Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч У.Солонго /томилолтоор/, шүүгдэгч Д.Ө-г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Хүрэн овогт Д.Ө-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000720039 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д.Ө-г /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Ө-г нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Өлзийхутагийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 34-6 тоотоос түүний Е1976911 дугаартай үндэсний гадаад паспортыг нь хулгайлсан,

“Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу төрсөн дүү Дугарын Өлзийхутагийн E1976911 дугаартай үндэсний гадаад паспортоор 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Ө-г: “...Би 2017 онд Турк Улс руу яваад 3 сар болоод эргэж ирсэн. Тухайн үед мөнгө олж ирээгүй болохоор буцаж очоод мөнгө олох санаатай виза хөөцөлдсөн боловч виза гарахгүй байсан болохоор надтай төстэй царайтай дүүгийнхээ паспортыг аваад билет захиалсан. Оросын Холбооны Улсын Иркутск хот ороод тэндээс Москва хот руу ниссэн. Тэгээд Москва хотоос Турк улс руу нисэх гэж байгаад баригдсан. Оросын Холбооны Улсад 4 сар хоригдсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч М.Зоригтхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагаас зорчигчийн баримт бичгийг шалгах орох чиглэлд үүрэг авсан. Үүрэг гүйцэтгэж байх үед 13 цаг 50 минутын орчимд буцах үнэмлэхтэй хүн ирээд баримт бичгээ өгсөн. Тухайн хүнээс ямар шалтгааны улмаас буцах бичиг авсан талаар асуухад сандарсан, айсан байдал илрэхээр нь дахин лавлахад ОХУ-д зөрчил гаргасан гэж хэлсэн. Баримт бичгийн ISEM программд регистрээр нь шалгаж үзэхэд бүртгэл гарч ирээгүй учир ээлжийн ахлах Ц.Хосбаатарт мэдэгдэн баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 43-44/ гэсэн,

 

Гэрч Д.Өлзийхутаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн эгч Д.Ө-г 2017 оны дундуур Турк улс руу яваад 2-3 сар болоод буцаад ирсэн. Тэгээд буцаад явна гээд 2017 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр виз хөөцөлдөнө гээд манайд ирэн очин байсан. Тэгээд Турк улс руу явахаар болоод 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр манайд хоноод явсан. Тэгээд ОХУ-д очоод над руу залгахдаа бичиг баримтын асуудалтай болоод явж чадахгүй байна гэж хэлсэн. Удалгүй дахин ярихдаа эгч нь чиний паспортыг авч яваад баригдаад консулын хүмүүст байцаагдаж байна гэж ярьсан. Би БНХАУ руу явах зорилгоор гадаад паспорт авсан. Гадаад паспортоо гэртээ бичиг баримт хийдэг савад хадгалдаг байсан. Эгчийг миний гадаад паспортыг явч явсныг ОХУ-аас утсаар ярихад нь мэдсэн. ...Эгч надад миний гадаад паспортыг хэзээ, хаанаас яаж авсан талаараа хэлээгүй, би өөрийн гадаад паспортыг шалгаж үзэхэд байхгүй байсан...” /хх-ийн 106-107, 155-157/ гэсэн,

 

Гэрч Б.Мажиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ очоод 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шалгаж улсын хилээр нэвтрүүлсэн иргэдийн мэдээллийг шалгахад Дугар овогт Ө-гын баримт бичгийг шалгаж хилээр нэвтрүүлсэн байсан. Д.Ө-г нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УБ-Эрхүү чиглэлийн МNG-101 дугаартай аяллын онгоцоор зорчсон зорчигч байна. ...Д.Ө-г гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, Д.Өлзийхутаг нэрээр хилээр гарсан байсан. Тухайн үед паспорт дээрх зураг нь мэдээллийн санд бүртгэлтэй зурагтай адилхан байсан. ..” /хх-ийн 108-110/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Ө-г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сард Турк улс руу ажил хийхээр явах гэхэд өөрийнхөө паспорт дээр хар тамга даруулсан байсан учир төрсөн дүү Дугарын Өлзийхутагийн гадаад паспортыг аваад 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр ОХУ руу гарсан. Би Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэхдээ шалган нэвтрүүлэх хүмүүст дүүгийнхээ паспортыг үзүүлсан, шалгаж байсан хүн анзаараагүй. ОХУ-ын Эрхүү хотод очоод тэндээсээ Москва хот руу очсон. Москва хотын Олон улсын Шереметьево нисэх буудлаас Турк улс руу нисэх гэж байгаад саатуулагдсан. Намайг бусдын баримт бичиг ашиглан ОХУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх үндэслэлээр саатуулсан. ...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын Москва хотын шүүх ОХУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэм буруутайд тооцож 25,000 рублийн торгууль оногдуулсан, тухайн үед би бараг 4 сар хоригдсон байсан учир торгуулийн мөнгийг хоригдсон хугацаанд дүйцүүлж намайг шүүх хуралдааны танхимаас сулласан. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Консулын газраас буцах үнэмлэх олгож, 01 дүгээр сарын 26-ны өдөр Москва хотоос Улаан-Үд хот руу очоод тэндээсээ Хиагт-Алтанбулаг боомтоор Монгол улсын хилээр нэвтэрэхэд шалгагч ямар шалтгаанаар буцах тасалбар авсан талаар лавлаад таны овог нэрээр Монгол улсын хилээр гарсан бүртгэл байхгүй байна, хэзээ ямар боомтоор, ямар бичиг баримтаар гарсан бэ гэж асуухаар нь үнэнээ хэлсэн. ...Дүү Өлзийхутагийн паспортыг авч үзэхэд зураг нь надтай төстэй байсан учир паспортыг нь авсан, энэ талаар дүү Өлзийхутаг болон өөр хүнд хэлээгүй. Би гэрийнхэндээ дүүгийн паспортыг авсан гэдгээ хэлээгүй өөрийн паспортоор Турк руу явлаа, виз гарсан гэж хэлсэн...” /хх-ийн 117-118, 158-160/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-9/,

- Шийтгэх тогтоолын хуулбар /11-27/,

- Шүүгдэгч Д.Ө-гын иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-50, 120/,

- Гадаад паспорт авахад бүрдүүлсэн материалын хуулбар /хх-ийн 53-57/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58-66, 121-122/,

- МО-101 дугаартай нислэгийн зорчигчдийн нэрсийн жагсаалт /хх-ийн 68-69/,

- Хил хамгаалах ерөнхий газрын шалгалт явуулсан материалын хуулбар /хх-ийн 83-89/,

- Буцах үнэмлэх олгосон тухай баримтын хуулбар /хх-ийн 92-102/

- Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 73/,

-  Д.Ө-гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ө-г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ө-г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ө-г 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Өлзийхутагийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 34-6 тоот гэрээс түүний Е1976911 дугаартай үндэсний гадаад паспортыг зориуд хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.Өлзийхутагийн “...ОХУ-д очоод над руу залгахдаа бичиг баримтын асуудалтай болоод явж чадахгүй байна гэж хэлсэн. Удалгүй дахин ярихдаа эгч нь чиний паспортыг авч яваад баригдаад консулын хүмүүст байцаагдаж байна гэж ярьсан. Би БНХАУ руу явах зорилгоор гадаад паспорт авсан. Гадаад паспортоо гэртээ бичиг баримт хийдэг савад хадгалдаг байсан. Эгчийг миний гадаад паспортыг явч явсныг ОХУ-аас утсаар ярихад нь мэдсэн. ...Эгч надад миний гадаад паспортыг хэзээ, хаанаас яаж авсан талаараа хэлээгүй, би өөрийн гадаад паспортыг шалгаж үзэхэд байхгүй байсан...” /хх-ийн 106-107, 155-157/ гэсэн,

 Шүүгдэгч Д.Ө-гын: “...2017 оны 09 дүгээр сард Турк улс руу ажил хийхээр явах гэхэд өөрийнхөө паспорт дээр хар тамга даруулсан учир төрсөн дүү Дугарын Өлзийхутагийн гадаад паспортыг аваад 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр ОХУ руу гарсан. Би Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэхдээ шалган нэвтрүүлэх хүмүүст дүүгийнхээ паспортыг үзүүлсан, шалгаж байсан хүн анзаараагүй. ...Дүү Өлзийхутагийн паспортыг авч үзэхэд зураг нь надтай төстэй байсан учир паспортыг нь авсан энэ талаар дүү Өлзийхутаг болон өөр хүнд хэлээгүй. Би гэрийнхэндээ дүүгийн паспортыг авсан гэдгээ хэлээгүй өөрийн паспортоор Турк руу явлаа, виз гарсан гэж хэлсэн...” /хх-ийн 117-118, 158-160/ гэсэн мэдүүлгүүд, гадаад паспорт авахад бүрдүүлсэн материалын хуулбар /хх-ийн 53-57/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу төрсөн дүү Дугарын Өлзийхутагийн E1976911 дугаартай үндэсний гадаад паспортоор 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч М.Зоригтхүүгийн “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...үүрэг гүйцэтгэж байх үед 13 цаг 50 минутын орчимд буцах үнэмлэхтэй хүн ирээд баримт бичгээ өгсөн. Тухайн хүнээс ямар шалтгааны улмаас буцах бичиг авсан талаар асуухад сандарсан, айсан байдал илрэхээр нь дахин лавлахад ОХУ-д зөрчил гаргасан гэж хэлсэн. Баримт бичгийн ISEM программд регистрээр нь шалгаж үзэхэд бүртгэл гарч ирээгүй учир ээлжийн ахлах Ц.Хосбаатарт мэдэгдэн баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 43-44/ гэсэн,

Гэрч Б.Мажигийн “....2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ очоод 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шалгаж улсын хилээр нэвтрүүлсэн иргэдийн мэдээллийг шалгахад Дугар овогт Ө-гын баримт бичгийг шалгаж хилээр нэвтрүүлсэн байсан. Д.Ө-г нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УБ-Эрхүү чиглэлийн МО-101 дугаартай аяллын онгоцоор зорчсон зорчигч байна. ...Д.Ө-г гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, Д.Өлзийхутаг нэрээр хилээр гарсан байсан. Тухайн үед паспорт дээрх зураг нь мэдээллийн санд бүртгэлтэй зурагтай адилхан байсан. ..” /хх-ийн 108-110/ гэсэн,

Шүүгдэгч Д.Ө-гын “...2017 оны 09 дүгээр сард Турк улс руу ажил хийхээр явах гэхэд өөрийнхөө паспорт дээр хар тамга даруулсан байсан учир төрсөн дүү Дугарын Өлзийхутагийн гадаад паспортыг аваад 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр ОХУ руу гарсан. Би Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэхдээ шалган нэвтрүүлэх хүмүүст дүүгийнхээ паспортыг үзүүлсан, шалгаж байсан хүн анзаараагүй. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Консулын газраас буцах үнэмлэх олгож, 01 дүгээр сарын 26-наас өдөр Москва хотоос Улаан-Үд хот руу очоод тэндээсээ Хиагт-Алтанбулаг боомтоор Монгол улсын хилээр нэвтрэхэд шалгагч ямар шалтгаанаар буцах тасалбар авсан талаар лавлаад таны овог нэрээр Монгол улсын хилээр гарсан бүртгэл байхгүй байна, хэзээ ямар боомтоор, ямар бичиг баримтаар гарсан гэж асуухаар нь үнэнээ хэлсэн...” /хх-ийн 117-118, 158-160/ гэсэн мэдүүлгүүд, хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-9/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58-66, 121-122/,  МО-101 дугаартай нислэгийн зорчигчдийн нэрсийн жагсаалт /хх-ийн 68-69/, Буцаах үнэмлэх олгосон тухай баримтын хуулбар /хх-ийн 92-102/, Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 73/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ө-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ө-г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Ө-г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт торгуулийн ялын хэмжээг тогтоож, шүүгдэгч Д.Ө-гын хувийн байдал болох түүний хөрөнгө, цалин хөлс, орлого болон дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд оногдуулсан торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1802000720039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Хүрэн овогт Д.Ө-гыг бусдын гадаад паспортыг зориуд хулгайлсан,

Монгол Улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч  Д.Ө-г-д нийтдээ 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ө-г-д оногдуулсан торгуулийн ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1802001130074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ө-гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР