Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01461

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01461

 

 

 Стандарт форм ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Стандарт форм ХХК-ийн хариуцагч Санк ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 6 372 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Санк" ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардагдах барилгын хэв хашмалыг түрээсэлсэн бөгөөд хүлээн авсан эд материалын түрээсийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон боловч, санхүүжилт орж ирэхгүй гэсэн шалтгаанаар түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй. Түрээсийн 33 287 010 төгрөгийн төлбөрийн нэг хэсэгт арматур төмөр нийлүүлэхээр тохирсон бөгөөд 22 000 000 төгрөгийн арматур төмөр өгсөн гэдэг нь татварт бүртгэгдсэн баримтаар тогтоогдож байгаа. Харин үлдэгдэл төлбөрт арматур төмөр нийлүүлэхээр тохирсон бол талуудын хэн алины тайланд 29 007 010 төгрөгийн үнийн дүнгээр тусгагдсан байх ёстой. Хариуцагч 6 372 150 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Санк" ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хэв хашмал ашигласан бөгөөд 29 007 010 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тооцоо нийлсэн акт байгаа. Санхүүгийн асуудлаас болж төлбөрийн төлж чадахгүй байдалд хүрч, үлдэгдэл төлбөрт "Цаст констракшн" ХХК-иас авсан арматур төмрийг "Стандарт форм" ХХК-д нийлүүлсэн. Гэрч Д.Эрдэнэбаатарын мэдүүлэг эргэлзээтэй байна гэж үзэж байна. ОХУ-ын арматур төмөр нь Дархан болон Хятад улсын арматур төмрөөс үнэтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь төлбөрийн үүргийг солилцохоор тохирч арилжааны гэрээ болж өөрчлөгдсөн. Арилжааны гэрээ нь худалдах-худалдан авах заалтын дагуу зохицуулагддаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.5 дахь хэсэгт зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 лугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч "Санк" ХХК-иас 6 372 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Стандарт форм" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Санк" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 117 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Стандарт форм" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Түрээсийн төлбөрт нэхэмжлэгч талд Дарханы арматур төмөр худалдаж, бүх тооцоог тухайн үед дуусгавар болгосон. Манай талаас шүүхэд нэхэмжлэгчид худалдсан Дарханы арматур төмрийг "Цаст констракшн" ХХК-иас хүлээж авч байсан баримтуудыг гаргаж өгсөн, гэтэл шүүх татгалзлаа үгүйсгэх баримтаа гаргаж өгөөгүй гэж үзсэн нь буруу гэж үзэж байна. Мөн арматур төмөр худалдсан нь талуудын түрээсийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул дуусгавар болсон. Шүүх ...түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь баримтаар тогтоогдохгүй, нийлүүлсэн арматур төмөр нь гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн хангаж чадахгүй байх тул түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх нь учир дутагдалтай гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал түрээсийн үлдэгдэл төлбөрийг арматур төмөр худалдаж авахаар амаар харилцан тохиролцож гэрээ байгуулснаар өмнөх түрээсийн гэрээ дуусгавар болж арилжааны гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч тал арматур төмөр хүлээж аваад нэхэмжлэл гаргах хүртлээ ямар нэгэн маргаан үүсгээгүй, манайд төлбөр нэхэмжилж хандаж байгаагүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу арматур төмрөө аваад 6 cap өнгөрсөн учир шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал 1 жилийн дараа НӨАТ-ын тайлангаа шивж манай компанийг өрөнд оруулан улмаар шинээр ажилд орсон байсан нягтлан бодогчийг хууран мэхэлж, НӨАТ шивүүлсэн байсан. Энэ байдлыг манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохгүй бөгөөд үндэслэл болгож болохгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Стандарт форм ХХК нь хариуцагч Санк ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6 372 150 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Стандарт форм ХХК нь барилгын ажилд шаардагдах хэв хашмал, бараа материалыг түрээслүүлэх, түрээслэгч Санк ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан үнийн дүнгээр төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар Санк ХХК нь түрээсийн гэрээний дагуу Стандарт форм ХХК-д нийт 33 287 010 төгрөг төлөхөөс 4 280 000 төгрөгийг /хх-76-77/ төлж, 29 007 010 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 7/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үлдэгдэл 29 007 010 төгрөгийн 22 000 000 төгрөгт тооцож арматур төмөр өгсөн, үлдэгдэл 6 372 150 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ түрээсийн гэрээ нь төлбөрийн үүргийг солилцохоор тохирч арилжааны гэрээ болж өөрчлөгдсөн, үлдэгдэл бүх төлбөрт тооцохоор тохирч арматур төмөр өгсөн тул төлбөр барагдсан гэж тус тус тайлбарласан байна.

Хэргийн 7 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн гэх баримтад 29 007 010 төгрөг үлдсэнээс 22 634 860 төгрөгийг /арматур/ хасч, 6 372 150 төгрөг үлдсэн гэх агуулгатай тэмдэглэл үйлдэгдсэн, Санк ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Стандарт форм ХХК-д 22 634 860 төгрөгийн худалдаа хийснээр , Стандарт форм ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 22 634 860 төгрөгийн худалдан авалт хийснээр тус тус тусгагдсан зэргээс үзэхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6 372 150 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Стандарт форм ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Санк ХХК-иас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Санк ХХК-ийг түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт буюу 29 007 010 төгрөгт арматур төмөр өгч тооцоо дууссан гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд түрээсийн гэрээний үүрэг арилжааны гэрээний үүргээр солигдож, түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан 6 сарын хугацаа нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардлага гаргах хугацаа бөгөөд зохигчид түрээсийн гэрээний төлбөрт тооцож Санк ХХК-иас Стандарт форм ХХК-д шилжүүлсэн арматур төмрийн доголдлын талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага эд хөрөнгийн доголдолтой хамааралгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээний дагуу арматур төмрөө аваад 6 сарын хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Санк ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ