Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2026/0086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.П,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг дарга хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, Т.Зангар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

           

1. Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн өөрт нь холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Маргаан бүхий захиргааны актаар Ж.Пд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс  6800 м2 газрыг 2018 онд  эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр  хүчингүй болгосон байна. 

3. Нэхэмжлэгчээс “Өлгий сумын Засаг даргын А/246 дугаартай захирамжийн талаар  мэдээгүй, захиргааны байгууллагаас уг шийдвэрийг гардуулж өгөөгүй,  мэдэнгүүтээ Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2026 оны 02 дугаар 23-ны өдөр гомдол гаргасан.” гэж тайлбарласан ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/616 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг  ханган шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг  зөвлөж байна” гэж хариу өгсний дараа шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

3.1. Миний бие 2018 онд Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 6800 м2 талбай бүхий газрыг ойжуулах зориулалтаар 28 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Тухайн газрыг эзэмших хугацаандаа өөрийн хөрөнгөөр хамгаалалтын хашаа барьж, 2021 онд цахилгаан шугам, дэд станц бариулах зэрэг бодит хөрөнгө оруулалт хийж, ашиглах бэлтгэлээ хангасан. Гэвч “Ковид-19” цар тахлын хязгаарлалт болон миний нөхөр Г.Э нь Бүгд Найрамдах Казакстан Улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилогдон төрийн алба хаах болсонтой холбоотойгоор гэр бүлээрээ хилийн чанадад амьдрах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Гэтэл Өлгий сумын Засаг дарга миний эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан ажиллагааг явуулаагүй байна.

      3.2. Захиргааны байгууллага надад ашигтай захиргааны актыг хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Намайг гадаад улсад төрийн албан томилолттой байгааг мэдсээр байж, урьдчилан мэдэгдэхгүйгээр, тайлбар гаргах боломжоор хангалгүй шууд  газар эзэмших эрхийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан мэдэгдэх, оролцогчийг сонсох журмыг ноцтой зөрчсөн.

      3.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  газраа 2 жил дараалан  ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцлахаар заасан ч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ заалт үйлчлэхгүй. Миний нөхөр Дипломат албаны тухай хуулийн дагуу гадаадад ажиллахаар томилогдсоноор гэр бүлийн гишүүний хувиар гадаадад хамт амьдрах болсон зайлшгүй нөхцөл байдал  нь иргэний хүсэл зоригоос үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан юм.

      3.4. Миний бие дэд бүтэц (цахилгаан, дэд станц) бариулж, зардал гаргасан нь газраа ашиглах чин эрмэлзэлтэй байсныг нотолно. Түүнээс өмнө тус газар нь дэд бүтэцгүй тул газрыг ойжуулах зориулалтаар ашиглах боломжгүй байсан, мөн газрыг ойжуулах төлөвлөгөө баталж өгөөгүй нь нөлөөлсөн.

     3.5. Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмын талаар заасан. Би тухайн газрыг ашиглахаар бодит үйлдэл хийж, хөрөнгө гаргасан байхад захиргааны байгууллага миний энэ итгэлийг үнэлж үзэлгүйгээр, эрх ашгийг минь хохироосон шийдвэр гаргасан.

     3.6. Миний бие 2026 оны 3 дугаар сард Монгол Улсад ирсэн даруйдаа тухайн газрыг ойжуулах зорилгоор төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Өмнөх хугацаанд гарсан саатал нь “Ковид-19” цар тахал болон гэр бүлийн гишүүний хилийн чанадад төрийн албаны томилолттой зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Одоо миний бие уг газрыг энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу бүрэн ашиглах бодит боломж, нөөц бололцоотой байгаа тул миний газар эзэмших эрхийг сэргээх нь нийтийн ашиг сонирхол болон байгаль орчныг хамгаалах төрийн бодлогод нийцнэ.

     3.7.  Тухайн 6800 м2 газрыг эзэмших хугацаандаа хашаалах, хамгаалалтад авах, цахилгаан эрчим хүчний шугам татах зэрэгт өөрийн хөрөнгөөр их хэмжээний зардал гаргасан. Захиргааны байгууллага миний гаргасан эдгээр бодит зардлыг үл тооцон, эрхийг цуцалсан нь надад нөхөж баршгүй, үр ашиггүй эдийн засгийн хохирол учруулж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа иргэнд ашигтай байх, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг алдагдуулсан гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1.  Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны А/246 дугаартай захирамжийн Ж.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. 2018 оны 10 дугаар сард Ж.Пгийн хувьд энэхүү газрыг ойжуулах зориулалтаар шилжүүлэн эзэмшсэн.  Газрыг ашиглах боломж нөхцөл тухайн үедээ байгаагүй. Ингэснээр тус байршлаас ойжуулах зориулалтаар газар эзэмшдэг бусад иргэдтэй нийлж, 2021 онд дэд бүтцийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болгосон, цахилгааны шугам татсан. Уг газарт цахилгааны шугам  татсанаар тухайн газрыг зориулалтаар нь ашиглах нөхцөл байдал 2021 онд анх бий болж байсан.

4.2.  2019, 2020, 2021 онд цар тахалтай холбоотой орон даяар буюу  улсын хэмжээнд хөл хорио тогтоож, хязгаарлалт бий болсон. Үүний улмаас газрыг тухайн жилүүдэд ашиглах боломж байгаагүй.  Энэ нь бүх хүнд илэрхий үйл баримт юм.

4.3. 2022 оны 7 дугаар сараас Казахстан Улсын Элчин сайдын зөвлөх гэдэг албан тушаалд нэхэмжлэгч Ж.Пгийн  нөхөр нь томилогдож,   гадаадад ажиллах нөхцөл байдал үүссэн,  өдийг хүртэл ажиллаж байгаа. 

4.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай тайлбарыг хариуцагч талаас шүүхэд гаргасан. Хуульд газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд эрхийг нь цуцлахаар заасан ч хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг зохицуулалт үйлчлэхгүй гэж тайлбарладаг шүүхийн практик байгаа.

4.5. Ж.Пгийн хувьд 23 жилийн хугацаанд ойжуулахаар уг газрыг  гэрээгээр эзэмшиж байгаа. 23 жилийн хугацаа дуусаагүй, уг хугацаанд газрыг ойжуулах бүрэн боломжтой. Нэгэнт иргэний хувьд уг газрыг хашаалж, зориулалтын дагуу ашиглахаар гэрээгээ хийсэн байдаг. Мөн Өлгий сумаас 2 жилийн хугацаанд газрыг ойжуулах төлөвлөгөөг  баталж өгөөгүй, тухайн газрыг дэд бүтцээр хангаагүй байсан. Энэ жилээс нэхэмжлэгч ойжуулах ажлын төлөвлөгөө гаргаж, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Улаанбаатар хотод ирсэн, буцаад аймгийн төв дээр ирж ойжуулалтын компаниудтай  тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийж, урьдчилгаа төлбөрийг тохиролцон шилжүүлсэн нөхцөл байдал бас байна. Тэгэхээр  цаашид зориулалтын дагуу газраа ашиглах  санаа зорилготой юм.

4.6. Ж.П нь  2024 онд гарсан Өлгий сумын Засаг даргын захирамжаар газрыг хүчингүй болгосныг мэдээгүй. Захиргааны байгууллагаас мэдэгдэх, сонсгох, гаргасан шийдвэрийг хуульд заасан журмын дагуу танилцуулах, гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгөх зэрэг үүрээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийн хувиар нэхэмжлэгчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд яаж  оролцуулсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймагт оршин суудаггүй, хуульд зааснаар мэдэгдэх, тайлбар авах зэргээр хамтран ажиллаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг  үндэслэлтэй гэж үзнэ гэв.

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, Ж.П нь 2018 онд 6800 м2  газрыг “таримал ойн” зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатайг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан. Ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх, ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн  очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй, цахилгаан шугам татсан, хөрөнгө оруулалт хийгдээгүй хээр газар байсан тул Ж.Птэй утсаар холбогдож, 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 14:35 цагт газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж, сонсох ажиллагаа явуулсан болно. Сонсох ажиллагаа явагдсаны дараа нэхэмжлэгч газраа хуулийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаан, хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар ямар нэгэн тайлбар нотлох баримт гаргаж өгөөгүй юм. Нэхэмжлэгч эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдсэн боловч тайлбар нотлох баримт гаргааж өгөөгүй нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгө оруулалт хийгдээгүй болохыг нотолж байна. Мөн нэхэмжлэгчийн тухайн газрыг хүчингүй болгосон 2024 оны А/246 дугаар захирамжийг Засаг даргын ажлын алба 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13:55 цагт  утсаар холбогдож, мэдэгдсэний дараа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр биечлэн гардан авсан гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Саулешийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1.  Тухайн үед нэхэмжлэгч Ж.П нь эзэмшсэн газарт ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Ажлын хэсэг 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн эрх ашиг нь хөндөгдөх бүх хүмүүсээс тайлбар авч, зарим хүмүүс шалтгаантай байсан талаар, хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгч байсан. Гэхдээ Ж.Пгээс ямар нэгэн тайлбар, нотлох баримт ирээгүй. Нэгэнт хуулийн хугацаанд газраа ашиглаагүй учраас газар эзэмших эрхийг нь  хүчингүй болгосон гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангарын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1.  Ж.П нь анх газраа 2018 онд хүнээс худалдаж авсан. Уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл 6 жил газар нэхэмжлэгчийн нэр дээр байсан гэсэн үг. Хуульд зааснаар газрыг хэдэн жилээр олгосон ч хамаагүй 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгохоор зохицуулагдсан. 2024 оны 7 дугаар сард ажлын хэсгээс бүх хүмүүст утсаар  мэдэгдсэн, газар эзэмшигч нар ирж, холбогдох нотлох баримт, тайлбарыг ирүүлж байсан. Ж.Пгийн хувьд тухайн газарт цахилгааны шугам татсан, мөн гадаад улсад консулын газарт ажиллаж байгаа талаарх  шалтгаан тайлбараа ирүүлээгүй. 

7.2. Ажлын хэсэн тус газарт анх очиход ямар ч хашаа татагдаагүй, цахилгаан татагдаагүй, ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй, хоосон газар байсан учраас бид хүчингүй болгосон. Мөн хэргээс харахад, Монгол Улсад орж, гараад явж байсан нь харагдаж байсан. Тэр болгоныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзэх  нь үндэслэлгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар  Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн  нэхэмжлэгч Ж.Пд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 6800 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/113 дугаартай захирамж болон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000685329 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 28 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/  “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг  албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 33-т  нэхэмжлэгч Ж.Пд  газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээг  тусгажээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Өлгий сумын  Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60  дугаартай захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан,  ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний  өдрүүдэд хяналтын  улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар Ж.Пгийн эзэмшсэн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 6800 м2 газарт ойжуулалт хийгдээгүй, хашаа татаагүй гэх нөхцөл байдлыг тогтоосон байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид  ойжуулах зориулалтаар  эзэмшүүлсэн  6800 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд,  уг газрыг бүхэлд хашаалсан, харин ойжуулах зориулалтаар мод таригдаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”  гэж тус тус заасан.

8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

9. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай”  тогтоолын  1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..."  гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан  "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

 

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ... гэж заасан байна.

 

10. Нэхэмжлэгч Ж.Пд маргаан бүхий газрыг Өлгий сумын Засаг даргаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны эзэмшүүлсэн байх боловч дээрх байдлаар Өлгий сумын газрын даамлаас 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байх тул  энэ үеэс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол 2 жил газраа дараалан ашиглаагүй гэж үзнэ.

10.1. Гэтэл 2020 онд “Ковид-19” цар тахлын өвчин тархсан, үүнтэй холбоотой Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хууль батлагдсан, хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д зааснаар  энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.

Мөн эрх бүхий байгууллагаас Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор  улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд  дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

10.2. Мөн нэхэмжлэгч Ж.Пгийн нөхөр Г.Э нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын албанд тушаалд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон, уг албан тушаалд одоог хүртэл ажилладаг нь хэрэгт авагдсан Ж.П, Г.Э нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Б/138 дугаартай “Г.Эыг албан тушаалд томилох тухай” тушаал, Г.Эын 2022 оны 08 дугаар сараас 2026 оны 06 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал болон Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07а/1470, 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02-07а/1800 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Ж.Пгийн улсын хилээс нэвтэрсэн хугацааны талаарх лавлагаанаас үзэхэд, нэхэмжлэгчийн “миний нөхөр Г.Э нь төрийн алба хаах болсонтой холбоотойгоор гэр бүлээрээ хилийн чанадад  амьдрах болсон хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

 11. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшсэнээс хойш газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь  тогтоогдож  байх  тул  хариуцагчаас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй гэж үзлээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус  заасан.

Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан  нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.

13. Иймд газар эзэмшигч Ж.Пг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх  нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй  нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

14. Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны акт гарсныг нэхэмжлэгчид 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр утсаар холбогдож мэдэгдсэний дараа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг шийдвэрийг биечлэн ирж гардан авсан гэж тайлбарласан ба  энэ талаарх  2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Өлгий сумын Засаг даргын 2024/09/20-ны өдрийн А/246 дугаар бүхий захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гардуулсан баримт”-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3/182 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн.

Уг баримтын дэс дугаарын 20-д бүртгэгдсэн Ж.Пд холбогдох хэсгийг үзэхэд, баримтын “Захирамж гардуулсан он, сар, өдөр” гэсэн хэсэгт “2024 11/06” гэж он, сар, өдөр тэмдэглэгдэж, гарын үсэг зурсан, “Тайлбар” хэсэгт “2024.10.15 13:55 хүчингүй болсон з//г/а тухай мэдэгдсэн” гэж тэмдэглэгджээ.

Гэвч хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07а/1470 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.П нь  улсын хилээр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орж, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан нь тус тус бүртгэгджээ.

Уг нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.П нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирээгүй нь тогтоогдож байх тул “нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан” гэх хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч улсын хилээр 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан байх ба хариуцагч талын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэх тайлбар нь  үндэслэлтэй байж болох ч нэхэмжлэгчийг энэ өдөр уг шийдвэртэй танилцсан гэж үзэх нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ж.Пгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  Ж.Пд  холбогдох  хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

         

 

                           ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                           М.РИЗА