| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0292/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Дэлгэр овогт Бат-Өлзийгийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810002640361 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-37 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинаар таксинд явж байгаад үйлчлүүлэгч Г.Отэй төлбөр тооцооноос болж маргалдан, машинаас бууж амжаагүй байхад хөдлөн хөлийг нь чирж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэлд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б: “...Нисэх буудлын урдаас хоёр хүн такси бариад Сонсголонгийн замаар 5-6 км явсан. Тэгээд нөхөр нь надад 5.000 төгрөг өгсөн ба 3.000 төгрөг гардаг газар яагаад 5.000 төгрөг авах гээд байгаа юм бэ, хариултыг нь авна гээд урд талын хаалга руу дайраад ороод ирсэн. Миний араас эхнэр нь хүзүү маажаад байсан. Тэгэхэд нь би хөдлөөд явахад хүн аллаа шүү дээ, зогсооч гэхээр нь зогсоход хөлийг нь чирсэн гэсэн. Тухайн хоёр үйлчлүүлэгч согтуу байсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой би нөхөр Булганы хамт найзтайгаа уулзчихаад гэртээ харихаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн байрны буудал дээрээс такси барьсан. 93-37 УНУ улсын дугаартай, буруу талдаа жолооны хүрдтэй, бор шаргал өнгийн Приус-20 маркийн машин байхаар нь нөхөр бид хоёр арын жолоочийн суудалд суугаад Нисэх рүү гэрийн гадна хүргүүлсэн. Тэгээд таксины мөнгө хэдэн төгрөг гарсан талаар нь асуухад 7000 төгрөг гэж таксины жолооч хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр яалаа гэж 7000 төгрөг гардаг юм бэ, 5000 төгрөг байхад хангалттай гэж хэлээд түүнд 5000 төгрөгийг өгөөд машинаас хоёр талынхаа хаалгыг онгойлгоод буух гэтэл тэр жолооч буулгахгүй, та хоёрыг цагдаад өгнө гээд хөдлөөд явсан. Тэр үед нөхөр бууж үлдээд би баруун талынхаа хөлийг татаж авч чадахгүй чирэгдэх үедээ “машинаа зогсоогооч, хүн аллаа шдээ” гэж хэлээд араас нь үс, хувцас, гарт тааралдсан зүйлсээс нь татаж, зулгаасан. Тэр залуу машинаа зогсоохгүй гэрийн үүднээс намайг чирч явсаар байгаад Оргил худалдааны төвийн үүдэнд зогссон. Тэр үед нь баруун хөлөө татаж авсан. Хөдөлгөөн дунд нь би татаж авч чадахгүй байсан...” /хх-ийн 14-17/ гэсэн,
Гэрч Ц.Булган мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Нисэхийн байрны буудлаас урагш 3 замын уулзвар орчмоос гар өргөж такси барихад хүрэн бор өнгийн Приус-20 маркын 93-37 УНУ улсын дугаартай автомашинтай 25-30 орчим насны эрэгтэй ирж зогссон. Эхнэр бид хоёр тухайн машины хойд талд нь суугаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 9 дүгээр гудамжинд очоод хэдэн км гарсныг хараагүй тэгсэн чинь тухайн машины жолооч 6500 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би 5000 төгрөг өгөөд болноо гэхэд 1,500 төгрөг өг гэхээр нь манай эхнэр тоглоод харин чи 1,500 төгрөг хариулж өгөх юм биш үү гээд намайг машинаас буух үед машин хөдлөөд явсан. Тэр үед би хальтирч унахад миний баруун хөлөн дээгүүр тухайн машины арын дугай гараад, манай эхнэрийн баруун хөлийг чирээд явчихсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Шинжээч М.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Оюун-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан...” /хх-ийн 28/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Нисэхийн Янгир хайрхан дэлгүүрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн аваад Сонсголонгийн гүүрний шороон замаар уруудаад Яармагийн 7 дугаар гудамжинд ирээд нөгөө хоёр хүний явсан км-ыг харахад 6,5 км явсан. Тэгтэл эрэгтэй нь 5,000 төгрөг өгөх гэтэл 3,500 гардаг газар яахаараа 5,000 төгрөг өгч байгаа юм бэ гэхээр нь би цагдаа дуудна гэтэл эмэгтэй нь чихнээс зулгаагаад эрэгтэй нь зөв талын урд хаалгаар ороод ирэхээр нь би айсандаа гэрэлтэй газар очоод цагдаа дуудья гээд хөдлөөд явчихсан. Тэгээд Оргил худалдааны төвийн гадаа ирээд дуудлага өгсөн. Тэр үед би нөхрийг нь буулгаж үлдээчихээд эхнэрийг нь аваад явчихсан. Тэгээд эргээд очтол нөхөр нь гэх эрэгтэй хөл дээгүүр машин гарсан бол юу гэж чи бүрэн бүтэн байдаг юм бэ гээд босоо гэтэл зүгээр босоод явчихсан...” /хх-ийн 45-46/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1753 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Оюун-Эрдэнийн биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн,
Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №272 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн 93-37 УНУ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
21.2 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлэх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг...” /хх-ийн 37-38/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-54/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-37 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад үйлчлүүлэгч Г.Отэй төлбөр тооцооноос болж маргалдан, машинаас бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хөлийг нь чирж, биед нь баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Оюун-Эрдэнийн “...Таксины жолоочид 5000 төгрөгийг өгөөд машинаас хоёр талынхаа хаалгыг онгойлгоод буух гэтэл тэр жолооч буулгахгүй, та хоёрыг цагдаад өгнө гээд хөдлөөд явсан. ...Тэр залуу машинаа зогсоохгүй гэрийн үүднээс намайг чирч явсаар байгаад Оргил худалдааны төвийн үүдэнд зогссон. Тэр үед нь баруун хөлөө татаж авсан. Хөдөлгөөн дунд нь би татаж авч чадахгүй байсан...” /хх-ийн 14-17/ гэсэн,
Гэрч Ц.Булганы “...Машины жолооч 6500 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би 5000 төгрөг өгөөд болно гэхэд 1,500 төгрөг өг гэхээр нь манай эхнэр тоглоод харин чи 1,500 төгрөг хариулж өгөх юм биш үү гээд намайг машинаас нь буух үед машин хөдлөөд явсан, ...манай эхнэрийн баруун хөлийг чирээд явчихсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Шинжээч М.Золжаргалын “...Оюун-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан...” /хх-ийн 28/ гэсэн,
Шүүгдэгч Б.Бын “...2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Нисэхийн Янгир хайрхан дэлгүүрээс хоёр хүн аваад Сонсголонгийн гүүрний шороон замаар уруудаад Яармагийн 7 дугаар гудамжинд ирээд нөгөө хоёр хүний явсан км-ыг харахад 6,5 км явсан. Тэгтэл эрэгтэй нь 5,000 төгрөг өгөх гэтэл 3,500 гардаг газар яахаараа 5,000 төгрөг өгч байгаа юм бэ гэхээр нь би цагдаа дуудна гэтэл эмэгтэй нь чихнээс зулгаагаад эрэгтэй нь зөв талын урд хаалгаар ороод ирэхээр нь би айсандаа гэрэлтэй газар очоод цагдаад дуудья гээд хөдлөөд явчихсан. Тэгээд Оргил худалдааны төвийн гадаад ирээд дуудлага өгсөн. Тэр үед би нөхрийг нь буулгаж үлдээчихээд эхнэрийг нь аваад явчихсан...” /хх-ийн 45-46/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1753 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Оюун-Эрдэнийн биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн,
Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №272 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн 93-37 УНУ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
21.2 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлэх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 37-38/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-н баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 70/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс Б.Батболор-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэлгэр овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810002640361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.О гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР