| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2017/00578/И |
| Дугаар | 210/МА2017/01462 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2017/01462
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2017/01462 |
Э.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Цэрэндолгорын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25463 дугаар захирамжаар Э.Цэрэндолгороос 79 963 024 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 80/8 дугаар 03 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4386/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/22 тоот тогтоолоор хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3433 тоот албан мэдэгдлээр ...орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 102 900 000 төрөгийн 70% буюу 72 074 116 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдэе... гэжээ. 102 900 000 төгрөгийн байрыг хэзээ, хэрхэн, ямар арга шалгуураар үнэлгээ тогтоосон нь мэдэгдэхгүй байна. Энэхүү байр нь байршил сайтай үнэ өндөртэй байгаа ба хүний орон сууцыг ингэж үнэ хямдруулан зарах нь хууль бус ба хууль мэддэг байсан бол хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнийн санал өгөх байсан. Үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Мөн 2017 оны 02 сарын 13-ны өдөр 3/5700 тоот албан мэдэгдлээр орон сууцыг Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 102 900 000 төгрөгийн 50 хувь буюу 51 450 000 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр оруулах болсныг мэдэгдье гэж дуудлага худалдаа явуулсан байна. Шүүхэд албадан дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааны дуудах доод үнийн асуудлаар шүүхэд хандан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дур мэдэн дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80/8 байрны 03 тоот 2 өрөө орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25463 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Цэрэндолгорын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 80/8 дугаар байрны 03 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Э.Цэрэндолгор үнийн санал өгөхгүй гэж бичгээр хүсэлтээ гаргасан тул үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д зааснаар шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг гаргуулсан. Шинжээчийн 102 900 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 72 074 116 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч Э.Цэрэндолгорт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг төлбөр төлөгч Э.Цэрэндолгорт мэдэгдсэн. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах, тогтоол гарч мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учраас хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Э.Цэрэндолгорын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 80/8 байрны 03 тоот, Улсын бүртгэлийн Ү-2205043107 дугаарт бүртгэгдсэн 77 м.кв 2 өрөө орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210 600 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4213 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Албадан дуудлага худалдааны дуудах анхны үнийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байхад орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь Нийслэлийи шийдвэр гүйцэтгэлийн албаны хууль зөрчсөн үйлдэл байхад шүүх хуульд нийцсэн байна гэж үзсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Цэрэндолгорын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 80/8 дугаар 03 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 102 900 000 төрөгийн 70% буюу 72 074 116 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас оруулсаныг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.Цэрэндолгор нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/03890 дүгээр захирамжийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2697 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Э.Цэрэндолгороос 89 682 024 төгрөг гаргуулан төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгох ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 146/138 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80/8 байр, 3 тоот, 77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/22 тоот тогтоолоор хураажээ /хх-ийн 32-33/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Мөнх-Оргил трейд ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Мөнх-Оргил трейд ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр орон сууцыг 102 900 000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 72 074 116 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Э.Цэрэндолгорт хүргүүлснийг тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурсан байна. /хх-39/
Нэхэмжлэгч Э.Цэрэндолгор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч орон сууцны үнэлгээг доогуур тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2/33 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 72 074 116 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Э.Цэрэндолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбект хүргүүлснийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаарджээ.
Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/11 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг шинжээчийн тогтоосон үнэ болох 102 900 000 төгрөгийн 50 хувь болох 51 450 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.
Дээр дурдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Цэрэндолгорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд үнийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байхад орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Н.БАТЗОРИГ