| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0189/э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цд холбогдох 1803000010101 дугаартай хэргийг 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, эргүүлийн офицер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Ц.Цгоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Хохирогч Б.Тгаас: “...Дүүтэйгээ Ану гээд найзынхаа гэрт очиж хөзөр тоглож байгаад 2 боргио пиво уугаад 11 цагийн орчимд тухайн айлаас гарсан. Гэрийн ойролцоо ирээд дүүгээ явж бай гэж хэлчихээд замын урд байрлах “Зэд” хүнсний дэлгүүрээс тамхи авах гэж яваад ухаанаа алдсан. Юу болсоныг санахгүй байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Тгийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой төрсөн дүү Б.Мөнхбатын хамт найз Анугийн гэрт буюу 5 шард Залуус хороололд очсон. Тэндээ Ану болон Буянаа түүний найз залуугийн хамт 4-лээ, 2.5 литрийн хэмжээтэй пиво 3 ширхэгийг уусан дүү Б.Мөнхбат машинтай бөгөөд 23 цагийн орчим гэрлүүгээ явахаар гарсан. Тэгээд би замдаа “Янгир хайрхан” дэлгүүрийн ойролцоо ирээд тамхи авч ах Б.Бандиагийн ажил руу очихоор буусан. Миний буусан газрын замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр замын урд талд “Зэд” нэртэй дэлгүүр байдаг тус дэлгүүр нь тамхи зардаг юм. Тэгээд “Зэд” дэлгүүр рүү зам гарах гээд зогсож байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-ийн 45-49 дүгээр хуудас/
Гэрч Б.Аийн: “...Би албаны 94-43 УНВ улсын дугаартай HD-72 майти загварын тээврийн хэрэгсэлтэй, эхнэр Э.Хгийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 2018 оны 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн Каргоноос ачаа, эд зүйл авчихаад 00 цаг 55 минутын орчим хөдлөөд туслах замаас Нисэхийн төв зам руу эргээд орж байхад Төв замын эсрэг талын урсгалын 2 дугаар эгнээний зам дээр ертөнцийн зүгээр толгойг нь зүүн тийшээгээ харсан байдалтай хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би Төв зам руу оронгуутаа шууд зогсоод согтуу хүн хөлдөөд үхчихэж магадгүй, машинд дайруулчихаж магадгүй гэж бодоод ...дуудлага өгөөд байрлалыг нь зааж өгч байтал хүн хэвтэж байсан замын зүүн талаас машин гарч ирээд дээгүүр нь дайрч гараад зогсохгүйгээр тэр чигээр цааш явах шиг болсон. ...нэг л удаа машинд дайруулсан хүнийг цагдаагийн хэлснээр амьсгаатай байна уу, үгүй юу шалгаж үзэх гээд буусан. Ард ирж зогссон залуу машинаасаа буугаад машинд дайруулсан хүн дээр очоод гэрэл тусгаад хараад байсан би өмнө нь мэдүүлэхдээ сандраад буруу хороонд нь холиод буруу мэдүүлсэн байна. Тэгэхээс гэрэл тусгаад харж байхад нь буугаагүй. Гэрэл тусгаад хараад байсныг нь би машиныхаа толинд харсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Гэрч Э.Хгийн: “...Каргогоос дөнгөж гараад төв зам руу ортол эсрэг талын урсгалын зам дээр толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан. Бие нь доошоо харсан байдалтай хүн хэвтэж байхаар нь би хараад нөхөр Б.Ат тэнд хүн хэвтэж байна ш дээ гэсэн чинь Б.А 102 луу залгаад дуудлага өгье зам дээр хэвтэж байгаа юм чинь машинд дайруулчихаж магадгүй гэсэн. ...дуудлага өгч байтал эсрэг талын урсгалаас буюу зүүнээс баруун тийш чиглэсэн урсгалаар явж байсан машин дээгүүр нь гарах чимээ гарсан. Тэгээд нөхөр Б.А машиныхаа толинд хараад дуудлага өгч байхдаа зам дээр байгаа хүний дээгүүр машин гарчихлаа гэж хэлсэн чинь ..ямар машин вэ дугаарыг нь харсан гээд тасалсан. ...цагдаад дуудлага өгчихөөд хүлээгээд байж байтал байран дундаас нэг машин гарч ирээд ард зогсоод аваарын гэрлээ татсан. Удалгүй нэг залуу ирээд энд сая юу болсон вэ гэж тандсан байдалтай асуухаар нь дээгүүр нь жижиг тэрэг гарчихлаа гэж хэлсэн чинь цаашаа гүйгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Б.Мийн: “...мөн хэргийн газарт 30 орчим насны ноосон малгайтай залуу байсан ба тэр залуугаас юу болсон талаар асуухад би зам дээр байсныг нь харсангүй мөргөчихлөө тэгээд машин тэгшлээд буцаад ирэх хооронд өөр машин дээгүүр нь гараад зугтаачихлаа дугаарыг нь харж чадсангүй гээд замын урд талд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Б.Дийн: “...Мөн үзлэгийн явцад Ц.Ц нь зогсоох үйлдэл хийсэн ул мөр байгаа эсэхийг үзэхэд ямар ч тоормозны мөр илрээгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1384 дугаартай шинжээчийн дүгнэлт, / 1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/
Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 78 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 78 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдсан ослын үеийн дүрс бичлэгийн СД /хх-ийн 39 дүгээр хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 07-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд 01 цагийн орчим Отгонбаярын ажлын гаднаас хөдлөөд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо руу гэр лүүгээ явах замдаа Нисэхийн зам “Янгир хайрхан” супермаркет дэлгүүрийн урд талын замын зүүн урд хэсэгт явж байгаад зам дээр хар өнгийн шуудайтай хог гэмээр зүйл харагдсан ба тулж очоод тормоз гишгээд машин зогсолгүй дээгүүр нь гараад явчихсан. Дээгүүр нь гараад ойролцоогоор 30 орчим метр газар яваад би зогссон. Тэгээд шууд машинаа эргүүлээд хажуугийн буюу замынхаа хойд талын 34 дүгээр байр луу эргэж ороод урд талынх нь талбай дээр машинаа байрлуулах гэснээ болиод буцаад зам руу гараад замынхаа урд талд зам шахаад машинаа байрлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 167 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/,
-Боловсролын гэрчилгээний хуулбар болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1 дүгээр хх-ийн 209-216 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн замд 86-79 УНБ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 45-49 дүгээр хуудас/, гэрч Б.Аийн мэдүүлэг /хх-ийн 51-54 дугаар хуудас/, гэрч Э.Хгийн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Б.Мийн мэдүүлэг, /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Б.Дийн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1384 дугаартай шинжээчийн
Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 78 дугаартай дүгнэлт
Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 78 дугаартай дүгнэлт
Эд мөрийн баримтаар хураагдсан ослын үеийн дүрс бичлэгийн СД /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж, мөн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогч Б.Т нь гэмт хэрэгтэй холбоогдсон зардалд нийт 6.860.360 төгрөгийн баримтуудыг хэрэгт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Цгоос уг хохирлыг нөхөн төлсөн тул Ц.Цг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Цгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн байна.
Мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн 86-79 улсын дугаартай “Тоyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн №932105 дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.