Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

Г.*******, Г.*******, И.******* нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах, Н.Наранцэцэг /цахим/

Шүүгдэгч И.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч А.Мөнхбат /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор Г.*******, Г.*******, И.******* нарт холбогдох эрүүгийн 2331000160192 дугаартай, 175/2024/0116/Э/208/2024/0092 индекстэй, 5 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. овогт ийн *******, Монгол Улсын иргэн, *****оны **** дугаар сарын ****ны өдөр Улаанбаатар хотод төрсөн **** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, ********** ХХК-нд ********** ажилтай, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот *********й дүүрэг **** хороо ******** мянгатын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:**********)

2. овогт гийн *******, Монгол Улсын иргэн, ********* оны ****** дугаар сарын ********-ны өдөр Ховд аймаг, Жаргалант суманд төрсөн ****** настай, ****эгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь ****** газрын **************** ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар багийн **** дугаар хэсэг, *** дүгээр байр **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. (РД:******) урьд

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн.

3. Хиад овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн **** настай, *****эгтэй, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь ****** газрын ***** ***** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** дугаар багийн **** дугаар байр **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*********)

1.Шүүгдэгч Г.******* нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж ээлжийн бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, албан үүргээ гүйцэтгэх үедээ 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 07 минутад “Их мэргэд оч” ХХК-ийн эзэмшлийн 12.000 ширхэг Нано бальзам нэртэй бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлэж явсан, О. жолоочтой ******* УБМ улсын дугаартай “Mitsubishi Canter” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж, гаалийн татвар төлүүлэхгүй байхын тулд гаалийн улсын байцаагч И.*******ид “..Энэ машин Видү рүү явж байгаа машин байгаа юм. Та энэ хяналтын хуудас дээр тэмдэг дараад өг” гэж хууль бус үүрэг өгч тус тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын хуудсанд гарын үсэг зуруулж, гаалийн улсын байцаагчийн тэмдэг даруулан улмаар нийт 8,469,143 төгрөгийн татварыг төлүүлэлгүйгээр гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэн гаргаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр “Их Мэргэд оч” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон.

 2.Шүүгдэгч И.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллах ээлжийн бүрэлдэхүүнд 104 буюу орох хэсгийн гаалийн улсын байцаагчаар ажиллаж, албан үүргээ гүйцэтгэх үедээ О. жолоочтой ******* УБМ улсын дугаартай “Mitsubishi Canter” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч Г.*******гаас “..Энэ машин Видү рүү явж байгаа машин байгаа юм. Та энэ хяналтын хуудас дээр тэмдэг дараад өг” гэж хэлсний дагуу тус тээврийн хэрэгслийг шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж, татвар төлүүлэх албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр гаалийн хяналтын хуудсанд гарын үсэг зурж, гаалийн улсын байцаагчийн тэмдэг даруулан улмаар нийт 8,469,143 төгрөгийн татварыг төлүүлэлгүйгээр гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэн гаргаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр “Их Мэргэд оч” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон.

3.Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Б.Өнөболдын баталсан тус Гаалийн газрын улсын байцаагч нарын 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллах ажлын хуваарийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 09 цаг 00 минутаас 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутын хооронд Алтанбулаг боомтод ажиллах ээлжийн бүрэлдэхүүнд Гаалийн улсын ахлах байцаагч Н.ын удирдлага дор гаалийн улсын байцаагчийн албан үүрэг гүйцэтгэж хоноод үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний ээлж солигдсон байх үед буюу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Тийр буюу том оврын ачааны машины судалгаа гаргах нэрийдлээр бүртгэлийн ажилтан болох гаалийн улсын байцаагч Б.*******гийн албаны компьютерын ард сууж улмаар О.ийг бүртгэлийн хэсэгт ирэх үед нь түүний бичиг баримтыг бүртгэхгүйгээр явуулж Гаалийн улсын ахлах байцаагч Г.*******, гаалийн улсын байцаагч И.******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж ******* УБМ улсын дугаартай “Mitsubishi Canter” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж, улмаар Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу явах чиглэлийн замд ******* УБМ улсын дугаартай “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийн араас очиж, жолооч О.т байсан И.*******ийн гарын үсэг зурж, тэмдэг дарсан гаалийн хяналтын хуудсыг өөртөө авч устган “Их мэргэд оч” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

И.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ургийн овгийн ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ургийн овгийн гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

-Шүүгдэгч ургийн овгийн ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг. бүрэн эрх. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч ургийн овгийн ийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч ургийн овгийн гийн *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж. таван мянган найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,800,000 /таван мянга найман зуу/ төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч ургийн овгийн ын *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8,1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянган найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,800,000 /таван мянга найман зуу/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч И.*******, Г.******* нарт тус бүр оногдуулсан таван мянган найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,800,000 /таван мянга найман зуу/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 20 /хорь/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолон,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, И.*******, Г.******* нарын ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдан,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,    ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.*******ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор И.*******ийг Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасныг зөрчсөн гэжээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар И.******* нь албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тодорхой бус, хууль зүйн фактын эхлэл, үргэлжлэл, төгсгөл нь  хэрхэн явагдсан нь баримтаар тогтоогдоогүй юм.

...Гаалийн улсын байцаагч И.******* нь тухайн цаг хугацаанд гаалийн бүртгэлийн системийн алдаатай, хяналт тавих боломжгүй, Алтанбулаг боомтын бүтээн байгуулалттай холбоотойгоор гаалийн хяналт шалгалт явуулах нөхцөл байдалд хүндрэл учирч байсан нь гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Түүнчлэн дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн болно.

Анхан шатны шүүх Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн “...гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгох” гэснийг зөрчсөн гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар И.******* нь гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийх үндэслэлгүй, татвараас зайлсхийлгэх, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй огт байгаагүй нь тогтоогдсон. Гаалийн улсын ахлах байцаагч Г.*******гийн өгсөн үүргийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй, өөрөөр хэлбэл гаалийн улсын байцаагчийн өдөр тутмын хийх ажил үүргийн агуу хяналт шалгалтыг явуулж байсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.******* нь нэр бүхий хүмүүсийн хэнтэй нь ямар харилцаа холбоотой байсан болохыг тогтоолгох талаар удаа дараа гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй, шалгаж тогтоогоогүй атлаа гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлд гэмт хэргийг хамтран үйлдэх, гэмт хэрэгт оролцсон оролцоог хуульчилсан ба анхан шатны шүүх ерөнхий ангийн дээрх зүйл заалтыг журамлахдаа И.******* ямар учраас энэ гэмт хэрэгт хамтран оролцогч болсныг шийтгэх тогтоолоор огт дүгнээгүй, татварыг төлүүлэлгүй гаалийн хяналтын бүсээс шалгалтгүйгээр гаргасан үйлдэлдээ санаатай хандсан гэсэн нь тогтоогдохгүй байна.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/ 253 тоот тушаалаар “Видү” гаалийн хяналтын бүсийн төрлийг өөрчлөх тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн А/18 дугаартай Гаалийн ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын даргын “Гаалийн хяналтын бүсүүдийн хяналт, шалгалтын зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тушаалуудыг И.******* зөрчсөн эсэхийг огт шалгаж тогтоогоогүй, баримтаар нотлогдохгүй байна.

И.*******ийг буруутгахдаа гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн дүрмийн заалтуудыг үндэслэл болгосон нь түүнд эрүүгийн хариуцлага бус сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн боломжтой байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоолоор хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар.

И.*******ийн гэм буруутай эсэхийг шүүхээр хянан хэлэлцэхэд нотлох баримт хангалтгүй, хяналтын прокурорт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг шүүхээс хангасан боловч үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.*******ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:            

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг Г.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Г.******* нь ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

...Шүүгдэгчийг дээрх нотлох баримтуудыг үндэслэл болгон гэм буруутай гэж шүүх үзсэн боловч хэрэгт авагдсан олон тооны бусад цагаатгах талын нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байгаа талаар болон хэрэгт авагдсан ямар баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгааг дурдаагүй, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авахгүй байгаа үндэслэлээ шүүхийн шийдвэрт бичээгүй, шүүх хуралдааны шатанд талуудын мэтгэлцээний явцад хэргийн бодит байдал тогтоогдоогүй буюу зөвхөн жолооч О. гаалийн бүсэд орж ирээд гарч байгаа үйл байдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг шүүх хэргийн бүрдэл хангагдсан мэтээр дүгнэж өмгөөлөгч нарын хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийсэн дүгнэлтийг хүлээж аваагүй нь хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Жолооч О. улсын хил нэвтрэхээс өмнө хэнтэй, юу ярилцаж, хэний олгосон давуу байдлаар ачаатай автомашин эхний гаалийн бүсээс нарийн хуудсаа авсан мөртлөө дараагийн Виду гаалийн бүс болон Улаанбаатар хотын гаалийн газарт очиж гаалийн мэдүүлэг хийгдээгүй үйл байдлыг анхнаасаа шалгаагүй нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой төдийгүй Г.*******ын тухайд ажлаас буусны дараа өөр гаалийн талбайд тирийн мэдээ гаргах зорилгоор очсон үйл байдлыг, нотолгооны ач холбогдолгүй баримтуудаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэх боломжгүй юм.

Гэрч О.ийн мэдүүлэгт “...2022.07.23-ны өдөр 09 цагийн үед ОХУ-аас нано бальзам гэх нэртэй 1200 ширхэг барааг өөрийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Монгол улсын хилээр орж ирэхэд Орос талаас гаалийн бүрдүүлэлтийг бэлдсэн байсан. Тэгээд Б. руу би ОХУ-ын нутаг дэвсгэрт байхдаа утсаар залгаад би хил дээр байна гэж хэлсэн. Удалгүй нэг дугаараас эрэгтэй хүн залгаад хилээр орж ирж байна уу? намайг ярьтал хүлээж байгаарай гэж хэлсэн тэгэхээр нь би хилийн бүс дээр 5-10 минут хүлээж байсан чинь нөгөө эрэгтэй хүн миний дугаар руу залгаад за ороорой гэж хэлэхээр нь би машинтайгаа орсон. Тэгээд орсон чинь Хилийн цэргийн алба хаагч нарийн хуудас дээр тамга дарсны дараа боомтын үүдний постон дээр нарийн хуудсаа аваад очсон. ...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орж ирээд 10 гаруй км явж байтал араас цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан байхаа сигналдаад байсан тэгэхээр нь зогссон чинь биерхүү бор царайтай хар хөх куртиктэй нэг эрэгтэй хүн бууж ирээд нарийн цагаан хуудсаа өг гэхээр нь би цагаан хуудсаа өгсөн. Тэгээд УБ хот уруу явсан” гэх мэдүүлгээс үзэхэд жолоочийг хил дээр ирэхэд хэн утсаар ярьж асуудлыг зохицуулж байгааг шалгаж тогтоогоогүй, Б. нь жолоочтой ямар ч холбоогүй, яриагүй талаар зөрүүтэй мэдүүлж байхад шалгалтын ажиллагаа огт хийгээгүй, манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд импортлогдсон суудлын авто машины 47 хувь приус 30 маркийн автомашин байхад тухайн автомашиныг нотлох баримтгүйгээр зөвхөн Г.*******ын автомашин гэж үзсэн нь учир дутагдалтай байгаа, гэрч Б.*******гийн мэдүүлэгт “...Би *******гаас ачаатай машин орж ирсэн үү гэж асуухад ирж бүртгүүлээгүй байна. Дараа нь хяналтын камераас шүүж үзэхэд өглөө 09.00 цагийн үед ахлах байцаагч Г.*******гаас үүрэг аваад өрөөндөө орж ирэх үед ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ОХУ-аас орж ирээд бүртгэл хийлгэхээр зогсдог талбай дээр орж ирээд бүртгэл хийлгэхээр орж ирээд зогссон юм байна лээ. Намайг ахлах байцаагчийн өрөөнөөс гаалийн мэдүүлгийн хуудас авах тэр үед тэр жолооч машин уруугаа алхаад явж байгаа дүрс бичлэг камерт бичигдсэн байсан. Саis програмд дээрх тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж чадаагүй. Жолооч нар өөрсдөө ирж бүртгэлээ хийлгэх ёстой байдаг” дурдагдсан ба Г.******* нь тухайн өдөр 302 буюу бүртгэл хариуцсан гаалийн байцаагчаар ажиллаж байгаагүй, түүнчлэн жолооч нар өөрсдөө ирж бүртгүүлэх үүрэгтэй атал Г.*******ыг бүртгээгүй явуулсан гэж буруутгасан нь эргэлзээтэй, гэрч Ж.*******гийн мэдүүлэгт “...өглөө ажил дээр ирэхэд ахлах байцаагч намайг пүүний байцаагчаар, Б.*******г 302 буюу бүртгэлийн байцаагчаар хувиарилсан. Би анх удаагаа пүүний байцаагчаар гарч байна гэхэд ахлах байцаагч чамд ******* заагаад өгнө гэж хэлсэн, тэгээд ******* ******* нар түрүүлээд бүртгэлийн байр руу явсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд ******* нь *******гийн ажил дээр компьютер дээр автомашин бүртгээд сууж байсан бөгөөд ******* хажууд нь зогсож байсан. Тэгтэл ******* нь гаалийн мэдүүлэх хуудас авахаар явчихаад удалгүй ирсэн” дурдсанаар тухайн үед 302 буюу бүртгэлийн өрөөнд Г.*******ын хувьд ганцаараа байгаагүй Б.*******г гарч явахад Ж.******* пүүний байцаагч байсан, маргаан бүхий ******* УБМ автомашиныг хараагүй гэж Ж.******* мэдүүлсэн байхад компьютерээс Тирийн мэдээ авахаар сууж байсан Г.******* жолоочийг харах ч боломжгүй байсныг шүүхээс анхаарч үзээгүй.

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр гэрч Г.*******ыг шууд заасан гэх боловч ахлах Г.*******гийн өрөөнд Г.*******ын хувьд Тирийн мэдээ авахаар орохдоо санаандгүй буюу өөрөөс ахмад настай И.*******ийг цагаан хуудас өгчих гэж хэлсний дагуу жолооч О.т нарийн цагаан хуудас өгснийг тухайн үед жолооч Г.*******ыг анх удаа харсан, огт танихгүй гэдгээ илэрхийлсэн ба өмнө нь нарийн цагаан хуудас авахдаа харсан хүнээ хэлсэн байх боломжтой байтал эргэлзээгүй шууд таньсан мэтээр дүгнэсэн нь эргэлзээтэй төдийгүй Гаалийн Ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/07 дугаар “Алба хаагчдад ажил үүрэг хариуцуулах тухай” тушаалаар гаалийн улсын байцаагч Г.*******ыг 1. Ата, Тир карнейн бүртгэл хөтлөх, холбогдох конвенц, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. 2. Холбогдох мэдээ гаргах, 3. Тир хяналтын тэмдгийг хариуцах гэж заасан чиг үүргийнхээ дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 21.00 цагаас 07 дугаар сарын 23-ны 09.00 цагт хүртэл Алтанбулаг боомт дээр Н. ахлахын удирдлага дор хуваарийн дагуу ажиллаж байсан, мөн Гаалийн улсын ахлах байцаагч Ө.Амаржаргалын өгсөн үүргийн дагуу гаалийн боомт дээрх 2 ширхэг бүртгэлийн компьютер буюу 302 Б.*******гийн өрөөнд тирийн мэдээ гаргах гэж очиход тухайн мэдээлэл замбараагүй байсан тул давхар Ж.******* байцаагчид пүүний байцаагч юу хийх талаар зааж, ахлахын өрөөнөөс тирийн мэдээ авахаар очсон энэхүү үйл байдлыг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхэд Г.*******ын зүгээс нотлох баримтаар Г.******* ахлахын тирийн мэдээ ирүүлсэн имэйл болон Г.******* [email protected] хаягаар хүлээж авсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд дээрх хэрэгт цугларсан болон прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй нотолсон үйл байдал бүрэн тогтоогдоогүй байхад өөр бусад баримтуудыг үндэслэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” уг хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын 22 дахь хуудсанд хэрэгт хамааралгүй буюу Г.*******ад холбогдох эрүүгийн хэргийн талаар дурдаж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй талаар дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж өөр этгээдийн гэмт хэргийн талаар оруулсан нь ойлгомжгүй буюу шүүх уг эрүүгийн хэрэгт хэрхэн ямар байдлаар хандаж шийдвэрээ гаргасан нь тодорхой харагдаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.*******ыг гүйцэтгэгч гэж үзсэн нь эргэлзээтэй бөгөөд нэг өрөөнд хаалганы ойрхон зогсож байсан Г.*******од гаалийн байцаагч И.*******оос гаалийн нарийн хуудсыг хаалганы цаад талд байгаа хүндээ дамжуулаад өгчих гэх гуйлтын дагуу жолоочид дамжуулснаараа гэмт хэрэг санаатай үйлдэж гэмт хэргийн гүйцэтгэгч төдийгүй хамтран оролцсон гэх үйлдэлд хамааралгүй тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Г.*******г “Их мэргэд оч” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон буюу 8.469.143 төгрөгийн татварыг төлүүлэлгүйгээр гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэн гаргасан, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэж буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1- р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял халдаасан байна.

Мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүх 2022 оны 07-р сарын үед Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг гаалийн боомт тухайн үед гаалийн хяналт шалгалт, татвар төлүүлэлт хаана явагдаж, нөхцөл байдал ямар байсан, хяналт шалгалт хийх, татвар ногдуулах эрх нь гаалийн ямар байцаагчид байсан эсэх, “Их мэргэд оч” компани гаалийн хяналт, татвараас зайлсхийх үйлдэлд нь шүүгдэгч Г.*******гийн оролцоо, шалтгаант холбоо байгаа эсэхийг хууль зүйн үндэслэлтэй шалгалт, хяналт, шийдвэрлэлт хийлгүйгээр ял халдаасан нь учир дутагдалтай байна.

Энэхүү эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйл, 1.15-р зүйл, 16.2 -р зүйл, 16.3-р зүйлүүдийг хэргийг шийдвэрлэхэд анхаарч үзнэ үү хэмээн өмгөөлөгчийн мэтгэлцсэнийг шүүхээс ямар нэг байдлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Хавтаст хэргийн материалтай танилцаад, өмгөөлөгч нарын мэтгэлцэж буй хууль зүйн үндэслэл зэргийг дүгнэн бодоход шүүгдэгч Г.*******гийн тухайн эрүүгийн хэрэгт холбогдож байгаа үндэслэл нь гэмт хэргийн шинжгүй ба түүнд ял халдаасныг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч И.*******ийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... И.*******ийг гэм буруутайг гэмт санаа нь ямар нотлох баримтаар тогтоогоод байгааг прокурор ч нотлоогүй. Шүүх дээр ч үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тийм учраас И.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгч нарын яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр ялласан. Өөрөөр яллах нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ялангуяа Г.*******, И.******* нар Г.*******ын жолоочоос нарийн хуудас авсан үйлдэлдээ ямар шалтгаант холбоотой вэ?. Энэ талаар хавтаст хэрэгт огт авагдаагүй, шалгагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд учир дутагдалтай байна шалгуулъя гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж тайлбар, хүсэлт гаргасан. Уг үндэслэлийг шүүх хүлээж аваагүй. ... яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол өөрөө үндэслэлгүй гарсан гэх тайлбарыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.... уг хэрэгт И.*******, Г.******* нартай Г.******* үйлдлээрээ санаатай хэрхэн нэгдсэн бэ? үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэж байгаа бол гүйцэтгэгчийнхээ хувьд ямар идэвхтэй үйлдэл хийсэн бэ гэдгийг шүүх өөрөө тогтоож өгөх үүрэгтэй. Идэвхтэй санаатай үйлдэл гэдэг нь тодорхойлогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан нөхцөлүүдийг хангалттай зөрчих үндэслэл болчихоод байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.*******од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзээд байгаа нь үндэслэлгүй.  Тийм учраас Г.******* нь гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн И.******* өөрөөс ахмад настай хүнд цагаан хуудсыг дамжуулж өгсөн үйлдлээрээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэл болж байгаа нь учир дутагдалтай байна. Тийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж, Г.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд  дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******, Г.*******, И.******* нарт холбогдох эрүүгийн 2331000160192 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

3.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Г.*******, Г.*******, И.******* нар нь дээрхи гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

- Гэрч О.ийн “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед ОХУ-аас нано бальзам гэх нэртэй 1,200 ширхэг барааг өөрийн ******* УБМ улсын дугаартай Мицүбиши кантер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Монгол Улсын хилээр орж ирэхэд Орос талаас гаалийн бүрдүүлэлтийг бэлдсэн байсан. Тэгээд Б. руу би ОХУ-ын нутаг дэвсгэрт байхдаа утсаар залгаад “би хил дээр ирж байна” гэж хэлсэн. Удалгүй нэг дугаараас эрэгтэй хүн залгаад “хилээр орж ирж байна уу? намайг ярьтал хүлээж байгаарай” гэж хэлсэн тэгэхээр нь би хилийн бүс дээр 5-10 минут хүлээж байсан чинь нөгөө эрэгтэй хүн миний дугаар луу утсаар залгаад “за ороорой” гэж хэлэхээр нь би машинтайгаа орсон. Тэгээд орсон чинь Хилийн цэргийн алба хаагч нарийн хуудсан дээр тамга дарсны дараа боомтын үүдний постон дээр нарийн хуудсаа аваад очсон. Тэгээд тамга дараад ямар ч гаалийн үзлэг шалгалт хийлгүйгээр явуулсан. Би хилийн бүсээс гараад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орж ирээд 10 гаруй км явж байтал араас цагаан өнгийн суудлын машин /приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан байхаа би сайн санахгүй байна/ сигналдаад байсан тэгэхээр нь зогссон чинь биерхүү бор царайтай хар хөх куртиктэй нэг эрэгтэй хүн бууж ирээд нарийн цагаан хуудсаа өг гэж хэлэхээр нь би цагаан хуудсаа өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу явсан.  Удалгүй 2 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас нэг эмэгтэй утсаар яриад “Та ******* УБМ улсын дугаартай машины жолооч мөн үү? Яагаад гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр хилээр орсон юм бэ?” гэхээр нь би тэрийг мэдэхгүй байна Б. гэж хүн мэднэ гэж хэлсэн чинь “намайг ирж уулз” гэсэн. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын байцаагчтай ирж уулзсан чинь Гаалийн ерөнхий газар луу шилжүүлнэ гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би Улаанбаатар хот руу буцсан. Тэгээд би Б. руу утсаар ярьж хэлсэн чинь “би зохицуулна” гэж хэлж байсан. Тэрнээс хойш яриагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126/

- Гэрч Б.гийн “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод гаалийн улсын ахлах байцаагчаар Г.*******, гаалийн улсын байцаагчаар И.*******, Б.*******, Б.*******, Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй ажиллах хуваарьтай байсан. Тус алба хаагчдаас 302 буюу орох тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэгт гаалийн улсын байцаагч Б.*******, пүүний гаалийн улсын байцаагчаар Ж.******* нар ажиллаж байсан. ******* УБМ улсын дугаартай Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр орж ирэхэд эхлээд гаалийн улсын байцаагч Б.******* бүртгэх үүрэгтэй.

Хэрэв импортын ачаатай тохиолдолд гаалийн улсын байцаагч Ж.******* бүртгэж, пүүгээр жинг тодорхойлох үүрэгтэй. Дараагийн хяналтын хэсэг болох 104 буюу гаалийн хяналтын хэсэгт гаалийн улсын байцаагч И.*******, Б.******* нар хуваарийн дагуу тээврийн хэрэгслийг шалгаж хяналт тавих үүрэгтэй ажиллаж байсан. Ажил үүргийн дагуу гаалийн улсын байцаагч Б.******* нь ******* УБМ улсын дугаартай “Мицүбиши кантер” маркийн тээврийн хэрэгслийг бүртгэсэн бол шууд программаар гаалийн улсын байцаагч И.*******, Б.******* нарын аль нэг дээр нь хуваарилагдах ёстой. Гэтэл 302 буюу хилээр орох хэсэгт бүртгээгүй учир гаалийн хяналтад авагдаагүй учраас хяналт шалгалтгүй шууд дараагийн хэсэг рүү очсон байсан. Уг нь бол И.******* ажлаас хоцорч ирсэн ч гэсэн тээврийн хэрэгслийг шалгах үүрэгтэй. Мөн гаалийн улсын байцаагч Б.******* нь И.*******ийг байхгүй байсан ч гэсэн давхар хяналтаа тавьж ажиллах ёстой.

 Ингээд дараагийн хэсэг буюу 103 дээр гаалийн улсын ахлах байцаагч Г.******* үүрэг гүйцэтгэж байсан. Г.*******гийн ажил үүргийн хуваарьт орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг олгох ёстой. Мөн гаалийн цахим систем саis программ дээр гаалийн улсын ахлах байцаагч Г.******* нь гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг өгөх ёстой. Гэтэл 302 буюу гаалийн орох хэсэг, 104 буюу гаалийн хяналт шалгалтыг хэсгээр бүртгэл, хяналт шалтгалгүйгээр нэвтэрч орж ирсэн ******* УБМ улсын дугаартай “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг буцааж зөрчлийг арилгуулах үүрэгтэй байсан гэтэл хууль болон түүнд нийцүүлсэн эрх зүйн актыг зөрчиж уг тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс зөвшөөрөл өгч гаргасан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169-170/,

- Гэрч Ц.******* “...Алтанбулаг боомт нь ОХУ руу гарах, орох ирж байгаа зорчигч бараа тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийж Улсын хилээр нэвтрүүлэх үүрэг бүхий албан хаагчид ажилладаг. Салбарын эрхлэгч буюу хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нь хуваарилалт хийдэг. Энэ хуваарийн дагуу гаалийн улсын байцаагч нар нь тухайн ажлын байрны технологи ажиллагааны зааварчилгаа болон ажлын байрны чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллана. ...Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/253 дугаартай тушаалаар “Виду” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд төрөл бүрийн барааг ачих буулгах зориулалттай болгож өөрчилсөн. Ингэснээр Алтанбулаг боомтод гарч байгаа хүндрэлийг арилгаж гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг “Виду” ХХК-д шилжүүлж, Алтанбулаг боомтын хувьд ОХУ руу орох, гарах бараа, тээврийн хэрэгслийг бүртгэж нэвтрүүлэх байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагааг нь зохион байгуулсан.

Нэгдүгээрт: Транзит ачааны тухайд дагалдах бичиг баримтыг үндэслээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийж Улсын хилээр нэвтрэх дамжин өнгөрөх манифестын хаалт хийж Улсын хилээр гаргана эсвэл ийм төрлийн манифест бичиж дараагийн хил нэвтрэх боомт руу гаалийн хяналтад илгээнэ.

Хоёрдугаарт: Гарах чиглэлд экспортын ачаатай тээврийн хэрэгсэл ирэхэд гүний гаалийн мэдүүлгийг үндэслэн биет шалгалтыг хийж хуваарилагдсан гаалийн улсын байцаагч сүлжээ буюу гаалийн цахим систем /Сias/-д зөвшөөрч түүнийг ахлах байцаагч баталгаажуулснаар улсын хилээр гарах эрх үүснэ.

Гуравдугаарт: Орох чиглэлд импортын ачаатай нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч бүртгэж тухайн гаалийн газарт бүрдүүлэлт хийх тохиолдолд хүрэх хяналтын бүс рүү /Виду/ хуваарилж гаалийн хяналтад авна. Ингэснээр тээврийн хэрэгслийг гаалийн цахим систем /Сias/-д орох бүртгэл үүсдэг. Ингээд Гаалийн улсын ахлах байцаагч нь дээрх бүртгэлийг шалгаж хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг системээс өгнө. Тэгээд тухайн ачаатай тээврийн хэрэгсэл Алтанбулаг боомтоос “Виду” хяналтын бүс рүү очих эрх нээгдэх юм. Өөрөөр хэлбэл хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг гаалийн улсын ахлах байцаагч өгнө...” гэх /3-р хх-ийн 148-149/ зэрэг мэдүүлэг болон Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01- 2/3345 дугаартай албан бичиг,  2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн  мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-95/ болох хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Түүнчлэн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод  гаалийн улсын ахлах байцаагчаар Г.******* ажиллаж ээлжийн бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, гаалийн улсын байцаагчаар И.*******, Б.*******, Б.*******, Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй ажиллах хуваарьтай ажиллажээ.

Гаалийн хяналтын  орох тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэг буюу 302 гаалийн улсын байцаагч Б.*******, пүүний гаалийн улсын байцаагчаар Ж.******* нар ажиллаж байсан үед  ОХУ-аас орж ирсэн тээврийн хэрэгслээр  ******* УБМ улсын дугаартай “Мицүбиши кантер” маркийн тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр орж ирэхэд  ажил үүргийн хувьд эхлээд гаалийн улсын байцаагч Б.******* бүртгэх үүрэгтэй байтал улсын ахлах байцаагч Г.******* нь 302 дугаартай ажлын байранд ачаатай машин пүүлэх пүүний байцаагч Ж.*******, бүртгэлийн ажилтнаар Б.******* нарыг ажиллуулахаар үүрэг өгч шинээр ажиллаж байгаа гэж урьд ээлжнээс бууж буй гаалийн улсын байцаагч Г.*******ыг 302 дахь ажлын байр луу тэдэнд туслуулахаар явуулсан, улсын байцаагч Г.******* нь ТИР-ын мэдээ авах, пүүний байцаагчид ажил зааж туслах нэрийдлээр Б.*******, Ж.******* нарын ажлын байранд очсон, энэ цаг хугацаанд ******* УБМ улсын дугаартай “Мицүбиши кантер” маркийн тээврийн хэрэгслийг 302 хэсэгт бүртгэл хийлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, бүртгэлгүй нэвтрүүлж, 104 буюу хяналтын хэсэгт гаалийн улсын байцаагч И.******* нь улсын ахлах байцаагч Г.*******гийн   “энэ машин Видү дэх гаалийн бүртгэл рүү явж байгаа  нарийн хуудсан дээр тэмдэг дарчих” гэсэн хүсэлтийн дагуу автомашины бүртгэл хийгдсэн эсэх талаар  шалгахгүйгээр тамга дарснаар гаалийн хяналтын бүсээс ОХУ-аас “Нано бальзам” гэх нэртэй 1,200 ширхэг бараа тээвэрлэсэн ******* УБМ улсын дугаартай Мицүбиши кантер маркийн тээврийн хэрэгсэл  гарсан байна.

4.Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг боомтод ажиллах ээлжийн бүрэлдэхүүний ахлагч буюу гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж, ээлжийн бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан өөрийн танилын гуйлтаар  тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх санаатай үйлдэлд шүүгдэгч Г.*******,  И.******* нар нь  тээврийн хэрэгсэлд санаатайгаар хяналт шалгалт хийхгүй шүүгдэгч Г.*******гийн  хууль бус даалгаврыг биелүүлж, үйлдлээрээ нэгдсэн болох нь  тогтоогдож байна.

5.Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлсноос гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Гэтэл тус хэргийн шүүгдэгч нар нь хуульд заасан гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй улмаар тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь  нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

6. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 22 дахь талд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар  дүгнэх хэсэгтээ  шүүгдэгч Г.*******ад гэсэн өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн байх ба тухайн дүгнэлт нь шүүгдэгч Г.*******, Г.*******, И.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд нөлөөлөхгүй бөгөөд цаашид шийтгэх тогтоолын бичилтийн чанарт анхаарч дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг  анхааруулж байна.

7.Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, албаны чиг үүрэгтээ хайнга хандсан зөрчил гаргасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                            

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                       ШҮҮГЧИД                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                 Г.ДАВААРЕНЧИН