| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431002940221 |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/223 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0223/Э/208/2024/0094 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, **** настай, яс үндэс Халх, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Ерөө сум **** баг ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:******)
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Шүүгдэгч Б.******* нь хохирол хор уршигт 186.222 /нэг зуун наян зургаан мянга хоёр зуун хорих хоёр/ төгрөг төлсөн болохыг дурдан,
Энэ гэмт хэрэгт битүүмжпэгдсэн “Daewoo 220 LС-3” маркийн экскаватор 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /гар аргаар хийсэн/ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугааргүй тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид буцаан олгож, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
...Цагаатгах тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгчийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.
1.Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Б.*******ийн үйлдлийг газрын хэвлийд халдахыг завдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн дүгнэлтийн хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж” гэж хуульчилжээ.
Яллагдагч Б.******* нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгоны төвөөс зүүн урд зүгт 35 км зайтай “35-ын ам” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдахыг завдсан болох нь:
Гэрч Ш.*******ын 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өглөө ******* манай гэрт ирээд “...та *******тай хамт машин бариад түлш 35-н ам руу дөхүүлээд өгөөч....” гэхэд гэрт хийх ажилгүй байсан учраас улсын дугааргүй 3ил-131 тээврийн хэрэгслээр *******ын хамт түлш, гитаран буу ачаад тухайн газар очсон. Түлшийг нь буулгаад удаагүй байхад ******* экскаваторыг жолоодон гитаран гэх бууг ухашны хажууд байрлуулан экскаватороор ухаш дотор нь орж газар ухаж байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирээд үзлэг шалгалтыг явуулсан...” гэх,
Гэрч Б.*******ын 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 06 цаг орчимд миний төрсөн ах ******* манай гэрт орж ирээд “...3ил-131 машин дээр 300 литр түлш, гитаран буу ачсан байгаа. Ахдаа 35 ам руу жолоодоод хүргээд өгөөч...” гэж гуйсан. 35 ам гэх газар очоод ******* экскаваторыг жолоодож гитаран бууг усаар дүүрсэн, хуучин ухаш дотор экскаватороор орж газар ухаж байхад цагдаагийн ажилтнууд ирсэн...” гэх,
Шинжээч А.Цэнд-Аюушийн “Тухай хэргийн газар дахь нүхнүүд нь анх 2023 оны 08 дугаар сараас эхлэн ухагдсан газар болох нь сансрын зураг дээр тодорхой харагдана. 2024 оны 06 сар гэхэд энэ ам маш ихээр эвдэгдсэн байсан байна. Эдгээрийг тодорхойлох сансрын хиймэл дагуулын зураг хавсаргаж байна. Хэргийн газрын үзлэгээр авагдсан талбай нь урьд өмнө нь буюу олон сарын өмнөөс ухагдаж эвдэгдсэн газар байсан нь газрын төрх байдлаар тодорхой харагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогч тухайн талбайг бүхэлд нь ухсан байх боломжгүй болох нь харагдаж байсан болно. Оролцогчийн заасан талбай нь тухайн үзлэг хийгдсэн талбай дотор байрлах ба экскаваторын шанагаар 2-3 удаа шанагдсан байдалтай нүх байна...” гэх мэдүүлэг болон хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тухайн үед хийгдсэн 2 минут 22 секундийн дүрс бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч нь ашигт малтмал олборлох, эрэл хайгуул хийх идэвхтэй үйлдэл хийж газрын хэвлийд халдсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч буюу цагдаагийн алба хаагч нар ирж хууль бус үйл ажиллагааг нь зогсоосноор гэмт хэрэг нь төгсөөгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл байх тухай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай ХХК”-ны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №1-46 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас 5378 төгрөгийн шууд хохирол учирсан тул түүний үйлдлийг төгссөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Яллагдагч Б.*******ийн хувьд газрын хэвлийд хууль бусаар халдаж байх үед нь цагдаагийн алба хаагч нар зогсоож байгаа нь тухай яллагдагчийн хохирол хор уршиг шинжээчийн дүгнэлтэд тусгагдснаас илүүтэйгээр хохирол, хор уршиг учирч болох байсан болон нийгмийн хор аюул ихтэй гэдгийг шүүх анхаараагүй мөн тухайн үйлдлийн улмаас шүүгдэгчийн тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэсэн тодорхой зорилго бүхий идэвхтэй гэмт үйлдэл буюу ашигт малтмал олборлох, ашиглах туйлын хүсэл зорилгодоо хүрээгүй, гэмт хэрэг төгсөөгүй байхад таслан зогсоосон нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан байхад анхан шатны шүүх Б.*******ийн үйлдлийг хууль бусаар ашигт малтмал олборлох, эрэл хайгуул явуулахыг завдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
2.Шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүгнэн цагаатгасны хувьд:
Шүүхээс Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг нь зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч газрын хэвлийд халдсан үйлдэл бүрийг эрүүжүүлж буюу эрүүгийн гэмт хэрэг болгож шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж үзэж шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас байгаль экологид, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хэмжээний буюу 5.378 төгрөгийн хохирол учирсан нь нийгмийн хор аюул ялимгүй бага, уг үйлдлийн улмаас нийтийн эрх ашигт ноцтой хор уршиг учруулаагүй байгааг, түүнчлэн өмнө эвдрэлд орсон талбай доторх газрын хэвлийд халдсан нөхцөл байдал зэргийг харгалзаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан нь материаллаг бүрэлдэхүүнтэй зайлшгүй хохирол, хор уршиг учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог тохиолдолд хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт юм.
Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг шаардахгүй хэрэг ба анхан шатны шүүхээс мөн яллагдагч Б.*******ийн үйлдлийг 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх ойлголтын хувьд тус зүйл ангид заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ ихээс гадна тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байхыг шаарддаг ба тухайн этгээдийн гэмт үйлдлийн санаа зорилго нь ялимгүй хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдал гэм буруугийн хэлбэрийг харгалзах нь зүйтэй.
Яллагдагч Б.*******ийн тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж цагдаагийн алба хаагч нар тухайн үйлдлийг таслан зогсоосноор тухайн этгээдийн гэмт үйлдэл туйлдаа хүрээгүй, шууд хохирол 5378 төгрөг учирсан хэдий ч хэргийн нөхцөл байдлаас харахад яллагдагчийн гэмт санаа зорилго нь нийгэмд учруулж болзошгүй аюулын хэр хэмжээ өндөр байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа:
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг харахаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнээд байгаа юм. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасан буюу гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэснийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Хэргийн болсон үйл явц нь цагдаагийн алба хаагч нар очоод зураг аваад гарч ирэх хүртэл хугацаанд шүүгдэгч тухайн газрыг ухсаар л байсан. Уг үйлдлийг анхан шатны шүүх болохоор цагдаагийн алба хаагч хийх ёстой ажлаа хийснийг завдсан гэж үзэхгүй гэх утгатайгаар тайлбарласан. Анхан шатны шүүх дүгнэхдээ уг гэмт хэрэг нь үйлдэгдээд төгсчихсөн байна. Прокуророос завдсан гэж зүйлчилж байгаа нь буруу хэмээн цагаатгах тогтоол дээрээ бичсэн. Хэрвээ төгсчихсөн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дордож байгаа. Яагаад гэвэл завдалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуулиар тогтоогоод өгчихсөн. Төгсчихсөн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хүндэрч байгаа. Шүүх хэрвээ төгссөн гэмт хэрэг буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулах хуулийн заалттай байхад үүнийг хэрэглээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын газар, нутаг дэвсгэр, байгаль орчин нь өөрөө юм. Үндсэн хуулиар хамгаалагдсан дээрээс нь Байгаль орчныг хамгаалах хуулиар хамгаалагдсан уг объектод халдаад, халдснаараа энэ нь гэмт хэрэг болох ёстой шүү гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааж өгсөн нь давхар хамгаалж байгаа, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилго хуулийн ард давхар явж байна. Гэтэл халдчихсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон CD бичлэгээр хангалттай нотлогдчихсон. Мөн цагаатгагдсан этгээдийн хувьд огтоос маргадаггүй. Энэ үйлдлээр ялимгүй хохирол байна. Нийгмийн аюулын шинж чанар нь бага юм байна гэх үндэслэлээр цагаатгаад байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмууд бүгд алдагдаж байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг уншиж судлахад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан талаар хуульчилснаас үзвэл хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч Б.*******ийн үйлдлийг гэмт хэргийн гол шинж болох нийгэмд аюултай байх шинж болон түүний үйлдлийн улмаас байгаль экологид 5378 төгрөгийн ялимгүй хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар уг гэмт хэргийг тооцохгүй байх гэсэн ойлголт нь эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсан, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн зайлшгүй чухал нийгэмд аюултай шинж чанараар үнэлж тухайн этгээдийн гэм буруутай үйлдлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилж өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгоны төвөөс зүүн урд зүгт 35 км зайтай “35-ын ам” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.*******эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Дээд шатны прокурор эсэргүүцлийн үндэслэлээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.
4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд “шүүгдэгч Б.******* нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар газрын хэвлийд халдахыг завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ны 2024 оны 07 сарын 09-ны өдрийн №1/46 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас 0,0003 га талбайд 5378 төгрөгийн шууд хохирол учирсан байх тул түүний үйлдлийг төгссөн гэж үзнэ” гэж дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж хууль тогтоогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн.
Гэтэл прокуророос шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж тодорхойлсоор байхад түүний үйлдийг гэмт хэрэг төгссөн буюу гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байхад шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж гэмт хэрэг үйлдсэн буюу түүний үйлдлийг төгссөн гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
5.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/223 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Г.ДАВААРЕНЧИН