Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01988

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01988

 

 

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01879 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ө-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02595 дугаар шийдвэрээр Ц.Ө-, Ө.Байгалмаа нараас 11 120 000 төгрөг гаргуулж Х.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Би тухайн үед Ө.Байгалмааг гараашныхаа бичиг баримтыг өгөөч, гуравхан хоног барьцаанд тавиад буцааж өгье гэхээр нь итгээд гарын үсэг зур гэсэн бичиг болгонд зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд тухайн зээлээс нэг ч төгрөг аваагүй байж зээлийг төлөхөөр болсон. Ө.Байгалмаа нь энэхүү зээлийн хүүг төлнө гэдгээ шүүхэд хэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн Ү-2206050346 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны 32а байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв автозогсоолыг 23 329 616,61 төгрөгөөр үнэлүүлж 16 331 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоосон тухай мэдэгдлийг би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус автозогсоолыг манай гэр бүл өмчилдөг бөгөөд бид 35 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Энхжин хотхон нь автозогсоолын хүрэлцээ муутай худалдах автозогсоол дууссан учраас одоо автозогсоолууд 40 000 000-45 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар автозогсоолыг хэт багаар үнэлж хохироход хүрээд байна. Иймд миний өмчлөлийн Ү-2206050346 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны 32а байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв автозогсоолыг 23 329 616,61 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02595 дугаар шийдвэрээр Ц.Ө-, Ө.Байгалмаа нараас 11 130 000 төгрөгийг гаргуулж Х.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Ө-, Ө.Байгалмаа нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290545/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18290545/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/9790, 4/9791, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10312, 4/10311 үнэлгээний албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-аар үнэлүүлэхэд уг автозогсоолыг 23 330 000 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11858, 4/11859 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70%-иар тооцон анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр оруулахаар нийтэд зарласан байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр оруулахад борлогдоогүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ц.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тус автозогсоолыг 33 000 000 төгрөгөөр худалдан аваад дөнгөж 2 жил болж байсан. Үнэлгээ нь тухайн зах зээл дээр эд хөрөнгө ямар үнэтэй байгааг л тогтоох ажиллагаа. Гэтэл үнэлгээчин автозогсоолын үнэлгээг гаргахдаа 25 000 000 төгрөгийн үнэтэй 14 м.кв, 18 м.кв хоёр гараашийн дундаж м.кв-ийн үнээр үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл адил байршилд 14 м.кв, 18 м.кв талбайтай гараашууд адилхан 25 000 000 төгрөгийн үнэтэй байхад 15 м.кв талбайтай гарааш яагаад 23 329 616,61 төгрөгийн үнэтэй байна вэ. Иймд үнэлгээ гаргасан аргачлал нь үндэслэл муутай байснаас тухайн эд хөрөнгийн бодит байдлаас зөрүүтэйгээр үнэлсэн нь тодорхой байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ц.Ө- нь НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

НШШГГ- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ГҮ2018/05075 дугаар захирамж, шүүхийн 183/ГХ2018/00451 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох төлбөр төлөгч Ц.Ө-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны 32а байрны В1 давхрын 40 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжилж, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Энэ ажиллагаанд талууд маргаангүй, харин эд хөрөнгийн үнэлгээний талаар маргасан байна.

Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд, өмчлөгч нар тохиролцоогүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр үнэлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-д заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Ц.Ө-, Ө.Байгалмаа нарт дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2 удаа шуудангаар хүргүүлсэн байх боловч тэд саналаа ирүүлээгүй болох нь нотлогдож байна. /хх 49-51/ Харин төлбөр авагч Х.Отгонжаргалд үнийн санал өгөх мэдэгдэл хүргүүлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд, өмчлөгч нарыг албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцоогүй гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч байгууллагыг хөрөнгө үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дээрх алдааг залруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01879 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан үнэлгээчин Баянмодот ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ө-ад буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД