Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2026/0088

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Х, М.Е, Ш.Д,С.Х, Б.С, Ш.Ш, Б.Д,

            Нэхэмжлэгч М.Е, Ш.Д,С.Х, Б.С, Ш.Ш, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е. М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдааныг  даргалсан  У.А, Х.Б, 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааныг  даргалсан Х.Е, Х.Б,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааныг даргалсан  У.А, Х.Е Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я. Сьезд,

            Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Ө,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нургайып нарын хоорондын  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг  огцруулах, сонгохтой  холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х, нэхэмжлэгч О.Х өмгөөлөгч бөгөөд үлдсэн 6 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Х, Б.Д, Ш.Д,С.Х, Б.С, Ш.Ш, Б.Д нар нь  Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдааныг  даргалсан  У.А, Х.Б, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааныг даргалсан Х.Ерлан, Х.Б, Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж нарт холбогдуулан, “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох,  2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  01,03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох”-оор маргаж байна.

            Нэхэмжлэгч нар   анх “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан  тогтоолууд, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн О.Хыг Хурлын даргаас огцруулсан тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  Б.Дыг Хурлын даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгох” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, улмаар шүүх хуралдаанд “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох,  2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  01,03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан болно. 

2. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны  хэрэгжилтийн тайлан хэлэлцэх,  үнэлэлт ,дүгнэлт өгөх, 2026 оны  төлөвлөгөө батлах” зэрэг 10 асуудал хэлэлцэхээр баталсан, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас 01 дугаартай “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тушаалаас огцруулах тухай”, 03 дугаартай “Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргаар сонгох тухай” тогтоол тус тус гаргасан байна. 

            3. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан тогтоолууд, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  О.Хыг Хурлын даргаас огцруулсан тогтоол хууль  болон  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нараас  маргаж, тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

 4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл,  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлт, нэхэмжлэгч О.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит IV дүгээр хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, 2026 оны төлөвлөгөө батлах тухай, сумын 2025 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх, 2026 оны төсөв батлах зэрэг 10 асуудлыг хэлэлцэхээр тус хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14:30 цагт эхэлж, хуралдааныг Хурлын дарга О.Х даргалж явуулсан ба Ардчилсан намын бүлгээс Хурлаар хэлэлцэх асуудлын 1-рт эрэмбэлэгдсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах асуудлаар 30 хоногийн завсарлага авахыг хүссэн.

 Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 8.6-д намын бүлэг хуралдаанаар хэлэлцэж буй тухайн асуудлаар завсарлага авахаар санал гаргасан тохиолдолд Хурлын дарга хугацааг тогтоож завсарлага өгнө гэж заасны дагуу Хурлын дарга эрх хэмжээний хүрээнд тухайн өдрийн Хурлаар хэлэлцэх асуудлын 1-рт байгаа сумын Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах асуудалд холбогдуулан Ардчилсан намын  бүлэгт тэдний санал, хүсэлтээр 30 хоногийн завсарлага өгсөн. Харин тухайн өдөр бусад асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс тодруулахад үргэлжлүүлэн хэлэлцүүлэх талаар нэг ч төлөөлөгч санал, санаачилга гаргаагүй, дэмжээгүй тул хуралдаан завсарласан. 

Гэтэл хэсэг хугацааны дараа Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар дэгийн дагуу завсарлага авсан асуудлыг Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, Хурлын ажлын албыг оролцуулахгүйгээр өөрсдөө хэлэлцэж, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудал болох Хурлын даргыг огцруулж, шинээр Хурлын дарга сонгосон байдаг.Түүний улмаас Ардчилсан намаас сонгогдсон 7 төлөөлөгчийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанд оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал дэвшүүлэх, санал хураалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болно.

 Тухайн хуралдааныг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Б даргалж явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн албан тушаалтан болох Х.Бийг дээрх асуудалд холбогдуулан хариуцагчаар тодорхойлсон болно. 

Мөн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Хурлын даргaap ажиллаж байгаа О.Хыг өөрт нь болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдэхгүйгээр, тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг шууд хөндөж Хурлын даргыг огцруулах шийдвэр гарган О.Х миний хуралдаанд оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал дэвшүүлэх, санал хураалтад оролцох, өөрийгөө огцруулах асуудалд холбогдуулан тайлбар, мэдээлэл гаргах, холбогдох баримт, нотолгоог бүрдүүлж өгөх, өөрийн эрхийг хамгаалах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдсөн. Намайг Хурлын даргын албан тушаалаас огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдааныг Хурлын төлөөлөгч У.А удирдаж явуулсан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан У.Айг хариуцагчаар тодорхойлж байна.

 Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг Монгол Ардын намаас сонгогдсон нэр бүхий төлөөлөгч нар дээрх байдлаар хууль бусаар явуулсан байх тул тус хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах, сонгох болон бусад асуудлыг хэлэлцсэн хууль бус хуралдааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гарсан Хурлын тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х намайг огцруулсан байх ба тухайн өдрийн хуралдааны процесс үйл ажиллагаа, гарсан тогтоол, шийдвэрүүдийг одоо болтол надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй болно.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар О.Х намайг Хурлын даргын албан тушаалаас огцруулсан мөртлөө Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар хуралдаанд олонх байсан давуу байдлыг ашиглан урьд хэлэлцсэн асуудлыг дахин хөндөж, Хурлын зөвлөлөөс дэмжээгүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэн миний эрхийг зөрчсөн байх бөгөөд тухайн хуралдааныг Х.Ерлан  даргалж, хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрт гарын үсэг зурж албажуулсан. Мөн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Жумагул намайг Хурлын  даргын албан тушаалаас огцруулсан тогтоолд тамга дамга дарж баталгаажуулсан байдаг.

 Аливаа төрийн байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр нь тухайн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, зохих тамга, тэмдгийг дарж баталгаажуулснаар албаждаг. Тийм учраас Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан тухайн өдрийн хуралдааныг даргалсан Х.Ерлан, тамга дарж албажуулсан Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж нарыг хариуцагчаар тодорхойлсон юм.

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд Хурлын даргын ажлыг дур мэдэн үнэлж, хуульд заасан тайлагнах журмыг зөрчиж, бүлэг төлөөлөгчдийн санаачилгаар түүнийг нэн даруй ажлаас чөлөөлөх зохицуулалт байхгүй.

О.Хыг ажлаас чөлөөлсөн шийдвэрүүд хууль бус тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд хууль ёсоор сул орон тоо үүсээгүй. Хууль ёсны дарга О.Хын бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээр байхад түүнийг орлуулан Б.Дыг томилсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь өөрөө хууль бус бөгөөд өмнөх хууль бус шийдвэрээс урган гарсан тул угаасаа хүчин төгөлдөр бус юм. 

Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гарсан тогтоолууд, 2026 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн О.Х намайг тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаас огцруулсан, Б.Дыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө  үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Д, Ш.Д,С.Х, Б.С, Ш.Ш, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд  нэхэмжлэгч О.Хын өмгөөлөгч Е.Малик шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолууд  хууль бус байсан болохыг тогтоолгох, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоол нь мөн хууль бус хэмээн маргаж байгаа. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Хыг  огцруулахтай холбоотой асуудлаар Ардчилсан намын 6 төлөөлөгч нь хүсэлтээ гаргаж, тухайн хүсэлтийг нь шийдвэрлэчихсэн.Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 26-ны өдөр  нэхэмжлэгч О.Х  30 хоногийн хугацаатайгаар завсарлага авах тухай шийдвэр гаргасан юм.  Тухайн завсарлагын хугацаа нь 01  дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан. Уг 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр яагаад хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа гэхээр шийдвэрээс гадна процедуртай маргаж байгаа. Хуулийн процедураар явах ёстой.

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, тухайн хуулиар зохицуулагдаагүй асуудал нь хуралдааны дэгээр зохицуулагдаж явах ёстой. Хуралдааны дэгийн 8.5, 8.6 дахь хэсэгт хуралдаан даргалагч бөгөөд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга нь нам, бүлэг, эвслээс гаргасан саналтай холбоотойгоор завсарлага гаргах эрхтэй гэсний дагуу тухайн завсарлагыг авсан. Завсарлага авсан асуудалтай холбоотойгоор 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Зөвлөл бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар нэгэн байдлаар хуралдах, шийдвэр гаргах ёсгүй байсан. Бусад 10 асуудлаар буюу төсөв батлах, газрын төлөвлөгөө батлах  зэрэг асуудлуудаар хурал шийдвэрээ гаргаад явж байхад нь ямар нэгэн саад байхгүй. Гагцхүү  О.Хыг огцруулах асуудалтай холбоотойгоор л завсарлага авчихсан байсан.

 О.Хын ажлыг дүгнэхгүйгээр, эсвэл О.Х нь ажлаа тайлагнахгүйгээр огцруулах асуудал яригдах ёсгүй байсан. Эхлээд ажлаа тайлагнаад, үүний дараа дүгнэж, үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргах ёстой байсан. Гэвч тийм процедур болоогүй. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоол  болон 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолууд дээр ч гэсэн О.Хын ажилтай холбоотойгоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Гагцхүү бид нар хуралдааны товыг мэдэгдсэн буюу төлөөлөгчид  мэдэж байсан гэдэг байдлаар 01  дүгээр сарын 19-ний өдөр хуралдааныг хийсэн. Гэхдээ 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан О.Хын шийдвэр нь хүчинтэй байсан. Тухайн хуралдаанд олонх оролцсонтой холбоотой асуудал биш,нэгдүгээрт, завсарлага авсан асуудалтай холбоотой хэлэлцэх ёсгүй байсан,  хоёрдугаарт, төлөөлөгчид нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар  шууд ардчиллын төлөөлөл учраас тухайн хуралдаанд оролцоод саналаа хэлэх боломжоор нь хангаагүй юм. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. О.Хыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцүүлэх эсэх асуудлыг 2-оос доош хоногийн өмнө 21 төлөөлөгчид  мэдэгдэх ёстой байсан. Гэхдээ хавтаст хэрэгт 21 төлөөлөгчид мэдэгдсэн зүйл байхгүй.  Тийм учраас хуулийн  47.2 дахь хэсэгтэй холбоотой хуулийн шаардлага хангагдаагүй юм. 

Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1 дэх хэсэгт “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна: 4.1.1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.2 , 46.3-д заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, Хурлын даргын захирамжаар батлуулах” гэсэн.  01 дүгээр  сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хурлын даргын захирамжаар батлагдаагүй байна. 

Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт   “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж заасан боловч мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”,39.1.3 дахь хэсэгт “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах” гэж заасан. Энэ дээр 2 субьектив эрх зөрчигдөж байгаа. Нэгдүгээрт,  надаар төлөөлүүлж байгаа 6 этгээд нь хуралдаанд оролцож санал гаргах эрхтэй,энэхүү эрхээ эдэлж чадаагүй, хоёрдугаарт, процесстой холбоотой зөрчил байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийж өгнө үү” гэв.

            5. Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг  даргалсан У.А  хариу тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд үдээс хойш эхэлсэн боловч хурал эхэлмэгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга О.Хад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулах эсэх асуудлаар 21 төлөөлөгчийн дунд маргаан гарч, улмаар хурлын дарга О.Х нь ээлжит хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгчдийн хамт орхин гарснаар ээлжит хуралдаан нь түр завсарласан байна. Үүний дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын бүлэг хуралдаж, сумын 2026 оны төсөв болон бусад цаг үеийн асуудлыг зайлшгүй хэлэлцэх албан ажлын шаардлагыг харгалзан ээлжит хуралдааныг мөн өдрийн 18 цагаас үргэлжлүүлэн хуралдуулахаар болсон. Хуралдаан эхлэхийн өмнө тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын  бүлгийн ахлагч Б.Нуржанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга О.Хад ээлжит хуралдааныг үргэлжлүүлэн удирдан явуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгчдөд хуралдаанд оролцох талаар удаа дараа мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит хуралдаанд хүрэлцэн ирээгүй юм. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн өдрийн хуралдаан даргалагчаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгч У.А намайг сонгож, уг хуралдаан үргэлжлэн явуулахаар шийдвэрлэж, хуралдаан даргалагч У.А би тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгчдөд танилцуулан батлуулсан юм. Гэтэл дахин үргэлжилсэн ээлжит дөрөвдүгээр хуралдааны эхэнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Б. Нуржанаас О.Хыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулах горимын санал гарган уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн юм. Бүлгийн ахлагч Б.Нуржан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар О.Хыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр санал болгож байгаагийн хууль зүйн үндэслэлийг тайлбарласан юм. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит 5 дугаар хуралдаанаас О.Хыг сумын ИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхийг төлөөлөгчдийн олонх дэмжиж, улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар түүнийг албан тушаалаас нь огцруулсан тогтоолыг баталсан. Уг тогтоолын төсөлд хуралдаан даргалагч У.А би гарын үсэг зурж, төлөөлөгчдөд санал хураалтын дүнг танилцуулсан юм.

 Үүний дараа Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцүүлэх болох үед Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.7 дах заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн ахмад төлөөлөгч Х.Б нь ээлжит хуралдааныг даргалж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргад  Монгол Ардын намын бүлгээс санал болгосон төлөөлөгч Б.Дыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэс эхлэн У.А би хуралдаан даргалагчийн ажлыг ахмад төлөөлөгч Х.Бд хүлээлгэн өгч хуралдаан даргалагчийн ажлаа дуусгавар болгосон юм. 

2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаас төлөөлөгчдийн олонхын саналаар О.Хыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тушаалаас огцруулсан  тогтоолд хуралдаан даргалагч У.А би гарын үсэг зурж, улмаар 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хурлын  нарийн бичгийн дарга Х.Жд танилцуулсан боловч тэрээр уг тогтоолд огноо, дугаар өгөөгүй, тамга дарж баталгаажуулаагүй учраас маргаан бүхий гэх уг тогтоол амьдралд бодитой хэрэгжээгүй, хууль зүйн үр дагавар үүсгээгүй тул түүнийг одоо хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

6.Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааныг  даргалсан Х.Б хариу тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  үргэлжилж явагдсан  ээлжит дөрөвдүгээр  хуралдаанаар О.Хыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхийг олонх нь дэмжиж, улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар түүнийг албан тушаалаас нь огцруулсан тогтоолыг баталсан. 

Үүний дараа Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцүүлэх болох үед Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.7-т "Хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар зүйлийг баримтална" гэсэн хуулийн заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн ахмад төлөөлөгч Х.Б би уг ээлжит хуралдааныг даргалж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргад  МАН-ын бүлгээс санал болгосон төлөөлөгч Б.Дыг сонгох асуудлыг хэлэлцүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох асуудлаар тооллогын комисс байгуулан, санал хураалтыг нууцаар явуулснаар төлөөлөгч Б.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаас төлөөлөгчдийн олонхын саналаар Б.Дыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд сонгосон тогтоолд хуралдаан даргалагч Х.Б би гарын үсэг зурсан. 

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас баталсан тогтоолуудад Хурлын нарийн бичгийн дарга Х.Жээс огноо, дугаар өгөөгүй, тамга дарж баталгаажуулаагүй татгалзсан, маргаан бүхий гэх уг тогтоолууд амьдралд бодитой хэрэгжээгүй, хууль зүйн үр дагавар үүсгээгүй тул уг тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 13 төлөөлөгчдөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хуралд өргөн барьсан "О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тушаалаас нь огцруулах тухай" асуудлыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хэлэлцсэн. Уг ээлжит бус хуралдаанд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан  намын төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй юм. 

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар төлөөлөгч Х.Ерланыг 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ээлжит бус хуралдааны хуралдаан даргалагчаар сонгосон. Хуралдаан даргалагч Х. Ерлан нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нэр бүхий төлөөлөгчдөөс гаргасан О.Хыг сумын Хурлын даргын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Хурлын даргаар сонгогдсон О.Хыг албан тушаалаас нь огцруулсан. Уг тогтоолыг олонхын саналаар баталсан учраас хуралдаан даргалагч Х.Ерлан нь гарын үсэг зурж, дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын алба баталгаажуулсан юм.

Үүний дараа Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцүүлэх болох үед Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.7-т "Хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар зүйлийг баримтална" гэсэн хуулийн заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн ахмад төлөөлөгч Х.Б би уг хуралдааныг даргалж, Хурлын даргад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  МАН-ын бүлгээс санал  болгосон төлөөлөгч Б.Дыг  сонгох асуудлыг хэлэлцүүлсэн. 

 Ингээд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлаар тооллогын комисс байгуулан санал хураалтыг нууцаар явуулснаар төлөөлөгч Б.Д нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргаар сонгогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Б.Дыг сумын Хурлын даргаар сонгосон 03 дугаартай тогтоолыг баталсан юм. Уг тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албанаас баталгаажуулсан ба одоо амьдралд хэрэгжиж байгаа буюу Б.Д нь 6 дахь сардаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалыг хашиж байна . Иймээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаас баталсан Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

7.Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг  даргалсан  Х.Ерлан  хариу тайлбартаа:

“Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  13 төлөөлөгчдөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан "О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас нь огцруулах тухай" асуудлыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцсэн. Уг ээлжит бус хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга О.Х болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй юм. 

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчдийн олонхын саналаар Х.Ерлан намайг 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ээлжит бус хуралдааны хуралдаан даргалагчаар сонгосон.Хуралдаан даргалагч Х.Ерлан би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нэр бүхий төлөөлөгчдөөс гаргасан О.Хыг сумын Хурлын  даргын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон О.Х нэгжийн хуулиар улирал бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй боловч 2025 оны 04 дүгээр сараас хойш одоо хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хийгээгүй, 2025 оны сумын төсвийн тодотголыг хэлэлцүүлээгүй, сумын Хурлын дэргэдэх Зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэхээр оролцож, олонхын асуудлыг шийдвэрлэх үед Зөвлөлийн хурлыг дур мэдэн, удаа дараа  орхин гарч байсан, зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд цөөнх болсон үед уг дэмжлэг аваагүй асуудлыг хэлэлцүүлэхээр хууль бус дарамт шахалт гаргах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дутуу хэлэлцүүлэх, Хурлын даргын албан тушаалыг ашиглан хурлын хуралдааныг хууль бусаар хааж, хуралдааныг орхин гардаг гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас нь огцруулсан. Уг тогтоолыг олонхын саналаар баталсан учраас хуралдаан даргалагч Х.Ерлан би гарын үсэг зурж, дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын алба баталгаажуулсан юм.

Үүний дараа Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцүүлэх болох үед Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.7-т "Хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар зүйлийг баримтална" гэсэн хуулийн заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн ахмад төлөөлөгч Х.Б нь уг ээлжит хуралдааныг даргалж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын  бүлгээс санал болгосон төлөөлөгч Б.Дыг сонгох асуудлыг хэлэлцүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлаар тооллогын комисс байгуулан санал хураалтыг нууцаар явуулснаар төлөөлөгч Б.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж хариу тайлбартаа:

“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь албан тушаалын тодорхойлолт болон холбогдох хуульд тогтоомжид зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон зөвлөл, хороодын хуралдааны бэлтгэл, техник зохион байгуулалтыг хангуулах, хурлаас гарах шийдвэрийн төслийг боловсруулан албажуулах, ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах чиг үүрэгтэй байдаг. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах, сумын жилийн төсвийн батлах гэх зэрэг асуудлыг Хурал хуралдаанаараа хэлэлцэх , олонхын саналаар шийдвэрээ гаргадаг үйл ажиллагааны зохион байгуулалтын хамтын шийдвэр бүхий байгууллага юм. Харин Хурлын нарийн бичгийн дарга нь Хурлын хуралдаанд саналын эрхтэй оролцох албан тушаалтан биш зөвхөн Хурлаас гарах шийдвэрийн төслийг хуульд нийцүүлэн боловсруулан албажуулах үүрэгтэй болохоос хуралдаанаар хэлэлцсэн асуудал, түүнээс гаргасан шийдвэр хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх эрх хэмжээ байхгүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ" гэж заасан байх ба миний бие Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Хурлын даргыг огцруулах асуудлаар санал, санаачилга гарган захиргааны үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй тул энэхүү маргаанд хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааныг даргалсан  У.А, Х.Б, Х.Ерлан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“У.Айн хувьд 2025 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга О.Хыг  огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн байгаа.   О.Хыг огцруулсны дараа   Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7 дахь хэсэгт зааснаар ахмад төлөөлөгч Х.Б нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Б.Дыг  сонгож, энэ талаар тогтоол гарсан болно. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагаас хойш хуралдсан, хуралдаанаас гарсан тогтоолууд амьдралд хэрэгжээгүй, бодитой үр дүн гараагүй.  Ийм учраас нэхэмжлэгч нарын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдаантай холбоотой гарсан тогтоолуудыг хууль бус тогтоол, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.  

Дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн асуудал байна. Энэ дээр хуралдаан даргалагч Х.Ерлан, Х.Беган нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуульд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэж заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 14 төлөөлөгч гарын үсэг зурж, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тушаалаас огцруулах саналыг өргөн барьсан. О.Хад мэдэгдсэн, тэрээр  01  дүгээр сарын 16-ны өдөр  “би оролцохгүй” гэж хариу өгсөн. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн хуралдаан болсон. Тухайн хуралдааныг Х.Ерлан  удирдаж, О.Хыг огцруулах тодорхой шалтгаануудыг хэлэлцээд, төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулсан. Дараа нь хуулийн дагуу Хурлын даргыг сонгох асуудал гарахад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  дагуу хамгийн ахмад төлөөлөгч Х.Б хуралдааныг даргалж явуулсан, төлөөлөгчдийн нууц санал хураалтаар Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар сонгосон. Өнөөдрийн байдлаар Б.Д Хурлын даргаар ажиллаж байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

9. Гуравдагч этгээд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Нэгжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар хуралдуулахаар заасан. Бугат сумын ИТХ-ын нийт 21 төлөөлөгчийн 13 нь буюу 61.9% (ердийн олонх) нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хурлын дарга О.Хыг огцруулах шаардлага, санаачилгыг гаргасан нь хуулийн квотыг бүрэн хангасан, хууль ёсны үйлдэл юм. 13 төлөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хурлын дарга О.Хыг огцруулах хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарлаж буй шийдвэрээ гарын үсгээ зурж хурлын ажлын албанд өгсөн. Хурлын ажлын албанаас хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, бусад төлөөлөгчдөд мөн мэдэгдсэн юм. О.Х нь өөрийг нь огцруулах асуудал хэлэлцэх гэж байгаа тул ашиг сонирхлын зөрчил гаргаж, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "хуралдаан хийх шаардлагагүй" гэх хууль бус хариу албан тоот өгсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл бөгөөд олонхын хүсэл зоригийг боомилж, төрийн ажлыг гацаасан хууль бус эс үйлдэхүй мөн. Гэхдээ энэ нь 13 төлөөлөгчийн ээлжит бус хуралдаан товлон хуралдуулах эрхийг зөрчихгүй юм. 

Хуулийн шинэчилсэн найруулгаас хуучин байсан "Хурлын дарга зарлаагүй бол Зөвлөл зарлана" гэх заалт хасагдсан. Энэ нь хууль тогтоогч Хурлын даргад хурал зарлахгүй байх "дархан эрх" олгосон хэрэг биш юм. Нэгэнт Хурлын дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэдгээ албан тоотоор илэрхийлсэн тул орон нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага болох Хурал нь нийт төлөөлөгчдийн олонхын (13 төлөөлөгч) ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргах эрхтэй. Хэрэв Хурлын дарга хурал зарлахгүй гээд суугаад байвал Хурлыг огт хуралдуулахгүй байх хорлонтой үр дагавар үүснэ. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах болон ардчилсан ёсны зарчмын үүднээс хурлын төлөөлөгчдийн олонхоороо эрх хэмжээний хүрээнд хуралдаж шийдвэр гаргах эрхтэй юм.

 Нэгжийн тухай хуулийн 47.1-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй", 47.2-т "Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасан. 13 төлөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хурлын дарга О.Хыг огцруулах хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарлаж буй шийдвэрээ гарын үсгээ зурж, хурлын ажлын албанд өгсөн. Хурлын ажлын албанаас хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, бусад төлөөлөгчдөд мөн мэдэгдсэн юм. 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр (хуралдаан болохоос 6 хоногийн өмнө) ИТХ-ын төлөөлөгчдийн дундын албан ёсны чатаар мэдээллийг хүргэсэн. Үүнээс гадна Өлгий-Радио буюу олон нийтийн Радиогоор 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаанаар хэлэлцэх асуудал болон товын талаар зарласан юм. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаан болно гэдгийг олон нийтэд болон нийт төлөөлөгчдөд урьдчилан зарлаж, хуулийн 2 хоногийн хугацааны шаардлагыг бүрэн хангасан. Нэхэмжлэгч нар хуралдаан болохыг мэдсээр байж өөрсдийн хүсэл зоригоор хуралдаанд ирээгүй нь хуралдааныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч О.Х нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Эхний хуралдааны хувьд тухайн шийдвэр нь албажаагүй, ажлын алба шийдвэрийг баталгаажуулж өгөөгүй, бүртгэлд авагдаагүй, тогтоолын дугаар олгогдоогүй,  хэвлэгдэж, хурлын тамга тэмдэг дарагдаагүй байгаа. 12 дугаар сарын хуралдааны шийдвэрийн хувьд огт биелэгдээгүй. О.Хын зүгээс  2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл, түүнээс хойш ч гэсэн ажлаа хийгээд үргэлжлүүлээд ажлаа өгөхгүй яваад байсан. 

 12 дугаар сард хуралдаан хийгдэхээс өмнө нь төлөөлөгчид Хурлын ажлын албанд “О.Х  ажлаа хийж чадаагүй, Хурлын даргын ажлыг нь дүгнэе, хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэж  бичгээр гаргаж байсан. 12  дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцүүлээгүй, хуралдаан завсарлаж байгаа гээд орхин явсан. Хуралдааныг 30 хоногийн хугацаагаар завсарлага авсан гэж байгаа. Хурлыг түр завсарлуулах хуралдаан даргалагчийн эрх байдаг, удаан хугацаагаар завсарлуулах эрх байхгүй. Учир нь, Хурал улиралд 2-оос доошгүй удаа хуралдах ёстой. Нэг хуралдаан нь сараас дээш хугацаагаар завсарлаад явбал улиралд хийгдэх ёстой 2-оос доошгүй удаагийн хуралдаан нь хийгдэх боломжгүй болно. 

Зөвлөлийг Хурлын дарга удирддаг, гарах шийдвэрийг бас албажуулдаг. Энэ эрх мэдлээ бас урвуулан ашиглаж байгаа нөхцөл байдал  байна. Өөрөөр хэлбэл, Хурлын даргыг огцруулъя гэсэн саналыг төлөөлөгчдийн олонх нь санаачилж хүргүүлсэн байхад О.Х  энэ асуудлыг хэлэлцүүлэх эсэх асуудал дээр өөрөө шийдвэр гаргадаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу өөртэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахад О.Х нь орохгүй татгалзах ёстой байсан. Хурлын дарга  өөрт нь холбоотой   асуудлыг хэлэлцэх батлахад өөртөө давуу байдал бий болгож байна.Тэгэхээр О.Х гэдэг хүн өөртэй нь холбоотой хуралдааныг зарлаж өгдөггүй, хэлэлцэх асуудалд нь багтааж өгдөггүй. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан.  2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр саналыг  дундын групп дээр тавьсан,  бүгдээрээ харсан танилцсан. Үүний дараа О.Хыг огцруулах асуудлыг бид нар хэлэлцэнэ гэдгийг олон нийтийн радиогоор зарласан. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаанаа хийсэн. Тэгэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 47 дугаар зүйлийн 47.1 , 47.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангаж байгаа.  Нэхэмжлэгч талын маргаж байгаа зүйл 30 хоногийн завсарлагаатай холбоотой юм. Тухайн завсарлага авсан шийдвэр хүчин төгөлдөр,тэр шийдвэр хэрэгжиж байсан хугацаанд хуралдаан хийсэн нь хууль бус гэдэг зүйл ярьж байгаа. 

 Хуралдааныг завсарлуулахад олонхын саналыг авч, түр хугацаагаар завсарлуулж болно. О.Хын хувьд 30 хоногоор завсарлагаа авч байгаа гэж дангаараа шийдвэр гаргаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөн зөрчиж байгаа. О.Хын бүх шийдвэр нь өөртөө давуу байдал бий болгосон, бусад төлөөлөгчдийн санал оруулах эрхийг нь хаасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон бусад хууль тогтоомжийг Хурлын дарга даган биелүүлэх үүрэгтэй.  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан хийхээс өмнө нь удаа дараа О.Хыг огцруулах асуудлыг төлөвлөгөөнд оруулах тухай хэд хэдэн удаа Зөвлөлийн хурал болсон. Тэр болгонд дандаа өөрөө хариу өгдөг.. Өөрт нь ашиггүй шийдвэр байвал татгалзаад  шийдвэр  гаргадаг.  Хурлын дарга хуралдааныг товлон зарлах эрхийн дагуу хуралдааныг  хүссэн үедээ завсарлуулж, хүссэн үедээ хуралдуулдаг албан тушаалтан биш. О.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нарын “Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, 10 асуудал хэлэлцэхээр  төлөвлөгөөг  баталсан байх ба  хэлэлцэх асуудлын дарааллын 1,2-т “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны  хэрэгжилтийн тайлан хэлэлцэх,  үнэлэлт, дүгнэлт өгөх, 2026 оны  төлөвлөгөө батлах” асуудал   тус тус тусгагдсан байна.

1.2. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  4 дүгээр хуралдаан   2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:56 цагт  нийт 21 төлөөлөгчийн 100 хувийн ирцтэйгээр  эхэлж,  хуралдааныг Хурлын дарга О.Х даргалж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулсны дараа төлөөлөгч Б.Нуржанаас “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар төлөөлөгчдөөс өмнө нь бичгээр санал гаргасан” талаар хэлснээр Хурлын даргаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Хажымурат нарын төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах” талаарх саналыг уншиж танилцуулсан.

Үүний дараа төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Ш.Дээс  Б.Хажымурат нарын төлөөлөгчдийн гаргасан уг  саналтай холбоотойгоор “завсарлага авах” санал гаргаж, “...Монгол Ардын намын нэр  бүхий төлөөлөгчдөөс Хурлын даргын  ажилд   үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг нэмэлтээр оруулж ирсэн. Монгол Ардын намын төлөөлөгчдийн  олонхын саналаар хууль бусаар, хүч түрэмгийлэн  оруулж ирсэн эдгээр асуудлуудыг түрүүлж хэлэлцэхийг Ардчилсан намын бүлгээс дэмжихгүй байгаагаа илэрхийлж, тухайн асуудлыг намын бүлэг дотроо хэлэлцэх шаардлагатай байгаа  тул холбогдох хууль тогтоомж, хурлын дэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 30 хоногийн завсарлага авах санал гаргаж байна.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар  зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх дотор тухайн шатны Хурлын даргын хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнуулах зохицуулалт байхгүй. Өөрөөр  хэлбэл,  Монгол Ардын намын нэр  бүхий төлөөлөгчдөөс эрх хэмжээнээс хэтрүүлсэн санал  оруулж ирж байгаа учраас энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэх саналыг бичгээр гаргаж өгсөн. 

Улмаар Хурлын даргаас “эрх хэмжээний хүрээнд 30 хоногийн завсарлага өгч байна” гэснээр “завсарлага авах” асуудлаар  төлөөлөгчид маргалдаж, зарим төлөөлөгч нараас эхлээд “Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах” саналыг шийдвэрлэх ёстой, дараа нь “завсарлага авах” асуудлыг олонхын  саналаар шийдвэрлэх  гэсэн санал хүсэлт гаргасан байх боловч  Хурлын дарга О.Х болон Ардчилсан намын бүлэгт хамаарах төлөөлөгчид 15:35 цагт хуралдааны танхимаас  гарч явсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 47-69, 91, 110-112, 189-190 дэх тал/ тогтоогдож байна. 

1.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна”, 54.3-т “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна”, 55.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж,  Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулсан.

1.4. Хариуцагч У.А, Х.Б нараас “2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас Монгол Ардын намын бүлэгт хамаарах төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр  хуралдааныг үргэлжлүүлсэн, хуралдаан даргалагчаар У.Айг сонгосон, төлөөлөгч Б.Нуржаны гаргасан “О.Хыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргаас огцруулах” саналыг төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэхийг дэмжиж, олонхын саналаар Хурлын даргыг огцруулах шийдвэр гаргасан, үүний дараа хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч  Х.Б даргалж, Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар  Б.Дыг сонгосноор хуралдаан 23 цагийн үед дууссан. Бугат сумын Хурлын нарийн бичгийн дарга Х.Жд танилцуулсан боловч тэрээр уг тогтоолуудад огноо, дугаар өгөөгүй, тамга дарж баталгаажуулаагүй учраас маргаан бүхий гэх уг тогтоол амьдралд бодитой хэрэгжээгүй, хууль зүйн үр дагавар үүсгээгүй тул түүнийг одоо хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгч талаас “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.5. Шүүхээс шаардсаны дагуу  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албанаас ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  4 дүгээр хуралдааны материалд  Хурлын даргыг огцруулсан, сонгосон гэх шийдвэр, 18 цагаас үргэлжлүүлсэн гэх хуралдааны тэмдэглэл байхгүй,  үргэлжлүүлсэн гэх хуралдаанд  Хурлын ажлын албанаас оролцоогүй, хэрэгт авагдсан  4 дүгээр хуралдааны  тэмдэглэлд  хуралдаан 15:35 цагт  дээр дурдсан байдлаар дууссан талаар  тусгагдсан, Хурлын даргыг огцруулсан, сонгосон шийдвэр гарсан талаар холбогдох этгээдүүдэд  Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мөн О.Х нь 2026 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Хурлын даргын  ажил үүргийг гүйцэтгэж байсан буюу Хурлын даргын ажлыг хүлээлцүүлэх үйл ажиллагаа явагдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 47-69, 110-112, 119,195 дах тал/ тус тус тогтоогдсон болно.

1.6.Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  4 дүгээр хуралдааныг 18 цагаас үргэлжлүүлж ,  Хурлын даргыг огцруулсан, сонгосон шийдвэр гаргасан гэх үйл  баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа,  хэрэгт  Хурлын даргыг огцруулсан, сонгосон гэх шийдвэр байхгүй,  мөн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  4 дүгээр хуралдаанаас Хурлын даргыг огцруулсан, сонгосон гэх шийдвэр гарсан талаар холбогдох этгээдэд  хуульд заасан журмын дагуу  мэдэгдээгүй  байх тул  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  Хурлын даргыг огцруулсан, сонгосон гэх тогтоолууд  нь бодитоор гарч хэрэгжээгүй буюу  хүчин төгөлдөр болж  үйлчлээгүй байна гэж дүгнэлээ. 

1.7. Иймд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хурлын даргыг огцруулсан, сонгосон гэх тогтоолууд хүчин төгөлдөр болж үйлчлээгүй,  тодруулбал,   маргаан бүхий захиргааны акт буюу  маргааны зүйл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж зааснаар  нэхэмжлэгч нарын “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

2.  Нэхэмжлэгч нарын  “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  01,03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгч нарын “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  “2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  01,03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

2.2. 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нэр бүхий 13  төлөөлөгчөөс “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах тухай асуудлыг ээлжит бус 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх, ээлжит бус 5  дугаар хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагаас  хуралдуулах” саналыг өргөн мэдүүлсэн байх ба Хурлын дарга О.Хаас уг саналыг хүлээн авч танилцаад 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр  “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн үндэслэл байхгүй” гэж хариу өгсөн.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн А.Гүлсауле  зохицуулагчаар /админ/  нь ажилладаг Facebook сүлжээн дэх “Бугат сумын ИТХ-ын 2024 оны төлөөлөгчид” нэртэй  messenger групп чатад 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлөөлөгч Б.Д  дээрх 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нэр бүхий 13  төлөөлөгч гарын үсэг зурсан “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах санал гаргах тухай”  гэсэн 3 хуудас баримтыг байршуулсан,  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагт сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болох тухай зарыг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орон нутгийн олон нийтийн радиогоор  нийтэд зарласан, мөн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цагт төлөөлөгч Б.Нуржан “сумын нэр бүхий 14 төлөөлөгч  ээлжит бус хуралдаан хуралдуулахаар санал оруулсан, манай бүлгийн төлөөлөгчид бүгд ирсэн тул 15 цагаас эхлээд 30 минут хүлээх болно. Ирээгүй тохиолдолд хуралдааныг олонхын саналаар эхлүүлэх болохыг мэдэгдэж байна. Бугат сумын МАН-ын бүлэг” гэх  мэдээллийг  дээрх messenger групп чатад  оруулсан болох  нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 110-112,119,139,140-144,150-157,189-190 дэх тал/ тогтоогдож байна. 

2.3. 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаан 16:45 цагт 12 төлөөлөгчийн буюу олонхын ирцтэйгээр эхэлсэн, Хурлын дарга О.Х хуралдаанд ирээгүй тул хуралдаан даргалагчаар  төлөөлөгч Х.Ерланыг сонгосон, Хурлын даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хурлын даргыг огцруулах тухай  тогтоолыг баталсан.

Улмаар Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэснээр  хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч  Х.Б даргалсан, хуралдаанд төлөөлөгч Г.Тилеген хүрэлцэн ирснээр 13 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдааныг үргэлжлүүлж, Монгол Ардын намын бүлгээс Хурлын даргад Б.Ды нэрийг дэвшүүлж, 3 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулан “Хурлын даргыг сонгох” асуудлаар нууц санал хураалт явуулсан, тооллогын комиссоос нэр дэвшигч Б.Дд 13 төлөөлөгч санал өгсөн гэсэн дүн гаргаснаар Хурлын даргаар Б.Дыг сонгох тухай тогтоолыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан.

Уг  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01  дугаартай “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах тухай“, 03  дугаартай “Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай“ тогтоолуудад хуралдааныг даргалсан  Х.Ерлан, Х.Б нар гарын үсэг зурж баталгаажуулж, Хурлын тамгыг дарж албажуулсан болох нь   тус тус  хэрэгт авагдсан тухайн тогтоолууд,  Хурлын ажлын албаны  мэргэжилтний хөтөлсөн хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 110-112 дах тал, 5 дугаар хуралдааны материал/ болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

2.4. Түүнчлэн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр хуралдааныг товлон зарлахаас өмнө Хурлын төлөөлөгч нараас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой “Хурлын дарга О.Хын үйл ажиллагаанд итгэл үзүүлэх эсэх, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх, хуралдааныг товлон зарлах”  саналыг  Хурлын даргад тус тус  өргөн мэдүүлсэн, Хурлын дарга О.Хаас уг саналыг хүлээн авч танилцаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр  “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зохицуулалт хуульд байхгүй тул хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй” гэж хариу өгсөн.

Мөн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг товлох, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцсэн Зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанд  төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Хажмуратаас “Хурлын даргын  ажилд  итгэл үзүүлэх эсэх” асуудлыг  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санал гаргасан боловч  Хурлын дарга О.Хаас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга   жил бүр тайлагнах гэж зааснаас биш итгэл үзүүлэх гэж заагаагүй тул оруулах боломжгүй” гэсэн тайлбар гаргаснаар  хэлэлцэх асуудалд оруулж батлаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 115-117,123,169-170,189-190 дэх тал/ тус тус  тогтоогдож байна. 

2.5.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.8.асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 39 дүгээр зүйлийн  39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;  39.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах; 39.1.4.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”,46 дугаар зүйлийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”,  47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”,  51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална”,  52 дугаар зүйлийн 52.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 52.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах; 52.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;52.1.3.Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах; 52.1.4.эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах; 52.1.11.Хуралд ажлаа жил бүр тайлагнах” гэж  тус тус зохицуулсан.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1-т “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:4.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах;4.1.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах” гэж тус тус заасан.

2.6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримталдаг,  хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гаргах  шийдвэрийг олонхын саналаар баталдаг  хамтын удирдлагын байгууллага бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах эрхтэй, харин Хурлын дарга нь Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах, эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах,  хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг  Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж  батлах, хуралдааныг даргалах   үүргийг хэрэгжүүлдэг буюу  эдгээр   нь Хурлын даргын  үзэмжээр шийдвэрлэгдэх “бүрэн эрх”-ийн асуудал биш, заавал биелүүлэх шинжтэй зохицуулалт юм.

2.7.Гэтэл Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг товлон зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахаас өмнө төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн “Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх” саналд  Хурлын дарга О.Хаас  “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зохицуулалт хуульд байхгүй” гэсэн  хариу өгч, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр  шийдвэрлэсэн нь төлөөлөгчдийн тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхийг, эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах Хурлын даргын үүргийг, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Зөвлөлийн хуралдаанаас тогтоох журмыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгч нараас “Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах” санал гаргасны дараа Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нар “завсарлага авах”  санал гаргасан, үүнтэй холбоотойгоор зарим төлөөлөгч нараас эхлээд “Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах” саналыг шийдвэрлэх ёстой тул  санал хураалт явуулах, мөн  “завсарлага авах” асуудлыг санал хураалтаар шийдвэрлэх   талаар  тус тус санал гаргасан байхад Хурлын даргаас тухайн асуудлуудаар санал хураалт явуулахгүйгээр  4 дүгээр хуралдааныг 30 хоногийн хугацаагаар завсарлуулахаар шийдвэрлэсэн нь төлөөлөгчдийн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч талаас Хурлын дарга О.Х нь  хуралдааны дэгийн 8.6-д  “Хурлын дарга хугацааг тогтоож, завсарлага өгнө” заасны дагуу шийдвэрлэсэн  гэж маргасан ба  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан хуралдааны дэгийн 8.6-д “Нам, эвслийн бүлэг хуралдаанаар хэлэлцэж буй тухайн асуудлаар  завсарлага авахаар санал гаргасан тохиолдолд Хурлын дарга хугацааг тогтоож, завсарлага өгнө.Шаардлагатай гэж үзвэл хуралдааныг түр завсарлуулж, нам, эвслийн бүлгийн дарга нартай зөвшилцөж болно. Завсарлагын хугацааг дахин нэг удаа сунгаж болно./Тайлбар: Хугацааг тухайн Хурал өөрөө тогтооно/”  гэж тусгажээ.

Хуралдааны дэгийн уг заалтаас үзэхэд завсарлагын хугацааг хэн тогтоох нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаагаас гадна дээрх байдлаар “завсарлага авах” асуудлаар  төлөөлөгчид маргаж,  санал хураалтаар шийдвэрлэх санал гаргасан байхад Хурлын дарга  санал хураалт явуулахгүйгээр, өөрт хамааралтай асуудлаар 30 хоногийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн нь   Хурлын  үйл ажиллагаанд мөрдөх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим болон 12.1.8-д заасан “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах”  гэснийг тус тус зөрчсөн байх  тул нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

 

2.8.  Дээрх байдлаар Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  4 дүгээр хуралдааныг 30 хоногийн хугацаагаар завсарлуулахаар шийдвэрлэсэн нь төлөөлөгчдийн эрхийг зөрчсөн ,хууль бус байгаагаас гадна  Хурлын 13  төлөөлөгчөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Хуралд өргөн мэдүүлсэн  “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах тухай асуудлыг ээлжит бус 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх, ээлжит бус 5  дугаар хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагаас  хуралдуулах” саналыг Хурлын дарга О.Х нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн үндэслэл байхгүй” гэж шийдвэрлэж, хариу өгсөн нь үндэслэл бүхий биш, мөн төлөөлөгчдийн тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхийг болон хуралдааныг товлон зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх журмыг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдөөс хуулиар олгосон “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, ээлжит бус хуралдааныг хуралдуулах санал гаргах” эрхийн хүрээнд өмнөх 4 дүгээр хуралдаанд гаргасан “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны  үйл ажиллагаанд  үнэлэлт дүгнэлт өгөх”  асуудлаас өөр асуудал буюу “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдааныг хуралдуулах” санал гаргасан  байхад  нэхэмжлэгч О.Х нь эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг  Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж  батлах, ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах  зэрэг хуульд заасан Хурлын даргын үүргээ зөрчиж,  Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр дангаараа “хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн үндэслэл байхгүй”  гэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. 

2.9. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хотын Зөвлөлийн дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж зааснаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нийт төлөөлөгчдийн олонхын саналын үндсэн дээр сонгогдох, чөлөөлөгдөх, огцруулах зарчмын үндсэн дээр шийдвэрлэгддэг төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байгаа. 

Шүүхээс  улс төрийн асуудал болох Хурлын даргыг огцруулах үндэслэлд  эрх зүйн дүгнэлт өгөх,  тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй, харин тухайн Хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах учиртай бөгөөд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас гаргасан О.Хыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах,  Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай  шийдвэрүүд нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Учир нь, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нэр бүхий 13  төлөөлөгчөөс өргөн мэдүүлсэн Хурлаар  тодорхой асуудал хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдааныг товлон зарлах саналыг  Хурлын даргаас Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр дангаараа  дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд  ээлжит бус 5 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг  орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар мэдэгдсэн, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  ээлжит бус 5 дугаар хуралдаанд төлөөлөгчдийн олонх нь оролцож, Хурлын даргыг огцруулах, улмаар сонгох асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн  39.1.1,  39.1.3, 39.1.4,  46 дугаар зүйлийн 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтууд болон  мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэж заалттай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.

2.10.  Нэхэмжлэгч талаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэх заалт зөрчигдсөн гэж маргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах  зохицуулалт нь хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэх, хэлэлцэх зүйл тодорхой байхыг шаардсан буюу  урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар  асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй байх  гэсэн агуулгатай бөгөөд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдаан зарлах саналыг  Хурлын даргад өргөн мэдүүлсэн, энэхүү саналыг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу хуралдаан болохоос 6 хоногийн өмнө  төлөөлөгчдийн бүртгэлтэй   групп чатад байршуулсан, хуралдааны товыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болох нь тогтоогдож байгаа тул  хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. 

Үүнээс гадна, Хурлын дарга нь төлөөлөгчдийн хуулиар олгосон эрхийн хүрээнд гаргасан “Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдаан зарлах” саналыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр үндэслэлгүй шийдвэрлэж,   хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул  энэ  47.2 дах заалт зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

2.11. Дээрх байдлаар  нэхэмжлэгч  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргаар ажиллаж байсан төлөөлөгч О.Х, төлөөлөгч Б.Д, Ш.Д,С.Х, Б.С, Ш.Ш, Б.Д нарын хувьд ээлжит бус 5 дугаар хуралдааны тов,  хэлэлцэх асуудлыг тус тус мэдсэн, хуралдаанд оролцох, улмаар  төлөөлөгчийн хуульд заасан  бүрэн эрхээ хэрэгжүүлэх   боломжтой байсан   боловч  уг хуралдаанд оролцоогүй,  төлөөлөгчийн эрхээ  өөрсдөө хэрэгжүүлээгүй  байх тул  О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулсан,  Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон  Хурлын тогтоолын улмаас  эрх, хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Мөн  уг  ээлжит бус 5 дугаар хуралдаанаас хойш Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын /Б.Д/ 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар захирамжаар   ээлжит 6 дугаар хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товыг тогтоож, 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөг  баталсан байх ба  2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар “Сумын Засаг даргын 2024 -2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны   хэрэгжилтийн  тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт , дүгнэлт өгөх, сумын Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, сумын 2026 оны төсвийг батлах” зэрэг асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан, 7,8 дугаар хуралдаанууд зохион байгуулагдсан,  9 дүгээр хуралдааны товыг тогтоох асуудлыг хэлэлцсэн  2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгч С.Х, Б.С нар Зөвлөлийн гишүүний хувьд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. 

2.12.Иймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн  48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”  гэсэн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангасан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанаас мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 -т заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргасан тогтоолуудыг  хүчингүй  болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байгаа тохиолдолд хүчингүй болгохоор зохицуулсан ба  дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч  О.Х нарын 7 төлөөлөгчийн маргаж буй захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй  байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдаанаас гарсан бүх тогтоол хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, уг  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн  39.1.1,  39.1.3, 39.1.4,  46 дугаар зүйлийн 46.3, 46.7, 46.8,48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч нарын “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн  01  дугаартай “О.Хыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулах тухай “,  03 дугаартай “Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай“ тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ЕРКЕШ