| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2303000650640 |
| Дугаар | 2025/ДШМ/216 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/216
2025 02 06 2025/ДШМ/216
М.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.Хандмаа,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.А-т холбогдох 2303 00065 0640 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ...-ийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
Шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Авто плаза төвийн зүүн хойд замд “Тоёота Акуа” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Б-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б-гаас “...эх Б.Ц-т амь хохирогчийн 19 жил, 10 сар, 11 хоногийн цалинд 302,448,000 төгрөг, гэм хорын хохиролд 22,195,000 төгрөг, оюуны хөдөлмөрийн хөлс, эхийн асаргааны хөлс зэрэгт 22,195,000...” төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, харин амь хохирогчийн охин Б.Г, хүү Б.А нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна. Маш их гэмшин харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд агуулгын хувьд маргах зүйлгүй боловч тус тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дугаар заалтад “1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн байгаа нь шүүх хурлын үед даргалагч шүүгчийн уншиж сонсгосон хорих ялын 1 жил 1 сар гэсэн хугацаатай зөрүүтэй бичигдсэн байгааг шалган залруулж өгнө үү. Би настай эх болон Хавдар судлалын эмнэлгийн элэгний төвийн хяналтад байдаг ба нөхөр Батцоожийг асардаг. Мөн 2025 оны 7 дугаар сард ахлах ангиа төгссөн хүүхэдтэй. Энд хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвсэл болон зүрхний өвчин минь сэдэрсэн. Мөн ходоодны сөөргөө өвчний улмаас байнга ханиалгаж байна. Миний дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос бусад төрлийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Цаашдаа би талийгаачийн үр хүүхэд гэр бүлийнхэнд өөрийн хэмжээнд тус нэмэр болж байж болно гэсэн амлалтыг өөртөө өгсөн байсныгаа энд давтан хэлмээр байна. Эндээс гараад хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл хүсэхгүйгээр ээжтэй нь очиж уулзахаар шийдсэн. Надад үгээрээ биш үйлдлээрээ гэм нүгэлээ наминчлах боломжийг олгож, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч М.А-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн” талаар танилцуулсан атал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сар гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчилд хамаарч байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 399 дүгээр шинжээчийн дүгнэлт /1 хх 123-125/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 131-135/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 371 дүгээр шинжээчийн дүгнэлт /1 хх 167-168/, техникийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/07 дугаар дүгнэлт /1 хх 208-210/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2961 дүгээр дүгнэлт /2 хх 98-102/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 241 дүгээр шинжээчийн дүгнэлт /2 хх 192-193/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх 204-206/ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларчээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд, тухайн осол гарах цаг хугацаанд жолооч М.А нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин явган зорчигч Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн болохыг шинжээч нарын зүгээс тусгай мэдлэгийн хүрээнд тогтоожээ. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнө 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Авто плаза төвийн зүүн хойд замд “Тоёота Акуа” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Ё.Б-ийг мөргөж амь насыг нь хохироосон” гэж дүгнэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Учир нь, дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдэд Монгол Улсын зөвлөх инженер, автомашин, автозамын чиглэлээр мэргэшсэн эрдэмийн цол зэрэг бүхий мэргэшсэн багийн зүгээс тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт огт хийлгүй мөрдөгчийн магадлагааг үндэслэж гэм буруутайд тооцжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 847 дугаар магадлагаа хэрэгт авагджээ. /3 хх 55-57/ Дээрх магадлагаагаар шүүгдэгч М.А-ийг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх дээрх мөрдөгчийн магадлагааг шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд хэрэгт авагдсан шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг няцаан үгүйсгэсэн талаарх хууль зүйн үндэслэлийг тогтоолдоо дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Нөгөөтээгүүр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Батбаярыг тусгай мэдлэг эзэмшсэн, түүний магадлагааг хууль ёсны гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хавтас хэрэгт авагдсан тусгай мэдлэг эзэмшсэн талаарх нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Түүнчлэн Улсын Дээд шүүх 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хийсэн.
Дээрх тогтоол, 2 шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйл/ 2.1-д Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадлагаа гаргаж болно. 2.6-д Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт, магадлагаа бүрээр шүүх шийдвэртээ заавал тусгана. Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тайлбарлажээ.
Дээрх хууль зүйн тайлбараас үзэхэд, мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрийн гаргасан шийдвэр буюу магадлагаандаа заавал заахаар байна. Гэтэл мөрдөгчийн дээрх магадлагаанд шинжээчийн дүгнэлтүүдийг няцаан үгүйсгэсэн болоод шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа талаар огт заагаагүй нь эргэлзэх үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь дээрх тайлбартай нийцэхгүй. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар гэм буруугүйд тооцож ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг доор дурдсан хууль зүйн үндэслэл болон хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар хуульчилсан.
Учир нь, миний үйлчлүүлэгч М.А-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлдэг, өөрийн үйлдэлдээ маргадаггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг ба түүний нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй ба шүүгдэгч нь хувиараа ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэж, гэр орныхоо амжиргааг залгуулдаг зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан үзнэ үү.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Г.Жалбуу хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүгдэгч М.А нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэн гарснаас хойш өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, гэмшиж, түүнтэй холбогдолтойгоор хохирогч нарт хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсаар ирсэн. Тэрээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах зардал мөнгийг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж, маш их гэмшиж, харуусч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлон заасан бөгөөд үүнд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд зорилтын гол зарчим нь оршдог. Үүний дагуу шүүгдэгч нь 1 жил хоригдсоноороо амь хохирогч босож ирэхгүй учраас хор уршиг хэзээ ч арилахгүй, гэсэн хэдий ч амь хохирогч гэр бүлтэй, үр хүүхэдтэй байсан тул хүүхдүүдийн хичээл сургалтын зардал мөнгөнөөс эхлээд зардал гарна. Тиймээс хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд миний үйлчлүүлэгч гадуур байж, өөрөө ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээгээр ашиг орлого, мөнгө олж байж хохирогч талд хохирлыг барагдуулах, дээрх хуулийн зорилтыг хангах асуудал яригдана. Ийм учраас шүүгдэгчийн хувийн байдал, өвчний байдал, ар гэрийн байдал, бүхий л зүйлийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие зам тээврийн ослоор амь насаа алдсан Ё.Б-ийн том эгч. Дүү маань 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 22 цаг 43 минут 26 секундэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан. Энэ үйл явдал болоход замын хөдөлгөөнд явган зорчигч, тээврийн хэрэгсэлтэй жолооч хоёр л оролцсон. Тэнд өөр ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл нийцэх гэж юуг хэлж байна вэ. Явж байсан хүнийг чигээрээ очиж дайрч алсан байж юуг үнэн, бодит байдалтай нийцээгүй гэж байна вэ. М.А миний дүүг дайрсан нь үнэн, зам тээврийн ослоос болж амь насаа алдсан нь үнэн. Эрүүл саруул биетэй, 47 настай, залуу сайхан эрэгтэй хүн замын хөдөлгөөнд оролцоод хөдөлгөөнөө дуусгавар болгосон буюу 1 дүгээр эгнээний эцэст бродюр хүрэхэд 1 метрийн зайтай, зам хөндлөн гарах гэж байхад хөлөө татах завыг өгөхгүйгээр дайрч алсан байхад явган зорчигч дайруулаад үхсэн юм чинь яахав дээ, харин амьд үлдсэн миний үйлчлүүлэгч хэцүү байна гэж байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдаж, халдашгүй дархан эрхийг нь зөрчсөн байж манай үйлчлүүлэгч шоронд орсон нь буруу, шоронд орох ёсгүй байсан, шүүх буруу шийдвэр гаргасан, тээврийн хэрэгслээ жолоодох эрхээ хасуулаад өнгөрөх байтал шоронд хорьсон гэсэн байдлаар гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. М.А шүүх хуралдааны үед “Би гэмшиж байна” гээд байхаар нь эмэгтэй хүн, гэмшиж байна гэж бодсон би хууртсан. Шүүгч тогтоолоо уншсаны дараа шүүхийг зүхэж “би яахаараа ганцаараа хариуцлага хүлээдэг юм, бид хоёр хоёулаа хариуцлага хүлээх ёстой” гэсэн. Хүн алчихаад тийм зүйл ярьж болохгүй. Анхнаасаа нэг ч удаа буруугаа хүлээгээгүй, манайд ирээгүй. Хүн өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг. Хүн алчихсан хүн байж, би төрөхөөс хамт байсан хайртай дүүгээ алдсан байхад ажил явдал дээр нь шүүгдэгчийн нөхөр, төрсөн дүү, нагац ах нь гэсэн 3 хүн ирсэн. М.А өөрөө ирээгүй. М.А уучлалт гуйх ёстой болохоос тэр хүмүүс уучлалт гуйх ёсгүй. Энэ хэрэгт шүүгдэгчийн ар гэрийнхэн хамаагүй. Хийсэн үйлдэлдээ тухайн хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Би дүүгээ алдчихаад байхад ар гэрийнхэн нь ямар хүмүүс байдаг, талийгаач ямар хүн байсныг мэдэх гэж, үзэх гэж ирлээ гэж биднийг доромжилсон. Юуг нь үзэж, харах вэ. Алтан сайхан амийг нь бүрэлгэсэн хүмүүст бид юу хэлэх вэ. Бид нар тулгамдаад юм хэлж чадаагүй. Ажил явдлын дараа чимээгүй, таг алга болсон. Сүүлд 7, 8 дугаар сарын үед над руу холбогдохоор нь би М.А-т хандан “Шүүх дээр уулзъя, надад чамтай уулзах хүсэл алга” гэж хэлсэн. Миний хэлсэн үгэнд эмзэглэж, хүлэгдээд миний ээжтэй уулзаагүй гэж ярьж байна. Миний ээж 90 нас хүрч байгаа. Отгон хүү нь байсан бөгөөд өглөө духан дээр нь үнсээд гаргасан хүү нь орой байхгүй, хар уутанд бидний гар дээр ирсэн. Тийм үйлдэл хийсэн байж өнөөдрийн шүүх хуралдаанд “Нөхөр өвчтэй, хүүхэд 10 жил төгсөх гэж байна, миний бие өвдөж байна” гэх зэргээр юу яриад байна вэ. Нөхөр нь өвдсөн, хүүхэд нь төгсөх гэж байгаа зэрэг нь бидэнд хамаагүй, аминд нь тулсан өвчтэй биш байж хүний амийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Иймээс хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг дээр дээрх тайлбарыг гаргаж “Дайрсан нь үнэн, миний дүү үхсэн нь үнэн. Зам дээр үхчихсэн байхад нь өөр тээврийн хэрэгсэл ирж дайраагүй, тээврийн хэрэгсэл дотор өөр жолооч яваагүй, осол өөр цаг хугацаанд гараагүй” гэж хэлмээр байна. Мөн шинжээч нарын дүгнэлт, эрдэмтэн мэргэд, 02/07 дугаартай Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Тээврийн сургуулийн багш нарын гаргасан дүгнэлтийг ярьж байна. Яагаад дүгнэлт гаргасан багш нарын цол хэргэм хүн нас барсан энэ хэрэгт буруу, зөв гэж харах үндэслэл болж байна вэ. Шинжээч тухайлан хамгаалсан өөрийн эрдэм мэдлэгээрээ дүгнэлт гаргасан болохоос хүний амь нас эрсэдсэн хэрэгт жолоочийн зөв, явган зорчигчийн буруу байна гэж гаргах үндэслэл байхгүй. Тиймээс энэ талаарх гомдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтад суурилсан тусгай төрөлжсөн лабораторид хийгдсэн шинжилгээний дүгнэлтийг ерөнхий хар яриагаараа үгүйсгэж байгаа нь шүүхийн практикт буруу практикийг нэвтрүүлж байна. Дайрсны улмаас тархи, гавлын гэмтэл учирч нас барсан гээд байхад миний үйлчлүүлэгч хэцүү байна гээд хөндлөн зүйл ярьж байна. Шударга ёстой нийцэхгүй, шударга ёсны эсрэг зогсож байна гэж үзэж гомдлыг нь зөвшөөрөхгүй, хүлээн авахаас татгалзаж байна. Хэргийн газрын үзлэгийн явцад жолоочийн хэлсэн анхны аман мэдүүлэгт үндэслэж М.А болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийг өмөөрч байна. Хэргээ бүхэлд нь үзсэн байж санаатайгаар ийм гомдол, тайлбар гаргаж байгаа нь шударга шүүхийн эсрэг, шүүхийн гаргасан шийдвэрийг будлиантуулж, нийгэмд үл ойлголцлыг бий болгож, шүүхийн нэр хүндийг гутаах алхам болж байна. Үнэн юмыг үнэнээр нь гаргаж, анхан шатны шүүх шударга ёсыг тогтоосон. Шүүх “Монгол Улсын иргэний амьд явах эрхэд нь халдсан, хүний амь нас хохирсон учраас нөхөж баршгүй, эргэж сэргээгдэх боломжгүй үйлдэл учраас танд хорих ял оноож байна” гэж өөрт нь тайлбарлаж хэлээд алхаа цохисон байхад яагаад хүлээн зөвшөөрөхгүй гэж байна вэ. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг эрс эсэргүүцэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б-гийн өмгөөлөгч Г.Хандмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгч шийдвэрээ танилцуулахдаа хорих ялын хэмжээг 1 жил 1 сар гэж уншсан. Үүнийг би шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулгаж үзээд шалгая гэсэн ч амжаагүй. Шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд техникийн шинжтэй алдаа гэж үзэж залруулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, эргэлзээтэй гээд нэлээд олон дүгнэлтүүдийг иш татаж бичсэн байна. Гэвч хэрэгт авагдсан 399, 270, 371, 02/07, 2961, 241 дугаартай дүгнэлтүүд хэргийн газар дээр очсон мөрдөгчийн М.А-ийн ярьж хэлснээр А цэгийг тогтоож, бүдүүвч зураг үйлдсэн баримтад үндэслэгдэж гарсан. Тухайн үед хохирогч нас барсан, М.А-ийн ярьснаар тогтоосон баримт тул түүнийг туйлын үнэн гэж үзэх боломжгүй. Сүүлд гарсан 923, 517 дугаартай дүгнэлтүүд хэргийн газрын бичлэгт үндэслэгдэж гарсан. Өөрөөр хэлбэл, бичлэгийг үзэж байгаад осол болсон А цэгийг тогтоож, магадлагаа гаргасан нь үндэслэлтэй. Хэрэв шүүгдэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэвэл бодит биш болно. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд бодитоор авагдсан бичлэгт үндэслэж гараагүй, шинжилгээ хийгдээгүй байх үеийн А цэгийг үндэслэж гаргасан дүгнэлтүүд. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэг хоёр удаа хаагдах саналтайгаар ирсэн. Би хууль зүйн туслалцаа үзүүлж, гомдол, санал гаргасны эцэст М.А-ийн мэдүүлгээр тогтоосон анхны А цэгийг дахин тогтоолгосон. Түүний мэдүүлэгт үндэслэж тогтоосон А цэг нь 2 дугаар эгнээний дунд бол бичлэг үзэхэд “А цэг замын 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү дайвалзаж байна” гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөгч нар хүлээж аваад бичлэг дээр шинжилгээ хийж, 923 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр А цэгийг дүрс бичлэгээр тогтоож, осол болсон цагийг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 22 цаг 43 минут 26 секунд гэж тогтоосон. Дүгнэлтэд М.А-ийг тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан, аваагүй гэж хоёр янзаар бичсэнийг шүүгдэгч тал ашиглаж тайлбараа гаргаж байна. “9,9 метрээс зогсоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт нь бүдүүвч зураг буюу М.А-ийн мэдүүлгээр тогтоогдсон. Бодитоор хийсэн шинжилгээгээр осол болсон цэгийг мөргөөд тоормосны гэрэл асч байгаагаар тогтоосон. Харанхуй шөнө жолооч зам харж явах ёстой бөгөөд гэрэлд хүн орж ирсэн байхад зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг дээр шууд хөтөлж аваачна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэж “Хэрэгт авагдсан баримтууд тасралтгүй нэг нэгнээ дэмжиж байна” гэсэн. 923 дугаартай дүгнэлтэд “Тээврийн хэрэгсэл явган хүний гарцтай хэсэгт ойртох үедээ зогсоох арга хэмжээ аваагүй” гэж дурдсан. 9,9 метрээс амь хохирогч гэрэлд орж ирсэн бөгөөд наана нь явган хүний гарц байсан. Жолооч гарцан дээр хүн байсан, байгаагүй хурдаа бууруулж зогсох ёстой. Зохицуулгагүй гэрлэн дохионы адил замын хөдөлгөөний явган хүний гарц зохицуулгатай гэрлэн дохионы адил үйлчилнэ. Тэгэхээр замаа хардаггүй юм бол хүн байсан, байгаагүй гарцан дээр зогсох ёстой байсан. Явган зорчигч том гарц нэвтрээд хойноос урагш чиглэлтэй орж ирэх үед жолоочид “Уулзвар нэвтрэхэд явган хүний гарц ойртож байгаа шүү” гэдэг мэдээлэл хамгийн түрүүнд бодогдох ёстой. Гэтэл гэрэлд орж ирсэн үеэс эхлэн жолоочийн хурд огт буураагүй, 39,9 км/ц гэж дүгнэлтүүдээр тогтоогдсон. Энэ бүгдийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Осол баруун гэрлээс дотогш зайд болсон гэж тогтоогдсон бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа 5 дүгнэлтээр осол М.А-ийн зүүн гар талаас буюу зүүн гэрлээс болсон гэдэг. Тиймээс хэрэгт камерын бичлэгийг үзээд хийсэн дүгнэлт нь бодит. Мөрдөгч магадлагаа гаргахдаа 5 дүгнэлтэд дурдсан нөхцөлүүдийг яаж үгүйсгэснээ бичээгүй гэж байгаа боловч мөрдөгч “Бичлэгт хийсэн тэмдэглэл, шинжилгээний дүгнэлтийг үндэслэж бичлээ” гэж бичсэн. Энэ нь бодит байдалд нийцсэн тул эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Түүнчлэн, шүүгдэгч маш их гэмшиж байна гэж байгааг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, субьектив хандлагад хамаарах учраас шүүх хуралдаанд хэлж байна гэж ойлгож байна. Гэтэл камерын бичлэгээс үзэхэд, шүүгдэгч амь хохирогчийг мөргөөд хамгийн түрүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, түргэн дуудах байтал найз руугаа утасдаж ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан. Тусламж дуудаагүй, дээгүүр нь алхаж гараад, хэнэг ч үгүй утсаар яриад явж байгаа нь бичлэгээс харагдана. Мөн анхан шатны шүүх хуралдаан дуусахад “Би яахаараа ганцаараа буруутай болдог юм” гээд шүүх хуралдааны явцад гэмшиж байна гэсэн тайлбараа үгүйсгэсэн. Эндээс гэм буруугаа ухаарч, гэмшиж байгаа байдлыг олж харахгүй байна. 517 дугаартай дүгнэлт нь 923 дугаартай дүгнэлтэд үндэслэж нөхөн үзлэг хийгдсэний үндсэн дээр гарсан. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдаад байгаа бүх тайлбар үгүйсгэгдсэн. Миний бие А цэг өөр болж, бүдүүвч, үзлэг 2 зөрүүтэй байгааг хэлж хүсэлт гаргахад бродюроос 1,19 метр зайд явган зорчигч явж байсан гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл өмнө гарсан дүгнэлтүүдэд явган зорчигчийг бродюроос 5-6 метрийн зайд явж байсан гэж тогтоосон. Эндээс бодит мөн эсэх нь харагдана. Хурдаа сааруулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэж магадлагаа гарсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Сургуулийг нь төгсөөд, ажлыг нь хийж байгаа хүнийг тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэхгүй ямар хүнийг тусгай мэдлэг бүхий гэж үзэх вэ. Улсын Дээд шүүхийн мөрдөгчийн магадлагаа хийхийг зөвшөөрсөн тайлбар байдаг тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Өмгөөлөгчийн яриад байгаа эргэлзээтэй нөхцөл байдал огт байхгүй гэдгийг хэлмээр байна. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх М.А-т холбогдох хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг танилцуулахдаа “1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа” гэж уншсан. Мөн улсын яллагчийн дүгнэлтэд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял гэж бичсэн байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Хэргийн үйл баримтын талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн. Учир нь, хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тухайн дүгнэлтүүдийг гаргахдаа ослын бичлэг байхгүй, хэргийн газрын үзлэгийг үндэслэсэн. Хэргийн газрын үзлэгээр А цэг зөрүүтэй байсан. Бусад зүйлсийг үндэслэж шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа зөрүүтэй байдлаар гарсан. Хамгийн сүүлд гаргасан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 517 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ослын газрыг нөхөн сэргээх, тухайн осол болсон газрын эргэн тойрныг дүрслэх маягаар гаргахад явган зорчигч гарцнаас 5,93 метр, бродюроос 1,19 метр зайд зам тээврийн осолд өртсөн буюу мөргүүлсэн гэсэн. Мөн энэ үед зогсоох арга хэмжээ аваагүй талаар дурдсан. Үүнийг үндэслэж мөрдөгчийн магадлагаагаар тухайн хэргийг шийдвэрлэсэн. Хуульд зааснаар мөрдөгч нь тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа бичиж болно. Мөрдөгчийн хувьд дагнасан хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг, сургалтад сууж сертификат авсан, тусгай мэдлэг бүхий субьект. Иймээс магадлагаагаар явган зорчигчийн буруутай үйлдэл Замын хөдөлгөөний дүрмийн 5.12, жолооч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар хүний амь нас хохирсон гэж дүгнэсэн. Шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, прокурорын газраас шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Авто плаза төвийн зүүн хойд замд “Тоёота Акуа” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Б-ийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд байх хэдий ч шүүх хуралдаанд уншиж сонсгосноос өөр байх тул энэ байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол; ...” гэж, мөн дээрх хуулийн зүйл, хэсгийн 1.9 дэх заалтад “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол; ...” ноцтой зөрчилд хамаарахаар хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны бичлэгийг татан авч судлан үзэхэд, шүүгдэгч М.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байна.
Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нараас “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Харин давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, хавтас хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд тус шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар эсрэг байр суурьтай, хоорондоо зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн дүгнэлтүүд гарсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн магадлагаа гарсан ба уг магадлагаанд шүүгдэгч М.А-ийг Замын хөдөлгөөний зохих заалтыг зөрчсөн гэж дүгнэн тус магадлагаагаар анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд мөрдөгчийн магадлагааг хэрхэн үнэлэх, шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор санал, оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулж болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн магадлагаа гарсны дараа тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч нараар шинжээчийн дүгнэлт гаргаж явган зорчигчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах ёстой байтал шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад тус хэрэгт хамгийн сүүлд гарсан мөрдөгчийн магадлагааг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан хуулийн хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, хавтас хэрэг цугларсан хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргийн эргэлзээтэй байдлыг нэг мөр арилгах, тодруулах зорилгоор 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт зайлшгүй гаргах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын хамтран гаргасан “...шинжээчийн дүгнэлт зөрүүтэй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч М.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1101 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч М.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР