| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0065/З |
| Дугаар | 110/ШШ2026/0087 |
| Огноо | 2026-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 110/ШШ2026/0087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Ж,
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга хоорондын үрчлэлтийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.ж, нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айсауле, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга М.Авужалел, орчуулагч Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нараас “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж, нэхэмжлэлдээ үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч А.ж, С.М бид эхнэр, нөхөр буюу гэрлэгсэд бөгөөд бид хоёрын дундаас 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Аийг Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх, үрчлүүлэх журмын дагуу хүү Ж.Аийн өвөг эцэг М.А, эмэг эх Х.Г нарт талуудын зөвшөөрөл, хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 50 дугаартай захирамж гаргуулан үрчлүүлсэн юм. Гэтэл уг үрчлэлтийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамжаар хүчингүй болгосон боловч улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт ороогүй, тухайн захирамжийн нэг хувийг бидэнд гардуулж өгөөгүй, үрчлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Гэвч Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7-д заасан түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй захиргааны илт хууль бус эрхийн акт байх бөгөөд 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар эрх зүйн үр дагаваргүй боловч хүү Аийн овог нэр авах, өвөг эцгийн нэрээр овоглогдох, уудам угсааг залгамжлах, өвлөх эрх эдлэх зэрэг суурь эрхийг зөрчих сөрөг үр дагавар үүсгэж байх тул энэхүү сөрөг нөлөөлөл бүхий Засаг даргын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ...гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран тухайн актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгон гэснээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.2. Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үрчлэлтийг хүчингүй болгосон нь Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус акт болох нь тогтоогдоно. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д хүүхдийг тэдний эрх ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ гэж заасан ба энэ нь үрчлэлт хүчингүй болгох хуулийн үндэслэл биш юм.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д үрчлэлтийг төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн нэхэмжлэлээр шүүх хүчингүйд тооцно гэж заасан. Иймд Засаг дарга үрчлэлт хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй.
1.3. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасан 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлэхийг хориглоно гэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, Улсын Их Хурлын 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт ганц бие 60-аас дээш настай төрөл садан бус Монгол Улсын иргэнд хүүхэд үрчлэхийг хориглоно гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Үрчлэн авагч М.А, Х.Г нар нь ач хүү Аийг үрчлэн авсан хугацаа буюу Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхэд үрчлэх тухай” 50 дугаартай захирамж гарах үед 60-аас дээш настай боловч төрөл садан буюу ач хүүгээ үрчилсэн тул хуулийн хориглолтод хамаарахгүй юм гэжээ.
2. Нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
2.1. Нэхэмжлэгч А.ж: 2010 онд казах ёсны зан заншлаар эхнэр бид хоёр зөвшөөрч хамгийн том хүүгээ аав, ээждээ үрчлүүлж, хүүгээ өгсөн. Аав, ээж маань хоёулаа амьд сэрүүн байхад хүүхдийг өөрсдийн нэрээр овоглосон. Хүүхэд үрчлүүлсэн тухай уг захирамжийг Дэлүүн сумын Засаг дарга 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болсныг надад мэдэгдээгүй, улсын бүртгэлийн мэргэжилтэн Л.Өнөржаргал 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхгүй гэсний дагуу 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүчингүй болсон хуулиар 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр болгож, 20 дугаартай дүгнэлтээр үрчлэлтийг хүчингүй болсныг сүүлд 2024 онд мэдэж, улмаар эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон. Улсын бүртгэлийн хэлтсээс журмын дагуу шүүхэд хандаж, шүүх хүчингүй болгох ёстой юм байна. Үрчлэлтийг захирамжийг гаргаж, ХААТР маягтыг бичиж, Дэлүүн сумын улсын бүртгэлийн мэргэжилтэн хяналтын улсын байцаагчид материал өгөхөд, бүх бичиг баримтыг цахим бүртгэлд бүртгэсэн. Тухайн хүүхэд маань одоо хүртэл манай аавын нэр дээр байгаа. Би хуулиа мэдэхгүй учраас эрүүгийн хэрэгт холбогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна. 2016 онд Дэлүүн сумын Засаг дарга А.А нь хүүхдэд асран хамгаалагч тогтоох тухай захирамж гаргасан. Тухайн үед ч гэсэн надад захирамж хүчингүй болсныг мэдэгдээгүй. Иймд маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
2.2. Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айсауле: Би шүүх хуралд итгэмжлэлээр оролцож байна. Нэхэмжлэгч А.жийн хувьд хууль мэдэхгүй, монгол хэлийг сайн мэдэхгүй учраас ийм асуудалд орж байгаа. Улсын байцаагч Л.Өнөржаргал гэдэг хүн эрүүгийн хэрэг нээсний дараа тухайн 2010 онд гарсан 20 дугаартай дүгнэлтийг 2025 онд цахим бүртгэлд оруулсан байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн гаргасан тайлбарт:
3.1. Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхэд үрчлэх тухай” “50 дугаартай захирамжаар ач хүү Ж.Аийг өвөг эцэг М.А, эмэг эх Х.Г нарт үрчлүүлсэн байх ба мөн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үрчлэлтийг бүртгэлийн 0013 дугаарт бүртгэж, үрчлэлтийг албажуулсан байна. Гэтэл Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамжаар Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар захирамжаар ач хүү Жанарбекийн Аийг өвөг эцэг М.А, эмэг эх Х.Г нарт үрчлүүлснийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг баримтлан хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч тал Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Илт хууль бус акт” гэж маргажээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжийнд нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-т “Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасан учир Засаг дарга тэр заалтаар хүчингүй болгосон гэж үзэж байна. Харин үрчлэлтийг хүчингүй болгох асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхийг урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуулийн 57.2 заасан этгээд болох нь илэрсэн, тохиолдолд эцэг, эх сонирхогч этгээд, 14 нас хүрсэн хүүхдийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүй болгоно.” гэж заажээ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэг, 2018 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дах хэсэгт “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулна.” гэж заажээ.
Хуулийн эдгээр зохицуулалтаар үрчлэлтийг хүчингүй болгох эрх нь зөвхөн шүүхэд олгогдсон гэж үзэхээр байна.
3.2. Нэхэмжлэлийн шаардлага болох Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа талаар хариуцагчийн зүгээс үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх болон эс зөвшөөрөх талаар байр суурийг илэрхийлэх боломжгүй болно.Маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно гэжээ.
4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Тухайн үед Дэлүүн сумын Засаг даргаар Жолбарыс, би Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Би хүүхэд үрчлүүлсэн шийдвэрийг гаргаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэдгийг А.жээс сонссон. Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрхтэй юм байна. Тухайн үед сумын Засаг дарга үрчлэлтийн захирамжийг хүчингүй болгож байхад, А.жийг дуудаж, танилцуулах ёстой байсан. Иймд тухайн захирамжийг буцааж хүчингүй болгох ёстой гэж үзнэ. н.Жолбарыс гэдэг Засаг дарга Бүгд Найрамдах Казахстан Улс руу нүүж явсан. Хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах дүгнэлт гаргаж байгаа. 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 2018 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэж, иргэний бүртгэлийн ажилтан улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эцэг, эхэд нь олгоно.” гэж заасан. Энэ заалт нь 1999 оноос 2018 он хүртэл хүчин төгөлдөр байсан. Үрчлэлтийг хүчингүй болгосон цаг хугацаанд мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн яг үрчлэлттэй холбоотой заалт нь ийм байгаа. Энэхүү Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүй болоод 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт мөн адилхан “ Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн үрчлэлттэй холбоотой заалтын агуулга нь уламжлагдан хадгалагдсан байгаа. Энд ямар дүгнэлт гарч байгаа вэ гэвэл, “үрчлэлтийг шүүх хүчингүй болгоно, улсын бүртгэгч бүртгэлд өөрчлөлт оруулж, өмнөх төрсний бүртгэлийг сэргээнэ” гэсэн ойлголт байгаа.
Засаг дарга үрчлэлтийг хүчингүй болгох тухай заалт Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд тусгагдаагүй тул Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасанчлан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байх буюу захирамж гаргаж үрчлэлтийг хүчингүй болгосон нь уг шийдвэрийг илт хууль бус болохыг нотолж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан. Гагцхүү шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.” гэж заасан. Засаг дарга үрчлэлтийг хүчингүйд тооцно гэсэн заалт байхгүй.
Эцэг, эх байх эрхийг урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, эсвэл үрчлэх явцад хуурамч баримт бичиг бүрдүүлэн үрчлэн авч шийдвэр гаргуулсан зэрэг үйл баримт нотлогдон тогтоогдоогүй.
5.2. Улсын байцаагчийн дүгнэлтээр Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 77 настай хүүхэд асрах тэнхэлгүй, нас өндөр гарсан хүмүүст хүүхэд үрчлүүлсэн нь хүүхдийн эрх ашигтай сөргөөр нөлөөлж байгаа гэдэг байдлаар дурдсан. 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлд 60-аас дээш настай Монгол Улсын иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон заалт байсан. Гэтэл энэ заалтыг хүүхэд үрчлүүлэх захирамж гарахаас өмнө 6 сарын өмнө хүчингүй болгож, 60-аас дээш настай хүн өөрийн төрөл садны хүүхдийг үрчилж авч болно гэж өөрчилсөн. Иймээс 60-аас дээш настай хүн төрөл садны хүүхэд үрчилж авч болно, харин 60-аас дээш настай хүн төрөл садны бус хүний хүүхдийг үрчилж авах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, 80-90 настай байлаа ч би өөрийн ач зээгээ үрчилж авах эрх надад бий. Гэр бүлийн тухай хуульд төрөл садан гэдгийг бас тодорхой заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг буюу хүүхэд үрчлэхтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг гаргах гол үндэслэл нь Монгол Улсын иргэдээс Үндсэн хуулийн цэцэд олон удаа өргөдөл гаргасан. Тэдний өргөдлийн ерөнхий утга санаа нь “...монгол ёс заншилд хадгалагдан уламжлагдаж ирсэн зүйлүүдийн нэг нь үр хүүхэд үрчлэн авах, үр удмаа залгуулах, өв хөрөнгөө өвлүүлэх заншил юм. Иймд бидний өөрсдийнхөө үр удмаа үлдээх, өв залгамжлах эрхийг насны хязгаараар хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байна.” гэж гомдол гаргаснаар Үндсэн хуулийн цэцээс уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг Улсын Их Хуралд даалгах шийдвэр гаргасан.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхгүй гэснийг ганц бие бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай хүн, мөн төрөл садан бус иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон. Иймд одоо Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар 60-аас дээш настай хүн өөрийнхөө төрөл садны хүүхдийг үрчилж авах эрх нь нээлттэй болсон. Тэгвэл бидний тохиолдолд үрчлэн авагч М.А, Х.Г нар нь өөрийнхөө ач хүү Аийг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай захирамжаар үрчилж авсан байдаг. Хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр болсны дараа хүүхдийг үрчилж авсан учраас үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
5.3. Хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга зөв тайлбарлаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Засаг дарга өөрийн гаргасан хуульд нийцээгүй захирамжийг өөрөө хүчингүй болгох эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох зохицуулалт бий, гэхдээ энэ заалт нь үрчлэлттэй холбоотой асуудалд хамаарахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.ж, С.М нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга /А.Жолбарыс/ 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гаргаж, Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.”, 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.”, 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.ж, С.М нарын дундаас 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Аийг өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нарт үрчлүүлжээ.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна; 6.1.6.үрчилсний;” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ” гэж заасны Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 50 дугаартай захирамжийн дагуу хүү Ж.Аийг үрчилснийг улсын бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэжээ.
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: 18.7.1. хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Өнөржаргал нь хүү Ж.Аийг үрчилснийг бүртгэх ХААТР-12 маягтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад, “...Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай захирамжаар хүү Аийг өвөө нь болох М.А, эмээ нь болох Х.К нарт үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг зөрчсөн. Учир нь “хүүхдийн эрх ашгийн үүднээс” гэдэг нь үрчлэн авагч тал нь хүүхдийг насанд хүртэл нь эрүүл энх өсгөж, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд зайлшгүй шаардагдах гэр ахуйн бололцоо нөхцөл байдлаар хангах, төрсөн эцэг эхийн адил асаргаа, анхаарал, хайр халамжийг тавина гэсэн ойлголт юм. Гэтэл залуу насны төрсөн эцэг, эх нь байсаар байтал 8 сартай хүүхдээ 76-77 насны, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх чадваргүй насан өндөр болсон хөгшчүүдэд үрчлүүлсэн нь нярай хүүхдийн эрх, ашиг сонирхлын эсрэг буюу хүүхдийн эрх ашигт нийцээгүй гэж дүгнэн, “...Молхы-хошах овгийн Жанарбекийн Аийг түүний өвөө, эмээ нь болох М.А, Х.К нарт үрчлүүлсэн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үрчилсний бүртгэлийг хүчингүй болгох талаар 2010 оны 20 дугаартай дүгнэлтийг гаргажээ.
2.4. Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дээрх 20 дугаартай дүгнэлт гарсны дараа Дэлүүн сумын Засаг даргаас /А.Жолбарыс/ 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 27 дугаартай захирамж гаргаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.” гэж заасныг тус тус үндэслэн Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай захирамжийн ...Жанарбекийн Аийг өвөө нь М.А, эмээ нь Х.К нарт үрчлүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.5. Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамж гарахаас өмнө хүү Аийг үрчлэн авагч эцэг /өвөө нь/ М.А 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байх ба үрчлэн авагч эх /эмээ нь/ Х.К 2013 оны 4 дүгээр сард барсан нь нэхэмжлэгч А.жийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/664 дугаартай албан бичгээр ирүүлсэн “нас барсны бүртгэлийн лавлагаа” баримтаар тогтоогдож байна.
2.6. Дэлүүн сумын Засаг даргаас /А.А/ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасныг үндэслэн хүү Аийг бүтэн өнчин гэх үндэслэлээр асран хамгаалагчаар нэхэмжлэгч А.жийг тогтоожээ.
2.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ДШМ/30 дугаартай магадлалаас үзэхэд, нэхэмжлэгч А.ж нь “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар арын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжаар өөрийн хүү Ж.Аийг өвөө М.А, эмээ нь Х.Каухар нарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон бодит байдлыг нууж, өөрийгөө төрсөн хүү Ж.Аийн төрсөн ах нь гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, хүүгийнхээ асран хамгаалагчаар тогтоолгож, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэврийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ....тоот дансаар дамжуулан хууль бусаар авч, нийгмийн халамжийн тэтгэврийн санд 32 701 063 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдсоноор шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
3. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж, үндэслэлээ “...хүү Ж.Аийг талуудын зөвшөөрөл, хүсэлтийн дагуу үрчлүүлсэн (1), Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 27 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан шинжийг агуулсан (2), хүү Аийн овог нэр авах, өвөг эцгийн нэрээр овоглогдох, удам угсаа залгамжлах, өвлөх эрх эдлэх зэрэг суурь эрхийг зөрчсөн (3), Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлэхийг хориглосон заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийн дагуу Улсын Их Хурлаас 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар ганц бие 60-аас дээш настай төрөл садан бус Монгол Улсын иргэнд хүүхэд үрчлэхийг хориглоно.” гэж өөрчилсөн, Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 50 дугаартай захирамж гарах үед М.А, Х.К нар нь 60-аас дээш настай боловч төрөл садан буюу ач хүүгээ үрчилсэн тул хуулийн хориглолтод хамаарахгүй (4), Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гагцхүү шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох тул Засаг даргад үрчлэлтийг хүчингүйд тооцох эрх хэмжээ байхгүй (5), Засаг дарга үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдээгүй, сүүлд мэдэж, гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн (6)” гэж тайлбарлажээ.
4. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.” 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.”,57.2-т “Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
5. Нэхэмжлэгч А.ж, С.М нар нь төрсөн хүү Аийг 8 сартай байхад нь А.жийн эцэг, эх болох 75-76 настай М.А, Х.К нарт үрчлүүлэх үед хүүхдийн төрсөн эцэг, эх болон үрчлэгч нар нэг гэр бүлд хамт амьдарч байсан талаар, хүү Аийг казах түмний ёс заншлын дагуу өвөө, эмээд нь үрчлүүлэх болсон.” гэх тайлбарыг нэхэмжлэгч А.жээс шүүх хуралдааны үед гаргасан.
Нэхэмжлэгч нараас тухайн үед эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүү Аийг үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуульд нийцсэн гэж маргасан боловч Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх болон үрчлэн авагчийн сонирхлоор биш тухайн хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх тул нэхэмжлэгч нараас дээрх үндэслэл шалтгаанаар хүүхдээ үрчлүүлснийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.” гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
6. Нэхэмжлэгч нараас Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан зохицуулалтын агуулгаар хүү Аийг төрөл садан болох өөрийн өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нарт үрчлүүлсэн нь хуульд нийцнэ гэж маргасан боловч улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2010 оны 20 дугаартай дүгнэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг зөрчсөн гэх агуулгагүй, харин төрсөн эцэг, эх нь байсаар байхад хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх чадваргүй 76-77 насанд хүрсэн өндөр насны хүмүүст 8 сартай нярай хүүхдийг үрчлүүлсэн нь хүүхдийн эрх ашигт нийцээгүй гэж үзсэн байх ба энэ үндэслэлээр үрчилсний бүртгэлийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд дээрх байдлаар үрчлэгч эцэг М.А нь хүү Аийг үрчлэн авсан өдрөөс 2 сар 19 хоногийн дараа, үрчлэгч эх Х.К нь 2 жил 6 сарын дараа нас барсан байх ба хүү А нь төрснөөс хойш одоог хүртэл 16 жилийн хугацаанд нэхэмжлэгч нартай нэг гэр бүлд хамт амьдардаг болох нь нэхэмжлэгч А.жийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Дэлүүн сумын Засаг даргаас дээрх байдлаар хүүхэд үрчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, уг шийдвэр нь нярай хүүхэд болох Аийг төрсөн эцэг, эхэд нь буцаасан, ингэснээр нэхэмжлэгч М.Жанарбек, С.М нарт хүүхдийн төрсөн эцэг, эх байх эрхийг буцаан бий болгосон үр дагавартай, энэ нь хүү Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд мөн нийцсэн байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан агуулгагүй, уг шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй тул Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэгч нарын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.”, 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.” гэж заасан ба нэхэмжлэгч талаас хуульд зааснаар Засаг дарга нь үрчлэлтийг хүчингүй болгох эрх бүхий этгээд биш гэж маргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд нэхэмжлэгч Ж.Жанарбек, С.М нарын хүү Аийг үрчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцаасан үр дагавар бүхий Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.ж, С.М нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА