| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00802/И |
| Дугаар | 305/ШШ2025/00798 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2025/00798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Батсуурийн гудамж, 1-115 тоот М ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах Говь-Алтай аймгийн Н-т холбогдох
дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 242,596,938.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гэрч Д.А, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ыг шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 108,397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг, нийт 242,596,938.63/хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр Говь-Алтай аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Говь-Алтай аймгийн Н-тэй “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 15 өдөр шинэчлэн байгуулсан. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн боловч тус Н- нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй 2025 оны 3, 4, 5 дугаар сарын халаалтын төлбөр болох 268,397,959,09 төгрөгийг төлөөгүй байснаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 200,000,000 төгрөг төлж үлдэгдэл өнөөдрийг хүртэл барагдуулаагүй 108 397 959,09 төгрөг төлөөгүй байна. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичиг болон биеэр уулзаж удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байна. Иймд Нэгдсэн эмнэлгээс дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг болох 108,397,959.09 төгрөг, гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл алданги бодогдож 217,179,115.22 төгрөг боловч төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 134,198,979.54 төгрөгийн алданги Нийт 242,596,938.63/хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар: Говь-Алтай аймгийн Н-ийн 2025 оны халаалтын төлбөрийн үлдэгдэл 108,397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 242,596,938,63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө / төгрөгийг “М ”ХХК нэхэмжилсэн байна. 2024 оны төсвийн тухай хуулийн дагуу гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир усны зардал, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс хариуцаж байна. Орон нутгийн төсвөөс 2025 оны 09 сарын байдлаар 1,397,218,400 төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд түлш халаалтын төлбөрт 951,236,676 төгрөгийг төлсөн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр гэрээг нэмэгдсэн тарифаар шинэчлэн байгуулсан нь 2024 онд халаалтад төсөвлөгдсөн зардлаас 47,2 сая төгрөгөөр хэтэрсэн нь өрийг нэмэгдүүлэх шалтгаан болсон. Энэ нь төсвийн тухай хуулийн 6.2.5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг мөн зөрчиж байна. Орон нутгийн төсвийн орлого бүрдээгүйн улмаас манай байгууллагын тогтмол зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байна. Халаалтын өрийн үлдэгдлийг орон нутгийн санхүүжилтийг орж ирсэн даруйд нь төлөх боломжтой бөгөөд уг зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг учир алданги 134,198,979.54 төгрөгийг манай байгууллага төлөх боломжгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-3 хувь /тайлант үе:2025/01/01-2025/12/31,
- Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооноос М ХХК-д олгосон 35/2013, 36/2013, 37/2013 дугаар тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-М ХХК-ийн алдангийн тооцоо болох нэхэмжлэх,
-Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний эх хувь,
5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Н-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн Н-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаартай Ш.М-ыг захирлаар томилсон тогтоолын хуулбар,
- Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай 2024 оны гэрээний хуулбар,
- Говь-Алтай аймгийн Н-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаар М ХХК-д гэх албан бичгийн хуулбар,
- Говь-Алтай аймгийн Н-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаар М ХХК-д гэх албан бичгийн хуулбар,
- М ХХК-аас Говь-Алтай аймгийн Н-т хүргүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай албан бичгийн хуулбар,
- Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийн хуулбар,
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолын хуулбар, хавсралтын хамт
- Говь-Алтай аймгийн Н-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 244 дугаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, албан бичгийн хавсралтуудын хамт,
- Говь-Алтай аймгийн Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой төсвийн тайлан/бүлэгтэй/ гэх баримтын хуулбар, 11 дугаар М ХХК-д гэх албан бичгийн хуулбар,
- 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2 ширхэг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 ширхэг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4 ширхэг, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2 ширхэг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 ширхэг, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2 ширхэг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд,
- Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай тогтоолын хуулбар,
-М ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 314 дугаар албан бичгийн хуулбар,
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1007 дугаар Говь-Алтай аймгийн Засаг даргад хүрүүлсэн албан бичгийн хуулбар,
- 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2 ширхэг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэхүүд,
- М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /тайлант үе:2025/01/01-2025/11/12,
- Говь-Алтай аймгийн Н-йн халаалтын зардлын тооцоо,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч М ХХК нь Говь-Алтай аймгийн Н-т холбогдуулан Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 108,397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 242,596,938.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд тайлбартаа ... Манай компани нь улсын эмнэлэгтэй халаалтын гэрээ байгуулж ажилдаг. 9 дүгээр сарын 17-ны байдлаар төлбөр 108,397,959 төгрөгийн өртэй. Тэгээд алдангийн тооцоог нийтдээ 134,198,979 төгрөгийн алданги нийлээд 242,597,930 төгрөг нэхэмжилж байна... Эрчим хүчний зохицуулалтын хороо 2025 оны 2 сарын 10-ны тогтоолоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд мөрдөгдөх тарифыг шинэчлэн баталсан байгаа. Хууль эрх зүйн актад 1 сарын 25-нд бүртгээд уг өдрөөс эрчим хүчний тухай хуульд заасан хангах саналыг нь хэрэглэгч байгууллагууд хүнд хяналт шилжсэнээс хойш дагаж мөрдөнө гэсэн учраас 3 сарын 1-ний өдөр гэрээ байгуулаад хамтран ажиллаж байгаа. 108 сая төгрөг нь 9 сарын 15-ны байдлаарх халаалтын тооцооны үлдэгдэл байгаа гэж шаарджээ.
4. Хариуцагч Говь-Алтай аймгийн н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д төсөвт байгууллагын зардлыг төр хариуцдаг, тухайн орон нутгийн сангаас гаргадаг, тусгай орон нутагт даадаг болсон. Үүнтэй холбоотой манай байгууллага 2025 онд эмнэлгийн байр ашиглалтын тогтмол зардлыг орон нутгийн төсөвт тусгуулахаар хүсэлтээ өгсөн. Хүсэлтэндээ түлш, халаалтын зардалд 1 тэрбум 291,659,080 төгрөгийг төлөвлөж хүргүүлсэн боловч аймгийн орон нутгийн 1 тэрбум 964,184,277 мянган төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. 964,891,691 төгрөгийг төлсөн байгаа. 2024 оны жилийн эцсийн халаалтын зардал 964,000,894 төгрөгөөс 462,674,000 төгрөгийн үлдэгдлийг төлсөн байгаа. 108,397,000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд байгаа. Үүнийг орон нутгийн төсвөөс төлдөг учраас Н-т орсон мөнгөнүүдийг тухайн сар бүрд нь шилжүүлдэг байгаа. Тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс гаргадаг. Орон нутгийн төсвийн сангаас санхүүгийн эрчим хүчний зохицуулах хорооны 27 дугаар тогтоол гэж гардаг. 2025 оны 2 сарын 5-нд Эрчим хүчний зохицуулах хорооны 498 тогтоолоор хүчингүй болгоод 5 сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлж байгаа. 108 сая төгрөгийн алданги нь 134 сая болсон. Нийлээд 248 сая болно. Орон нутгийн төсөв 108 сая төгрөгөө төлж барагдуулна. Төсвийн байгууллага 134 сая төгрөгийн алданги төлж чадахгүй. Алдангиа 108 сая төгрөгөө төлж чадахгүй... Орон нутгийн төсвийн сангаас орсон мөнгөнүүдийг тухай бүрт нь төлдөг. 8 сарын 15-ны өдрөөс 9 сарын 15-ны хүртэлх төлбөр 200 сая төгрөг төлчихсөн. Гэрээгээ 2025 оны 3 сарын 1-нээс шинэчилсэн гэсэн. 2024 оны 9 сарын 15-нд байгуулсан гэрээгээрээ л байгаа. Хуучин тарифаар 61 сая төгрөг байгаа гэж татгалзжээ.
Гэрч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрчим хүчний зохицуулах хорооны 27 дугаар тогтоол 2025 оны 3 сарын 27-ноос мөрдөгдсөн. Тухайн үед Төрийн сангаасаа асуугаад төсвийн жилийн дундуур шинэ тарифаар орж ирлээ гэсэн хуучин тарифаараа бүртгэчихье гэсэн. 9 сарын 30-ны өдөр М ХХК нь шинэ тарифаараа Н- рүү нэхэмжлэлээ үүсгэсэн. Хуучин тарифаараа төлбөрөө төлж байгаа... М компани нь 9 сарын 15-ны байдлаар 108,397,959 төгрөгийн өртэй гэж гаргаж байгаа. Манай нэгдсэн эмнэлгийн санхүүгийн бүртгэлээр 9 сарын 15-наар 61,349,516 төгрөгийн өртэй байгаа... 10 сард 18 сая төгрөг шилжүүлсэн байгаа... Төсвийн тухай хуульд өр авлагаа эхлээд барагдуулах ёстой. 3 сараас 4 сарын төлбөр гэж гүйлгээний утга дээр бичихгүй. Өмнөх үүссэн нэхэмжлэлүүдээ хамгийн эхлээд гүйцээгээд үндсэн төлбөрөө төлнө...Гэрээнд заасны дагуу 2024 оны 9 сарын 27-ны байдлаар 145,4 сая төгрөг төлөх ёстой. 2024 оноос эхлээд эмнэлгүүдийн төсвийг байрны тогтмол зардлаар байр тогшилтой холбоотой зардлыг орон нутгийн төсөвт алдагдалтай болсонтой холбоотойгоор орон нутгийн төсвөөс хуваарилж өгсөн бүх санхүүжилтийг тухайн сард, зарцуулах эрхийнхээ хүрээнд орж ирсэн бүх санхүүжилтүүдийг шилжүүлж явж байгаа. Дутуу шилжигдэж явж байгаа. Яагаад гэхээр 2025 оны төсөв дээр 2,4 тэрбум төгрөг байршилтай холбоотой төсвийн хүрээнд мэдэгдлээ өгөхөд аймаг манайд 1,6 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Нийт төсвийн 70,7%-иар баталж өгсөн. Н- бүрэн өгөх боломжгүй гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны тогтмол зардлын төсвийн төслийг 2024 оны 7 сард аймгийн Засаг даргын Тамгын газарт 2,4 тэрбум 403,776,680 төгрөг гэж төсвийн саналыг хүргүүлсэн. 2025 онд орон нутгаас батлагдсан төсөв нь 1 тэрбум 694,877,500 төгрөг батлагдсан. Н-ийн нийт төсвийн 63% нь батлагдсан байгаа. М компанитай сүүлд төлбөр нэмэгдсэнээс хойш гэрээ байгуулаагүй. Гэрээ нь 2024 оны 9 сарын 21-ний өдөр хийсэн гэрээгээр явж байгаа Гэрээ хийх ямар нэгэн хүсэлт ирээгүй. Гэрээ нь жилийн хугацаатай 2025 оны 5 сарын 15 хүртэл байгуулсан гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/
5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
М ХХК болон Говь-Алтай аймгийн н-ийн хооронд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж тамга дарагдсан байна.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн н-ийг дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтын талаар талууд маргаагүй болно. Харин тайлант жил буюу 03 дугаар сарын 01-ний өдөр халаалтын тариф нэмэгдсэн тул энэ мөнгийг төлөх санхүүжилт байхгүй, халаалтын тариф нэмэгдсэн талаар талууд дахин гэрээ байгуулаагүй мөн алданги төлөх эсэх нь маргааны гол зүйл болжээ.
6. Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно гэж, мөн хуулийн 3.1.34-д "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шинэчилсэн тарифаар Говь-Алтай аймгийн Н-тэй дахин гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт нэхэмжлэгч тал нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргаж өгчээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О болон гэрч нар нь 2025 оны 3 сард шинэчилсэн тарифаар гэрээ байгуулаагүй гэж тус тус тайлбарлажээ.
Иймд М ХХК болон Говь-Алтай аймгийн н-ийн хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай 2024 оны 9 сарын 15-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байх бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна шүүх үзлээ.
7. Дээрх гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн н э-ээс дулааны төлбөр шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч М ХХК нь Говь-Алтай аймгийн Н-тэй нэмэгдсэн тарифаар гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл М ХХК болон Говь-Алтай аймгийн н-н э-йн хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай шинэчилсэн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч тал хариуцагч талд дулааны эрчим хүч түгээсэн, хариуцагч тал дулааны эрчим хүчийг авч хэрэглэсэн, 2025 оны 03, 04, 05 дугаар сарын төлбөрийг тухайн сар сардаа төлөөгүй бөгөөд дулааны төлбөр нь 2025 оны 9 сарын 15-ны байдлаар М ХХК болон Говь-Алтай аймгийн Н-ийн хооронд 2024 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд заасан үнийн тарифаар 61,134,951.17 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Н- нь 2024 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Н- нь төсвийн байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд санхүүжилт орж ирээгүйн улмаас хариуцагч байгууллага халаалтын зардлын хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
9. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн М ХХК-ийн алдангийн тооцооны нэхэмжлэх, М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /тайлант үе:2025/01/01-2025/12/31-аар хариуцагч байгууллага нь хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 2025 оны 03, 04, 05 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 217,179,115.22 төгрөг боловч анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиас их байж болохгүй тул 134,198,979.54 төгрөгийг нэхэмжилсэн талаар нэхэмжлэлд дурдаж дээрх баримтад тусгагдаж ирсэн байна.
10. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхой нөхцөл байдлын улмаас хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой ба 2025 оны 03, 04, 05 дугаар сард байгууллагад хэрэглээний зардлын санхүүжилт олгогдоогүйгээс дулааны хэрэглээний төлбөрийг тухайн сард нь төлж чадаагүй, хэрэглээний санхүүжилт орсон 2025 оны 08, 09 дүгээр сард төлсөн үйл баримт тогтоогдсон ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.
Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй тул алданги төлөх үүрэггүй болно.
11. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс Дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэх тухай 2024 оны 9 сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 61,134,951.17 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, нэхэмжилсэн халаалтын төлбөрөөс 47,263,007,92 төгрөг, дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 47,263,007,92 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 181,461,987,46 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,934.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 61,134,951.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 463,625 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн н э-ээс М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн н-ээс Дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэгт 61,134,951.17 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 47,263,007,92 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 181,461,987,46 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,934.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 61,134,951.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 463,625 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн н-ээс гаргуулан М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА