| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0069/З |
| Дугаар | 110/ШШ2026/0092 |
| Огноо | 2026-07-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2026/0092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жапарханы Ермек,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга хоорондын барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ермек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Ж.Ермекийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний зориулалттай 10 давхар барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргааны үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1. Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээний зориулалттай оффисын барилгын ажлыг 2016 онд эхлүүлсэн.
Тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг авч, барилгын үндсэн бүтээцийг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусган, гэрчилгээжүүлсэн билээ. Барилгын ажил 2018 онд Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар түр зогссон, дараа нь дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл үүсэж, үйл ажиллагаа түр саатсан. Одоо барилгын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахаар хандахад, газрын ашиглалт 60 хувиас хэтрэхгүй байх шинэ журмыг үндэслэн татгалзсаныг би дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Миний бие 2016 онд тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийг авч, 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Төрийн байгууллагын олгосон анхны зөвшөөрөлд итгэж барьсан, зөвшөөрөл авсан хугацаандаа тодорхой шалтгааны улмаас барилгын ажлыг дуусгаж чадаагүй. Дахин зөвшөөрлийн хугацаагаа сунгуулан авах гэсэн боловч хожим гарсан журмаар (60/40 харьцаа) анхны зөвшөөрлийг үгүйсгэж, хохирол учруулах нь хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй байна.
Барилгын үндсэн бүтээц (карказ) нэгэнт 70 хувийн гүйцэтгэлтэй баригдсан тул одоогийн 60/40 харьцааны журмыг (барилгажилт 60%, ногоон байгууламж 20%, зогсоол 20%) хэрэгжүүлэхийн тулд баригдсан барилгыг нураах боломжгүй. Барилгын ажил 2016 онд эхэлсэн тул тухайн үеийн норм, дүрмийг баримтлах нь зүйтэй.
1.2. Барилгын ажил удааширсан нь иргэний санаатай үйлдэл бус, төрөөс тогтоосон “Ковид-19” цар тахлын хөл хорио, нөхцөл байдалтай шууд холбоотой. Тус барилгад зориулж, 2025 онд дулаан, цахилгаан, ус хангамжийн техникийн нөхцөлүүдийг шинээр авч, холбогдох төлбөр хураамжийг төлсөн тул зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй юм.
1.3. Миний бие барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хариуцагч байгууллагад гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хангасан.
2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандаж, Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг гаргасан. Аймгийн Засаг даргаас 2026 оны 04 дүгээр сард 1/827 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт “барилгын зөвшөөрлийн хугацаа дууссан боловч хуульд заасан хугацаанд сунгуулаагүй. Одоогийн мөрдөгдөж буй хот байгуулалтын шаардлага буюу 60/40 харьцааг (барилгажилт 60%, ногоон байгууламж болон зогсоол тус бүр 20%) хангахгүй байгаа тул цахим систем хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Мөн барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрлэх боломжтой.” гэж мэдэгдсэн.
Ийнхүү миний бие дээд шатны захиргааны байгууллагад хандаж, зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан боловч асуудлыг шийдвэрлээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
2.1. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг жил болгон сунгуулна гэдгийг мэдээгүй. 2025 онд барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргасан, уг барилгын хувьд одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа, 4-5 тэрбум төгрөгийн зээл гаргаж, өөрийн санхүүжилтээр уг барилгыг барьсан. Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагын дагуу барилгын инженерийн салбарын зөвлөх инженер Я.Дүйнхэржаваар дүгнэлт гаргуулсан, цаашид зөрчил арилсан гэж үзэж байгаа. Зөвлөх инженер Я.Дүйнхэржавын гаргасан дүгнэлтийн дагуу Монгол Улсад бүх барилга,байгууламж баригдаж байна. Уг дүгнэлтэд төмөр бетонтой холбоотой шаардлагыг хангаж байгаа гэж дүгнэсэн. Анх арматурын тоог 16 гэж тавьсан ч гэсэн 12-оор барилга угсралтыг хийжээ. Арматурын тоог 12-оор тооцооллыг хийхэд шаардлагыг хангаж байна гэсэн. Уг дүгнэлтийн 1 дүгээрт хэсэгт “барилгын үндсэн төмөр бетон каркасын хөндлөн огтлолын хэмжээ зураг төслийн дагуу хийгдсэн” гэж дүгнэсэн. Мөн “Азбум Өргөө констракшн” компанийн захирал С.Алтанхүүгээс арматурын тоо 16 байгааг 12 болгоод зураг төслийг өөрчлөөд явах боломжтой гэдэг байдлаар зохиогч болон хөндлөнгийн шинжилгээний хамтарсан дүгнэлт хийсэн гэв.
3. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
3.1. Тухайн барилга байгууламжтай холбоотой барилгын болон хот байгуулалтын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, барилгын зураг төсөл, магадлал, барилгын ажлын явц, бүтээцийн аюулгүй байдал, эрх бүхий байгууллагуудаас өмнө нь хийсэн хяналт шалгалтын дүн, гаргасан шийдвэрүүд бүрэн тодорхой болсон гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн барилга байгууламжтай холбоотой барилгын ажлын зөвшөөрөл, түүний хүчинтэй хугацаа, зөвшөөрлийн сунгалт болон барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх эрх зүйн үндэслэл бүрэн тодорхой болоогүй. Тухайлбал, уг барилгатай холбоотойгоор өмнөх онуудад холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага болон барилгын асуудал эрхэлсэн байгууллагуудаас хяналт шалгалт хийж, холбогдох албан шаардлага, дүгнэлт, албан бичиг гаргаж байсан бөгөөд эдгээр баримтууд нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход хамааралтай.
3.2.Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн хугацаанд барилгын ажил дуусаагүй тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад урьдчилан гаргахаар зохицуулсан байдаг. Түүнчлэн зөвшөөрлийн хугацаа дууссан, эсхүл хуульд заасан журмын дагуу сунгагдаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авах асуудал үүсдэг бөгөөд тухайн барилга байгууламжийн зөвшөөрлийн хүчинтэй байдал, зөвшөөрлийн хугацаа тасралтгүй үргэлжилсэн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал юм.
3.3. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм‘-ийн 7.1, 7.2-т зохих зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглосон бөгөөд зөвшөөрлийг нөхөн олгохыг мөн хориглосон зохицуулалттай байна. Тухайн барилга байгууламжийн барилгын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлсэн эсэх, үргэлжлүүлсэн эсэх, зөвшөөрлийн хугацаа болон түүний сунгалт хуульд нийцсэн эсэх, зөвшөөрөлгүй хугацаанд барилгын ажил гүйцэтгэсэн эсэх асуудлуудыг холбогдох нотлох баримтын хүрээнд тогтоож байж барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэмэлт тайлбарт:
5.1. Иргэн Ж.Ермек нь тухайн барилгын ажлыг анх 2016 онд эхэлж байсан. Барилга барих үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Засгийн газраас баталсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмээр зохицуулагддаг. Тухайн үед дээрх эрх зүйн актаар барилгын ажлаа эхлүүлэх шаардлага хангаж, 2 удаа барилгын ажлын зөвшөөрөл авсан.
Дараа нь үйл ажиллагаа нь зогссон учраас өмнөх хууль нь шинэчлэгдэж, мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор барилга байгууламжийн ажлын зөвшөөрөл олгох журам шинэчлэн батлагдсан. 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу олгогдсон зөвшөөрлийн хугацаа дууссан учраас одоогийн хуулиар хэрвээ хугацаанд барилгын ажлын зөвшөөрлийг сунгаагүй бол шинээр авсантай адилхан бичиг баримтаа бүрдүүлж, дахиж шинээр авах хуулийн зохицуулалттай юм. Мөн барилгын ажлыг зөвшөөлгүйгээр үйл ажиллагаа явуулбал заавал шүүхийн шийдвэрээр нөхөж олгох зохицуулалт байгаа учраас тухайн үндэслэлээр татгалзсан.
5.2. Барилгын ажлын явцад хяналт хэрэгжүүлж, ашиглалтад оруулах үед захиалагчийн техникийн хяналт, зохиогчийн техникийн хяналт хариуцсан байгууллагын зүгээс дүгнэлт гаргаж өгөх ёстой. Жишээлбэл, барилгын үйл ажиллагааны явцад хяналт тавихаар зохицуулагдсан. Анх манай байгууллагатай гэрээ байгуулсан атлаа хяналт тавигдаагүй байсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан шаардлагаар барилгын явцад хэрэглэсэн материал, лабораторийн дүгнэлт шинжилгээ хийлгэж, барилгын үйл ажиллагаатай холбоотой хяналтуудыг хөндлөнгийн дүгнэлт хийдэг компаниудаар шалгуулж, дүгнэлт гаргуулж, ямар нэгэн шаардлагатай үйл ажиллагаа хийлгэхээр бол зохиогчийн зүгээс шийдлийг гаргаж өгөөд, барилга байгууламжийг үргэлжлүүлдэг. Өмнө нь зураг төслийг “Монтрак констракшн” гэдэг компаниар хийлгэсэн. Олон инженер, техникийн ажилтны оролцоотойгоор зураг төслийн ажил хийгдэнэ. Ганцхан хүнээр дүгнэлт гаргуулсан, тэр хүн өөр зургийн компанид ажиллаж байгаа. Хуулийн этгээд биш иргэний хувьд дүгнэлт гаргасан байна. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо тухайн зохиогчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гэрээ, бүх бичиг баримт бүрдүүлэх бичиг баримт дотор байдаг. Эдгээр асуудлаар мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлага тавьсан.
5.3. Аюулгүй орчинд амьдрах, үйл ажиллагаа явуулахтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Цаашид нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхтэй холбоотой мэргэжлийн байгууллага нь бичиг баримтаа хянаж, шалгаад зөвшөөрлийг олгохоор Барилгын тухай хуульд зохицуулагдсан. Нэгэнт барилгын ажлын зөвшөөрлийг олгосноор бид бас зохих хариуцлагаа хүлээнэ.
Тиймээс өмнөх зөрчлүүдийг бүхэлд нь арилгаснаар барилгын ажлын зөвшөөрлийг үргэлжлүүлж олгох боломж бүрдэнэ гэдэг үүднээс тайлбар гаргаж байна. Бид нар хүсэлтээ заавал цахимаар хүлээж авах тухай шаардлага тавьж байгаа. Тэр үүднээс холбогдох мэргэжлийн байгууллагаас чиглэл авахаар албан бичиг явуулсан. Энэ нь хуулиар зохицуулагдсан зохицуулалт биш гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь барилга барих явцад тусгай зөвшөөрөлгүй компаниар бариулсан үйлдэл нь бас тогтоогдсон, тэрийг цаашид залруулж зөвшөөрөлтэй компаниар бариулахаар эрх зүйн актуудыг нь бүрдүүлж ирүүлж байгаа. Харин өмнөх тусгай зөвшөөрөлгүй компанийн барьсан барилгын хэсэг дээр нь “ямар ч асуудалгүй, цаашид барих боломжтой” гэдэг дүгнэлтүүдийг нь гаргаагүй асуудал байна. Тэр үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа. Үүнийг бас анхаарч үзнэ үү гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт нь 2023 оны 12 сард өөрчлөлт орсон. Урьд нь барилгажих талбай нь “70:30” гэсэн харьцаатай байх” гэсэн заалт хэрэгжиж байсан үед барилгын схемийн зураг, байршлын схем зураг, магадлал хийлгэсэн зураг төсөл, зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч барилгын ажлаа эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч, банканд барьцаалан зээл гаргасан тул барилгыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргаж байсан. Хүсэлт гаргасан үед “барилгажих талбай нь “60:40” харьцаатай” байхаар систем оруулснаар зөвшөөрөл олгож чадахгүй байна.” гэх зүйл яригдаж байсан. Гэтэл өнөөдөр Газрын албаны мэргэжилтэн н.Тамырлан нь зарим нэгэн баримтуудыг ирүүлээгүй гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн байх ба тухайн үед шаардсан бол уг баримтуудыг өгөх боломжтой байсан. Тухайлбал, Ж.Ермекийн өөрийнх нь төрсөн хүүгийн 15 давхар хүртэл барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй “Дайчин хүлэг” ХХК байгаа. Мөн “Азбум Өргөө констракшн” ХХК-аар зохиогчийн хяналтаа хэрэгжүүлэхээр болсныг нэхэмжлэгч тайлбарлаж, баримтаа гаргаж өгсөн. Шүүхэд эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргасан учраас Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийн бүрдэл хангагдсан гэж үзэж байна.
6.2. Хариуцагчаас тухайн барилгын зураг төслийг шинээр гаргах ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. “Монтрак констракшн” ХХК нь барилгын явцад зохиогчийн хяналтын тодорхой үйл ажиллагааг бусадтай хамтран хэрэгжүүлэхээр болсон нөхцөл байдал харагдаж байгаа. “Азбум Өргөө констракшн” ХХК-ийн хувьд 20-30 давхар барилга дээр үйл ажиллагааг явуулж, хяналт тавьдаг маш том компани бөгөөд энэ компани нь Ж.Ермекийн барилгыг хууль журамд нийцүүлэн барих, ашиглалтад оруулах хүртэл хяналтыг хэрэгжүүлж, шаардлагаа тавина гэж байгаа.
Барилгын хувьд энэ хэсэг нь шаардлагад нийцэхгүй байна гэдгээр тухайн барилга байгууламжийг бүхэлд нь шаардлагад нийцэхгүй гэж үзэхгүй. Энэ дээр маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардаж байгаа зүйл юм. Төмөр арматур нь шаардлагад нийцэж байгаа гэдэгтэй холбоотой зөвлөх инженер дүгнэлтээ хийсэн. Тиймээс шүүхийн зүгээс барилгын ажлаа үргэлжлүүлэх, алдааг залруулах боломж олгож, барилгажих талбайн хэмжээ “60:40” гэсэн харьцаатай байна гэснээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь буруу гэдэг байдлаар шийдвэр гаргаж, барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна
2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих; 26.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: 27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга.” гэж заасан.
3. Нэхэмжлэгч Ж.Ермек нь “Монтрак констракшн” ХХК-ийн зохиосон зураг төслийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 10 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар 2016, 2018 онд тус тус олгогдсон барилгын ажлын зөвшөөрлөөр барилга угсралтын ажлын 70 хувийг гүйцэтгүүлсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2016/03, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2018/02 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл /гэрчилгээ/, барилгын зураг төслийн баримт бичиг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000564216 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
4. Хэргийн нотлох баримтаас үзэхэд, эрх бүхий этгээдээс 2018 онд олгосон 2018/02 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл/гэрчилгээ/-ийн хүчинтэй хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл байх ба барилга угсралтын ажлын төлөв байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаас хяналт шалгалт хийж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 04/94/01/53 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага өгснөөр барилга угсралтын ажиллагаа зогссон байх ба нэхэмжлэгчээс 2018/02 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй байна.
5. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.”, 30.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 30.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.”,
30.4-т “Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.” гэж зааснаар нэхэмжлэгч дээрх байдлаар урьд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авах бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
6. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно.” гэж заасан. Нэхэмжлэгч 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ “…уг барилгатай холбоотойгоор өмнөх онуудад эрх бүхий байгууллагуудаас хяналт шалгалт хийж, албан шаардлага, дүгнэлт гаргаж байсан, хяналт шалгалтын дүн, гаргасан шийдвэрүүдийн биелэлт бүрэн тодорхой болоогүй.” гэж тайлбарласан.
7. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/94/01/53 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаас үзэхэд, нэхэмжлэгчийн барилгад хийсэн хяналт шалгалтаар барилгын үндсэн бүтээцийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй хувь хүмүүсээр гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг(1), Барилгын 1 дүгээр давхрын болон бусад үндсэн бүтээцийн /багана, дам нуруу, хучилтын / бетоны бат бэх зураг төсөлд заасан М350 маркийн шаардлагыг хангахгүй М200-250 байгаа нь тус аймаг дахь лабораторийн үл эвдэх шинжилгээгээр тогтоогдсон нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг(2), тус барилгын ажлуудыг гүйцэтгэсэн ил далд ажлын актууд, талбайн журнал, бетон бүтээцийн бат бэхийн шооны үзүүлэлтийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн байхгүй нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг(3), зураг төсөл зохиогчоор хяналт шалгалт хийлгээгүй нь Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх заалтыг(4) тус тус зөрчсөн гэх зөрчлүүдийг илрүүлж, барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх(1), барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн зуурмагийг барилгын талбай дээр бэлтгэхдээ итгэмжлэгдсэн лабораториор орц нормыг тогтоолгон түүнийг хатуу мөрдөж хэвших(2), барилгын өндрийн дагуу үндсэн бүтээцэд геодезийн хэмжилт хийлгэж хазайлт байгаа эсэхийг тогтоолгох(3) тус барилгын зарим цутгамал төмөр бетон, үндсэн бүтээцийн бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй болох нь аймгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тэдгээр хийц бүтээцэд бэхэлгээ хүчитгэл хийх, эсхүл буулган хураах арга хэмжээ авсны дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэн шалгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэх(4) зэрэг шаардлага тавьжээ.
8. Нэхэмжлэгчээс дээрх албан шаардлагын биелэлттэй холбогдуулан, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Дайчин хүлэг” ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлан энэ талаарх нотлох баримтаар тус компанид Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон БУ/18-1672/17, БУ42-777/22 дугаартай /2017 он, 2023 он/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, уг компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн.
Мөн албан шаардлагын дагуу барилгад эрх бүхий этгээдээр экспертизийн дүгнэлт гаргуулж, зөрчлийг арилгасан гэж тайлбарлан энэ талаарх нотлох баримтаар “ШУТИС БАС-ийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв /2018 он/, ШУТИС БАС-ийн барилгын инженерийн салбарын профессор, зөвлөх инженер Я.Дүйнхэржавын гаргасан “Барилгын экспертизийн тайлан”/ Иргэн Ж.Ермекийн оффис, үйлчилгээний барилга/” бүхий баримтыг шүүхэд гаргасан.
Уг баримтын “Дүгнэлт” хэсэгт “барилгын үндсэн төмөрбетон каркасын хөндлөн огтлолын хэмжээ зураг төслийн дагуу хийгдсэн байна(1), барилгын төмөрбетон хучилтын бүтээцийн хэв гажилт хэвийн байна(2), барилгын бүтээцийн арматурчлал 0-4 давхруудад зураг төслийн дагуу хэвийн хийгдсэн байна, харин 5-аас дээш давхарт ажлын арматурын тоо зураг төслөөс зөрсөн байна(3),барилгын бүтээцийн бетоны бат бэх В20 ангийн бетоны шаардлагыг хангаж байна(4), 4 дүгээр давхраас дээш Х1-Х2-У2 тэнхлэгийн дагуух төмөрбетон диафрагм ханыг орхигдуулсан(5) гэж, “Зөвлөмж” хэсэгт барилгын зураг төсөл дээр төмөрбетон каркасын бетоны ангийг В25 гэж өгсөн боловч угсралтыг В20 ангиар хийсэн, мөн диафрагм хана, баганын арматурчлалыг бодолцон зураг төслийн зохиогчоор бетон каркасыг хүчитгэх эсэх дээр шийдвэр гаргуулах(1), баганын зураг төсөл дээрх /36-40 дүгээр хуудас/ баганын огтлолын тэмдэглэгээг тодруулах(2) гэж тус тус тусгагдсан.
9. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно.” гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...барилгын 5-аас дээш давхарт ажлын арматурын тоо зураг төслөөс зөрсөн, 4 дүгээр давхраас дээш Х1-Х2-У2 тэнхлэгийн дагуух төмөрбетон диафрагм ханыг орхигдуулсан нь тогтоогдсон тул уг асуудалд зураг төслийг зохиогч “Монтракт констракш” ХХК-аар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх маргаан нь үндэслэлтэй байна.
Хэргийн материалаас үзэхэд, Ж.Ермекийн барилга орших газар нь газар хөдлөлтийн 8 баллын бүсэд хамаардаг байх ба барилга угсралтын явцад дээрх байдлаар барилгын зураг төсөлд тусгагдсанаас өөрөөр тухайлбал зураг төслийн дагуу барилгын 5 давхраас эхэлж баганын арматурын тоо 16 байх ёстойг 12 болгон цөөрүүлсэн, 4 дүгээр давхраас дээш Х1-Х2-У2 тэнхлэгийн дагуух төмөрбетон диафрагм ханыг орхигдуулсныг мэргэжлийн шинжээчээс дээрх байдлаар тогтоосон тохиолдолд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс цаашид барилгын энэ хэсгийг хэрхэх талаар, барилгыг цааш нь үргэлжлүүлж барих боломжтой эсэхийг барилгын ажлын зөвшөөрөл олгохоос өмнө тогтоолгох нь зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.
10. Нэхэмжлэгчээс “барилгын зураг төслийг зохиогч “Монтрак констракшн” ХХК нь татан буугдаж тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх мэдээллийг авсан, барилгын зураг төслийг боловсруулсан инженер С.Алтанхүү нь уг компаниас гарч “Азбум Өргөө констракшн” ХХК байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа ба зөвлөх инженер Я.Дүйнхэржавын гаргасан дүгнэлттэй танилцсаны дараа тухайн үед манай компанийн зураг төслийг зохиосон инженерийн хувьд барилгад хяналт шалгалт хийж, “Азбум Өргөө констракшн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04/2025 дугаартай “Иргэн Ж.Ермекийн оффис, үйлчилгээний барилгын тухай” албан бичгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой талаар дүгнэлт гаргасан” гэж тайлбарласан.
10.1. Хэрэгт авагдсан 04/2025 дугаартай “Иргэн Ж.Ермекийн оффис, үйлчилгээний барилгын тухай” алба бичиг нь “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй иргэн Ж.Ермекийн 10 давхар оффис, үйлчилгээний барилгад зураг төсөл зохиогч инженер С.Алтанхүү миний бие 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хяналт шалгалт хийхэд зоорь болон 9 давхар хүртэл үндсэн каркас цутгаж дууссан, блокон дүүргэлтийн ажил хийгдэж байна.
Хяналт шалгалтаар дараах дүгнэлт гаргав. Үүнд: 1.Барилгын үндсэн төмөр бетон каркас, багана, дам нурууны хөндлөн огтлолын хэмжээ зураг төслийн дагуу хийгдсэн байна. 2. Барилгын төмөр бетон хучилтын ажил хэв гажилт хэвийн байна. 3. Барилгын бетон ангийг зураг төсөлд В20 гэж тусгасан. Цутгалтын бетоны марк хэвийн байна. 4. Х1-Х2,Х2-Ү2 тэнхлэгийн дагуу төмөр бетон хөшүүн ханыг орхигдуулсан байна. Уг хөшүүн ханыг үргэлжлүүлэн цутгах шаардлагатай. Барилгын явцад хийсэн хяналт шалгалтаар барилгын зураг төсөл зохиогчийн зүгээс барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх саналтай байна.” гэх агуулгатай байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Азбум Өргөө констракшн” ХХК-ийн 04/2025 дугаартай албан бичгээр гаргасан уг дүгнэлтийг барилгын зураг төсөл зохиогч компаниас гаргасан дүгнэлт гэж үзэхгүй, барилгын зураг төслийг зохиоход мэргэжлийн олон хүн оролцсон.” гэж тайлбарлан маргасан.
Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зураг төсөл зохиогч дараахь чиг үүрэгтэй: 38.1.4.зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх; 38.1.10.барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах.” гэж заасан байна.
Хэргийн нотлох баримтаас үзэхэд, Ж.Ермекийн оффис үйлчилгээний барилгын зураг төслийг зохиогч нь Б.Батмөнх захиралтай “Монтрак констракшн” ХХК болох нь, 2016 онд барилгын зураг төслийг тус компанийн архитектор А.Гантулга, Ц.Энхсувд, инженер С.Алтанхүү, Л.Баярт нар боловсруулсан нь, “Монтрак констракшн” ХХК нь татан буугдаагүй буюу үйл ажиллагаа нь хэвийн төлөвтэй нь, тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүчинтэй болох нь тус тус тогтоогдсон. “Монтрак констракшн” ХХК-д ажиллаж байсан инженер С.Алтанхүү нь ”Азбум Өргөө констракшн” ХХК-ийг байгуулсан байж болох ч Ж.Ермекийн барилгын зураг төслийг инженер С.Алтанхүүгээс гадна архитектор А.Гантулга, Ц.Энхсувд, инженер Л.Баярт нар боловсруулсан тул зөвхөн инженер С.Алтанхүүгийн “Азбум Өргөө констракшн” ХХК-ийн өмнөөс гаргасан дээрх дүгнэлтийг барилгын зураг төсөл зохиогч “Монтрак констракшн” ХХК-ийн гаргасан дүгнэлт гэж үзэхгүйгээс гадна Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т заасантай мөн нийцээгүй байна.
Иймд хариуцагч талын энэ талаарх маргааныг үндэслэлтэй гэж дүгнэв.
11. Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0957667 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ж.Ермекийг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажиллагаа эрхэлсэн зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн даалгавраар барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг Ж.Ермект даалгасан байх ба нэхэмжлэгч барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр тухайн барилгыг үргэлжлүүлэн барьсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс “барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр нэмж 20 хувийг ажлыг гүйцэтгүүлсэн, одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн.” гэж тайлбарласан.
Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр нэмж барьсан 20 хувийн ажлын явцад Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах;”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зураг төсөл зохиогч дараахь чиг үүрэгтэй: 38.1.4.зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;” гэж зааснаар захиалагчийн болон зураг төсөл зохиогчийн зүгээс барилгын үе шатны ажилд тавих хяналт хэрэгжээгүй нь хэргийн нотлох баримтаар мөн тогтоогдсон. Иймд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр баригдсан гэх барилгын тухайн хэсэг нь зураг төслийн дагуу баригдсан эсэх, зохих шаардлагад нийцсэн эсэх нь мөн тодорхой бус байна.
Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааныг үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Дээрх тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.5, 28.7, 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.4, 38.1.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ермекийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний зориулалттай 10 давхар барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА