чиг үүрэг юм. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн Долоо дугаар зүйлд заасан  барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах журмын заалтын 7.3-т “Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцах бөгөөд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол комисс ажиллуулах мэдэгдлийг комиссын гишүүдэд тараана.” гэж заасан.

3.2. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмын дагуу комиссын даргаар хэдийгээр намайг томилсон боловч ээлжийн амралтад байгаа хугацаанд намайг орлох албан тушаалтныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын шийдвэрээр ажиллуулах бүрэн боломжтой. Тиймээс комиссын үйл ажиллагааг зохион байгуулж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/203 дугаартай албан тоотоор одоогийн барилгын захиалагч С.Аад хариу өгсөн байна. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар заасан хугацаанд комиссын ирц нь бүрдээгүй ба хуулийн хугацаа дууссан байгаа тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаар захирамжаар комисс дахин ажиллуулах боломжгүй.

3.3. Нэхэмжлэгч С.А нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” 48 дугаар зүйлийн 48.3-т “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчиж худалдаа үйлчилгээ явуулж байгаа бөгөөд Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан.

Барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдлуудыг арилгасан байдлыг шүүхээс тогтоогоод комисс ажиллах нөхцөлийг захиалагчийн зүгээс Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.20-д “барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, ашиглалтад оруулах болон ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлыг хариуцах”,  Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралт болох  Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 3.20-д “Захиалагч Барилгын тухай хуулийн 10.1.2-10.1.5, 32.1.5-д тус тус заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, холбогдох ажлыг зохион байгуулна.” гэж тус тус зааснаар комиссын үйл ажиллагааг дахин зохион байгуулж, комисс тухайн барилгад танилцах шаардлагатай тохиолдолд далд ажлуудыг ил гаргаж үзэх боломжоор хангахыг захиалагчийн зүгээс хангах боломж бүрдүүлбэл комисс ажиллах боломж бүрдэнэ  гэжээ.

4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1.  Миний хувьд тухайн барилгатай холбоотой  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас захирамж гаргасныг мэдээгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардуулах үед мэдсэн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль болон Засгийн газраас баталсан холбогдох журмаар зохицуулагддаг.

Захиалагч нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт гаргаснаар аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хүсэлт гаргаснаас хойш 10 хоногийн дотор зохион байгуулахаар тусгагдсан. Мөн Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан дүрэмд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллахаас өмнө уг барилгад үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол заавал шүүхийн шийдвэрийг үндэслэж ажиллахаар заасан.

Барилга байгууламж баригдаж дууссаны дараа комисс ажиллагаагүй байхад одоо хүртэл уг барилгад үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнд нь манай мэргэжлийн байгууллагаас шаардлага тавьж, зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлсэн.

4.2. Хуульд комиссын нарийн бичгийн дарга ирцийг бүрдүүлэхээр заасан.

Захиалагчаас бичиг баримтыг өөрөө бүрдүүлж ирүүлээгүй,   бичиг баримт нь бүрэн болсны дараа нарийн бичгийн дарга комиссын гишүүдэд мэдэгдэхээр заасан.  Захирамж нь ямар үндэслэлээр гарсан талаар тухайн үед тодорхой мэдээлэл аваагүй гэв.

 5. Хариуцагч комиссын нарийн бичгийн дарга Б.Агийн гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийг миний бие 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан болно. Захирамжийг хүлээн авсны дараа улсын комиссыг ажиллуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор комиссын гишүүдийн оролцоо, ирц бүрдэх боломж болон Барилгын тухай хуулийн 48.5-д заасан барилгын үе шатны гүйцэтгэлийн талаарх мэдээлэл болон бусад шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийг хангах зорилгоор захиалагч С.Атай тухайн өдөр утсаар холбогдож тодруулахад, тэрээр комиссын гишүүн Х.Ербулантай хамт Улаанбаатар хот руу явж байгаа талаар мэдэгдсэн.

5.2. Миний бие комиссын нарийн бичгийн даргын хувьд комисс ажиллуулах өдрийг өөрөө тогтоох эрхгүй бөгөөд комиссын гишүүдийн оролцоо, баримт бичгийн бүрдүүлэлт хангагдсан нөхцөлд комиссын даргад танилцуулж, комисс ажиллах хугацааг тогтоодог болно. Энэ хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Асу болон барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулет нарт захирамж гарсан талаар амаар мэдэгдсэн. Мөн тухайн өдөр захиалагч С.Атай утсаар холбогдоход, комиссын гишүүн Х.Ербуланы хамт Улаанбаатар хот руу явж байгаа талаар мэдэгдсэн. Иймээс комиссын гишүүдийн ирц бүрдэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзсэн.

5.3. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан ‘’Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.4-т комиссын ирц 90 хувиас доошгүй байх шаардлагатай гэж заасан байдаг. Тухайн үед комиссын хоёр гишүүн оролцох боломжгүй байсан бөгөөд захиалагч нь ашиглалтад оруулахтай холбоотой баримт бичгийг бүрэн ирүүлээгүй байсан тул комиссын даргад хугацаа тогтоолгох санал оруулаагүй болно. Иймээс комиссын дарга Х.А болон гишүүд Д.Е, М.Д, Ж.Г, Х.Д, Х.Е, Х.Е, М. М.M нарт албан ёсоор мэдэгдэх хуудас тараах нөхцөл бүрдээгүй болно.

5.4.  С.А болон Х.Е нарын хувьд 2026 oны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явж байгаа талаар утсаар мэдэгдсэн бөгөөд хэдийд буцаж ирснийг миний бие мэдээгүй болно. Мөн комиссын гишүүдийн буцаж ирсэн хугацааны талаар надад албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд комисс ажиллуулах тухай хүсэлт, баримт бичгийн бүрдүүлэлтийг бүрэн ирүүлээгүй байсан. С.А нь 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр  Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүрэлцэн ирж, мэргэжилтэн Н.Т уулзан ашиглалтад оруулах комисс хэзээ ажиллах талаар тодруулсан. Үүний дагуу Н.Т бид хоёр Барилгын тухай хуулийн 48.6-д заасан хугацаа өнгөрсөн, мөн хуулийн 48.5-д заасан шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт хангагдаагүй, түүнчлэн 48.7.1-д заасан нөхцөл бүрдээгүй талаар тайлбарласан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан ''Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм''-ийн 10.3-т заасан холбогдох зохицуулалт, нөхцөл байдлын талаар биечлэн амаар мэдээлэл өгсөн болно. Иймд миний бие комиссын нарийн бичгийн даргын хувьд комисс ажиллуулахын тулд комиссын дарга болон гишүүдэд мэдэгдэх хуудас тараах нөхцөл бүрдээгүй бөгөөд комисс ажиллаагүй нь миний санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй болно гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа мэргэжилтэн Н.Т утсаар захиалагч иргэний утас руу нь залгасан. Тухайн үед иргэн С.А нь комиссын нэг гишүүн болох Х.Е хамт Улаанбаатар хотод байгаа гэх тайлбарыг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш өгсөн. Тэгээд  “комиссын хоёр хүн байхгүй тул ирц бүрдэхгүй” гэж тооцоолж, хэзээ ирэх нь тодорхойгүй, ирэхээр нь ажиллана гэж шийдсэн.

6.2. Засаг даргын захирамж гарахаас нь өмнө захиалагч надад ирээд захирамж гаргуулмаар байна гээд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т заасан баримтуудаа бүрдүүлж ирэх ёстой. Комиссын дарга болон бусад гишүүдэд мэдээлэхээс нь өмнө бичиг баримтын бүрдлийг шалгадаг.  Мөн комиссын гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүднээс эхлээд гишүүдээс хаана байгааг нь асуудаг байгаа. Тухайн үед надад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т заасан баримт ирээгүй, мөн  комиссын хоёр гишүүн Улаанбаатар хот руу явсан үндэслэлээр комиссын бусад гишүүдэд мэдээлээгүй. Харин миний хажууд суудаг Б.Ш, Х. хоёрт захирамж гарсан гэдгийг мэдэгдэж байсан гэв.

 

7. Хариуцагч комиссын гишүүн  М.А гаргасан тайлбарт:

7.1. Иргэн С.Аын үйлчилгээний зориулалттай барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан тул  комисс ажиллах талаар комиссын нарийн бичгийн дарга надад мэдэгдсэн болно. Гэвч тухайн үед комиссын гишүүдийн ирц бүрдээгүй тул комисс ажиллах боломжгүй болсон талаар дахин мэдэгдсэн. Цаашид тус барилгыг байнгын ашиглалтад оруулах талаар аймгийн Засаг даргын захирамж дахин гарч, комисс байгуулагдсан тохиолдолд комисст орж ажиллахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

8. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

8.1. Комиссын нарийн бичгийн дарга Б.А бид хоёр нэг өрөөнд хамт суудаг. “Ийм захирамж гарсан байна. Маргааш комисс ажиллана.” гээд тухайн үед хэлж байсан. “Тэгээд ирц бүрдэхгүй тул маргааш комисс ажиллахгүй” гэж дахин мэдэгдэж байсан гэв.

9. Хариуцагч комиссын гишүүн Б.Шындаулетийн гаргасан тайлбарт:

9.1.  Иргэн С.Аын үйлчилгээний барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын гишүүнээр томилогдсон тухай мэдээлэл авсан ба комисс ажиллах өдөр ирц бүрдээгүй гэх мэдээлэл авсан. Ирц бүрдээгүй тул комисс ажиллахгүй болсон тул очиж ажиллаагүй гэжээ.

10. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

10.1. Комисс хуралдахаас нь өмнө  ирц бүрдээгүй тул комисс ажиллах боломжгүй байсан. Нэхэмжлэгч барилга байгууламжийг ашигласан нь тогтоогдож, миний хувьд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, даалгавар хүргүүлж байсан. Даалгаврыг шүүхээр баталгаажуулсан. Дараа нь комисс ажиллуулах  тухай Засаг даргаас захирамж нь гарсан байна гэв.

11. Хариуцагч комиссын гишүүн Д.Ерболын  гаргасан тайлбарт:

11.1. Иргэн С.Аын үйлчилгээний зориулалттай барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан талаар миний бие мэдээгүй болно. Хэрэв аймгийн Засаг даргаас тус барилгыг байнгын ашиглалтад оруулах шийдвэр гараад комисс ажиллахаар бол татгалзах зүйлгүй гэжээ.

12. Хариуцагч  комиссын гишүүн М.Дауренбекийн  гаргасан тайлбарт:

12.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай барилгын үйл ажиллагааг шалгаж ашиглалтад оруулах комисс  томилсон захирамжтай танилцаагүй. Надад захиалагч болон комиссын нарийн бичгийн даргаас мэдэгдээгүй. Харин барилга байгууламжийг шалгаж үзэх боломж бүрдүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т заасан нь тухайн дэлгүүрийн өнөөгийн нөхцөл байдлаар харагдаж байгаа тул ашиглалтыг түр зогсоож комиссыг бүрэн бүрдүүлэх бол ажиллахад бэлэн болно гэжээ.

13. Хариуцагч комиссын гишүүн Х.Ербуланы  гаргасан тайлбарт:

13.1. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлыг газарт гал түймрийн  улсын хяналтын ахлах байцаагч албан тушаалд ажилладаг. Би 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод миний охин болох Е.Айданаг эмнэлэгт шинжилгээ өгүүлэн аймагт байгаагүй ба аймгийн Засаг даргын захирамжийн дагуу комисст ажиллах боломжгүй байсан. Цаашид уг барилгыг ашиглалтад оруулах комисст ажиллахад бэлэн байгаа болно гэжээ.

14. Хариуцагч комиссын гишүүн Ж.Галиягийн гаргасан тайлбарт:

14.1. Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар  хамгаалалтын хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Өлгий сумын 8 дугаар багт баригдсан С.Аын 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг ашиглалтад оруулах комисс томилох тухай А/257 дугаартай захирамжтай миний бие танилцаагүй. Комиссын нарийн бичгийн даргаас мэдэгдээгүй болно.

14.2. Иргэн С.Аын Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн С.А нь тус барилгад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь тогтоогдсон ба энэ нь Барилгын тухай хуулийн 48.3 дах заалтыг зөрчсөн байна. Ийм учир тус асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа ашиглалтад оруулах комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

15. Хариуцагч комиссын гишүүн Х.Дармений  гаргасан тайлбарт:

15.1. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан комиссын гишүүний хувьд нэхэмжлэгчийн барилгад тус комисс очиж ажиллах тохиолдолд би очиж ажиллахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

16. Хариуцагч комиссын гишүүн Х.Ерханатын гаргасан тайлбарт:

16.1.   Миний бие  тус барилгыг ашиглалтад оруулах захирамжтай танилцаагүй, комиссын нарийн бичгийн дарга мэдэгдээгүй болно. Уг барилгыг ашиглалтад оруулах комиссыг бүрэн бүрдүүлэх бол ажиллахад бэлэн гэжээ.

17. Хариуцагч комиссын гишүүн К.Есимийн  гаргасан тайлбарт:

17.1. Комиссын гишүүний хувьд С.Аын барилгыг ашиглалтад авахаар тухайн барилгад ажиллахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

18. Хариуцагч комиссын гишүүн М.Ахтилеугийн гаргасан тайлбарт:

18.1. Би иргэн С.Аын  үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр томилогдсон. Уг комисс нь тухайн үед ирц бүрдээгүй тул ажиллаагүй байсан. Уг барилгыг ашиглалтад оруулах комиссыг бүрэн бүрдүүлж ажиллах бол миний бие ажиллахад бэлэн  гэжээ.

19. Хариуцагч комиссын гишүүн М.Мейрамбекийн  гаргасан тайлбарт:

19.1. Миний бие барилгыг ашиглалтад оруулах комисс байгуулагдсан болон комиссын бүрэлдэхүүн хэзээ, хаана ажиллах тухай ямар нэгэн мэдээлэлгүй,цаашид уг комисс дахин ажилласан нөхцөлд ажил гүйцэтгэхээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

20. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

20.1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь барилгад ажиллаагүй хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, комиссыг ажиллуулах  тухай байгаа. Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбар нь барилгыг ашиглалтад оруулахаас нь өмнө  ашиглаж эхэлсэн тул журамд зааснаар шүүхээр шийдвэрлэсний дараа комисс ажиллах ёстой гэх агуулгатай тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

20.2. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй. Комиссоос барилгад ажиллахаас татгалзаж байгаа эхний татгалзал нь  Засаг даргын захирамж гарснаас хойш комисс 10 хоногийн дотор ажиллах ёстой, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан хугацаа өнгөрсөн гэдэг байдлаар тайлбарладаг.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг даргын бүрэн эрх байгаа. Энэ хуулийн зохицуулалтаар тухайн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан тухайн аж ахуйн нэгж эсхүл иргэн бол Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаж, эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргадаг, аймгийн Засаг дарга хүсэлт, баримт бичгийг хянаж ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэдэг нь энэ 10 хоногийн дотор комисс ажиллаж, тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах  тухай зохицуулалт биш, хуулийн заалтыг хариуцагч талаас буруу хэрэглэж, “тийм практик” байгаа гэдэг байдлаар  тайлбарлаж байна. Хуульд хугацаа өнгөрсөн тохиолдолд комисс ажиллахгүй гэх зохицуулалт байхгүй.

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан, одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр,  ямар нэг байдлаар хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Тэгээд ч тухайн захирамжид яг тодорхой хоногийн дотор ажиллана,  тэр хугацаандаа ажиллахгүй бол хүчингүй болно гэдэг ч юм уу тодорхой заалт байхгүй. Тэгэхээр хариуцагчаас Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан үндэслэлээр 10 хоногийн хугацаа өнгөрсөн ажиллах боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

20.3. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан ”Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” байгаа. Комисс энэ дүрмийн хүрээнд ажиллах ёстой.  Дүрмийн 7.3-т  комиссын нарийн бичгийн дарга нь  комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдааныг зохион байгуулах, хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах, гарах дүгнэлтийг үйлдэх ажлыг хариуцах бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан  бичиг баримтыг хянаж, шаардлага хангасан бол комисс ажиллах мэдэгдлийг комиссын гишүүнд тараана гэж заасан. Комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон гишүүн  нь энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн албан ёсоор нэхэмжлэгчид мэдэгдээгүй.

Комиссын нарийн бичгийн даргаас “Газрын албаны мэргэжилтэн Н.Т нь  нэхэмжлэгчтэй утсаар ярьсан. Нэхэмжлэгч тухайн үед комиссын гишүүн Ербулантай хамт Улаанбаатар хот руу явж байгаа юм байна. Иймээс ирц 90 хувьд хүрэхгүй тул ажиллах боломжгүй” гэж шийдвэрлэсэн гэдэг. Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын ажиллагааг хойшлуулах албан тушаалтан биш.  Тухайн үед тийм нөхцөл байдал байвал комиссын даргад мэдэгдэж, комиссын гишүүдээс хоёр нь  Улаанбаатар хотод  явсан бол зохих ажиллагааг хийх ёстой байсан. Үүнээс дүгнэж үзвэл, комиссын бусад гишүүд мэдээгүй байдаг. Комиссын нарийн бичгийн даргатай нэг  өрөөнд хамт суудаг хоёр хүн мэдсэн гэдэг байдлаар тайлбар гаргаж байна.

 Тиймээс  хариуцагч барилга байгууламж ашиглалтад оруулах дүрмээ баримталж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 20.4. Тухайн барилга нь 2025 оны 3 дугаар сард ашиглалтад орсон. Үүнтэй талууд маргаагүй. 2025 оны 9 дүгээр сард эрх бүхий албан тушаалтан шалгаж, нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Уг торгуулийг тухайн үед төлж барагдуулсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан.

Комисс ажиллуулах эрх нь аймгийн Засаг даргад байгаа. Энэ асуудлаар маргаагүй тул энэ нь комиссын гишүүдэд хамааралгүй гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн маргааны зарим хэсэг  үндэслэлтэй байна.

2. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.6-д “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 48.5.1. барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; 48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт; 48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; 48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; 48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.”,  48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан.

3. Хэргийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч С.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжаар уг барилгыг ашиглалтад оруулах комиссыг дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болох  14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тухайн барилгын ажлыг батлагдсан ажлын зураг төсөл, норм нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, стандартын  шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг хянан дүгнэж,  холбогдох хууль журмыг баримтлан барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг комисс /комиссын дарга Х.А/-т  даалгаж шийдвэрлэжээ.

4. Барилгын тухай хуулийн  32 дугаар зүйлийн  32.1-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.7.барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах;” гэж заасны дагуу Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн Долоо дугаар зүйлд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах журмыг зохицуулсан бөгөөд 7.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид ”Комисс” гэх) нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж,  дүгнэлт гаргана.”, 7.3-т “Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцах бөгөөд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол комисс ажиллуулах мэдэгдлийг комиссын гишүүдэд тараана.”, 7.4-т “Комиссын хуралдааныг гишүүдийн 90 хувиас доошгүй ирцтэй зохион байгуулна. Комиссын хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүн хурлаас 1 өдрийн өмнө комиссын нарийн бичгийн даргад мэдэгдэх ба тус гишүүн нь нөхөж ажиллах боломжгүй байна.” гэж заажээ.

 

         5. Нэхэмжлэгч С.Аын барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын нарийн бичгийн даргаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.А томилогдсон байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны  03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцсан байх боловч уг захирамжийн талаар комиссын бүрэлдэхүүнд мэдэгдээгүй нь  хариуцагч комиссын дарга Х.Аын “…А/257 дугаар захирамж гарсан талаар надад хэн ч мэдэгдээгүй бөгөөд миний бие ээлжийн амралтаа 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс авсан. Тухайн захирамж гарсан талаар мэдэгдэх нь комиссын нарийн бичгийн даргын чиг үүрэг юм.” гэх,  хариуцагч комиссын гишүүн Д.Ербол, М.Дауренбек, Ж.Галия, Х.Ерханат, М.Мейрамбек нарын “...А/257 дугаартай Засаг даргын захирамжийн талаар мэдээгүй, комиссын нарийн бичгийн даргаас мэдэгдээгүй” гэх, хариуцагч комиссын нарийн бичгийн дарга Б.Агийн “...А/257 дугаартай захирамжийг 2026 оны  03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцсан. Тухайн өдөр нэхэмжлэгч С.Атай манай байгууллагын мэргэжилтэн Н.Т холбогдож утсаар ярихад, комиссын гишүүн Х.Ербуланы хамт Улаанбаатар хот руу явж байгаагаа хэлсэн байх ба мэргэжилтэн Н.Таас энэ талаар мэдсэн,  иймээс комиссын хоёр гишүүн оролцох боломжгүй байсан тул комиссын дарга Х.А болон комиссын гишүүд болох Д.Ербол, М.Дауренбек, Ж.Галия, Х.Дармен, Х.Ерханат, Х.Есим, М.Ахтилеу , М.Mейрамбек нарт албан ёсоор мэдэгдэх хуудас тараах нөхцөл бүрдээгүй болно.” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

  6. Комиссын нарийн бичгийн даргаас дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/257 дугаартай захирамжийг хүлээн авч танилцсан 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр комиссын гишүүд болох нэхэмжлэгч С.А, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Х.Ербулан нар байгаагүй байх ба 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явж,   04 дүгээр сарын 11-ний өдөр буцаж ирсэн нь нэхэмжлэгчийн тайлбар,  хариуцагч комиссын гишүүн  Х.Ербуланы “Би 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод миний охин болох Е.Айданаг эмнэлэгт шинжилгээ өгүүлэн аймагт байгаагүй.” гэх тайлбараар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар талууд  маргаагүй болно.

7. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжаар байгуулагдсан комиссын хоёр гишүүн нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явснаар  комиссын  хуралдааны ирц тухайн үед 90 хувьд хүрээгүй  тул комисс ажиллах боломжгүй байсан гэх хариуцагч комиссын нарийн бичгийн дарга Б.Агийн тайлбар үндэслэлтэй байх боловч “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.3-т заасан чиг үүргийн хүрээнд комиссын гишүүд С.А, Х.Ербулан нар нь Улаанбаатар хотоос хэзээ ирэхийг тодруулаагүй нь,  2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд комисс  хэзээ ажиллах боломжтойг судалж, комисс ажиллах бэлтгэлийг хангаагүй нь, комиссын хуралдааныг зохион байгуулаагүй, гишүүдийг ирцийг бүрдүүлээгүй нь хариуцагч талын тайлбараар  тогтоогдсон.

8. Дээрх байдлаар комиссын нарийн бичгийн даргаас “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.3-т заасан  чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс комисс нь Өлгий сумын 8 дугаар багт баригдсан нэхэмжлэгч С.Аын 2 давхар худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах асуудлаар огт ажиллаагүй байх ба  эрх бүхий этгээдээс тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд комисс нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасан журмаар ажиллах үүрэгтэй тул хариуцагчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийн дагуу   тухайн барилгыг ашиглалтад оруулах асуудлаар ажиллаагүй  эс үйлдэхүй нь  хууль бус байна.

8.1. Хариуцагч талаас  комисс байгуулсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамж гарснаас хойш Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан 10 хоногийн хугацаа өнгөрсөн тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/257  дугаар захирамжийн дагуу комисс ажиллах боломжгүй.” тайлбарласан.

Барилгын тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан. Уг зүйлд заасан хугацаа нь  эрх бүхий этгээдээс барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргахад хамааралтай тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан нь  үндэслэлтэй байна.

9. “Барилга байгууламжийг ашиглалтад  дүрэм”-ийн Долоо дугаар зүйлийн 7.1.-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид”Комисс” гэх) нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж,  дүгнэлт гаргана.”, 7.2-т “Комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.”, 7.5.3-т “комиссын гишүүд барилга, байгууламжийн баримт бичиг, техникийн төлөв байдал, шаардлагатай тохиолдолд далд ажлыг ил гаргаж үзэх, барилгын үйл ажиллагаанд оролцогчдоос нэмэлт мэдээлэл авах, барилга байгууламжтай танилцах;”, 7.5.4-т “комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, нэмэлт мэдээлэл зөвлөмж, саналаа өөрийн биеэр уншиж танилцуулах бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах боломжтой эсэх дүгнэлтээ тодорхой мэдэгдэх:”, 7.7-д “Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана. “  гэж тус тус заасан.

9.1.  Энэхүү зохицуулалтын дагуу комисс холбогдох хууль, дүрэмд заасны дагуу ажилласны дараа  хуралдаанаар хэлэлцэн тухайн барилгыг ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн тохиолдолд барилгыг ашиглалтад оруулах дүгнэлтээ гаргах  тул нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт барьсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

Харин эрх бүхий этгээд болох Баян-Өлгий аймгийн Засаг  даргаас нэхэмжлэгч С.Аын Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт барьсан 2 давхар худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийн дагуу комисс ажиллаж, зохих шийдвэр гаргах үүрэгтэй тул  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрийн дагуу Өлгий сумын 8 дугаар багт байршилтай нэхэмжлэгч С.Аын барьсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад ажиллаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн дагуу ажиллаж зохих шийдвэр гаргахыг комисст даалгаж шийдвэрлэлээ.

            10.  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/257 дугаартай захирамжаар байгуулагдсан комисс цугларч хуралдаагүй буюу  огт ажиллаагүй нь тогтоогдсон,  иймээс комисс чиг үүргийн хүрээнд ажиллаагүйг зохих шийдвэр гаргахаас татгалзсан гэж үзэхгүй юм. Тодруулбал,  комисс ажиллаж, хуралдаанаар хэлэлцэн  “уг барилгыг ашигласан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажиллахаас, зохих дүгнэлт  гаргахаас тус тус татгалзсан агуулгатай  захиргааны акт гаргаагүй байх тул хариуцагч талын шүүхэд гаргасан “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан.

Комисс ажиллагаагүй байхад одоо хүртэл уг барилгад үйл ажиллагаа явагдаж байгаа.” гэх тайлбарын агуулгаар нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад комисс ажиллахаас нь өмнө  ашигласан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажиллахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангасан ямар нэгэн шийдвэр хариуцагчаас гараагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

10.1.  Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан  тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШЗ2026/0117 дугаартай захирамжаас үзэхэд, уг барилгад  нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Гэвч дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/257 дугаартай захирамж гаргаж, барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан зохицуулалт нь эрх бүхий этгээдээс ашигласан нь тогтоогдсон тухайн барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан тохиолдолд комисс ажиллуулах эсэхийг шүүхээр  шийдвэрлүүлэх агуулгатайг дурдах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгч талын Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/257 дугаартай захирамж нь хүчин төгөлдөр бөгөөд энэхүү маргааны цар хүрээ нь  уг шийдвэрийн дагуу комисс ажиллуулахтай холбоотой гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад комисс ажиллахаас өмнө  ашигласан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажиллахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 2. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар 48.1, 48.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,”Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаартай захирамжийн дагуу Өлгий сумын 8 дугаар багт баригдсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаагүй комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгыг ашиглалтад оруулах асуудлаар зохих шийдвэр гаргахыг комисст даалгаж, үлдсэн хэсэг болох “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулах шийдвэр гаргахыг комисст даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.РИЗА