| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0187/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/197 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч М.Ариунцэцэг ,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дт холбогдох эрүүгийн 1838003690216 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Оранж” РС тоглоомын газраас эд зүйлийг хулгайлан бусдад 2.350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Оранж” РС тоглоомын газраас эд зүйлийг хулгайлж бусдад 2.350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Оранж нэртэй PC тоглоомын газарт тоглохоор очсон. Тоглохоосоо өмнө технийх нь ард утсаа цэнэглэх гээд очиход чихэвч, маусс байхаар нь авч цүнхэндээ хийсэн. Тэгээд 40 орчим минут тоглоод нөгөө зүйлээ аваад явсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед РС тоглоомынхоо газарт яваад очиход манай тоглоомын газрын 14 ширхэг хулгана, 14 ширхэг чихэвч, 2 ширхэг дисплэй карт алга болсон байсан. Нийт хохирол 2.350.000 төгрөг болсноос 5 чихэвч, 2 хулганы үнэ болох 280.000 төгрөгийг буцаан өгснийг хасаад 2.070.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б надад хэлэхдээ тоглоомын газраас дисплэй карт, чихэвч, хулгана алга болсон байна гээд цагдаа дуудаж шалгуулсан. Доржоо гэдэг хүүхэд чихэвч, хулгана авсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б ах ирээд хэсэг тоглож байснаа карт, чихэвч, хулгана алга болсон байна гээд энэ талаар цагдаад мэдэгдсэн. 3 ширхэг диск, хулгана, чихэвч алга болсон гэж байсан. Доржоо гэдэг хүүхэд чихэвч, хулгана авсан талаар надад Б ах хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Т.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр РС тоглоомын газарт ажиллаж байсан. Үдээс хойш Эрдэнээ ах ирээд 2 ширхэг дисплэй карт, 14 ширхэг чихэвч, 14 ширхэг хулгана алга болсон байна гээд энэ талаар цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003690216 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Д нь 5 чихэвч, 2 хулгана буюу нийт 280.000 төгрөгний хохирлыг барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Дээс үлдсэн хохирол 2.070.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4 эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838003690216 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Д-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Дт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-ээс 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 7-2-21 тоотод оршин суух Б.Б -д олгосугай.
6. Эрүүгийн 1838003690216 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР