| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0299/Э |
| Дугаар | 311 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Я.Э нарыг оролцуулсан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Ядамсүрэнгийн Эрдэнэгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810007200428 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 58 настай, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хангилцаг” ХХК-д манаач ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Я.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Э нь “Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн хашаанд харуулаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн хашаанд байсан 9 мм зузаантай, 12 метрийн урттай, 325 мм диаметртэй хоёр ширхэг трубаг бусдад зарж борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3,001,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Я.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай “Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн нярав ажилтай Эрдэнэбат бид хоёр албан өрөөндөө байж байхад Эрдэнэбат руу үл таних хүн залгаад танай аж ахуйн хашаанаас труба төмөр ачиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр шууд гурвалжингийн гүүрний урд талд байдаг хашаандаа очиход хашааны хойд хэсэгт байсан труба төмөрнүүдээс хоёр ширхэг нь алга болсон байсан. Тэгээд манаач Эрдэнэгэрэлээс юу болсон талаар асуухад мэдэхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Үүнээс хойш 1 хоногийн дараа Эрдэнэгэрэл нь авсан хоёр ширхэг труба төмрөө буцаан аваачиж, хашаанд буулгасан. ...Хашааны хойд талд хураачихсан байсан 38 труба төмөрөөс 2 ширхэг нь алга болсон. Нэг төмөр нь 1,500,000 төгрөгийн үнэтэй, 12 метрийн урттай, 325 мм диаметртэй, 7 мм-ийн зузаантай труба төмөрнүүд байсан. ...Эрдэнэгэрэл нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аж ахуйн хашааны манаачаар томилон ажиллуулсан. Тэрнээс өмнө 2000 оноос хойш манай компанид манаач болон туслах зэрэг ажлуудыг хийдэг байсан...” /хх-ийн 13-15/ гэсэн,
Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед “Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 9 мм өргөнтэй, 12 метрийн урттай, 325 мм диаметртэй 2 ширхэг трубаг 03-31 УБА улсын дугаартай крантай машинаар ачиж байхад нь Содбаяр гэх залуу надруу утасдаж хэлсэн. Хашаанд ирж үзэхэд труба төмөр байхгүй байсан бөгөөд Эрдэнэгэрэлээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн....” /хх-ийн 16-19/ гэсэн,
Гэрч Х.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мото-Буудлагын төвийн замын эсрэг талын зогсоолд 13 цаг 30 минутын үед 03-31 УБА улсын дугаартай, Мицүбиши пуссо автомашинтай зогсож байсан. Тэгтэл манай машины эзэмшигч Л.Бямбацогт гэгч хүн тухайн хашааны манаач болох хүнтэй ярилцаж байгаад тэнд байсан блокон хашаанаас 12 метрийн урттай, 2 ширхэг трубаг аччих гэхээр нь ачиж авч яваад ТЭЦ-3-ын замын уулзвар баруун хойд талын төмөр худалдан авах цэгт буулгасан. Тэгээд буцаад Мото-Буудлагын төвийн замын эсрэг талын зогсоолд ирээд зогсож байхад цагдаа нар ирэхээр нь труба буулгасан газраа цагдаа нарт зааж өгсөн. ...Бямбацогт бид хоёр зогсоол дээр зогсож байхад хоёр хүн ирж Бямбацогттой уулзсан. Дараа нь сонсоход нэг нь хашааны манаач гэж байсан...” /хх-ийн 20-22, 53-54/ гэсэн,
Гэрч Л.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Мото-буудлагын төвийн зүүн талын зогсоол дээр зогсож байхад үл таних настай эрэгтэй хүн ирээд замын эсрэг талын хашаанаас хоёр ширхэг труба төмөр ачуулж урагшаа хүргүүлье гэж хэлээд 120,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд жолооч Зоригтбаатарыг тээвэрлэж хүргээд өгчих гээд явуулсан. Замын эсрэг талын хашаагаар орооод хашаа давуулж хоёр ширхэг труба төмөр ачуулаад явсан. ...50 орчим насны, нэг хөл нь доголсон маягтай эрэгтэй хүн ирээд замын эсрэг талын хашаанаас хоёр ширхэг труба ачаад урд талд байдаг дулааны шугамны ойролцоо буулгана гэж байсан. ...Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, ямар нэг сэжиг төрөөгүй...” /хх-ийн 55-56/ гэсэн,
Гэрч Ю.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж 1-1 тоот хашаанд бараг 20 жил барилгын хэрэглээний төмөрийн худалдаа эрхэлж байна. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шарын гол сумаас Улаанбаатар хот руу явж байхад нягтлан Нарантуяа над руу залгаад нэг хүн Ф-325 маркийн труба авах уу гэж байна гэхээр нь авчих би өөрөө очиж байгаад мөнгийг нь тохиролцоод өгье гэсэн. Тэгсэн нягтлан дахин залгаад тээврийн зардал нь 140,000 төгрөг болж байна өгөх үү гэхээр өг өг гэсэн. ...Удалгүй цагдаа нар ирээд худалдаж авсан трубаг хулгайд алдсан труба байна гээд хаанаас авсан талаар асуухаар нь хүмүүс нь 15 цагийн үед ирж үлдэгдэл мөнгөө авна гэж хэлсэн...” /хх-ийн 60-61/ гэсэн,
Н.Отгонсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байхад Эрдэнэгэрэл над руу залгаад манай ажил дээр хүрээд ир, хоёулаа хашаанд байгаа хэрэглэдэггүй труба төмрийг зарья, чи наашаа ирэх замдаа төмөр авах газар байна уу мэдээд ирээрэй гэж хэлсэн. ...Төмөр худалдаж авах газар хайгаад алхаж байхад ТЭЦ-3 станцын баруун хойд талд байх төмөр авдаг цэгээс труба төмөр авах уу гэж асуухад авна гэхээр “Хангилцаг” ХХК-ийн хашаанд очоод Эрдэнэгэрэлтэй уулзаж төмөр авах газар олчихлоо гэж хэлэхэд хашааны урд хэсэгт байрлуулсан труба төмөрнүүд рүү заан энэ төмрөөс аваад зарж борлуулья, ачих машин ольё гэхээр нь бид хоёр хамт гарч, замын эсрэг талд зогсож байсан тэвш дээрээ крантай машины жолоочтой уулзаад хоёр ширхэг труба төмөр ачих гэсэн юм гэж асуухад 120,000 төгрөгөөр ачина гэхээр нь жолоочтой тохиролцоод “Хангилцаг” ХХК-ийн хашааны урд хэсэгт өрж байрлуулсан труба төмөрнүүдээс хоёр ширхэгийг нь тухайн автомашины кранаар өргөж төмөр худалдахаар тохиролцсон газар руу авч яваад Эрдэнэгэрэл үлдсэн. ...Эрдэнэгэрэл чи тэр газрыг мэдэж байгаа юм чинь явчихаад ир гэсэн болохоор нь төмөр худалдаж авна гэсэн газар руу явсан. Төмөр худалдаж авна гэсэн газар очиж труба төмөрнүүдээ буулгаад тээврийн хөлс 120,000 төгрөгийг шилжүүлж өгөөд үлдэгдэл мөнгөө хэсэг хугацааны дараа ирж ав гэхээр нь автобусны мөнгө хэрэгтэй гэж хэлээд бэлэн 20,000 төгрөг авсан. ...Уг төмрийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй, Эрдэнэгэрэл хэрэглэхээ больчихсон, энэ хашаанд удаж байгаа, ямар нэг асуудал байхгүй гэж надад хэлсэн. ...Эрдэнэгэрэл бид хоёр 2007 оноос хойш зэргэлдээ хоёр хашааны харуулаар ажиллаж байна тэр үеэс таньдаг болсон...” /хх-ийн 82-86/ гэсэн,
Шүүгдэгч Я.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажил дээрээс Отгонсүх рүү залгаад манай ажил дээр хүрээд ир гэж дуудаад, ирэхээр нь хашаанд байгаа хэрэглэдэггүй труба төмөр байна, хэрэглэхгүй удаж байгаа болохоор хашаанаас гаргах гэсэн юм, труба төмөр худалдаж авдаг газар байна уу гэхэд сая ирж явахад урд төмөр авдаг цэг байсан гэж хэлсэн. Тэгээд Отгонсүх бид хоёр труба төмөр ачих кран хайж хашаанаас гараад замын эсрэг талд зогсож байсан крантай машин дээр очиж “Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн хашааг зааж энэ хашаанаас хоёр ширхэг труба төмөр ачиж, урд төмөр авдаг цэгт очиж буулгана гээд 120,000 төгрөгөөр тохиролцсон. Төмрийг уг краны жолооч, бас нэг залуу бид гурав ачаад би ажил дээрээ үлдэж Отгонсүх уг машинтай явсан. Тэгтэл удалгүй нярав Эрдэнэбат залгаад юун хүмүүс төмөр ачаад байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл нярав Эрдэнэбат, захирал Мягмарсүрэн хоёр ирээд надаас труба төмөр ачсан талаар асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. ...Тухайн төмөрнүүд манай ажлын хашаанд 3-4 жил ашиглаагүй хэвтэж байсан болохоор угаасаа хэрэглэдэггүй, хэрэггүй гэж бодоод би авсан. ...Би Отгонсүхэд хэрэггүй төмөр байгаа юм, тэрийг гаргаж зарья л гэж хэлсэн...” /хх-ийн 87-90, 109-111/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,
- Мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 8-9/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-39/,
- “Хангилцаг” ХХК-ийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 41, 100-104/,
- Я.Эийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 44/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 62-68, 69- 72/
- Шүүгдэгч Я.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-75, 94/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Я.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Я.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Э нь Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн хашаанд харуулаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн хашаанд байсан 9 мм зузаантай, 12 метрийн урттай, 325 мм диаметртэй хоёр ширхэг трубаг бусдад зарж борлуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3,001,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Мгийн “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...гурвалжингийн гүүрний урд талд байдаг хашаандаа очиход хашааны хойд хэсэгт байсан труба төмөрнүүдээс хоёр ширхэг нь алга болсон байсан. Тэгээд манаач Эрдэнэгэрэлээс юу болсон талаар асуухад мэдэхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Үүнээс хойш 1 хоногийн дараа Эрдэнэгэрэл нь авсан хоёр ширхэг труба төмрөө буцаан аваачиж, хашаанд буулгасан...” /хх-ийн 13-15/ гэсэн,
Гэрч Д.Эрдэнэбатын “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед “Хангилцаг” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 9 мм өргөнтэй, 12 метрийн урттай, 325 мм диаметртэй 2 ширхэг трубаг 03-31 УБА улсын дугаартай крантай машинаар ачиж байхад нь Содбаяр гэх залуу надруу утасдаж хэлсэн. Хашаанд ирж үзэхэд труба төмөр байхгүй байсан бөгөөд Эрдэнэгэрэлээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн....” /хх-ийн 16-19/ гэсэн,
Гэрч Х.Зоригтбаатарын “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мото-Буудлагын төвийн замын эсрэг талын зогсоолд 13 цаг 30 минутын үед 03-31 УБА улсын дугаартай, Мицубиши пуссо автомашинтай зогсож байсан. Тэгтэл манай машины эзэмшигч Л.Бямбацогт гэгч хүн тухайн хашааны манаач болох хүнтэй ярилцаж байгаад тэнд байсан блокон хашаанаас 12 метрийн урттай, 2 ширхэг трубаг аччих гэхээр нь ачиж авч яваад ТЭЦ-3-ын замын уулзвар баруун хойд талын төмөр худалдан авах цэгт буулгасан...” /хх-ийн 20-22, 53-54/ гэсэн,
Шүүгдэгч Я.Эийн “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажил дээрээс ...төмрийг краны жолооч, бас нэг залуу бид гурав ачаад би ажил дээрээ үлдэж Отгонсүх уг машинтай явсан. Тэгтэл удалгүй нярав Эрдэнэбат залгаад юун хүмүүс төмөр ачаад байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл нярав Эрдэнэбат, захирал Мягмарсүрэн хоёр ирээд надаас труба төмөр ачсан талаар асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. ...Тухайн төмөрнүүд манай ажлын хашаанд 3-4 жил ашиглаагүй хэвтэж байсан болохоор угаасаа хэрэглэдэггүй, хэрэггүй гэж бодоод би авсан...” /хх-ийн 87-90, 109-111/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 8-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-39/, “Хангилцаг” ХХК-ийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 41, 100-104/, Мэдүүгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 62-68, 69- 72/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Я.Эийн үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогчид 3,001,680 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан /хх-ийн 112/ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Я.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Я.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 3,001,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-ш 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.Э-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810007200428 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР