| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412002920280 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
2025/ДШМ/10
Ц.Э, Б.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Ц.Э, Б.П
Нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Э, Б.П нарт холбогдох 2412002920280 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Пын давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, У хот Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бийн П /РД:000000000/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн. дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, А аймгийн И сумын У хорооллын 0-0 тоотод оршин суух, Урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Цийн Э/РД:0000000/,
Шүүгдэгч Б.П, Ц.Э нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Т гэх газрын хадлангийн талбайд хохирогч Ү.Стай “хадлангийн талбайд өвс хадсан” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлийн улмаас хэнгэрэг хальсны цоорол, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд зовхи, хүзүү, хоёр чихний дэлбээнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.П, Ц.Э нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Цийн Э, Б овогт Бийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Б.П нарыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Б.П нар нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Б.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 4.290.000/дөрвөн сая хоёр зуун ерэн мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Паас 4.290.000/дөрвөн сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч А аймгийн И сумын 0-р баг, Т гэх газар оршин суух хаягтай Б овогт Үийн С/РД:0000000000/-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үдээж, Шүүгдэгч Ц.Э, Б.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Э, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.П миний бие А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг 2025.01.03-ны өдөр гардан авч давж заалдах гомдол гаргаж байна. Б.П намайг Ц.Этай бүлэглэн 2024 оны 09 сарын 02-ны өдөр А аймгийн И сумын Э багийн нутаг Т гэх газрын хадлангийн талбайд хохирогч Ү.Стай хадлангийн талбайд өвс хадсан гэх шалтгааны улмаас маргалдан түүний биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлийн улмаас хэнгэрэг хальсны цоорол, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд зовхи, хүзүү, хоёр чихний дэлбээнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний бие хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хохирогч Ү.Сыг зүүн талын чих рүү цохисон хүн байхгүй байхад гэмтлийн шалтгаант хэнгэрэг хальсны цоорол гэж, мөн хохирогчийн биед учирсан бусад гэмтлүүд бүгд хохирлын зэрэгт хамаарч байгаагаар дүгнэсэн нь мөн уг дүгнэлтийг гаргасан шинжилгээний байгууллагад хохирогчийн хүү С овогтой Мөнхбат нь ахлах шинжээчээр ажилладаг зэрэг нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байна. Энэ талаар би цагдаа, прокурор, шүүхийн шатанд мэдүүлсэн боловч шалгаж өгөөгүй, үл тоомсорлосонд гомдолтой байна. Прокуророос шүүхэд шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэрэгт болон анхан шатны шүүхээс намайг Ц.Этай бүлэглэсэн гэж хүндрүүлж дүгнэж, гэм буруутайд тооцсонг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ү.С нь Ц.Эыг тонгорч унагаад бие рүүгээ шахаж боогоод байхаар би аргагүйн эрхэнд хойноос нь татаж таслан зогсооход Ү.С нь миний биед түрүүлж халдаж миний зүүн шанаанд цохиход нь би зөрүүлж баруун шанаа хэсэгт нь нэг л удаа цохисон, түүний дараа ямар нэгэн зодоон болоогүй. Өөрөөр хэлбэл Ү.С руу Ц.Э бид хоёр бүлэглэн довтлоогүй, маргалдах болсон шалтгаан нөхцөл өөр, мөн өөр, өөр цаг хугацаанд бидний хооронд маргаан болсон. Ц.Э хохирогч гэх хүнийг зүүн шанаа руу цохиод өшиглөх үед би оролцоогүй, намайг хохирогчийн баруун шанаа хэсэгт нь цохих үед Ц.Э оролцоогүй. Үүнийг гэрч Ж.Үүрцайхын мэдүүлэг нотлох бөгөөд, гэрч Ж.Цийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхэд эргэлзээ төрүүлж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримт бүрдүүлэх явцад ЭХХШТХ-г ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Прокурор Ж.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт хяналтын прокурор Б.Ц уг хэрэг дээр хяналт тавьж байгаад шилжин томилогдсонтой холбоотой анхан шатны шүүх хуралдаанд миний бие томилолтоор оролцсон. Томилолтоор оролцох явцад ямар нэг байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэлэхэд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт болон А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч С.Мөнхбат гэдэг хүний эсрэг тогтоосон баримт байхгүй байсан. Мөн прокурорын шатанд ийм утга бүхий хүсэлт гаргаагүй гэж үзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэл бүхий эргэлзээ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хяналт тавьж байсан прокурорын зүгээс шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд бүлэглэн гэдгийг “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн 1 гэмт хэрэгт хамтран оролцохыг тооцно” гэж заасан байна. Иймд уг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдлээрээ хамтран нэгдсэн учраас хүндрүүлэх шинжтэй байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч Б.Пын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой асуудлыг өөр журмаар буюу А аймгийн ерөнхий прокуророор хянагдах боломжтой ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хамтран оролцох үндсэн шинж хангагдахгүй байна. Хамтран гүйцэтгээгүй байхад буюу хамтран оролцох үндсэн шинж хангагдаагүй байхад хамтран гүйцэтгэсэн байдлаар дүгнэж шийдвэрлэсэн шийдвэрийг хуулийн дагуу гэж үзэх үндэслэлгүй. Санаатайгаар нэгдсэн болон үйлдлээрээ хамтран оролцсон зүйл байхгүй. Өөр өөр цаг хугацаанд тусдаа болсон үйл явдал байна. Давж заалдах шатын шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломж байдаг. Хэргийн зүйлчлэл хөнгөрсөн тохиолдолд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл багасна. Мөн хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг танилцуулсан тэмдэглэл хэзээ яаж танилцуулсан нь тодорхойгүй байдаг. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах эсхүл хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
Шүүгдэгч Б.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Энэ хэрэг А аймгийн И суманд болсон. Танил талаа ашиглаад аймгийн төв рүү явуулсан. Мөрдөн байцаагч нь бид нартай уулзахдаа нэг их сүртэй юм биш, харилцан зодоон байсан юм байна, 450.000 төгрөгөөр торгуулаад сална гэх мэтээр ярьж байгаад гарын үсэг зуруулсан. Хяналт тавьж байсан прокурортой нь бид уулзаагүй шууд хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэрэг танил талаар шийдэгдсэн. Уг нь С өөрөө шүүх хуралдаанд ирвэл нэг өөр байх. Ирэхгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байгаа хэрэг. Мөн бид мэдүүлгээ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн чинь мөрдөн байцаагч нь зүгээр гарын үсгээ зурчих гээд хуудас эргүүлээд гарын үсэг зуруулаад байсан. Танилцъя, уншъя гэхээр уншуулахгүй байсан. Гэрч Ц мэдүүлэг авахдаа 3, 4 цаг өрөөндөө суулгаад өөрийнхөө юмыг хийлгэж байгаад, дарамталж мэдүүлэг авсан. Би гадаа нь зогсож байгаад сонссон. Би удаа дараа гомдол гаргасан. Миний гомдлыг хүлээж авсан газар байгаагүй. Таньдаг хүн байхгүй болохоор хэцүү байдаг юм байна. Энэ хэрэг танил талаар явсаар байгаад өдий хүрсэн ... гэв.
Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П, Ц.Э нарыг бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Т гэх газрын хадлангийн талбайд хохирогч Ү.Стай “хадлангийн талбайд өвс хадсан” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлийн улмаас хэнгэрэг хальсны цоорол, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд зовхи, хүзүү, хоёр чихний дэлбээнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжилгээ хийлгэж, шийдвэр гаргуулах тухай мөрдөгчийн тогтоол гарч, уг тогтоолын тогтоох хэсгийн 3-т учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна уу эсхүл хуучин гэмтэл үү ... гэх, 4-т учирсан гэмтэл шарх нь тус бүрдээ гэмтлийн аль зэрэгт хамаарах вэ ... гэх асуултуудад хариулахыг даалгажээ.
Гэтэл 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дээрх асуултуудад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хохирогчийн биед учирсан аль гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, дүгнэлтэд дурдсан бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарах эсэхэд дүгнэлт өгөлгүй бүгдийг хавтгайруулж хөнгөн зэрэгт хамаарч буй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална ... гэж заасан байхад хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй, мөрдөгч тушаал баримтлан хохирогч Ү.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан бөгөөд хохирогч Ү.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.
Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Э, Б.П нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Э, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Т.ГАНЧИМЭГ