Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00671

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00671

 

 

Тохилог шинэ ертөнц ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00167 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мандахад холбогдох

 

Ашиглалтын зардалд 1 208 566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудыг барьж ашиглалтанд оруулсан Сүмт өргөө ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдад тайлангаа тавьж, Сууц өмчлөгчдийн холбоог оршин суугчид өөрсдөө байгуулах талаар хурал хийсэн. Тус хурлаар оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах боломжгүй тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж явах хүсэлт тавьсаны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Сэлбэ-180 сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн.

...Хариуцагч Г.Мандах нь 2015 оны 05 сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дундын эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд засвар үйлчилгээний 242 767 төгрөг, дундын цахилгааны зардалд 54 000 төгрөг, цэвэрлэгээ 108 000 төгрөг, лифт 144 000 төгрөг, хогны 45 000 төгрөг, НӨАТ 37 401 төгрөг, нийт 771 169 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын ашиглалтын зардалд 1 276 416.53 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 771 169 төгрөг, нийт 2 047 585,53 төгрөг төлөхөөс 1 391 559 төгрөг төлсөн. Дээрх хугацааны төлбөрийг Г.Мандах өөрийн үзэмжээр дутуу бөгөөд хугацаа хэтрүүлэн төлж байсан. Иймд Г.Мандахаас дээрх хугацааны ашиглалт, үйлчилгээний зардлын үлдэгдэл 656 026.53 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14/003 тоот гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 290 540.26 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 250 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 12 000 төгрөг, нийт 1 208 566,79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 05 сараас Тохилог шинэ ертөнц ХХК-д байрны ус, дулаан, сууц өмчлөгчдийн холбоог шилжүүлснээс хойш төлбөр 2 дахин нэмэгдэж эхэлсэн ба бид 2015 оны 5-6 саруудад нэхэмжилсэн үнийг төлсөн. Суугчид бидний мэдэхгүй, бидэнд тайлбарлаагүй, СӨХ-той шууд холбоогүй ч орон сууц ашиглалтын контортой холбоотой зардлууд, бидний аваагүй үйлчилгээний төлбөрүүдийг нэхэмжилсэн учраас 2015 оны 7 сараас засвар үйлчилгээний хөлс тусгай дансанд хуримтлал үүсгэтэл төлөхгүй гэдгээ тайлбарлаж байсан. Гэвч Төрийн банкаар дамжуулан орон сууцны конторт төлбөр хийх гэхээр нэхэмжилсэн дүнгээс хасч төлбөр хийлгэхгүйгээр зөвхөн бүтэн дүнгээр төлүүлэхээр гэрээ хийсэн байсан тул Тохилог шинэ ертөнц ХХК-ийн дансанд өөр банкаар cap бүр төлбөрөө хийж байсан. 2016 оны 1 сараас нэмсэн НӨАТ, баримтны үнэ 250 төгрөгийг мөн төлөөгүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байхаас гадна СӨХ нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх боломжгүй, суугчдаас НӨАТ нэхэмжлэх эрхгүй. Манайх зогсоолгүй /гражгүй/ байхад 2016 оны 3, 6, 7, 8, 9, 11 саруудад 10 000-13 636 төгрөгийн харуулын хөлс, 2016 оны 3, 4, 6, 7, 8, 10 саруудад цэвэр усны мөнгө тус тус илүү нэхэмжилж авсан. 2-З м.куб ус хэрэглэхэд 10-12 м.куб бичиж төлбөр авсан байсныг дараа нь мэдсэн учраас 2017 оны 1, 4 сарын усны төлбөрийг хасч төлсөн.

Тохилог шинэ ертөнц ХХК нь 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны 2 047 585,53 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 25 удаагийн төлөлтөөр 1 551 737 төгрөг, 2016.10.07-ны өдөр 33, 34 тоотын төлбөрт 370 000 төгрөг төлснөөс 210 982,92 төгрөг нь 34 тоотын төлбөрт тооцогдох ёстой. Ингээд нийт 1 762 720 төгрөг төлсөн, үлдэгдэл 284 864 төгрөгийг төлөөгүй. Төлөхийг зөвшөөрөхгүй байгаа 284 864 төгрөгийн 212 703 төгрөг нь 2015 оны 07 сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардал, нэмэгдсэн өртгийн албан татварт тооцсон 37 401 төгрөг, гражтай гэж илүү тооцсон 15 636 төгрөг, СӨХ-ны харуулын 32 000 төгрөг илүү авсан зэргийг зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь алдангиа Төрийн банк буюу биллер байгуулагатай байгуулсан гэрээний дагуу гэж тайлбарласан боловч Төрийн банкны өмнөөс алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлсний хөлс 250 000 төгрөгийг төлөх үүрэг бидэнд байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Мандахаас 224 703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 983 864 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Г.Мандахаас улсын тэмдэгтийн хураамжид 7 391.09 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ....Нэхэмжлэгч нь цэвэр, бохир усны шугам шүлжээний засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг орон сууц нийтийн аж ахуйн компани тул хариуцагч үүнд маргалдаагүй. Харин нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны эрхгүй мөртлөө оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хуримтлал үүсгэх мөнгийг хууль бусаар нэхэмжилдэг. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.3, мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Гэвч анхан шатны дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй, эсвэл энэхүү зохицуулалт хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийлвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 212 703 төгрөгийг хуримтлал гэж тайлбарладаг. Харин хариуцагч нь лифт, цэвэрлэгээ, давхар хоорондын дулаан, харуулын цалин, граж, хогны төлбөр зэргийг бүгдийг төлсөн бөгөөд баримтуудаа хэрэгт хавсаргасан. СӨХ-ны эрхгүй мөртлөө хуримтлал гэж 212 703 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн байр 2015 онд ашиглалтанд орсон Барилгын тухай хуулиар засвар үйлчилгээ үзүүлэх баталгаат хугацаа дуусаагүй. Иймд хариуцагчаас 224 703 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь хариуцагч Г.Мандахад холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөр болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 656 026,53 төгрөг, алданги 290 540,26 төгрөг, нотариатын төлбөр 12 000 төгрөг, өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нийт 1 208 566 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Мандах нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/3 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны ашиглалтын төлбөр төлөхөөс гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, СӨХ-нд төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 97/3, 97/4 дүгээр байрны оршин суугчид СӨХ байгуулах хүртэл дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлж байсан талаар болон үүнтэй холбоотой зардлыг хариуцагч Г.Мандах төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх зохигчид анзын гэрээг бичгээр байгуулаагүй, өмгөөлөгчид хөлс төлснийг хохирол гэж үзэхгүй, энэ талаар нотлох баримт байхгүй үндэслэлээр алданги 290 540.26 төгрөгийг, өмгөөлөлийн хөлс 250 000 төгрөгийг, НӨАТ-ын 37401.5 төгрөг ашиглалтын зардалд хамаарахгүй, гражийн төлбөр 15 636 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй гэж тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх хариуцагч Г.Мандах нь орон сууцны ашиглалтын төлбөрт болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 742 251 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэж зөв дүгнэсэн боловч хариуцагчаас 212 703 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд хамаарахгүй, сууц өмчлөгчдийн холбооны гишүүдтэй тохиролцож, зохих журмын дагуу тогтоогдоогүй, нийт 242 766 төгрөгийг сар бүр 11274-15032 төгрөгөөр тооцон 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээний хуримтлал гэж хариуцагчийн тооцоонд үндэслэлгүйгээр оруулан тооцсон байгааг анхаараагүй байна. /хх-ийн 16/

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 6.1.7холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журмыг тус тус холбооны дүрэмд заавал тусгахаар заасан.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын зардал 12 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах мөн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Мандахад холбогдох 1 208 566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаагийн төлсөн 7 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ