Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2026/0085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ш.М,

            Хариуцагч: Өлгий сумын  Засаг дарга  нарын хоорондын  газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Ш. М нь Өлгий сумын  Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай Х.Ш эзэмшлийн 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.М шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.М шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах”-аар  маргаж байна.

Нэхэмжлэгч анх “Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай 2760 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг өв залгамжлалын дагуу Ш. М миний нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах” гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай Х.Ш эзэмшлийн 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.М шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.М шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах” гэж  багасгаж тодруулсан болно.

2. 2001 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн 030100364 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Х.Ш болон хүүхдүүдэд нь  Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 60 жилийн хугацаагаар 2760 м. кв газар эзэмшүүлсэн байх ба  газар эзэмшигч Х.Ш нас барснаар  хууль ёсны өв залгамжлагч Ш. М нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх  хүсэлтийг  Өлгий сумын Засаг даргад гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Ш.М  “Өлгий сумын Засаг даргаас Х.Ш газар эзэмших эрхийн гэрчилгээг  нэр дээр нь  шилжүүлэхгүй байна” гэсэн үндэслэлээр гаргасан гомдолд аймгийн Засаг даргын  2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/465 дугаар албан бичгээр “шүүхэд хандан шийдвэрлүүлэх”  гэсэн хариу өгснөөр 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч Ш.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Миний бие тухайн хаягт 1986 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд уг газар нь талийгаач нөхөр Х.Ш нэр дээр 2001 оны 030100364 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Нөхөр маань 2011 онд нас барж, 2013 онд би хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулан авсан. Гэтэл сумын Засаг дарга болон Газрын албанаас "Сумын архив устсан, анхдагч захирамж байхгүй" гэх үндэслэлээр миний нэр дээр шилжүүлэхээс татгалзаж байгаа нь иргэн намайг хохироож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим"-ын дагуу иргэн миний гар дээр байгаа, төрөөс олгосон 2001 оны хүчин төгөлдөр гэрчилгээг төр өөрөө хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Архивын баримт үрэгдсэн нь захиргааны байгууллагын дотоод буруутай үйл ажиллагаа бөгөөд үүнээс үүдэн иргэний эрх ашиг зөрчигдөх ёсгүй.

            Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “ Газар эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч газар эзэмших эрхийг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй” гэж заасан. Нотариатын байгууллагаас олгосон 2013 оны өвлөх эрхийн гэрчилгээ нь миний эрх залгамжлагч болохыг бүрэн нотолж байна. 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар миний бие нэгдүгээр дарааллын хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээгээр уг газрын эзэмших эрх надад шилжсэн болно.

Дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, Өлгий сумын 1 дүгээр баг, 27 тоотод байрлах 2760 м.кв талбай бүхий газрыг миний нэр дээр шилжүүлэн бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү“ гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х.Ш гэдэг талийгаачийн хувьд 2001 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тухайн газрыг эзэмшиж эхэлсэн. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр 2760 м.кв газар гэж бичигдсэн. Гэхдээ үүнээс өмнө бас хүүхдүүдийн нэр дээр болон өөрийнх нь нэр дээр тодорхой хэмжээний газрыг  эзэмших эрхийн гэрээ, үнэмлэх үйлдэгдэж байсан.  Уг баримтуудыг бид нар хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Х.Ш гэдэг хүний эхнэр болон өөрт нь ноогдох хэмжээний хувьд 1019.7м.кв хашаатай, хүүхдүүдтэйгээ нийлээд 2760 м.кв талбайтай байсан.  Бусад нь өөр өөрсдийн газраа хууль журмын дагуу өргөдлөө гаргаад, тухайн үедээ нэр дээр бичүүлж гэрээ, гэрчилгээг шинэчилж  авсан байна. 

Х.Ш хувьд авч чадаагүй, өндөр настай хүн байсан ба сүүлдээ нас барсан. Эхнэр нь байнга хөл, гар нь өвддөг,  явж чаддаггүй байсан ба улмаар өв залгамжлалын гэрчилгээ аваад нөхрийнх нь нэр дээр байсан буюу 40 жилийн хугацаанд амьдарч байсан газрын гэрчилгээг  өөрийнх нь нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтээ гаргасан боловч хариуцагчийн тайлбарт дурдсанчлан кадастрын мэдээллийн санд ороогүй, анх эзэмшүүлсэн захирамжийн дугаар олдоогүй гэдэг шалтгаануудаар эс үйлдэхүй гаргасан.  Ийм нөхцөл байдлаар тухайн үед бичгээр ямар нэгэн шийдвэр гараагүй.

Хариуцагч талаас  кадастрын мэдээллийн санд байхгүй, шинээр кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй гэдэг тайлбар гаргаж байгаа, гэхдээ үүнийг кадастрын мэдээллийн санд бүртгэж оруулах үүргийн хувьд сумын удирдлагад нь байгаа.  Газар эзэмшүүлэх гэрчилгээг бичиж өгөхдөө захирамж гарсан байх ёстой. Ямар нэгэн захирамж, шийдвэргүйгээр газар эзэмшүүлэх үндэслэл байхгүй. Харин Засаг даргын холбогдох шийдвэр архивт хадгалагдаагүй нөхцөл байдалд иргэний буюу газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг бас хэлье. Үүнээс болж иргэн хохирох ёсгүй. 2001 оноос өмнөх гэрээнүүдийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Газрын төлбөр хураамжуудыг хугацаанд нь төлж байсан. Мөн газрыг зориулалтаар нь ашиглаж ирсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас өөр зориулалтаар энэ газрыг ашиглаагүй.

 Харин  хамгаалалтын бүстэй холбоотой асуудлын хувьд  2001 оноос гэрчилгээ гаргуулан эзэмшиж байгаа, хамгаалалтын бүс тогтоохтой холбоотой шийдвэрээс өмнө энэ газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  эрх бүхий албан тушаалтан Засаг дарга нь шийдвэрлээд, газрын харилцааны мэргэжилтний зүгээс гэрээ байгуулан эзэмшүүлэн ашиглуулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байгаа учраас Өлгий сумын 1 дүгээр багийн 27 тоот хаягт байршилтай 1019.7 м.кв газрыг өв залгамжлалын гэрчилгээний дагуу Ш.Мгийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. 

Энэ дээр ямар нэгэн газрын давхцал байхгүй, газартай холбоотой хэн нэгэн этгээдээс маргаан үүсээгүй, ойр орчмын бүх газар хамгаалалтын бүсэд багтаж байгаа хэдий ч тухайн үеийн хуучны гэрчилгээнүүдийн дагуу  газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, бодитоор аль аль нь эзэмшиж байгаа нөхцөл байдал байгаа. Зөвхөн ганцхан хүнийг ялгамжтай хандаж байгаа нөхцөл байдлын хувьд шударга бас байна гэж үзэж байна” гэв.

5.Хариуцагч Өлгий сумын  Засаг дарга хариу тайлбартаа: 

“Иргэн Х.Ш олгосон Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай, 030100364 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 2760 м.кв газрыг анх 2001 онд 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг газар нь ямар нэгэн маргаангүй, давхцалгүй, иргэн Ш.М нь тус газарт он удаан жил амьдарч байгаа нь үнэн. Гэвч уг газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа. Газрын кадастрын мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн бүртгэхэд газар олгосон Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэл хийдэг ба тухайн иргэнд анх газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй учраас мэдээллийн санд бүртгэл хийх, мөн иргэн Ш.М нэр дээр шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд тус маргааныг, хууль журмын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нуржайна шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа: 

“Иргэн Х.Ш 2001 онд 60 жилийн хугацаатайгаар, 2760 м.кв газрыг анх эзэмшүүлсэн, эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Гэвч уг эзэмших эрхийн гэрчилгээ нь манай газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Иргэн Ш.М нь өв залгамжлалын эрхийн гэрчилгээгээ авчирч, эрх шилжүүлэх талаар хүсэлт гаргахад уг газар нь мэдээллийн санд бүртгэлгүй гэдгийг бид нар мэдэж, холбогдох бичиг баримтыг судалж үзэхэд уг газрын захирамж нь байхгүй, мэдээллийн санд бүртгэх ямар ч боломж байгаагүй. Гэвч бид нар тухайн иргэнийг хохироохгүйн үүднээс тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан өгч, Ш.Мд шинээр эзэмшүүлэх журмаар шийдвэрлэж өгөхөөр төлөвлөсөн боловч тухайн газар нь усны хамгаалалтын бүстэй давхацсан учраас ямар ч шийдвэрлэх боломж байгаагүй. Тиймээс манай байгууллагын зүгээс шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн тайлбарыг өгсөн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн “Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай, 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Мд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5, 6,7,11-15, 42-47, 53, 78, 79, 80, 82, 83,90-104 дэх тал/ нэхэмжлэгч Ш.М болон Х.Ш нар нь 1969 онд гэрлэсэн,  6 хүүхэдтэй,  1986 оноос эхлэн Өлгий сумын 1 дүгээр багт амьдарч байгаа, 1998 онд хүүхдүүд нь  болох М, М нарт Өлгий сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс байшин барих зориулалтаар тус бүр 600 м.кв газар эдлүүлэхээр газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон, 1999 онд Х.Штай гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зориулан  Өлгий сумын 1 дүгээр багаас 960 м.кв газар эзэмших гэрээ, хүүхдүүд нь болох М, Е, М, Ж нартай  /4 өрх/  хашаа байшингийн зориулалтаар Өлгий сумын 1 дүгээр багаас 1800 м.кв газар эзэмших гэрээ тус тус  байгуулсан, 2001 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн 030100364 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Х.Ш болон түүний хүүхдүүд М, Е,М, Ж нарт  Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2760 м.кв газрыг  60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 2000-2010 онуудад тухайн газрын төлбөрийг төлж байсан, 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  Х.Ш нас барснаар уг 2760 м.кв газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээг   өвлүүлэгчийн хууль ёсны эхнэр Ш.Мд 2013 онд олгосон болох нь тус тус  тогтоогдож байна. 

Мөн  хүү М, Е, М, Ж  нар нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 2760 м.кв газрын  тодорхой хэсгийг  хашаалан  тус тусын байшин  барьж амьдарч байгаад бусдад худалдсан, М, Ж гэж хоёр хүү нь нас барсан, одоо хүү  Е, М болон охин Сауле  нар нь  гэр бүлийн хамт Өлгий сумын өөр багт  амьдардаг.

Харин нэхэмжлэгч Ш.Мгийн  нөхрийн хамт амьдарч байсан, одоо хүү Ш.Жанар, бэр Б.Саулеш нарын хамт амьдарч байгаа хашаалсан газрын хэмжээ  нь 1019.7 м.кв бөгөөд өвөл, зуны байшин, халуун ус, гарааш, амбаарын  зориулалттай байр, малын хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгө байрладаг болох нь  хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 53,56,57,59-66,68-71 дэх тал/ тус тус тогтоогдсон болно. 

 3.Хариуцагчаас  “уг газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, газрын кадастрын мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн бүртгэхэд газар олгосон Засаг даргын захирамжийг  үндэслэн бүртгэл хийдэг ба тухайн иргэнд анх газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй учраас мэдээллийн санд бүртгэл хийх, иргэн Ш.Мгийн нэр дээр шилжүүлэн өгөх  үндэслэлгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Харин  “Иргэн Х.Шд Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай, 2760 м.кв газрыг 2001 онд 030100364 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, тухайн газарт  Ш.М нь  он удаан жил амьдарч байгаа, газар нь бусдын ашиглал, эзэмшлийн газартай давхцал байхгүй” гэсэн үйл баримтын талаар  маргаагүй болно.

4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3. "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.7."газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1-т ”Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:28.1.1.гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”,  34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж тус тус зохицуулсан.

5.Өлгий сумын Засаг даргын 1999-2001 оны захирамжууд дотор иргэн Х.Шд  газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй болох нь аймгийн Архивын газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.

Гэвч  дээрх байдлаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий  этгээдээс буюу  тухайн үед Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Е.Д 2001 онд  нэхэмжлэгч Ш.Мгийн нөхөр Х.Ш болон хүүхдүүдэд нь Өлгий сумын 1 дүгээр  багийн  нутаг дэвсгэрээс  2760 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, үүнээс өмнө 1998,  1999 онуудад иргэн Х.Ш болон хүүхдүүдэд  нь Өлгий сумын 1 дүгээр багаас байшин барих зориулалтаар газар эзэмшүүлэх  үнэмлэх олгож, газар эзэмших гэрээ байгуулж байсан,  2000-2010 онуудад тухайн газрын төлбөрийг төлж байсан. 

Мөн нэхэмжлэгч Ш.М нь нөхөр, хүүхдүүдийн хамт 1986 оноос эхлэн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах уг газарт амьдарч,   өвөл, зуны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өөрийн мэдэлд байлгаж бодитоор эзэмшиж байгаа  болох нь тус тус  тогтоогдож байх  тул  Өлгий  сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр  байхгүй байгаа нь  Х.Ш болон хүүхдүүдийг нь газар эзэмших эрхгүй гэж үзэх, иргэнийг буруутгах үндэслэл   болохгүй гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь эрх бүхий этгээдээс гаргасан  газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр,  газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг байхаар тус тус хуульчилсан  байх тул Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай  2760 м.кв газрыг нэхэмжлэгчийн нөхөр Х.Ш болон хүүхдүүд нь эрх бүхий этгээдээс  байгуулсан газар эзэмших гэрээ, 60 жилийн хугацаагаар олгосон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  хуульд заасан журмын дагүу эзэмшиж байсан гэж дүгнэсэн болно 

6. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасан. 

Дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.Мгийн нөхөр Х.Ш болон  хүүхдүүдийнх нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 60 жилийн хугацаагаар эзэмшиж байсан Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай  2760 м. кв газрын одоо Ш.Мгийн амьдарч байгаа буюу хувийн гэр, орон сууц, хашаа барьж,  бодитоор  өөрийн мэдэлд байлган гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 1019.7  м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг Х.Шн  хууль  ёсны өв залгамжлагч Ш.Мд шилжүүлэхийг даалгах нь Газрын тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 3.1.3, 3.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дах заалт  болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.3,4.1.7-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн төрөөс газрын талаар баримтлах зарчмуудтай нийцнэ гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд “...Ш.Мд шинээр эзэмшүүлэх журмаар шийдвэрлэж өгөхөөр төлөвлөсөн боловч тухайн газар нь усны хамгаалалтын бүстэй давхацсан учраас шийдвэрлэх боломж байгаагүй” гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч тайлбартаа энэ үндэслэлийг заагаагүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч Ш.М нь Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай тухайн газрыг шинээр эзэмшүүлэх хүсэлт гаргаагүй, харин нөхөр  болон  хүүхдүүдэд нь  эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн, 40 жилийн хугацаанд хувийн гэр, орон сууц, хашаа барьж,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бодитой  ашиглаж,эзэмшиж байгаа  газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан.

Мөн маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 39-40, 59-66 дах тал/ нэхэмжлэгчийн  амьдарч буй 1019.7 м.кв талбайтай  хашаалсан газар  байрлах гудамжны урд, хойд талын гудамжнуудад иргэдийн хашаалсан газрууд байрладаг буюу эзэмшиж, ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл, тухайн газрын ойр орчмын газар  нь   бүхэлдээ иргэдийн суурьшлын бүс болох нь  тогтоогдож байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

7. Иймээс, хариуцагч Өлгий сумын Засаг даргын газар эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагчид  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь дээрх байдлаар хууль бус бөгөөд  хууль ёсны өв залгамжлагч болох нэхэмжлэгч  Ш.Мгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах,  гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай Х.Шн эзэмшлийн 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Мд шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 3.1.3, 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай Х.Шн эзэмшлийн 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Мд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1019.7 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Мд шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаруулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ