Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2026/0091

 

 

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, Б.Бын нэхэмжлэлтэй,  Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох “Иргэн Б.Б миний барьсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 2 давхар үйлчилгээний  барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохыг хариуцагчид даалгах”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Б.Б миний барьсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 2 давхар үйлчилгээний  барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Хариуцагч аймгийн Засаг даргаас “... тухайн барилга байгууламж нь бодитоор баригдаж дууссан, тодорхой хугацаанд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа, мөн цаашид холбогдох  техник, аюулгүй байдал, ашиглалтын шаардлагыг хангуулан хуульд нийцүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Иймээс дээрх нөхцөл байдал, хууль зүйн зохицуулалтыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа”  гэж хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  байна.      

            Нэхэмжлэгч Б.Бын Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 2 давхар үйлчилгээний  барилга байгууламжийн ажлын зураг төслийн  магадлалын  дүгнэлтийн нэгтгэлд “гадна инженерийн шугам сүлжээний ажлын  зураг төслийг холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм, стандартын дагуу боловсруулан мэргэжлийн байгууллагуудтай зөвшөөрөлцөн, магадлал хийлгэж баталгаажуулах шаардлагатай” гэж заасан нь хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            2026 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Бын   үйлчилгээний төвийн барилгын  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гарснаар  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл авах нөхцөл хангагдсан байх тул гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгох шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагч  хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:     

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Б.Бын “Иргэн Б.Б миний барьсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 2 давхар үйлчилгээний  барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохыг хариуцагчид даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн  Засаг дарга  хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Бын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                               

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ