| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01477/И |
| Дугаар | 320/ШШ2025/01363 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/01363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ....... дүүрэг ........ хороо, ........., ......... давхар, ... тоот хаягт байрлах ........... хязгаарлагдмал хариуцлагатай компани
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ....... дугаар баг, ........ тоотод оршин суух, ........... Т-н Ө ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ........ дугаар багт оршин суух, ......... Г-н А ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,788,462 (арван есөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 320/2025/01477/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П ,
Хариуцагч: Т.Ө , Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн,
(Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-д мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Ө , Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,516,592.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,253,260.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,608.77 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал (нотариатын зардал) 6,000 төгрөг, нийт 19,788,462.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Т.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т-н Ө , Г-н А нар нь ........... ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дугаар №ЗГ-1126130112000111 тоот зээлийн гэрээ, №ЗГ-1126130112000111 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй компанийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлдэгч Т.Ө /РД:............. /, Г.А /РД:............. / нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгчийн Дугаар №ЗГ-1126130112000111 тоот зээлийн гэрээ, Дугаар №ЗГ-1126130112000111 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 18,516,592.39 (арван найман сая таван зуун арван зургаан мянга таван зуун ерэн хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөг
Үндсэн хүү 1,253,260.76 (нэг сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун жаран төгрөг далан зургаан мөнгө) төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 12,608.77 (арван хоёр мянга зургаан зуун найман төгрөг далан долоон мөнгө)
Шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой зардал 6,000 (зургаан мянга) төгрөг.
Талуудын хооронд байгуулсан Дугаар №ЗГ-1126130112000111 тоот зээлийн гэрээ, Дугаар №ЗГ-1126130112000111 Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцааны зүйл болох ............. улсын дугаартай, Toyota PRIUS XW30 маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж зээлж авсан. (Барьцааны хөдлөх хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй, явах эд анги доголдолд орсон) Иймд хариуцагч Т.Ө , Г.А нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлын хамт нийт 19,788,462.00 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн 256,893 төгрөгийн хамт гаргуулж, ........... ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь приус 30 маркийн ............. улсын дугаартай автомашиныг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай №ЗГ-1126130112000111 тоот автомашин барьцаалсан зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн төлбөрт үндсэн зээлд 1,483,407.61 төгрөг, зээлийн хүүд 3,835,455.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,336.80 төгрөг, нийт 5,330,200 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш доголдож эхэлсэн ба хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн төлөлтийг хийсэн. Нийт зээлийн төлбөрт хариуцагч нар нь 5,330,200 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөрт 18,516,592.39 төгрөгийг, зээлийн хүүд 1,253,260.76 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 12,608.77 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал буюу нотариатын хураамж 6,000 төгрөг, нийт 19,788,462.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2027 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байгаа боловч зээл эргэн төлөлтийг хугацаанд төлөөгүйгээс манай байгууллага ............. улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хадгалалт хамгаалалтандаа авсан. Уг автомашины салхины шил хагалсан, гадна талын сэв зураас мөн түүнчлэн машины явах эд ангид эвдрэл гэмтэл гарсан байдаг. Эдгээрийн улмаас тухайн машиныг үнэлүүлэхэд 10,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байгаа. Иймд хариуцагч нараас зээлийн төлбөрт 19,788,462 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Т.Ө шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Ө , нөхөр Г.А бид хоёр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ........... ХХК-тай зээлийн гэрээ байгуулан Приус-30 маркийн машиныг зээлээр худалдан авсан юм. 2024 оны 5 дугаар сараас 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 5,330,200 төгрөгийг төлсөн. Би төлбөрийн чадамжгүй болсон учраас 2025 оны 02 дугаар сарын 04-нд машинаа буцааж ав гээд ........... ХХК-ийн Хөвсгөл аймаг хариуцсан ажилтанд машин болох приус-30 машиныг ямар ч эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Би 2025 оны 2 дугаар сараас хойш энэ машиныг огт эзэмшээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй. Би тухайн машиныг өөрийн эзэмшилдээ байлгаагүй тул зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл захиран зарцуулах ямарч боломжгүй ........... ХХК-ийн эзэмшилд байна. Тухайн машиныг үндсэн зээл болон хүү зэргийг оролцуулбал нийт 32,000,000 төгрөгт худалдан авахаар байна. Иймд хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдсан байгаа тул гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байна. Иймд өгсөн авснаа буцаах байдлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өр зээлээ хаалгая гэж бодож машиныг өгсөн ба 8 сарын дараа зээл төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2025 оны 2 сарын 04-нд надаас авч явсан машиныг 2025 оны 5 сарын сүүлээр аймгийн төвд унаад явж байхтай нь тааралдаад асуухад зарж борлуулаагүй гэж байсан. Автоамашинд үүссэн сэв зураас, салхины шилний цуурал нь манай эзэмшилд байхад учирсан, харин явах эд ангид доголдол үүссэн гэдгийг зөвшөөрөхгүй, ямар ч эвдрэл, доголдолгүй машиныг надаас авч явчихаад одоо эвдрэл гэмтэлтэй, 10,000,000 төгрөгөөр үнэлж төлбөрт тооцно гэж байгааг, мөн би хавар ноолуурын үеэр зарах боломж байгаад зарж борлуулчихаад зээлээ хаая гэхэд өгөөгүй байж одоо машинаа ав, зээлээ төл гэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-н А нь ........... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд тус зээлийн гэрээнд эхнэр Т.Ө ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, гэрээ байгуулснаас хойш 9 сарын зээлийн төлөлтийг төлсөн. Зээлийг төлөхдөө эхнэр Т.Ө т мөнгийг өгч хийлгэж байсан. Эхнэр Т.Ө бид хоёрын гэр бүлийн харилцаа таагүй байсны улмаас 2025 оны 01 сард машиныг миний эхнэр Т.Ө өөрийн бүрэн мэдэлд авсан. Тэрнээс хойш ББСБ нь хурааж авсныг сураг сонсож мэдсэн. Эхнэр Т.Ө машиныг өөрийнхөө мэдэлд авснаас хойш би зээлийн төлөлтийг хийх шаардлагагүй юм байна гэж үзэж зээл төлөхөө больсон. Ер нь энэ машиныг зээлээр авсан гэрээний үндсэн зээлдэгч нь эхнэр Т.Ө байхад намайг цуг төлөлцөх ёстой гэж үзэх нь зохимжгүй байна. Үүний үнэн мөнийг шүүх тогтооно гэж итгэж байна. Нэхэмжлэлийн тухайд 9 сарын төлөлт хийсэн тул зээлийн үлдэгдэл нь 16,742,345.23 төгрөг байж үүнээс хүү, алдангиа тооцох ёстой болов уу, үүнийг мөн шүүх тогтоож өгнө гэдэгт итгэж байна. ... Би энэ машиныг авч явах үед нь Өмнөговь аймагт байсан. Манай эхнэрээс ирээд аваад явсан байсан. Ирж авч явахдаа өөрсдөө гэрээ хийж, оношилгоо хийж аваад явах байсан байналээ. Дураараа өөрсдөө аваад явсан. Нэхэмжлээд байгаа мөнгөндөө машинаа ав. Машинаа өгч байгаа учир зээлийн төлбөрийг төлөхгүй. Урьд нь зээлээ хэд хэд хоног хэтрүүлж төлж байсан. Хамгийн сүүлд 2,840,000 төгрөг хоёр сараар нь төлсөн. Машинд эвдрэл, доголдол байхгүй байсан. Амаржин, түлк эвдрэл байхгүй. Орж ирээд оношилгоонд оруулаад байнга засаж янзлаад явдаг байсан. Чулуу мод ч доогуур нь хүргэж үзээгүй. Хаалгыг машин ирээд мөргөсөн. Хаалганы сэвийг бол зөвшөөрч байна. Машинаа авлаа гэхэд жил гаруйн дараа ямар ч хүн унасан, ямар ч эвдрэл гарсан юм билээ. Бид нар 10,000,000 төгрөгт тооцож буцааж авна гэж байхгүй. 19,788,462 төгрөгийн зээлийн төлбөрт автомашинаа ав гэв.
Нэхэмжлэгчээс ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Т.Ганбаатарын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 833 дугаартай албан бичгээр Т.О , Д.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэл, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ-1126130112000111 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, мөн өдрийн №ЗГ-1126130112000111 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан Зээл хүүгийн тооцоолол баримт, Монголын нотариатчдын танхим Мөнгөний тасалбар гэх баримтаар үйлчилгээний хураамж 6000 төгрөгийг төлсөн блон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Т.Ганбаатарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1041 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ээс татгалзаж Б.П , Т.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 3-10, 25 дугаар хуудас)
Хариуцагч нараас хариу тайлбарыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 24, 26- дугаар хуудас)
Зохигчоос хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Ө , Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,782,461.92 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал (нотариатын зардал) 6000 төгрөг, нийт 19,788,462.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулж нэхэмжилсэн. Үүнд: Хариуцагч Т.Ө , Г.А нартай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Автомашин барьцаалсан зээлийн гэрээ-ний дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,516,592.39 төгрөгийг, зээлийн хүү 1,253,260.76 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 12,608.77 төгрөгийг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 19,788,462 төгрөгийг гаргуулна.
Нэхэмжлэлд бичигдсэн улсын тэмдэгтийн хураамж 256,893 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Барьцааны зүйл болох автамашиныг бид хадгалалт, хамгаалалтандаа авсан байсан учир автомашиныг хариуцагч нарт буцаан өгч зээлийн төлбөрийг гаргуулна гэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ 20,000,000 төгрөгийн зээлийг авч тухайн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд 5,330,200 төгрөгийг төлсөн. Барьцаа хөрөнгө болох автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр банк бус санхүүгийн байгууллага хураан авч өөрийн эзэмшилдээ авсан учир зээл төлөх үүрэггүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тухайн автомашины хаалганы сэв, салхины шил цуурсан гэмтэл нь бидний эзэмшилд байхад учирсан гэмтэл ба явах эд анги доголдолтойг болон 7, 8 сарын хугацаанд өөрсдийн эзэмшилдээ байлгаж байгаад одоо буцааж өгнө гэдгийг тус тус зөвшөөрөхгүй. Төлөгдсөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй гэж тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гадаад валют арилжаа, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Хариуцагч Т.Ө , Г.А нар нь ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ-1126130112000111 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 2,9 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийг хангаж баталгаажуулахаар 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ............. улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг барьцаалжээ.
Түүнчлэн талууд мөн өдрөөр буюу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ-1126130112000111 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан дээрх суудлын автомашиныг фидуцийн гэрээний зүйлээр тодорхойлж, уг гэрээний 1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. (хавтаст хэргийн 7, ... дугаар хуудас)
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байх ба 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуцци) аргыг талууд сонгожээ.
Дээрх зохигчийн хооронд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ-1126130112000111 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
Фидуцийн гэрээний зүйл болох ............. улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Т.Ө нь нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, уг автомашин одоо нэхэмжлэгч байгууллагын эзэмшилд байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож, энэ талаар талууд маргаагүй, харин дээрх автомашин (фидуцийн зүйл)-аар зээлийн гэрээний үүрэг хангагдах эсэхэд талууд маргасан.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж заасан.
Талууд автомашины үнэ 20,000,000 төгрөг учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өмчлөх эрхийг бүртгүүлж, фидуцийн зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эзэмшилдээ авсан, энэ өдрөөр зээлдэгчийн үүргийн хэмжээ 18,516,592 төгрөг байсан баримтаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл бүхий байна. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)
Тодруулбал үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитой шилжүүлэн авснаар үүрэг гүйцэтгэгдсэнд тооцох бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашин нь зээл болон зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс бага байх нь түүний шаардах эрхийг үгүйсгэнэ.
Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох ............. улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлд тооцон авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Иймд хариуцагч Т.Ө , Г.А нараас зээлийн гэрээний үүрэгт 19,788,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ө , Г.А нараас 19,788,462 (арван есөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ........... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,892 (хоёр зуун тавин зургаан мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН