Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2026/0090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.Ж,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга хоорондын төрийн албаны маргааныг  хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Айсауле, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

           1.1. Би Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар тус газрын Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагааг хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагчаар томилогдож ажиллаж байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэй 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3-02/149 дугаартай албан бичгээр “Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны А/08 дугаар тушаалаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагаа хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагч” гэх албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг “ТҮ-9” болгон батлав. Тус албан тушаал нь нийтийн албанд хамаарах болсон тул таныг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм. Иймд уг албан тушаалаас чөлөөлөх болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтын дагуу мэдэгдэж байна.” гэж мэдэгдсэн. Би тухайн албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаж, уг шийдвэрийг эс зөвшөөрч тушаалын надад холбогдох хэсгийг өөрчлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга миний гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдээгүй байхад аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “А.Жыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалаар намайг тухайн өдрөөс ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, дараа нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдол гаргасан.

1.2. Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар томилсон тул шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2025/0062 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч намайг ажилд томилсон учир эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Би үүний дагуу үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байхад, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “...аймгийн Засаг даргын тамгын газрын зарим бүтэц, орон тоог цөөрүүлэх болох хасах болсон тул тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье.” гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас өгсөн. Дараа нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/95 дугаар тушаалаар тухайн өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч, аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооноос “маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүл” гэж хариу өгсөн учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргаж, одоо тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

1.3. Хариуцагч талын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудтай танилцахад, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц орон тоог 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар шинэчлэн батлахдаа аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/696 дугаар захирамжийг үндэслэл болгожээ. Аймгийн Засаг даргын дээрх захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа миний эрхэлж байсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хасаж баталсан байх ба аймгийн Засаг даргын тамгын газрын дарга дээрх захирамжийг үндэслэн А/43 дугаар тушаалаар мөн адил дээрх орон тоог хасаж баталсан учир Баян-Өлгий аймгийн Засаг даргын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/696 дугаар захирамжийн холбогдох хэсэг миний хууль ёсны эрх ашгийг мөн адил зөрчиж байна. Аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамжаар төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог үндэслэлгүйгээр хассан учир дээрх шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр миний зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй юм гэжээ.

2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны  А/696 дугаартай захирамж нь хэд хэдэн хуулийг зөрчсөн.

 Нэгдүгээрт, Монгол Улсын засar захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёрдугаарт, надтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын байгуулсан цаашид тогтвортой ажиллуулах тухай эвлэрлийн гэрээг зөрчсөн.

 Гуравдугаарт, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжийг үл биелүүлсэн гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б/66 дугаартай тушаал гаргахад хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Ийнхүү хөдөлмөрийн хугацаагүй гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн.

Тавдугаарт,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь  хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн .

2.2. Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй, уг дүгнэлт нь хууль бус. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Хариуцагч Засаг даргын байгуулсан ажлын хэсгийн зүгээс надад орон тоо хасагдаж байгаа талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй.

2.3. Маргаан бүхий ажлын байрны  чиг үүргийн хүрээнд 12 албан хаагчийн ажлын цагийн бүртгэл хөтлөх, тухайн ажлын байрны  цахилгааны төлбөр, халаалтын төлбөр,  хог хаягдлын төлбөр зэрэг гарсан төлбөрийг сар болгон мэдээлж, байгууллагуудад тус тус нэхэмжлэх хүргүүлэх,  хурал зохион байгуулах ажлын дарааллыг  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга хүргүүлэх, тухайн албан байгууллагад хурлын танхимын зохион байгуулалт, хурлын талаар мэдэгдэх,  зочид буудлын төлбөр тооцоог хариуцах, гадаадаас ирсэн хүмүүсийг байрлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны чиг үүргийн хуваарийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт бүхий баримтыг ажил олгогчоос  гаргаж  өгөөгүй. Миний өмнө ажиллаж байсан зохион байгуулагчийн ажил болон төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны чиг үүрэг ерөнхийдөө адилхан, нэмэгдэж, хасагдсан чиг үүрэг байхгүй гэв.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

3.1. Урьд нь аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагчийн албан тушаалыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга болгон өөрчилж, албан тушаалын ангилал зэрэглэл нь “ТҮ-6” байсныг “ТҮ-9” болгон өөрчилж баталсан юм. Үүний дагуу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагчийн албан тушаалд ажиллаж байсан А.Жд өөртэй нь холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу нийтийн албанд буюу “ТҮ-9” ангилал зэрэглэлд ажиллах боломжгүй болсон талаарх мэдэгдэх хуудас өгөөд улмаар 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч гомдол гаргагч А.Жтай эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар томилж ажиллуулсан байна. Гэвч Ерөнхий сайдын 2025 оны 4 дугаартай албан даалгаврын 1.2-т “Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх”-ыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

3.2. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Сангийн яамны бүтэц орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны  дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.” гэж, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж хуульчилсныг удирдлага болгон Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 37 дугаар тогтоолыг баримтлан аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан.

3.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны А/38 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагын төрийн албан тушаалын чиг үүрэгт шинжилгээ хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд оруулж, цалинжуулж байгаа 12 албан хаагчийг тухайн объектод төрийн үйлчилгээ үзүүлж байгаа, төрийн байгууллагуудын харьяад шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой, мөн тус албан хаагчдын чиг үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасаг хариуцан ажиллах боломжтой гэж санал гаргаж, зөвлөлийн хурлаар танилцуулсан тул тус орон тоог хасах шийдвэр гаргасан болно.

3.4. Аймгийн Засаг даргын тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдын бүтэц орон тоо 118 байсан бөгөөд Сангийн яамнаас тус аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн хязгаарыг 74 орон тоо болгон бууруулан тогтоож, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаар аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийгдэж, аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн санг бууруулж баталсан тул нийт ажилтан албан хаагчдын бүтэц орон тоог 101 болгон бууруулж баталсан болно. Аймгийн Засаг даргын гаргасан А/696 дугаар захирамж нь дээд шатны байгууллагын шийдвэр төсвийн тухай хууль тогтоомж болон ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгах бодлогод нийцсэн хууль ёсны шийдвэр юм гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа Баян-Өлгий аймгийн  Засаг даргын тамгын газрын  даргын 2025 оны А/38 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж, дүгнэлтээр аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд оруулж, цалинжуулж байгаа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 12 ажилтан албан хаагчдыг тухайн төрийн байгууллагын харьяанд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэнээр нэхэмжлэгч А.Жын орон тоог хасаж шийдвэрлэсэн.  Аймгийн Засаг даргын А/696 дугаар захирамж нь дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэл, Төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу гарсан хууль ёсны шийдвэр болно гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагчийн албан тушаалд томилсон. Уг орон тоонд тогтвор суурьшилттай ажиллаж байсан.

 Гэтэл  аймгийн Засаг даргын тамгын газрын даргын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2025 оны А/08 дугаартай тушаалаар А.Жын  урьд  эрхэлж байсан албан тушаалын нэрийг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга гэж өөрчилсөн.

Шалтгаан нь А.Жд шүүхээс 2022 онд нийтийн албан томилогдох эрхийг хасах ялаар шийтгэсэн. Тэгэхээр А.Жыг тухайн албан тушаалд ажиллуулахгүйн тулд албан тушаалын нэршлийг өөрчилж, ангилал зэрэглэлийг “ТҮ-9” болгосон. “ТҮ-9” зэрэглэлийн албан тушаалд ажиллах хүн Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулж, үүний үндсэн дээр  томилох үндэслэлтэй байдаг. Иймээс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б/32 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. А.Ж уг тушаалыг эс зөвшөөрч, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан,  мөн сум дундын анхан шатны шүүхэд хандсан.

5.2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны А/08 дугаар тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагч” албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг “ТҮ-9” болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дугаартай тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс А.Жыг удаа дараа дуудаж, “хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулъя” гэж санал тавьж, бид үүнийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. 

Тухайн гэрээгээр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Тиянах нь А.Жыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтан” гэсэн орон тоонд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна, цаашид тогтвортой ажиллана.” гэдэг асуудал яригдсан. Тухайн үед бүтэц орон тооны цомтголын асуудал яригдаж байсан ба  бид нар эвлэрэх явцад тэр асуудлыг бас хөндөж байсан.Төсвийн тодотголын асуудал яригдаж, Ерөнхий сайдын албан даалгавар гарсан асуудал байна. Тухайн асуудал хөндөгдөх үед “А.Жыг дахиад ажлаас чөлөөлөхгүй биз дээ”  гэдэг асуудлыг тавьсан. “Цаашид тогтвор суурьшилтай ажиллуулна, ямар нэгэн асуудал байхгүй” гэж эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулагдсан.  Гэрээ байгуулагдсаны дараа 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бид нар шүүхэд хүсэлт гаргаж, “эвлэрлийн гэрээ байгууллаа” гэж нэхэмжлэлээсээ татгалзаж,  шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Гэхдээ тухайн захирамжид эвлэрсэн асуудал тодорхой хэмжээнд дурдагдсан. Эвлэрсний  дараа тухайн албан тушаалд томилсон.  Дараа нь бид нар сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бас татгалзсан байгаа. Цаашид тогтвортой ажиллаж явах юм байна гэсэн бодолтой байсан.

5.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/95 дугаартай тушаалаар “бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон, таны орон тоо хасагдсан” гэж А.Жыг ажлаас чөлөөлсөн.

Орон тоо хассан үндэслэлээ хариуцагч талаас Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 04 дугаартай албан даалгавар гарсан, Улсын Их Хурлаас болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн тодотгол хийж, төсвийг хассан гэдэг асуудал яригдсан. Ерөнхий сайд 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 04 дугаартай албан даалгавар гаргасан. Уг албан даалгаврын 1.2 дахь хэсэгт  “чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог буруулах, байгууллагын орон тоо нэмэх ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж, сул орон тоо гарсан тохиолдолд тухайн орон тоонд хүн ажиллуулахгүй байх” зэрэг асуудлууд байсан.  

Тухайн албан даалгаврын 1.7 дахь заалтаар тодорхой үндэслэлгүйгээр төрийн албан хаагч нарыг төрийн албанаас халах, чөлөөлөх, албан тушаал бууруулах шийдвэр гаргахгүй байх үүрэг чиглэл өгсөн. Үүнийг  эсрэгээр хэрэгжүүлж байгаа асуудал байна.

5.4. Дараагийн асуудлын хувьд төрийн албаны орон тоог 9 хувиар цомтгосон, ийм хэмжээгээр төсөв баталсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ үүнээс харахад 9 хувийн хэмжээгээр орон тоо цомтгосон асуудал байдаггүй.

Аймгийн Засаг дарга шүүхэд хариу тайлбар өгөхөд, Ерөнхий сайдын 04 дүгээр албан  даалгаврыг үндэслэсэн гэсэн. Гэхдээ А.Жын эрхэлж байсан “дотоод ажил хариуцсан техникийн орон тоо” гэсэн нэг л орон тоо байгаа, ямар нэгэн чиг үүргийн давхардал байхгүй.

5.5 Ажлын хэсгийн дүгнэлт заавал баримтлах эрхийн акт биш юм. Ажлын хэсэг дүгнэлт гаргаж, байгууллага хооронд шилжүүлж ажиллуулах боломжтой гэдэг чиглэл өгсөн. Үүнийг огт хэрэгжүүлэхгүйгээр орон тоог хассан нь  нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн.

5.6. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгдээгүй, хариуцагчаас “ажлын чиг үүрэг нь давхцалтай байсан” зэрэг үндэслэлийг тодорхой тайлбарлаж чадаагүй ба холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй гэв.                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

            2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08, 07 дугаар сарын 28-ний өдрийн А/36 дугаартай тушаалаас тус тус үзэхэд, тус байгууллага нь  Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч,  Засаг даргын тамгын газрын даргаас гадна Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 11, Хууль эрх зүйн хэлтсийн 5, Бүс орон нутгийн хөрөнгө, оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн 9, Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн 7, Санхүү, төрийн сангийн хэлтсийн 8, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн 4, Нийгмийн бодлогын хэлтсийн 7, Цэргийн штабын 4, аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал бүхий 41, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал болох 19,  нийт 118 орон тоотойгоор ажиллаж байжээ.

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх, Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал бүхий 41 орон тооны 25 нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасагт, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын 19 орон тооны 13 нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн тасагт тус тус хамаардаг байна.

 Үүнээс үзэхэд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасагтай байх ба нэг тасаг нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын байранд, хоёр дахь тасаг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байрлаж үйл ажиллагаа явуулдаг,  нэхэмжлэгч А.Ж нь Төрийн үйлчилгээний төвд байрлах Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар ажиллаж байсан үйл баримтууд хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.

3. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/696 дугаартай захирамж, Засаг даргын тамгын газрын даргын А/43 дугаартай  тушаалаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасгийг 1 тасаг болгож,  нийт орон тоог 32 байхаар баталсан байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хасаж шийдвэрлэжээ.

4. Энэхүү шийдвэрүүдийг үндэслэн  нэхэмжлэгч А.Жыг Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/95 дугаартай тушаалаар “орон тоо  хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байх ба  нэхэмжлэгчээс шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, маргасан.

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгчийн маргаж буй  шийдвэр нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр байгаа боловч захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан, өмнөх бүтэц, орон тоог өөрчилж,  зарим  орон тоо хасаж, цөөрүүлэх зэргээр тухайн этгээдүүдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн, холбогдох этгээдээс уг шийдвэрийг  үндэслэн дараагийн шийдвэрүүдийг гаргасан заавал дагаж мөрдөх  захирамжилсан шинжтэй байх тул захиргааны актыг шинжийг хангасан  гэж шүүхээс үзсэн болно.

6. Нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/66 дугаартай тушаалаар томилогдон ажилласан байх ба уг ажилд томилогдон ажиллах болсон үндэслэлийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбоотой дараах үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Үүнд,

6.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн  албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

6.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын /Б.Мухамед/ 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Жыг Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагчийн /ТҮ-6/ албан тушаалд томилсноор ажиллаж байсан.

6.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын/Ө.Тиянах/ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар ...Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн “нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагчийн /ТҮ-6/ ажлын байрны нэр нь “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж /албан тушаалын ангилал зэрэглэл ТҮ-9 болгон/ өөрчлөн батлагдсантай холбогдуулан А.Жын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 жилээр хассан шүүхийн шийдвэрийн дагуу тус албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

6.4. Үүний дараа нэхэмжлэгч А.Ж нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны А/08 дугаартай тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулагч”-ийн ажлын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж,  албан тушаалын ангилал, зэрэглэлийг “ТҮ-9” болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дугаартай тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийг ердийн харьяаллын шүүхэд тус тус гаргажээ.

6.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “А.Жыг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, цаашид тогтвор суурьшилтай ажиллуулна.(1), ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө.(2), нэхэмжлэгч дээрх эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ талууд хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ(3), нэхэмжлэгч А.Ж цаашид энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх болно(4)” гэх нөхцөлөөр нэхэмжлэгчтэй эвлэрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр талууд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулжээ.

6.6.  Дээрх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч А.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ20285/0062 дугаартай захирамжаар “Засаг даргын тамгын  газрын даргын 2025 оны А/08 дугаартай тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулагч”-ийн ажлын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг “ТҮ-9” болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дугаартай тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00764 дугаартай захирамжаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

6.7. Дээрх үндэслэл шалтгаанаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/66 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Жыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар томилж ажиллуулсан байна.

7. Хариуцагчаас 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн  Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/696 дугаартай захирамжаар маргаан бүхий орон тоог хассан үндэслэлийг “...2025 оны Төсвийн  тухай хуульд орсон өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дугаартай албан даалгаврын  1.2 дахь заалт, Сангийн яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог эрх хэмжээний хүрээнд баталсан.” гэж тайлбарласан.

8. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д “...Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ.” гэж заасан, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай албан даалгаврын 1.2-т “Харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх”,  2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай албан даалгаврын 1.2-т ”Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч,байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон  сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон”, мөн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр  2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох  санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн 2025  оны төсөвт тодотгол хийхдээ аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн зардлыг 92 орон тоогоор тооцож бууруулж баталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдсон.

9. ”Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн нэмэлт  өөрчлөлтийн хүрээнд аймгийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн төсвийн тодотголоор төсөвт байгууллагуудын цалингийн санг бууруулж батлах болсонтой холбогдуулан төрийн албан хаагчдын тоог тодорхой хувиар цөөлөх зайлшгүй шаардлага үүссэн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийж, орон тоог цөөрүүлэх, хасагдах албан тушаалын жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон байна.

10. Ажлын хэсгээс Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, мөн Монгол Улсын  Ерөнхий сайдын ...03, 04 дугаартай албан даалгавар, Засгийн газрын 2018 оны 22 дугаартай “Аргачлал батлах тухай” тогтоол, 2025 оны 37 дугаартай “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг  шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг тус тус үндэслэн  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байранд дүн шинжилгээ хийж, ”Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасаг(1) нь 2025 онд 25 албан хаагчийн орон тооны бүрэлдэхүүнтэй батлагдаж, 24 албан хаагч албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Мужааны орон тоо шинээр бий болсон тул хасах, 7 жолоочийн орон тоог 5 болгон цөөрүүлэх, 7 үйлчлэгчийн 1  үйлчлэгчийг  Архивын хэлтсийн хамт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд шилжүүлж, үйлчлэгчийн орон тоог 6 болгон цөөрүүлэх зэргээр нийт орон тоог 21 болгох, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь(2)  2022 онд Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийн байр ашиглалтад орсноор бий болсон. 2025 онд батлагдсан бүтцээр 13 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй, одоогийн байдлаар тус нэгжид 12 албан хаагч ажиллаж байна.  Тус байр нь Засаг даргын тамгын газрын 2 дугаар байр гэж нэрлэгддэг боловч аймгийн Засаг даргын дэргэдэх болон харьяа 20 байгууллагад төрийн үйлчилгээг үзүүлдэг. ...Иймд аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд оруулж, цалинжуулж байгаа 12 албан хаагчийг тухайн объектод төрийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын харьяанд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой.” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан  байна.

11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”,

Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.5. өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8. тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан. 

12. Холбогдох хуульд дээрх байдлаар зохицуулснаар аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхтэй боловч  захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэх, нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн хууль бус зөрчил үүссэн эсэх нь  захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахаар байгаа тул уг маргаанд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

12.1. Хариуцагч талаас “…Ажлын хэсгийн дүгнэлтээр аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд оруулж, цалинжуулж байгаа Төрийн үйлчилгээний төвийн 12 албан хаагчийг тухайн объектод төрийн үйлчилгээ үзүүлж байгаа, төрийн байгууллагуудын харьяад шилжүүлэн ажиллуулах, мөн тус албан хаагчдын чиг үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасаг хариуцан ажиллах боломжтой гэсэн санал гаргаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан тул тус орон тоог хасах шийдвэр гаргасан.” гэх тайлбарыг гаргасан.

12.2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ын 3.2-т “чиг үүргийн шинжилгээ” гэж хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид төрийн байгууллагын чиг үүргийг хэрхэн тогтоосон, түүнд хамаарах  эрх зүйн орчин болон бодлого стратеги, хөтөлбөр, бүтэц зохион байгуулалт, төсөв, зардалд зохих арга зүй ашиглан иж бүрэн дүн шинжилгээ хийхийг; 3.3. “чиг үүрэг дахин хуваарилах” гэж хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагуудад тогтоосон чиг үүргийг энэхүү аргачлалын дагуу засаг захиргааны түвшин хооронд, эсхүл төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэхийг; 4-т “Чиг үүрэг дахин хуваарилахын өмнө чиг үүргийн шинжилгээг хийсэн байна.” гэж тус тус заасан байна.

 

12.3. Ажлын хэсгийн дүгнэлт нь “...Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн 12 албан хаагчийг тус байранд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын харьяанд шилжүүлэн ажиллуулах”  гэж гарсан ба энэ талаар ажлын хэсгийн ахлагч М.Нуржолоос шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “... аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны А/08 дугаартай тушаалаар батлагдсан Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасаг нь Засаг даргын тамгын газарт харьяалагддаг. Үүнд,  25 орон тоотой тасаг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд, 13 орон тоотой тасаг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

А.Жын ажиллаж байсан ажлын байр нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах Нийтийн аж ахуйн тасагт хамааралтай. Ажлын хэсгийн зүгээс гаргасан дүгнэлтийн агуулга бол Засаг даргын тамгын газрын байранд байрлаж үйл ажиллагаа явуулах 25 орон тоотой Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн орон тоог 4-өөр цөөрүүлэн 21 болгох, харин Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлаж  үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн  12 албан хаагчийг  тус объектод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудад шилжүүлэн ажиллуулах санал гаргасан. Учир нь дээрх 12 албан хаагч бол тус төвд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлж ажилладаг байсан. Иймээс 12 албан хаагчийн үйлчилгээг авч ажиллаж байгаа тухайн 20 гаруй төрийн байгууллага нь дээрх 12 албан хаагчийг байгууллагын бүтэц, орон тоонд багтаан ажиллуулан цалинг олгох нь зүйтэй бөгөөд 12 албан хаагчийн цалинг Засаг даргын тамгын газраас олгож байгаа нь буруу гэж үзсэн. Энэ утгаараа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд бие даасан Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийг ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн буюу Засаг даргын тамгын газар нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний нэг тасагтай байх нь үндэслэлтэй гэдэг дүгнэлтийг гаргасан” гэжээ.

12.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар батлагдсан  аймгийн Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1 дэх тасаг нь дарга-1, зохион байгуулагч-1, аж ахуйн нярав-1,  жолооч-7, цахилгаанчин-1, мужаан-1, слесарь-1, манаач-4, хувцасны өлгүүр, цаг бүртгэл, хүндэтгэлийн өргөө хариуцсан үйлчлэгч-1, үйлчлэгч-7 зэрэг 25  орон тоо, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 дахь тасаг нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа хариуцсан тасгийн дарга-1, төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтан-1, сантехник /слесарь/-1, цахилгаанчин/лифтчин/-1, үйлчлэгч-5, манаач-4 зэрэг 13 орон тоо буюу нийт 38 орон тоотой Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасаг байсныг маргаан бүхий захиргааны актаар  аймгийн Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1 тасаг байхаар, энэхүү нэгж нь дарга-1, зохион байгуулагч бөгөөд аж ахуйн нярав-1, жолооч-5, цахилгаанчин-1, слесарь-1, манаач-8, үйлчлэгч-15 зэрэг 35 орон тоотой байхаар баталжээ.

12.5. Хэргийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны 1 орон тоог Баян,-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар баталсан байх ба нэхэмжлэгчээс  шүүх хуралдааны үед “...маргаан бүхий албан тушаалын чиг үүргийн хүрээнд 12 албан хаагчийн ажлын цагийн бүртгэл хөтлөх, Төрийн үйлчилгээний байрны  цахилгааны төлбөр, халаалтын төлбөр,  хог хаягдлын төлбөр зэрэг гарсан төлбөрийг сар болгон мэдээлж, байгууллагуудад тус тус нэхэмжлэх хүргүүлэх,  хурал зохион байгуулах ажлын дарааллыг  аймгийн Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлэх, албан байгууллагад хурлын танхимын зохион байгуулалт, хурлын талаар мэдэгдэх,  зочид буудлын төлбөр тооцоог хариуцах, гадаад улсаас ирсэн хүмүүсийг байрлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны чиг үүргийн хуваарийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчоос  гаргаж  өгөөгүй. Миний урьд ажиллаж байсан зохион байгуулагчийн ажил болон төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны чиг үүрэг ерөнхийдөө адилхан, нэмэгдэж, хасагдсан чиг үүрэг байхгүй .” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн уг тайлбарын агуулгаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар батлагдсан  аймгийн Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1 дэх тасагт хамаарах зохион байгуулагч болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 дахь тасгийн  төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны ажлын чиг үүрэг ижил буюу энэхүү хоёр ажлын байрны ажлын чиг үүрэг  давхцалтай гэж үзэхээр байна.

12.6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан. 

Хариуцагчаас  дээрх байдлаар Засаг даргын тамгын газар нь тус байгууллагын болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах Нийтийн аж ахуйн  үйлчилгээний нэг тасагтай байхаар, ажлын байрны нэр нь өөр боловч  ижил чиг үүрэгтэй  зохион байгуулагч(1), төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтан(2) гэх  хоёр орон тооны нэгийг хэвээр баталж,   төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан буруу гэж үзэхээргүй байх ба уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.5. өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасантай тус тус нийцсэн, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт  байна гэж үзлээ.

 

13. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

 

14. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, захиргааны байгууллагаас маргаан бүхий орон тоог хасаж шийдвэрлэхээс өмнө холбогдох журамд зааснаар чиг үүргийн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан, Ажлын хэсгээс “...Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд бие даасан Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийг ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн буюу Засаг даргын тамгын газар нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний нэг тасагтай байх нь үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг гаргаснаар хариуцагчаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасгийг нэгтгэж,  ажлын чиг үүргийн хувьд зохион байгуулагчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцалтай ажлын байр болох  төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан нь  “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/696 дугаартай захирамжийн үндэслэл болох Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дугаартай албан даалгаврын 1.2 дахь хэсэгтэй тус тус нийцсэн гэж үзэхээр байна.

15. Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон тоонд дээрх байдлаар “эвлэрлийн гэрээ”-ний дагуу томилогдсон гэж тайлбарласан боловч шүүхээс хэргийн оролцогчдын эвлэрлийг баталсан шийдвэр гаргаагүйгээс гадна Ерөнхий сайдын 2025 оны 04 дугаартай албан даалгаврын  1.2 дахь заалтаар  төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгахыг  аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон нь,  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр  2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох  санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн 2025  оны төсөвт тодотгол хийхдээ аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн зардлыг 92 орон тоогоор тооцож бууруулж батлах болсонтой холбоотой Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах болсон нь  шинээр үүссэн нөхцөл байдал болохыг дурдах нь зүйтэй.

16. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 67 дугаар зүйлийн 67.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч  А.Жын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 


                 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.РИЗА