Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/215

 

 

 

 

  2025             02           06                                         2025/ДШМ/215

            

    Ш.Э-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Э-т холбогдох эрүүгийн 2403004190619 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн ...-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, “...” ... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, /РД:  ................./,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэн харгалзсан;

Шүүгдэгч Ш.Э нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн
өргөн чөлөө, Далайхүү төвийн зүүн замд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19
цаг 50 минутын үед “Lexus RХ400h” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д “үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.” 1.3. “тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчиж Dongben.250GҮ маркийн ..-.. ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч Б.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Э-ыг тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.Э-т 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч Ш.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ш.Э-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ш.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ш.Э-аас 16.122.489 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин болон түрээсийн төлбөрт нэхэмжилсэн холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаар болон өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ш.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Э нь зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ маш ихээр гэмшиж гэм буруугийн тал дээр маргадаггүй, хохирогчид эмнэлэгийн тусламжийг тэр даруй үзүүлж эмчилгээний зардлуудыг тухай бүр төлж байсан. Ш.Э нь бага насны 1 хүүхэдтэй залуу гэр бүлүүдийн нэг бөгөөд ганцаараа ажиллаж ам бүлээ тэжээн тэтгэдэг. Тэрээр түгээлтийн компанид 2018 оноос хойш тогтвор суурьшилтай ажиллаж жолоочоос эхэлж одоо борлуулагч, түгээгч, борлуулатын менежер ажилтай, түүний ажлын онцлого нь Улаанбаатар хотын дүүрэг бүрт салбар дэлгүүрүүдэд ачаа бараа хүргэж өгдөг ба энэ ажилдаа туршлагатай цаашид ч мөн ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлж явах учир анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг Чингэлтэй дүүргээр хязгаарласныг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү.

Мөн Ш.Э нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирогчид учирсан зардал 16.122.489 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,
Ш.Э-ын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлаж хөнгөрүүлж шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ш.Э нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, Далайхүү төвийн зүүн замд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 50 минутын үед “Lexus RХ400h” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д “үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.” 1.3. “тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчиж Dongben.250GҮ маркийн ..-.. ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч Б.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 102 дуудлага лавлагааны хуудас, /хх 3/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр топгоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,

жолооч Ш.Э-ын согтуурлыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй гэсэн тэмдэглэл /хх 9/,

хохирогч Б.Г-ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19-20 цагийн үед 7 буудлаас ахынхаасаа гараад оройн цагаар ажил давхар хийдэг болохоор ажлаа хийх гээд Их засаг руу явж байсан. Тэгээд 17 дугаар сургуулийн гэрлэн дохионы хойд талд би урагшаа чиглэлд явж байх үед баруун, талаас нэг машин гэнэт эргэх үйлдэл хийгээд гараад ирсэн. Тэгээд би тоормоз гишгэсэн хальтаргаатай байсан болоод тэр чигээрээ очоод мөргөсөн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн...” /хх 31/,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.М-ын “....Миний эзэмшлийн мотоцикл, гэхдээ би сарын өмнө зарын дагуу нэг хүнд зарсан. ...сарын өмнө нэг залуу утсаар холбогдоод манай гэрийн гадаа ирж мотоцикл үзэж байгаад худалдаж авсан. Тухайн мөнгөө миний данс руу шилжүүлээд орой болсон байсан болохоор нэр шилжүүлэх боломжгүй болчихоод тэр залуу маргааш юм уу нөгөөдөр уулзаад нэрээ шилжүүүлье гээд аваад явсан, гомдол санал байхгүй. ...” /хх 15, 18/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б-ын Г нийт 48.000 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ш.Э-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8465 дугаар “...Б.Г-ын биед баруун шаант ясны ил хугарал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 63-64/ гэсэн дүгнэлт,

Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №196 дугаартай дүгнэлт /хх 71-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Э-ыг “тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ш.Э-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д “үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.” 1.3-д “тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Dongben.250GҮ маркийн ..-.. ... улсын дугаартай мотоциклтой зорчигч Б.Г-ыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгож ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ш.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдалдаа хандаж буй хандлага, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин бүсчлэлийг “Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго үр нөлөө, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх ёстой бөгөөд анхан шатны шүүх түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ш.Э нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин сууж байгаа нь оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 49/, Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 129/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргалын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, “бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэснийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ш.Э нь хохирогч Б.Г-т гэм хорын хохирол 16.122.489 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.Э-т 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.Э-т 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ш.Э нь хохирогч Б.Г-т гэм хорын хохиролд 16.122.489 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 


           ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                             М.АЛДАР

         ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

                                ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР