Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2018/0262

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0262

Улаанбаатар хот

 

 

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, гуравдагч этгээд Д.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Д.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.М-ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговорыг Д.М-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”, 39.1.2-т “Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан”, 39.1.3-д “төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан” гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой бүхий л маргааныг Төрийн албаны зөвлөл захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хуулиар харьяалуулан тогтоосон маргааныг л хянан шийдвэрлэх боломжтой болохыг хуульчилсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.М нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй юм. Харин ч хөөн хэлэлцэх хугацааг хамаардаггүй нэхэмжлэлийн хэлбэр болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болно.

Нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгээр харьяаллын маргаан биш болох талаар хариу өгч, нэхэмжлэгч Д.М-ын өргөдөлд дурдсан албан ёсны гэрийн хаягаар хариуг хүргүүлсэн байна. Уг хариуг шууданч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хаягаар нь хүргүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, шууданчийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тохиолдолд энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байтал үүнийг 22 хоногоор хэтрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Төрийн байгууллага нь өргөдөл, гомдол гаргагчийн албан ёсны хаягаар хариуг хүргүүлсэн байхад, мөн гэрчүүд хариуг хүргүүлснийг нотолж байхад бодит үнэнд нийцэхгүй тайлбар гаргаж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж гаргаж байгаа тайлбар буюу нэг талыг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Өөрөөр хэлбэл гэрчийн “утсаар яриад хүлээн авагчийн хүсэлтийн дагуу бичгийг үлдээсэн” гэдэг мэдүүлэгт шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар “Төрийн албаны зөвлөлийн хариуг аваагүй байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт болно.

Нэхэмжлэгч Д.М-ын тайлбараар авч үзвэл хариуг Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авахад Төрийн албаны зөвлөл нь хариуг шууданд хийсэн болохыг мэдэгдсэн байна. /нэхэмжлэгчийн бичгийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан./

Уг албан бичиг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талд хүрсэн тул 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хуулбар авсан өдрөөс хойш даруй 9 хоногийн дараа нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрч байгааг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч уг хугацаанд ч нэхэмжлэл гаргаагүй бүр хожим нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Д.М-т түүний албан ёсны оршин суугаа хаягаар хариуг хүргүүлснийг актыг мэдэгдсэнд тооцох зохицуулалт байна.

Гэтэл нэхэмжлэгч тал, шүүх тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасныг хэрэглэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн албан ёсны хаяг өөрчлөгдөөгүй, шуудангаас Төрийн албаны зөвлөлд хүлээн авагч хаягтаа байхгүй тухай хариу ирээгүй, шууданчийн мэдүүлгээр утсаар холбогдож, хүлээлгэн өгсөн зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн огт хүлээн аваагүй гэж тайлбарлаж буй нотлох баримт болох Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй хамт шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч сүүлд гэрийнхээ шүүгээн дээрээс бичгийг олсон мэтээр тайлбар өгсөн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээр уг албан бичгийг жижүүрийн өрөөнөөс ирж авсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ягштал баримтлахгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулж, эргэлзээгүй үнэн зөв талаас огт үнэлээгүй зэрэгцээ, гэрчид нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзаагүй. /Гэрч “бичгийг хаясан гэж мэдүүлэг өг гэж дарга мэдэгдсэн” гэсэн тайлбар өгсөн нь хэрэгт байгаа/

Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн хариу очих үед оршин суух хаягтаа байсан талаарх хорооны тодорхойлолт, сүүлд 2017 онд л оршин суух хаягаа өөрчилсөн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан, Захиргааны ерөнхий хуульд албан ёсны хаягаар хариуг хүргүүлсэн бол гардаж авсанд тооцох хуулийн зохицуулалт, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарууд зэргийг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс болж шүүх үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заасныг анхаараагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн боловч нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “бүтэц өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр Д.М-ыг уг албан тушаалаас чөлөөлж, холбогдох тооцоо хийж дуусгахыг нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн “.... албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол үргэлжлүүлэн ажиллах” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, уг тушаалыг хүчингүй болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байтал үүнийг 22 хоногоор хэтрүүлж, ... нэхэмжлэгч Д.М-т түүний албан ёсны оршин суугаа хаягаар хариуг хүргүүлснийг актыг мэдэгдсэнд тооцох ёстой...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.М нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд хандахад нь Төрийн албаны зөвлөл 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгээр “... харьяалан шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс өөрийн биеэр очиж аваад 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгийг “М ш” ХК-аар хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч Д.М нь тухайн үед албан ёсны оршин суугаа хаягт амьдрахаа больсон, “М ш” ХК-ийн ажилтан орцны жижүүрт өгсөн гэх боловч Д.М хүлээж авсан нь тогтоогдоогүй, харин өөрийн биеэр Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнаас 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заагаагүй асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хугацаа алдсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байхад уг хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус актын улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар заасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасантай нийцэхгүй тул энэ хэсгийн цалинтай тэнцэх олговрыг хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцож гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “8 дугаар сарын 12-ны” гэснийг “11 дүгээр сарын 04-ний” гэж,“6 сарын” гэснийг 2 сарын” гэж, “19,322,226” гэснийг “16,336,350” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ