| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0025/З |
| Дугаар | 110/ШШ2026/0089 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 110/ШШ2026/0089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ж
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.Д, Б.Т нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өмиржан, Б.Нуржайна, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Тилеухабылын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаартай захирамжийн Б.Д, Б.Тилеухабылд холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын тухайн байршлаас А.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр 600 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” -аар маргаж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлд газрын маргааны үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1. Б.Жгийн эцэг болох Ан Б нь 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, эх болох Ховдаханы Г нь 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус өвчний учир нас баржээ.
Түүний эцэг, эх амьд сэрүүн байхдаа Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой хаягт байршилтай, 104 м2 талбайтай хувийн сууцыг А.Б, Х.Г, Б.К, Б.А, Б.Ж, Б нарын нэр дээр 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авчээ. Мөн Өлгий сумын Засаг даргаас 2002 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа 600 м2 газрыг эцэг А. Бд 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Ах Б.К, эгч Б.А нар нь одоо Бүгд Найрамдах Казахстан Улсад амьдардаг, Монгол Улсад Б.Ж түүний дүү Б нар амьдардаг. А.Б, Х.Г, Б.К, Б.А, Б.Ж, Б нарын нэр дээр бүртгэлтэй байсан 104 м2 талбайтай хувийн сууцыг эцэг А.Б нь амьд сэрүүн байхдаа 2005 онд Х.Е гэх хүнд худалдаж, Х.Е нь тухайн сууцыг буулгаж авч явжээ.
2.2. Эцэг, эх нь нас барах үед Б.Ж, Б нар ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан ба сургууль төгссөний дараа хоёулаа Бүгд Найрамдах Турк Улсад явж тэнд суралцаад сургуулиа төгсөж иржээ. Тэд Монгол Улсад ирсний дараа хөрш айл болох Б.Д гэх хүнтэй уулзаж эзэмшил газраа асуухад тухайн газрыг би танай эцгээс амьд сэрүүн байхад худалдаж авсан, энэ газар та нарт хамаагүй болсон гэж хэлжээ. Тэгэхээр нь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргээс газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг гаргуулж авчээ.
Үүний дараа Өлгий сум хариуцсан даамал Т.Зангартай очиж уулзаж, учрыг тодруулахад тухайн газар 2021 оны 3 дугаар сард Б.Тилеухабыл гэдэг хүний нэр дээр шилжсэн байна, тэрнээс өмнө Б.Д эзэмшсэн байна, иймээс би мэдэхгүй.” гэж хариу өгсөн байна.
Үүний дараа нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад, Өлгий сумын газрын даамал Т.Зангараас “2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүчингүй болгох асуудлыг Өлгий сумын Засаг даргын тамгын газарт хандана уу” гэсэн хариу өгсөн учир Өлгий сумын Засаг даргад хандсан.
Өлгий сумын Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/434 дугаартай албан бичгээр “гомдол гаргагч нарт маргаан бүхий газрыг анхан шатны журмаар шийдвэрлэх боломжгүй учраас шүүхэд хандахыг мэдэгдье.” гэж хариу өгсөн.
2.3. Өлгий сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай захирамжаар Өлгий сумын 10 дугаар /хуучин 6 дугаар/ багийн нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа 1184 м2 газрыг Б.Д, түүний хүү Д.Х нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 41 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Дараа нь Өлгий сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаартай захирамжаар дээрх 1184 м2 газрын 778 м2 газрыг Д.Хт, 396 м2 газрыг Д.Хт тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж, Б.Д нь ямар нэгэн эзэмшил газаргүй болжээ. Үүний дараахан Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн А/72 дугаар захирамжаар 644 м2 газрыг Б.Дд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаар захирамжаар дээрх 644 м2 газрыг өмчлүүлсэн байна.
2.4. Б.Д шүүхэд гаргасан тайлбарт миний эцэг А.Бы нэр дээр эзэмшиж байсан 600 м2 газрыг тухайн үед худалдан авч, дүү Б.Тилеухабылд байшин, амбаар барьж өгсөн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Бодит байдал дээр миний эцэг А.Бы нэр дээр байсан 600 м2 газар 2021 онд хүртэл хэн нэгэн хүний эзэмшилд байгаагүй хоосон байсан ба Б.Д нь 2021 онд өөрийн нэр дээр байсан газраа хүү Б.Х, Б.Х нарын нэр дээр шилжүүлж өгөөд өөрөө эзэмшил газаргүй болонгуут Өлгий сумын Засаг даргын захирамж гаргуулж эзэмших болсон, дараа нь өмчилж авсан байдал харагдаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Миний аав тухайн газрыг худалдаагүй, би байшингийн эрхийн гэрчилгээг банканд байсан гэж бодсон чинь банкнаас олдсонгүй. Харин тухайн гэрчилгээ Б.Дн гар дээр байсан байна. Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2002 оны 7 дугаар сарын 02-ны өдөр А.Бд Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр 600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газарт байрлах үл хөдлөх хөрөнгө болох байшинг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, баталгаажуулж байсан үйл баримт тогтоогдож байна. Тухайн гэрийн эзэн А.Б, түүний эхнэр Х.Г нар нас барж, тэдний насанд хүрсэн хүүхдүүдийн нь ихэнх нь Казахстан Улс руу явсан.
Тэдгээрийн хамгийн бага хүүхэд болох Б.Ж болон Б нар Монгол Улсад амьдарч байна. Б.Ж болон Б нар насанд хүрээгүй, сургуулийн насны хүүхдүүд байсан. Дараа нь насанд хүрч, Турк Улс руу явж, тэндээс сургууль сурч, буцаж Монгол Улс руу ирж, 2024 оноос эхлэн газрыг асуудлыг хөөцөлдөж явсан. Нэгэнт тухайн 600 м2 газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. 2021 онд Б.Д, Б.Тилеухабыл нарын нэр дээр шилжүүлсэн. Мөн оны 12 дугаар сард Б.Дд 644 м2 газрыг өмчлөлд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна. Нэгэнт газар эзэмшигч А.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд тухайн үед албан ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн, худалдсан үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
5. Хариуцагч Өлгий сумын Засаг даргын гаргасан тайлбарт:
5.1. Өлгий сумын 10 дугаар багт оршин суугч Б.Тилеухабыл нь 8312023071 нэгж талбарын дугаар бүхий 693 м2 газрын гэрчилгээтэй, 50 жилийн хугацаагаар 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А/72 дугаар сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшсэн байна. Мөн тус багийн оршин суугч Б.Д нь 8312023072 нэгж талбарын дугаартай 644 м2 газрыг 50 жилийн хугацаатай, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А/72 дугаар сумын Засаг даргын шийдвэрээр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдсан газрыг Б.Тилеухабыл, Б.Д нарын хүсэлтийн дагуу эзэмшүүлсэн болно. Мөн иргэн Б.Д дахин хүсэлт гаргаж, 644 м2 газрыг аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1103 дугаартай захирамжаар өмчилж авсан байна. Харин А.Бы нэр дээр 600 м2 газарт Засаг даргын захирамж болон байршлыг заасан кадастрын зураг байхгүй учраас мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Өлгий сумын Засаг даргын 2021 оны А/72 дугаар захирамжаар иргэн Б.Д, Б.Тилеухабыл нарт эзэмшүүлсэн газар нь 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө 13 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу хуулийн дагуу олгогдсон гэж үзэж байна. Иргэн А.Бы нэр дээр байсан 2002 оны 01303389 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээгээр Өлгий сумын 6 дугаар багаас эзэмшүүлсэн гэх 600 м2 газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй буюу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Уг газрын хувьд 2021 он хүртэл иргэдээс тухайн газрыг эзэмших талаар ямар нэгэн хүсэлт ирж байгаагүй. Уг газрыг иргэн Б.Д, Б.Тилеухабыл нар нь эзэмшиж байсан гэх утгаар шинээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, уг газрыг эзэмшүүлсэн байна гэв.
7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын гаргасан тайлбарт:
7.1. Маргаан бүхий Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 644 м2 газрыг иргэн Б.Д Өлгий сумын Засаг даргын 2021 оны А/72 дугаар захирамжаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшиж байжээ.
Улмаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус эзэмшлийн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж өгөх тухай хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргын 2021 оны А/1103 дугаар захирамжаар иргэн Б.Дд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлүүлсэн гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Тус маргаан бүхий газрыг иргэн Б.Д нь өмчилж авахаар хүсэлт гаргаснаар уг хүсэлтийг судалж үзэхэд, иргэн Б.Д эзэмшиж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байсан. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэв.
9. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Тилеухабылын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт:
9.1. Нэхэмжлэгч 21 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргажээ. Газрын гэрчилгээнд А.Бы нэр бичигдсэн байсан бөгөөд тэр хүн 2005 онд Б.Д надад үнэ тохирч тухайн газраа худалдсан. Тэр үед уг газарт ямар ч хашаа амбаар, байшин барилга байгаагүй. Байшингаа Х.Е гэгчид 2004 онд худалдсаныг нэхэмжлэлдээ бичжээ. Уг газрыг би хөгжлийн бэрхшээлтэй дүү Б.Тилеухабылд өгч, түүний нэр дээр газрыг шилжүүлж өгсөн. Засаг даргаас Б.Тилеухабылд газар олгосон шийдвэр гаргасан ба энэ нь ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй байгаа болно гэжээ.
10. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Тилеухабылын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
10.1. Миний бие 2000 оны 7 сард Цагааннуур сумаас нүүж ирсэн юм. Өлгий сумын 10 дугаар багаас /хуучнаар 6 дугаар баг/ газар судлаад, А.Бы газрын ард талын газар чөлөөтэй байсан. Би тэр газрыг сонгосон. Тухайн газрыг яагаад сонгосон гэхээр тэр орчимд манай танилууд байсан ангийн хүүхдүүд, мөн А.Бы гэр бүлийг бас таньдаг байсан юм. Би 2 хүүхэдтэй, хоёулаа гүйж очоод нэг цай уухад бас тус болох болов уу гэж бодсон. Тухайн газарт 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 10:5 харьцаатай байшин барьж, газар эзэмших гэрчилгээг авсан.
10.2. Гуравдагч этгээд Б.Тилеухабыл нь миний төрсөн дүү юм. Цагааннуурт амьдарч байсан, бас ээж маань нас барч, харж хандах хүн байхгүй болохоор би хажуудаа авч, хамтдаа амьдаръя гэсэн бодолтой байсан. 2005 оны 7 сард А.Б гуай байшингаа зарсан, байшинг авсан хүн газрыг нь аваагүй, байшинг нь буулгаад аваад явсан. Тэгэхээр нь би А.Б гуайтай ярьсан юм. “Та газраа яах юм бэ, дахиад байшин барих юм уу?” гэхэд “энд байшин барихгүй, гэр бүлийн хүн нь нас барсан, 2 жаахан хүүхэдтэй, энд ганцаараа байж чадахгүй юм шиг байна.” гэсэн. Тэгээд би “тэгвэл таны сууж байгаа газрыг авъя” гэсэн. Тэгээд хоёулаа хоорондоо тохирч 2005 оны 7 дугаар сарын үе байх газрыг нь авсан.
Тухайн газарт А.Бы нэг жижигхэн амбаар байсан. Тэр амбаарыг бас хүн амьтанд өгөөд, тухайн жилийн 8 дугаар сарын 02-ны өдөр манай том хүү гэрлэсэн. Тэнд эсгий гэр барьж, хуримаа хийсэн. Тэгээд эсгий гэрт 10 гаруй хоног хоноод, 9 дүгээр сарын эхээр нүүгээд явсан,тэрнээс хойш тухайн газар миний мэдэлд байна.
10.3. А.Бы байгаа газар яг хэмжээгээрээ байгаа. Газрын урд талд нь, мөн 2 талдаа жаахан газар нэмэгдсэн байх. Яагаад гэвэл ард талын гудамжийг хаачихсан тул 2 гудамжны хүмүүс газрыг нь тэнцүү хувааж авсан юм. Урд талын айлууд бас хашааг урагшаа татсан. Би тухайн газрыг нэгдсэн журмаар газрыг кадастрын зурагт оруулж авсан.
10.4. Тэр үед газрын тухай мэдлэггүй, зүгээр газар аваад суучихдаг юм гэж боддог байсан. Тухайн газрыг А.Баас авсны нэг жилийн дараа газрын гэрчилгээг бүрдүүлж өгнө үү” гэж очсон. Тэгэхэд, “миний гэрчилгээ өөр газарт байгаа. Би тэр хүнтэй хийсэн гэрээ маань дуусахад нь газрын гэрчилгээг танд өгье” гэж хэлээд, дараа нь 2006 оны сүүлээр газрын гэрчилгээг нь надад авч ирж өгсөн. Мөн байшингийнхаа гэрчилгээг бас давхар өгсөн. Уг газар нь намайг авах үед сул байсан, байшинг нураасан үеийн үлдэгдэл хог хаягдлыг би өөрөө цэвэрлэж авсан. Тухайн үед талийгаач А.Б нь “энэ газарт би суухгүй, ах, дүү дээрээ очиж, тэд нартай хамт амьдарна.” гэж өөрөө хүлээн зөвшөөрч газрын гэрчилгээг өгсөн. Тухайн үед Б.Ж жаахан хүүхэд байсан учраас мэдэхгүй байж магадгүй. Өөр ямар нэгэн баримт аваагүй, мөнгө авсан баримт байхгүй учраас мөнгө өгсөн гэж хэлэх хэцүү байна. Надаас 50 000 төгрөг авч байсан юм гэв.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
11.1. Нэхэмжлэгч Б.Жгийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй. Ховд аймагт нөхөртэйгөө гэр оронтой амьдардаг юм байна. Газар төрийн өмч юм. Газрыг эзэмшүүлэх нь сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Тухайн 600 м2 талбайтай газрыг А.Б эзэмшсэн.Тухайн газраас 2005 онд нүүгээд явсан байна. Тухайн газарт байгаа бүх байшинг хөдлөх хөрөнгийг талийгаач тухайн үед худалдсан, сул чөлөөтэй газрыг Б.Д нь А.Бтай ярьж байгаад авсан байна.
11.2. Тухайн хугацаанаас хойш 21 жилийн хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа нь үл хөдлөх хөрөнгө дээр 6 жил байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Тухайн газар нь сул чөлөөтэй байхад Б.Д авсан. Тухайн газрыг Б.Д аваагүй байсан бол 2 жилийн дараа өөр хүн авах байсан. 2 жил хүртэл хугацаанд ашиглаагүй тохиолдолд А.Бы газар эзэмших хугацаа нь Газрын тухай хуульд зааснаар дуусна, Газрын албанаас өөр хүнд шилжүүлж өгнө. Тэгэхээр хоорондоо хэлэлцэж тохирч байгаад тухайн газрыг авсан байна.
11.3. Эзэнгүй байсан газрын шороо, хогыг арилгаад авсан, өдий хүртэл эзэмшиж байгаа. 1307 м2 газрын асуудал яригдахгүй, зөвхөн 600 м2 газарт холбогдуулан маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2012-2019 оны хооронд газрын кадастр,газрын бүртгэл судалгааг шинэчлэх бүх ажиллагаа явагдаж байсан. Тэр хугацаанд нэг ч хүн ирж хандаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.
2. Хэргийн нотлох баримтаар маргаанд хамааралтай дараах үйл баримтууд тогтоогдсон.
2.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн эцэг А.Бд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас олгосон 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03013389 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Өлгий сумын 6 дугаар багийн /хуучнаар/ нутаг дэвсгэрээс 600 м2 газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газрын даамлаас мөн өдөр гэрээ байгуулсан байх ба газрын байршлыг гэрчилгээнд “Дакейн доод талд 10 метрийн зайнд оршино” гэж тодорхойлжээ.
2.2. Тус газрыг иргэн А.Б нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, хувийн сууц барьж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарсан байх ба 104 м2 талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр А.Б болон түүний эхнэр нь Х.Г, хүүхдүүд нь Б.К, Б.А, Б.Ж, Б нар улсын бүртгэлд бүртгүүлжээ[1].
2.3. Газар эзэмшигч А.Бы эхнэр Х.Г 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан нь, үүний дараа газар эзэмшигч А.Б нь тус газарт байршилтай 104 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0048522 дугаартай гэрчилгээтэй хувийн сууцны барилгыг 2005 онд иргэн Х.Ед худалдсан нь, Х.Е нь модон материалтай уг байшинг хоолны газрын барилга барихад ашиглахаар худалдан авч, тухайн үед уг байшинг нураан модон материалыг нүүлгэж авч явсан нь, улмаар А.Б нь ах, дүү нарын хамт амьдрахаар тус газраас нүүж явсан нь хэрэгт авагдсан 0000094098 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, гэрч Х.Еы мэдүүлэг, нэхэмжлэгч Б.Ж, гуравдагч этгээд Б.Д нарын тайлбараар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
2.4. Дээрх байдлаар газар эзэмшигч А.Б нь өөрийн амьдарч байсан хувийн сууцны барилгыг 2005 онд бусдад худалдсанаар тус газраас нүүж, энэ үеэс газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаагүй байх ба А.Б нь 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нь 0000094072 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
2.5. Маргаан бүхий газрыг А.Б эзэмшдэг байсан үед газрын баруун талын хил залгаа байршлаас гуравдагч этгээд Б.Д нь мөн газар эзэмшсэн байх ба А.Б, Б.Д нар нь хөршүүд айлууд байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, А.Бы газар эзэмших эрхийн 2002 оны 03013389 дугаартай гэрчилгээнд маргаан бүхий газрын байршлыг эрх бүхий этгээдээс “Дакейн доод талд 10 метрийн зайтай оршино” гэж тусгасан тэмдэглэлээр тогтоогдсон.
2.6. Хэрэгт авагдсан Өлгий сумын Засаг даргын 2014 оны 08 дугар сарын 25-ны өдрийн 157 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаас үзэхэд, гуравдагч этгээд Б.Д нь маргаан бүхий газрын баруун талд байршилтай 1184 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хүү Д.Хтай хамтран эзэмшдэг байсан нь тогтоогдсон ба Өлгий сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаартай захирамжаар уг 1184 м2 газрыг 778 м2 болон 396 м2 хэмжээгээр хувааж, гуравдагч этгээд Б.Дн хүүхдүүд болох Д.Х, Д.Х нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, Б.Дн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.7. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.4. газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;” гэж заасан ба Б.Д нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг дээрх байдлаар эрх бүхий этгээдээс 2021 оны А/55 дугаар захирамжаар хүчингүй болгосны дараа Өлгий сумын Засаг даргаас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Б.Дд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс шинээр 644 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар уг газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасны дагуу өмчлүүлжээ.
2.8. Нэхэмжлэгчээс Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тилеухабыл, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Б.Тилеухабылд эзэмшүүлсэн 693 м2, Б.Дд эзэмшүүлсэн 644 м2 газар нь хуучнаар Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах хил залгаа байршилтай газар болох нь, Б.Тилеухабылд эзэмшүүлсэн 693 м2 газар нь нэхэмжлэгчийн эцэг А.Бы газартай байршлын хувьд давхцалтай нь, Б.Дд эзэмшүүлсэн 644 м2 газар нь А.Бы эзэмшлийн газрын зүүн талын газар болох нь, гуравдагч этгээд Б.Тилеухабылын эзэмшсэн 693 м2 газарт түүний эзэмшлийн 24 м2 талбайтай байшин, 13 м2 талбайтай амбаар, 36 м2 талбайтай зуны байр бүхий барилга байгууламж баригдсан нь, тус газарт гуравдагч этгээд Б.Тилеухабыл нь гэр бүлийн зориулалтаар эзэмшиж амьдардаг болох нь, Б.Дд эзэмшүүлж, өмчлүүлсэн 644м2 газар нь сул чөлөөтэй болох нь, Б.Д, Б.Тилеухабыл нар нь эзэмшсэн газраа хүрээлж хашаалсан нь хэрэгт авагдсан 693 м2, 644 м2 газрын кадастрын зураг, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/255, 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/257 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.9. Мөн гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 13 дугаартай “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байна.
3. Газрын тухай хуулийн 30 дугаар 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.”, 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;” гэж тус тус заасан.
4.Газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс маргаан бүхий газрыг анх А.Бд 30 жилийн хугацаагаар буюу 2032 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар эзэмшүүлсэн байх ба нэхэмжлэгч Б.Ж нь маргаан бүхий газрын эзэмшигч А.Бы хууль ёсны өв залгамжлагчийн хувьд уг газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй гэж маргаж, газар эзэмшигч нас барсан 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...эцэг, эх нь нас барах үед Б.Ж түүний дүү Б нар нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан, сургуулиа төгссөний дараа Бүгд Найрамдах Турк Улс руу явж, суралцаад сургуулиа төгсөж иржээ. Тэд Монгол Улсад ирсний дараа хөрш айлын Б.Д гэгч хүнтэй уулзаж, эзэмшил газраа асуухад, “тухайн газрыг би танай эцгээс амьд сэрүүн байхад нь худалдаж авсан, энэ газар та нарт хамаагүй болсон” гэж хэлжээ. Тэгэхээр нь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргээс газар эзэмших эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг гаргаж авсан.” гэж тайлбарласан.
5. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Ж нь 1990 оны 03 дугаар сарын 14 өдөр төрсөн нь, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 нас хүрсэн нь, 2008-2011 онд Бүгд Найрамдах Турк Улсад суралцсан буюу 2008-2011 онд гадаад улсад байсан нь, 2012 онд Ховд аймгийн оршин суугч Б.Дамыстай гэр бүл болсноос хойш Ховд аймагт амьдардаг болох нь, маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлаар эрх бүхий этгээдэд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хандсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэг авагдсан Б.Жгийн иргэний үнэмлэх, “Пазилет Энэрэл” Төрийн бус байгууллагын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/11 дугаартай тодорхойлолт, иргэн Б.Манчукийн тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/07а/1396 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/434 дугаартай албан бичиг, Б.Жгийн гаргасан өргөдлийг бүртгэсэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой бүртгэл хяналтын карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Ж нь 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 нас хүрснээс хойш 2012 он хүртэл гадаадад суралцах болсноор энэ хугацаанд газар эзэмших хүсэлтээ гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. Харин үүнээс хойш маргаан бүхий захиргааны актаар газрыг 2021 онд гуравдагч этгээд Б.Тилеухабыл, Б.Д нарт эзэмшүүлэх хүртэл газрыг үргэлжлүүлэн эзэмших асуудлаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7. Нөгөө талаар дээрх байдлаар газар эзэмшигч А.Б нь тус газарт байрлах модон материалаар барьсан хувийн сууцаа иргэн Х.Ед худалдсан нь, Х.Е нь уг барилгыг нурааж, 2005 оны хавар нүүлгэж авч явсан нь, энэ үеэс А.Б нь тус газрыг эзэмшиж, ашиглаагүй буюу тус газраас нүүж явсан үйл баримтууд тогтоогдсон ба маргаан бүхий газрыг эзэмших болсон үндэслэлийг гуравдагч этгээдээс “...тухайн үед А.Б нь энэ газарт одоо би суухгүй, ах, дүүдээ очиж, тэд нартай хамт амьдарна” гэсэн тул би “...энэ газар танд хэрэггүй бол би авъя” гэж асуухад, зөвшөөрч газрын гэрчилгээ болон байшингаа бүртгүүлсэн гэрчилгээг өгсөн. А.Б нь надаас мөнгө авсан баримт байхгүй учраас мөнгө өгсөн гэж хэлэх хэцүү ч тухайн үедээ надаас 50,000 төгрөг авч байсан” гэж тайлбарлаж А.Бы газар эзэмших эрхийн 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03013389 дугаартай гэрчилгээний эх хувь, А.Бы хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0048/522 дугаартай гэрчилгээний эх хувийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
7.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;” гэж заасан ба газар эзэмшигч А.Б, гуравдагч этгээд Б.Д нарын хооронд хуульд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй байх боловч дээрх нөхцөл байдлаас үзэхэд, газар эзэмшигч А.Б нь тус газрыг цаашид гэр бүлийн зориулалтаар эзэмших шаардлагагүй болсноор тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхээсээ сайн дураар татгалзаж, газрыг шилжүүлэн эзэмшихийг гуравдагч этгээд Б.Дд зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заанаар "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд газар эзэмшигч А.Б нь дээрх байдлаар тус газарт барьсан хувийн сууцаа бусдад худалдаж, уг газраас нүүж явахдаа газрыг эзэмшихийг гуравдагч этгээд Б.Дд зөвшөөрч газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, хувийн сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний эх хувь зэрэг баримт бичгүүдийг өгсөн энэ тохиолдол нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан “газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;” гэх үндэслэлд хамаарахаар байх тул газар эзэмшигч А.Бы тухайн газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39.1.3-т заасан үндэслэлээр 39.1-д зааснаар тухайн 2005 онд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Иймд гуравдагч этгээд Б.Тилеухабыл, Б.Д нарт тухайн байршлаас газар эзэмшүүлж, өмчлүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ж нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 30 дугаар 30.2-т заасан үндэслэлээр эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Жгийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаартай захирамжийн Б.Д, Б.Тилеухабыл нарт холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, хуучнаар Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын тухайн байршлаас А.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр 600 м2 газрыг Б.Жд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
[1] 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн огноотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.