| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00495/И |
| Дугаар | 305/ШШ2025/00811 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* тоотод оршин суух, Ж- Бийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** тоотод оршин суух, Д овгийн С-н М-д холбогдох,
эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч С.М-, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулахаар тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие С.М-ын бариулж байсан барилга дээр ажиллаж байгаад помпны олс тасарч 2 давхар барилгаас унаж биедээ бүсэлхий нурууны 3-р нугалмын их биеийн хугарал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагайн гадна дотно хавчаар ясны далд хугарал, мултрал гэмтэл авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн хөл дээрээ босоогүй байгаа. Иймд миний эмчлүүлсэн зардал болох 4,489,090 төгрөгийг С.М-аас гаргуулж өгнө үү. Одоо хөлнийхөө мэс засалд орох гээд мөнгөгүй орж чадахгүй байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт БГБС компанийн барилгын ажил барьж үүрэг гүйцэтгэж байгаад оосор нь тасарч осолд ороод хүндэвтэр хохирол учирсан. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны 67 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай магадлал гарсан. Гэм хорын 4,489,090 төгрөгийг нэхэмжилсэн. Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүх зарим хэсгийн хангаж зарим хэсгийн хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх нээлттэй үлдээж хэргийг дахин иргэний журмаар хэлэлцэхээр үлдээсэн. Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхээс хойш зардлууд гарсныг бүхэлд нь нэхэмжилж байгаа. Давж заалдах шатны шүүхээс нээлттэй үлдээсэн 4 баримтаас 2 нь тамга тэмдэг дарсан. 2 нь эмнэлэгт хэвтэж байхдаа явуулын эмийн сангаас эм аваад баримтууд авч чадаагүй учир тамга дараагүй. НӨАТ-ын баримтууд нь эмчилгээ сувилгаатай холбоотой баримтууд байгаа... 1,596,000 төгрөгийн баримт бол 4 зарлагын баримт байгаа.: 2 баримт нь тамга тэмдэг дарагдаагүй гэмтэл согог судлалын төвд хэвтэж байхдаа явуулын эмийн сангаас эм авсан учраас эмийн сангийн олох боломжгүй тамга тэмдэг даруулж чадаагүй. Баримтын төлбөрөөс мөнгө гаргуулахгүй байхад татгалзах зүйл алга. НӨАТ-ын баримтуудаас хүнсний болон өөр хүний нэр дээр баримт байгаа бол хасахад татгалзах зүйл алга. Эм эмчилгээтэй холбоотой баримтууд бол хэвтэрт байгаа хүний эрүүл мэндийн асуудал олон гэмтлүүдийн нийлбэр байгаа янз янзын эмүүдийг тухайн үед хэрэглэсэн. Даралт ихсэх, бусад эмүүдийг хэрэглэх боломжтой хэвтэрт байгаа хүний хувьд ялангуяа нуруу нугасны гэмтэлтэй холбоотойгоор тухайн хүний бусад эд эрхтнүүдэд мэдрэлийн гаралтайгаар нөлөөлөх боломжтой гэв.
4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Б-ийг Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явахад нь 2,250,000 төгрөг өгсөн. Мөн Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн шийдвэр гарч иргэн Ж.Бид 4,089,691 төгрөгийг нөхөн төлсөн... Нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь бол давхацсан зардал, хоол хүнсний зардал гарсан байсан. Баримтуудыг шалгахад тээврийн зардал гээд 1 зүйлийг 2 удаа давхардуулаад оруулчихсан. Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг даралтын эм олгодог, регистрийн дугаарт олгодог хөнгөлөлттэй даралтын эм дээр баримтдаа хавсаргаад өгчихсөн байсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Давж заалдах шатын шүүхээс 1,100,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон байсан. Тэгээд эдгээр нотлох баримтыг өгөхдөө бүдэг канондоод өгчихсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хавтаст хэргийн материалын 61 дүгээр хуудаснуудад Баясгалан гэж хүний регистрийн дугаартай Гальвус мет гээд нэртэй бүтээгдэхүүн юм уу, эм юм уу 101 мянган төгрөгөөр 2 удаа авсан баримт байна. Хавтаст хэргийн материалын 65-68 хуудас огт харагдахгүй, 48-54 дүгээр хуудас харагдахгүй. Ихэвчлэн одоо бүдэг. 37 дугаар хуудсанд байгаа 25,400 төгрөг гэсэн ломбоны оо материал гэсэн юм байсан. М- бол хуулиар батлагдсан нотлох баримтын хүрээнд төлнө. Давхардсан хүний нэрээр авсан төлбөрийн баримт, эхоны ойлт, элэгний эмчилгээ, элэгний оношилгоо хийсэн мөнгө төгрөг нь гэмтэлтэй хамааралгүй зүйлсийг нэхсэн байгаа... Хууль зүйн дагуу бүрдсэн нотлох баримтын хүрээнд эмчилгээ сувилгааны зардлыг төлөх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдөр гэмтэл авсан. 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18 хүртэл шүүх хуралдаан болох зардлыг төлж барагдуулсан. Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхээс 7 сая төгрөг гэснээс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бусад мөнгийг М- төлж барагдуулсан байгаа. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа энэ нь 4,489,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Баримтууд нь Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хэлэлцэж байсан. Дахиад аваад канондоод нэхэмжилсэн байгаа. Нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг ХХ-47-48-р хуудас,ХХ-ийн 71-81-р хуудас, ХХ-ийн 28-33-р хуудас, ХХ-ИЙН 65-68-р хуудас харагдахгүй байгаа. ХХ-ий 61-р хуудсанд байгаа Баясгалан гэх хүний нэртэй Гальвус мет гэсэн бүтээгдэхүүн 100 хэдэн мянган төгрөгийг 2 давхардуулж оруулж ирсэн байгаа. Тэргэнцэр, хоолны халуун сав, цайны халуу сав, ус буцалгагч мөнгөнүүдээ нэхэмжилсэн байгаа нь эмчилгээ сувилгаатай холбоогүй гэв.
Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 255 дугаартай тодорхойлолт,
- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн комиссын шийдвэр,
- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хариунууд,
- Зарлагын баримт, НӨАТ-ын баримт,
- Гэрэл зураг,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоол
-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ДШМ/** дугаартай магадлал,
- Амбулаториор эмчлүүлэгчийн карт -
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.М-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч С.М- нь “Нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь бол давхацсан зардал, хоол хүнсний зардал гарсан байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар зохигч маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч С.М- нь нэхэмжлэгч Ж.Бийн биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.
Эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 4,489,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгч Ж.Бийн хариуцагч С.М-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн дээрх зохицуулалтад дурдсан нөхцөл хангагдаж буй эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох тооцоог гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, дор дурдснаар хянан шийдвэрлэсэн болно. Үүнд:
Нэхэмжлэлд хавсаргасан 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сити Тори 287,000 төгрөгийн зарлагын баримт тамга тэмдэг дарагдаагүй, Ням оточ фарм гэх нэртэй 454,000 төгрөгийн зарлагын баримт тамга тэмдэг дарагдаагүй, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Пэрэнлэй Баясгалан гэх нэртэй 42,600 төгрөгийн баримт/хх-ийн 61 дүгээр хуудас/, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нан сүү гэх нэртэй 70,000 төгрөгийн баримт/ хх-ийн 112 дугаар хуудас/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үзэмний шүүс, лапша сонгинотой туузан гоймон гэх нэртэй 16,000 төгрөгийн баримт/ хх-ийн 118 дугаар хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн саван, дэвсдэг пампрес, нойтон салфетка, шар тос шүдний оо гэх нэртэй 37,400 төгрөгийн баримт/ хх-ийн 130 дугаар хуудас/ зэргийг гэм хорын хохиролтой холбогдолгүй гэж үзэж , мөн е-баримт нь бүдэг учраас үнийн дүн нь гаргацгүй, бичвэр нь уншигдахгүй 14,400, 2200 төгрөгийн баримт /хх-ийн 142-143 дугаар хуудас/ нийт 923600 төгрөгний баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт байгаа бусад баримтуудыг эм, тариа авсан хугацааг амбулатори, эмнэлгийн карт, эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай харьцуулан тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, уг зардлуудыг хариуцагч С.М-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-ид олгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүхээс эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь баримтаар нотлогдож буй нэхэмжлэгч Ж.Бийн эмчилгээ, эм тарианы зардал 3,565,490 төгрөгийн зайлшгүй зардлыг хариуцагч С.М-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлээс үлдэх 923,600 төгрөг нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 3,565,490 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,998 төгрөгийг хариуцагч С.М-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд 3,565,490/гурван сая таван зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг хариуцагч Д овгийн С- М-аас гаргуулж нэхэмжлэгч Ж- Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 923,600/есөн зуун хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 3,565,490 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,998 /далан нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА