Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 884

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Ш.Бат, Г.Эрдэнэчимэг, Д.Ариунцэцэг нарыг оролцуулан иргэн “Түшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын газрын гаалийн улсын байцаагч Ш.Бат, Г.Эрдэнэчимэг, Д.Ариунцэцэг нарт холбогдох “Гааль татварын ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Түшиг” ХХК /РД:2026708/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Түшиг төв. 

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг.

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын газрын гаалийн улсын байцаагч Ш.Бат.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, их тойруу. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Түшиг” ХХК-ийн ерөнхий захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гаалийн ерөнхий газраас манай “Улаанбаатар их дэлгүүр” ХХК, “Түшиг Фүүдс Бэвирэж” ХХК-иудад 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 170/14 дугаартай удирдамж ирүүлж Гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг Г.Эрдэнэчимэг, Ш.Бат нар манай байгууллагын шалгасан. Тухайн үед дутуу мэдүүлсэн барааны үнэд ногдох НӨАТ, торгууль, алдангийг тооцож акт тавьсан гэх бөгөөд энэ талаар манай байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, шуудангаар болон биет байдлаар хүлээлгэн өгөөгүй билээ.

Дээрх байцаагч нар шалгалтын ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг зөрчин манай зүгээс шалгуулж буй манай ажилтнуудыг тодорхой мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй, зөвхөн “Улаанбаатар их дэлгүүр” ХХК, “Түшиг Фүүдс Бэвирэж” ХХК-ийн нэр дээр гарсан удирдамж, томилолтгүйгээр шалган мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан журмыг зөрчиж бидний эрх ашгийг илтэд хохироосон шалгалт хийсэн.

Мөн шалгалтын эцсийн үр дүнгийн акт, баримтыг манай компанийн удирдлагуудтай биечлэн уулзаж танилцуулаагүй гаргасан бөгөөд энэхүү шалгалтын саналаа шуудангаар болон албан ёсоор компанийн удирдлагад өгөөгүй зэрэг зөвхөн гаалийн ажилтнууд хариуцлагагүй хандаж аж ахуй нэгжийн эрх ашиг, нэр  хүндийг хөсөрдүүлсэн гэж үзэж байна.

Үүний улмаас “Түшиг” группийн салбар ХХК-иуд Татварын өршөөл үзүүлэх тухай ил тод байдлын хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлан мэдээг зөв гаргаж өршөөлд хамрагдах боломжгүй болгож биднийг хохироож байна.

Иймд Гааль татварын ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15, 11/15 тоот актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын 2014 оны 22 тоот тушаал мөн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны Гаалийн Бүрдүүлэлтийн хяналт шалгалт хийх журмыг гаалийн байцаагч нар мөрдөж ажиллаагүй гэж үзэж байгаа. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу “тухайн дарга эзгүй байгаа тохиолдолд түүний томилсон эрх бүхий албан тушаалтан түүнийг орлох эсвэл Гаалийн тухай хуульд заасны дагуу орлогч дарга орлоно” гэсэн заалт байдаг. Гаалийн байгууллагын дотоод журмын 2.2 болон хэрэгт авагдсан 2.3, 2.3.1-т заасны дагуу О.Ганбат дарга нь эзгүй байсан нь мөн гадаадад томилолттой байсан нь тогтоогдоогүй. Эрх бүхий албан тушаалтан байсаар байтал н.Энхцогт гарын үсэг зураад байгаа юм. Эдгээр байдал нь дотоод журам болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээс бүрдүүлэх нотлох баримтын хэмжээнд Гаалийн Ерөнхий газраас эдгээр материал нь ирсэн байгаа. Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан хэн бэ? Нэхэмжлэгч Г.Сүхээ гэдэг хүнийг яриад байгаа юм. Улсын бүртгэлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэдгийг бүртгээд тухайн хуулийн этгээдийг хэн төлөөлөх эрхтэй вэ гэдэг нь тодорхой заагдсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 тоот Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 3.2-т “шалгалтыг гаалийн төв байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу” гээд тодорхой заасан. 3.7-д “ Шалгалтыг эхлэхдээ уулзалт зохион байгуулж, энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу уулзалтын тэмдэглэл хөтөлж, шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал эсхүл түүнийг төлөөлөх албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж гарын үсэг зуруулан баталгаажуулах бөгөөд шалгалтад хамрагдах этгээдийн эрх, үүргийг танилцуулна” бидний яриад байгаа удирдамжийг гардуулж эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан байх ёстой. Энэ талаар хэрэгт авагдсан ямар нэг нотлох баримт байхгүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн улсын байцаагч нарын шалгалт тусгай дэвтэрт бүртгэгдсэн, удирдамж болон серийн дугаартай байх ёстой. Гэтэл эдгээр байцаагч нарт байдаггүй. Гаалийн Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4.2.3.  “гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна” заасан байгаа. Анхнаасаа хууль бус хяналт шалгалт хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 

Нотлох баримт шинжлэн судлах явцад улсын байцаагч нар Монгол Улсын хууль тогтоомж болон дагаж мөрдөж байгаа заавар, дүрэм журмын дагуу шалгалт хийгдээгүй байгаа ба удирдамжийг танилцуулсан гэхдээ дүрэм журмын дагуу албан ёсоор гардуулж өгөөгүй байна. Энэ талаар албан ёсоор нотлох баримт гаргаж ирсэнгүй. Д.Ариунцэцэг байцаагч хэлэхдээ ярилцлага хийсэн гэж хэлж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Эдгээр байдлаас шалгалт анхнаасаа шалгалт хууль ёсных байсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрж байгаа юм. Хоёрдугаарт та бүгд ямар зөрчил гаргасан гэж акт тогтоосон талаар асуусан. Хавтас хэргийн 62 дугаар хуудсанд байгаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 тоот “Түшиг” ХХК-нд гэсэн албан бичиг. Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-дэх хэсэгт “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байгаа үүний яг дээд талд нь хилээр тээвэрлэсэн барааг үнэн зөвөөр мэдээлсэн эсэх, тус компанийн санхүүгийн баримт, импортын орж ирсэн барааны үнийн гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцохоор зүйл заалт байхгүй байгаа юм.

Дутуу мэдүүлсэн гэдэг заалт огт байхгүй байхад 293.1-ийг баримталсан. Хэрэглэж байгаа зүйл заалт нь зөрчлийг илрүүлсэн зүйл заалт биш байгаа юм. 163.799.180 төгрөг ногдуулаад гаалийн НӨАТ-т 25.388.170 төгрөг. Бид нэн тааламжтай тариф хэрэглээгүй гэдгийг хариултаар хэлсэн. Монгол Улсын Засгийн газар 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар нэг тааламжтай тариф хэрэглэх дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын жагсаалтыг баталсан. “Түшиг” ХХК-ийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн Солонгос, Франц, Белги, АНУ энэ жагсаалтад багтсан байдаг. Монгол Улсын Их хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг баталсан. Тогтоолын 18.6, 29, 22.1 заасан бараа бүтээгдэхүүнийг “Түшиг” ХХК импортолсон бүтээгдэхүүний хувь хэмжээг 5 хувь гэж тогтоосон байдаг. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно” гэж заасан. Ердийн тарифыг Улсын Их хурлаас 5 хувь гэж тогтоосон байхад нэн тааламжтай байдлаар Олон улсын конвенц хэрэглэж байгаа тохиолдолд 2.5 хувиар гаалийн тарифыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл 25.388.874 төгрөгийн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5 хувь гэж яриад байгаа юм. Энэ тариф чинь хоёр дахин бага байх ёстой. Анхнаасаа шалгалт нь хууль бус, хэрэглэж байгаа зүйл заалт, тооцоолбор нь хууль бус байна. Цаанаас нь хэрэглэх зүйл заалтыг нь заагаад өгсөн байхад эдгээр хүмүүс үгүй гээд байгаа юм.

Шүүхээс үзлэг хийхэд хариуцагч Ш.Батын компьютер дээр 33 сая төгрөг гээд байж байсан. Торгуулийн дүнг хасаагүй байсан. Шүүхийн өмнө худлаа хэлээд байгаа юм. Ц.Мөнхзул шүүгчид хэлэхдээ би үүнийг өөрчлөх эрхгүй гэдгийг хэлж байсан. Одоо шүүх дээр программ дээрээс хассан гээд хэлж байгаа нь хэр нийцэх вэ? Өнөөдөр “Түшиг” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар ярьсан. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тодорхой байгаа юм. Энэ акт хууль бус, үндэслэл бүхий хийгдсэн акт биш гэдэг нь тодорхой байгаа тул хүчингүй болгох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байгаа юм” гэв.

Хариуцагч Ш.Бат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргыг эзгүй байсан гэж байна. Гадаадад байгаагүй гэдгийг Тамгын газраас бичиг ирүүлсэн байгаа. Гадаадад байгаагүй гэдэг нь уг хүнийг байгаагүй гэдэг нотлох баримт биш. Дотооддоо ажлаар томилогдсон, биеийн эрүүл мэндийн байдал муу байж болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар зөвхөн гадаадад байгаа тохиолдолд орлогч дарга орлоно гэсэн утга бүхий зүйлийг ярьж байна. Уулзалтын тэмдэглэл хавсралтад байгаагүй талаар хэлж байна. Уулзалтын тэмдэглэл бол байгаа. 6 хуудас бүхий тэмдэглэлийн хамгийн ард нь “Түшиг” ХХК-ийн тамга, захирал Г.Сүхээ гэсэн гарын үсэг байна. Хүлээн авсан баримт бичгийн  жагсаалт бас байгаа. Тухайн компаниас бол бид бичиг баримтыг гаргуулж авсан. Сүүлд нь өмгөөлөгчдөө хэлэхдээ эдгээр зүйлсийг байхгүй гэж хэлсэн юм шиг байна. Эдгээр бүх зүйлс хууль дүрмийнхээ дагуу хийгдээд, үйлдэгдсэн байгаа. “Түшиг” ХХК-ийн байр дээр очиж шалгалтыг хийсэн. Г.Баттүшиг захирал өөрөө хүлээн авч бүх баримт бичгээ гаргаж өгсөн. Шалгалт дууссаны дараа уг хүнд танилцуулсан. Г.Сүхээ гэдэг хүний талаар яригдаж байгаа вэ гэхээр Гаалийн байгууллагад өгсөн бүх бичиг баримт дээр Г.Сүхээ гэсэн гарын үсэг байдаг. Баримтын жагсаалтаар байгаа юм. Актыг бид нарт танилцуулаагүй гэж байна. 5 удаа албан бичиг ирүүлэхэд нь 5 ууланд хариу өгсөн. Тогтоосон актыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг” гэв. 

Хариуцагч Д.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Актын тухайд яривал хамгийн сүүлийн албан бичгээр Гаалийн Ерөнхий газрын дарга танаа гээд 2016 оны 01 дүгээр сарын 22-ний өдрөөр Г.Баттүшиг гэсэн хүний гарын үсэгтэй хүсэлт ирүүлсэн байдаг. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлт байдаг. Энэ хүсэлтийн дагуу Гаалийн Ерөнхий газраас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/949 тоот дугаартай албан бичгээр “Түшиг” ХХК болон “Түшиг Фүүдс Бевирэж” ХХК-нд ногдуулсан актын үнийн дүнгээс “Түшиг” ХХК-ийн торгууль 7.716.000 төгрөг, “Түшиг Фүүдс Бевирэж” ХХК-нд ногдуулсан актаас 18.7 сая төгрөгийн торгуулиас нийтдээ 11.9 сая төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн голлох заалтад хамааруулж чөлөөлж зөвхөн актаар ногдуулсан Гаалийн болон НӨАТ-ийн дүнг төлөхийг мэдэгдсэн. “Түшиг” ХХК-нд анх шалгалт хийх гээд очсон эхний өдөр Г.Сүхээ захиралтай уулзаж актын удирдамжийг танилцуулсан. Энэ өдөр Г.Баттүшиг захирал хөлөө гэмтээсэн байгаа учир би энэ асуудлыг хариуцаж байна гэж хэлсэн. “Түшиг” ХХК-иас шалгалтын хугацааг хойшлуулж өгнө үү бичиг баримтаа цэгцэлсний дараах байдлаар хүлээлгэж өгье гэсэн хүсэлт гаргасан учир бид шалгалтыг хүссэн хугацаагаар нь хойшлуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бичиг баримт хүлээж авах өдөр Г.Баттүшиг захирал өөрөө ирж бичиг баримтуудаа хүлээлгэж өгсөн” гэв.

Хариуцагч Г.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлд заасан “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу “Түшиг” ХХК-ийн бичиг баримтаас харахад барааны үнийг дутуу мэдүүлэх замаар худал мэдүүлсэн, барааны үнийг буруулж дутуу мэдүүлдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, нэхэмжлэгч компаниудаас ирсэн “энвойсд” засвар оруулсан, төлбөр хийсэн баримтад засвар оруулж Гаалийн байгууллагад ирүүлсэн зөрчил гаргасан тул Гаалийн тухай хуулийн 293.1-ийг баримтлан татвар ногдуулсан. “Түшиг” ХХК нь өөрт байгаа баримтуудаа нуун дарагдуулж байхгүй гэдэг үндэслэлээр гаргаж өгөхгүй зайлсхийж байгааг шүүх анхаарч үзэх байх. Нэн тааламжтай тариф нь 5 хувь, үүнийг бид баримталж ажиллаж байгаа гэж хэлсэн. Уулзалтын тэмдэглэлийг танилцуулаагүй эрх бүхий этгээд нь Г.Сүхээ гэдэг хүн бол биш гэдэг зүйлийг хэлээд байна. Энэ хүн өөрөө би эрх бүхий этгээд гэж хэлсэн. Мөн Ерөнхий нягтлан гэх хүн байсан тул хүлээлгэж өгсөн. Г.Баттүшиг гэдэг хүн өвчтэй байгаа гэж байхад заавал тэр хүнийг бай гэж хэлээгүй. Шалгалтын дүнг бол Г.Сүхээ болон Г.Баттүшиг захиралд хоёуланд нь танилцуулсан.  Гаалийн шалгалт хийхдээ “Түшиг” ХХК-ийн баримт дээр шалгалт хийгдсэн” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 “Түшиг” ХХК-ийн ерөнхий захирал Г.Баттүшиг Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Түшиг фүүдс бэвирэж” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж тогтоосон 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/15 дугаар актыг хүчингүй боглуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7041 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээрсарын 28-ны өдрийн 221/ШТ2016/0602 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Гаалийн улсын байцаагчид шалгалтыг явуулах талаар компанийн удирдлагад мэдэгдээгүй, шалгалт хийх удирдамжийг гардуулаагүй, татвар төлөх, ногдуулах, тайлагнах журам аргачлалын талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй Төрийн хяналт шалгалтын болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шалгалт явуулсан гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж  шийдвэрлэв.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын Гаалийн улсын байцаагчдын “Түшиг” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар импортоор оруулж ирсэн барааны үнийг бууруулж, төлбөр хийсэн баримтыг засварлах замаар үнийн дүнг дутуу мэдүүлсэн зөрчилд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар нөхөн татвар, торгууль ногдуулсан акт хууль зүйн үндэслэлтэй байна.

 “Түшиг” группийн ерөнхийлөгч Г.Сүхээ Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогтын баталсан “Түшиг” ХХК-ийн 2010-2013 оны санхүүгийн баримтад шалгалт хийх 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 171/14 дүгээр удирдамжийн талаар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14/145 дугаар албан бичгээр “..манай группийн харьяа охин компаниуд дээр гаалийн хяналт шалгалт хийхээр мэдэгдээд байна...манай зарим нягтлан ээлжийн амралттай, шинээр ажилд орсон нягтлан бодогчид санхүүгийн баримтыг гүйцэд хүлээн авч танилцаж амжаагүй зэрэг шалтгаантай байгаа тул ..шалгалтын хугацааг 2014 оныг дуустал хойшлуулж өгнө үү.” , мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14/168 дугаар албан бичгээр “Тус компанийн харьяа охин компани болох “Түшиг” ХХК-ийн 2010-2013 оны баримтад гаалийн эргэн хяналт шалгалт явуулж байгаа билээ.Гэтэл..манай тоног төхөөрөмж хариуцсан техникийн ажилтнууд сургалтад хамрагдах болсон тул шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж өгнө үү.” гэсэн хүсэлтүүдийг гаргаж шалгалт хийх удирдамжийн хугацааг Гаалийн Ерөнхий газрын дарга О.Ганбатын баталснаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.

Гаалийн улсын байцаагчид “Түшиг” ХХК-ийн 2010-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх болсон талаараа “Түшиг” группын ерөнхийлөгч Г.Сүхээ, ерөнхий нягтлан бодогч Г.Лхамдэлгэр нарт танилцуулж, “Түшиг” ХХК-ийн нягтлан бодогч П.Чойжилмаад шалгалтад хамруулах шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг зөвлөж, гарын үсэг зуруулж  баримтжуулсан нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Түшиг” ХХК-нд хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын материал”-ийн 000010 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэх уулзалтын тэмдэглэлээр нотлогдсон байна.  

Ийнхүү шалгалтын удирдамжаа байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж, шалгалт эхлэх уулзалт хийн тэмдэглэл хөтлөн баримтжуулсан нь Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 3 дахь хэсгийн 3.5-д “Шалгалтыг хийхдээ эхлэх уулзалтыг зохион байгуулж, шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал эсхүл орлох албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж гарын үсэг зуруулж баталгаажуулах бөгөөд, шалгалтад хамрагдах этгээдийн эрх, үүргийг тодорхой танилцуулна.”  гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Түшиг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Г.Баттүшиг хэдий ч шалгалтын удирдамжийг толгой компани болох “Түшиг” группийн ерөнхийлөгч, тус компанийн нягтлан бодогч нарт танилцуулж шалгалтыг эхлүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй.   

Түүнчлэн “Түшиг” группийн ерөнхийлөгч, түүний ерөнхий нягтлан бодогч,”Түшиг” ХХК-ийн нягтлан бодогч нар гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулахыг албан ёсоор мэдэж гарын үсэг зурсан бөгөөд “Түшиг” группийн ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий албан бичгүүдээр “Түшиг” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн талаар Гаалийн ерөнхий газарт хандан уг шалгалтыг хойшлуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан  нь гаалийн улсын байцаагчид шалгалтыг явуулах талаар компанийн удирдлагад мэдэгдээгүй, шалгалт хийх удирдамжийг гардуулаагүй, татвар төлөх, ногдуулах, тайлагнах журам аргачлалын талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй Төрийн хяналт шалгалтын болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргаан бүхий 10/15 дугаар актаар тогтоосон 7.616.662 төгрөгийн торгуулийн дүнг компьютерийн программаас хасаагүй акт тогтоосон хэмжээгээрээ байгаа гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн импортоор оруулж ирсэн барааны үнийг бууруулж, төлбөр хийсэн баримтыг засварлах замаар үнийн дүнг дутуу мэдүүлсэн зөрчилд хариуцлага ногдуулсан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.6-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Гаалийн  тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 75 дугаар зүйлийн 75.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актын Гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 25.388.874 төгрөгийг нэхэмжлэгч “Түшиг” ХХК-иар төлүүлсүгэй.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар тус актаар ногдуулсан 7.616.662 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР