| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0188/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/198 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бод холбогдох эрүүгийн 1838002960197 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Т.НМустанг-5 маркийн хөх өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, мөн иргэн Л.Псүү авахуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 10.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Т.НМустанг-5 маркийн хөх өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, мөн иргэн Л.Псүү авахуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 10.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би дэлгүүр орж сүү авах гээд 10.000 төгрөг Мандах ахын эхнэрээс аваад мотоциклийг нь унаад тэднийхээс гарсан. Мөрөнгийн төв рүү явмаар санагдаад байхаар нь сүү аваарай гэсэн 10.000 төгрөгөөр нь бензин хийгээд Жаргалант сумаас Мөрөн рүү гарсан. Тэгээд Чандмань-Өндөр сум ороод цагдаад баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 9-12 дугаар хуудас/,
Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай байшин дээр ажиллаж байсан Идэрээ гэдэг залуу нөгөө Б маань байхгүй болцон байна танай грашид байсан мотоцикль чинь байхгүй байна гэж хэлэхээр нь грашид байсан мотоцикль байхгүй болсон байсан...Хөх өнгөтэй Мустанг-5 маркийн шинэ мотоцикль байсан...Одоо мотоциклио олоод авсан болохоор надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/,
Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай байшин дээр ажиллаж байсан Б гэдэг залуу надаас сүү авна гээд 10.000 төгрөг авсан. Идэрээ гээд манай байшинг барьж байсан залуу надад Бараа байхгүй болчихлоо гэхээр нь би нөхөртэй утсаар залгаж Бараа байхгүй болсон байна грашид байсан мотоцикль байхгүй болсон байна гэж хэлсэн. Манай алдагдсан мотоцикль хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ”гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч З.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Б гадаа юм хийж байгаад гэрт тамхи татах гэж орсон. Тэгээд байшингийн рам зангидаж байгаад харсан чинь ойр хавьд байхгүй байсан. Гэрт унтчихсан юм болов уу гэж бодоод гэрт ортол байхгүй, гэрийн унинд байсан мотоциклийн түлхүүр, сүү авах байсан 10.000 төгрөг байхгүй байсан. Нармандах ах, Цэнгээ эгч хоёрт Б байхгүй болчихлоо бас грашид байсан мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Мандах ах бид хоёр сумын төв дотор машинтай Быг хайгаад олоогүй. Тэгээд сумын төвд байхгүй юм байна гээд цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838002960197 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Т.Н, Л.П нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 264 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838002960197 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ыг хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 264 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 1838002960197 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР