Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2026/0093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т.Ж

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0957662 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус байсныг тогтоох,  “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг хүчингүй болгох тухай” зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Т.Ж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Айбек, Е.Малик, хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулет, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчаас шүүхэд барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0957662 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  шүүх хуралдааны үед 0957662 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус байсныг тогтоох,  “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2. Дээрх шийдвэрүүд нь иргэн Т.Жыг “зураг төсөл нь батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр 3 давхар үйлчилгээний  барилга барьж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаагүй байхад барилгыг ашигласан” зөрчил гаргасан гэж үзэж,  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,  зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан агуулгатай байна.

3. Зөрчлийн холбогдогчоос 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:

3.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 0957662 дугаартай шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавар гаргахдаа миний тайлбар, нотлох баримтыг бүрэн шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй бөгөөд холбогдох ажиллагааг хангалттай явуулаагүй, урьдчилан тайлбар гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа бүрэн хийгдээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчим зөрчигдсөн.

 “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавар нь миний өмчлөх эрхийг зөрчиж байгаагаас гадна эд хөрөнгөөр хохирох, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа хэрэг болно.

3.2. Би тухайн үед “хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлэхэд, намайг ойлгоогүй байхад тайлбарлахгүйгээр гарын үсэг зуруулсан учраас би энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн надад мэдэгдэх хуудас хүргүүлэхгүйгээр, нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шууд захиргааны хэргийн шүүхэд гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас бичсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.3.Түүнчлэн, нэр бүхий улсын байцаагч маргаан бүхий актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27.1 дэх хэсэгт заасны дагуу эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулах ёстой байсан. Уг барилга нь  Барилгын тухай хуульд заасан зураг төслийн шаардлагын аль шаардлагыг зөрчсөн эсэх, үүнтэй холбоотой тайлбар авч, сонсох ажиллагаа хийх ёстой байтал огт ийм ажиллагаа хийхгүйгээр шийтгэх хуудас үйлдсэн нь илт үндэслэлгүй болно.

3.4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 3-т “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.2. 3өрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, 6.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь илт үндэслэлгүй болно.

3.5. Бид анх барилгын ажил эхлэхдээ “Рус Нур” ХХК-аас гаргаж өгсөн зураг төслийн дагуу барилгыг барьсан. Мөн инженер геологийн судалгаа, геодезийн зургийг тус компани хийсэн, тухайн зургийн дагуу гүйцэтгэсэн. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зураг төсөл зохиогчийн чиг үүргийн дагуу зураг төслийг энэ хууль, "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-д заасныг үндэслэн боловсруулж баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх ёстой. Барилгыг ашиглалтад оруулахын тулд улсын комисс ажиллуулж, дүгнэлт гаргах ёстой. Улсын комиссын дүгнэлт гаргуулахад шаардлагатай баримт болох барилгын зураг төсөлд Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийж, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргах, барилгын магадлал хийгдсэн зураг төслийг надад хүлээлгэж өгөөгүйн улмаас энэхүү зөрчил гарсан гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зураг төсөл зохиогчийн чиг үүргийн дагуу зураг төслийг энэ хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд заасныг үндэслэн боловсруулж баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх ёстой гэж заасны дагуу барилгын зураг төсөл боловсруулсан “Рус Нур” ХХК нь зургийг бодит байдлаар шаардлага хангасан хэлбэрээр батлуулж өгөөгүйн улмаас ийнхүү зөрчил гарсан учраас зөрчил гаргасан буюу зураг төслийн байгууллагын буруутай үйлдэл юм.

3.6. Улсын байцаагч Б.Шындаулет нь “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаварт дурдсан зөрчлийн учир шалтгааныг бодитоор тогтоогоогүй. Энэхүү зөрчлийг цаашид арилгах бүрэн боломжтой байхад зөрчил ариглах боломжит хугацаа олгоогүй гэжээ.

4. Гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үед Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан асуудлыг шүүх анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, тухайн барилга аль хэдийн баригдаж дууссан, ашиглалтад орсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан.

  Хэрвээ зөрчил байсан гэж үзсэн бол түүнийг арилгах бодит боломж надад байсан. Гэвч улсын байцаагч энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр зөрчил арилгах хугацаа олгохгүйгээр шууд шийтгэл оногдуулсан. Сонсох ажиллагаа явуулаагүй, албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй, зөрчил арилгах хугацаа ч олгоогүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

4.2.Мөн маргаан бүхий шийдвэрийн дагуу одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь миний болон манай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой зөрчиж байна. Миний бие 2012 оноос хойш талх, нарийн боовны үйлдвэр ажиллуулж байгаа бөгөөд барилгын В1 давхарт энэхүү үйлдвэрээ явуулдаг.

Энэ барилга нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд манай гэр бүл барилгын 3 дугаар давхарт оршин суудаг, үйл ажиллагааг шууд зогсох нь зөвхөн миний эрх ашиг бус, үйлдвэрт ажиллаж буй ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн амьжиргаа, орлогын эх үүсвэрт ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна гэв.

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Миний бие хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Т.Жын 3 давхар үйлчилгээний барилгад хяналт шалгалт хийж, зураг төсөл нь магадлалд ороогүй, барилгын зохих зөвшөөрөл аваагүй, байнгын ашиглалтад ороогүй барилгыг ашиглаж, үйлчилгээ явуулж эхэлсэн зөрчлийг илрүүлж, 2025 оны 08 дугаар сарын 12- 13-ны өдрүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “ГХ-31” бүртгэлийн дугаартай зөрчлийг шийдвэрлэж, торгууль оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн. Торгуулийг тухайн өдөр төлсөн боловч эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлээгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр хандсанаар шүүхээс баталгаажуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед холбогдогчийн эрх, үүрэгтэй танилцуулж, мэдүүлэг авах үед ямар зөрчил үйлдсэн, Барилгын тухай хуульд заасан чиг үүргийг тайлбарласан, холбогдогч тухайн үед зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын болон Онцгой байдлын газрын даргын хамтарсан удирдамж гарсан. Уг удирдамж нь дуусаагүй барилга байгууламж болон баригдаж байгаа барилга байгууламжид хянаж шалгалт хийж, зохих арга хэмжээг авах утга агуулгатай байсан.

Тэрний дагуу үзлэг шалгалт хийж, шийтгэл оногдуулсан, мөн эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн. Эхний ээлжид үзлэг шалгалт хийж, “Алтын шах” гэдэг үйлчилгээтэй амины сууцны барилгын захиалагч болох Т.Жыг дуудсан.

Холбогдох дүрэмд заасны дагуу  зураг төслийг батлуулах ёстой, мөн барилгын ажлын зөвшөөрөл авч, барилгыг байнгын ашиглалтад оруулсны дагуу ашиглах ёстой байгаа. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг тайлбарлаж өгсөн. 

6.2. Даалгавар хүргүүлсний дараа он гарах хүртэл хүлээсэн. Харин он гарсны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, даалгаврыг баталгаажуулсан.

6.3. Тухайн үед гомдол гаргагчийн эрх, үүргийг танилцуулсан. Т.Ж нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт ажилладаг юм байна. “Монгол хэл мэднэ” гэж хэлж, холбогдогчийн эрх үүрэгтэй танилцаж, баримтад гарын үсэг зурсан.

 Хэрвээ эрх үүрэг нь зөрчигдсөн байвал “өмгөөлөгч авна” гэх байсан. Одоо миний эрхэд халдсан  гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ гэв.

 

7. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Айбекийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  шалтгааныг ойлгуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь  үндэслэлгүй бөгөөд илт хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,  27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулаагүй.

7.2. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан зураг төслийн аль шаардлагыг зөрчсөн эсэхийг, үүнтэй холбоотой тайлбар мөн сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Уг ажиллагааг эрх бүхий албан тушаалтан хийгээгүй тул шийтгэлийн хуудас нь илт үндэслэлгүй гэж үзнэ.

7.3.  Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.”, 6 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй” гэж хуульчилсан. Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа бас өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь илт хууль бус үйл ажиллагаа юм. Уг барилгын ажлыг 2022 онд эхлээд 2024 онд ашиглалтад оруулсан. 2024 оны 10 дугаар сараас эхлэн өдий хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Харин рестораны үйл ажиллагааг зогсоосон. Барилгын ажил эхэлснээс зөрчил гараад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

8.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Е.Маликийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасны дагуу миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэж байгаа зөрчил нь 6 сарын хөөн хэлэлцэх хугацаатай байхаар тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлүүд байгаа. Барилгын ажлыг 2022 онд эхлээд 2024 онд дууссан тул зөрчил  үйлдэгдээд дуусчихсан асуудал байдаг. 2024 оны 10 сард нь барилга баригдаж дууссан гэж хариуцагчаас бас өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн барилга нь өөрөө ашиглалтад орсон эсэхээс үл хамаараад нэгэнт баригдчихсан, угсралт нь дуусчихсан барилга тул тэр үед нь зөрчил үйлдэгдэж дууссан.

 8.2.  Эрх бүхий албан тушаалтнаас “Би тухайн барилга баригдаж байх үед нь очиж зөвлөгөө өгч байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүрэг,  эрх хэмжээ тухайн үед байгаагүй”  гэж тайлбарлаж байна. Гэвч Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаартай “Хууль хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зөрчил шалган шийдвэрлэх боломж нь байсан. Энэхүү тогтоолын 5,6 дахь заалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буулгасантай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагуудад нь шилжүүлэн ажиллуулсугай гэсэн.

 2022-2025 оны хүртэл 4 жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломж нь байсан. 2022 онд илрүүлсэн зөрчил дээр ч гэсэн 2023 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл  оногдуулах боломжтой байсан. Тийм боломжийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

8.3. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэл үнэн зөв байхтай холбоотой зарчим байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээг нь гагцхүү шүүхийн шийдвэрээр хүчингүй болгохоос биш бусад байдлаар үгүйсгэх боломжгүй юм. Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаар, эсвэл барилгыг ашиглах боломжгүй юм байна гэж дүгнэх боломжгүй. Учир нь,  тухайн бүртгэл нь үнэн зөвөөр хөтлөгддөг. Тухайн бүртгэлт нь хүчин төгөлдөр учраас энэ дээр зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй.

 Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчмыг хангах ёстой. Захиргааны нэг байгууллага нь барилгаа ашиглаж болох юм байна, үйл ажиллагаа явуулж болно гэж гэрчилгээ гаргаж,  өөр нэг байгууллага, эрх бүхий албан тушаалтан ирж үгүйсгээд байж болохгүй. Ийм учраас эрх бүхий албан тушаалтан ийм байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй юм.

8.4. Хяналт шалгалтын тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулдаг. Энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой төлөвлөгөөт эсвэл төлөвлөгөөт бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай тодорхой тэмдэглэл авагдаагүй, удирдамж тухайн зөрчлийн материал дотор байхгүй, хавтаст хэрэгт ч авагдаагүй.  Ийм учраас шүүхийн зүгээс тухайн актын хууль зүйн үндэслэлийг хянах үед анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. 

8.5. Мөн маргаан бүхий 2 акт байна.  Энэ хоёр маргаан бүхий акт дээр нэг ижилхэн зөрчил байгаа. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэг дарагдаагүй. Засгийн газрын тогтоолоор тухайн шийтгэлийн хуудасны загварыг баталдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахтай холбоотой зохицуулалт байдаг.  Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасан.

8.6. Шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа шалтгаан нь бид нар шүүх хуралдааны эхний үе шатанд тайлбарласан.

 Актын үр дагавар нь биелэгдэж дуусгавар болсон буюу  500 000 төгрөгийн торгуулиа төлчихсөн.  Мөн миний үйлчлүүлэгчээс эрх бүхий албан тушаалтны даалгавар гэдэг зүйлийг “би өөрөөр ойлгосон, би мэдээгүй байсан. Тухайн үед надад хэлэхэд 500 000 төгрөгөөр торгуулаад, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргачих үед ажил эхлүүлэх зөвшөөрөл нь ороод ирэх юм шиг юм надад хэлж байсан” гэж тайлбарлаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Тухайлбал, тухайн хуулийн агуулга, холбогдсон гэмт хэргийн агуулгыг мэдсэнээр, үүнийг танилцаж, үр дагаврыг нь ойлгосноор хөөн хэлэлцэх хугацаа болон бусад үр дагавар үүснэ гэж заасан.

 Манай үйлчлүүлэгчид эрх бүхий албан тушаалтнаас албан даалгаврын үр дагаврыг нь ойлгуулаагүй байсан.  2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж, тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх үед нь эрх бүхий албан тушаалтны даалгавраар явж байгааг нь ойлгосон. Ингээд шүүхэд хандсан асуудлууд байна.

 Тухайн маргаан бүхий хоёр захиргааны акт нь хоёулаа хууль бус захиргааны акт байгаа учраас хуульд заасан шаардлагыг хангаагүй,  мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа анхнаас явуулах ёсгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэх үндэслэлтэй.

8.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах дарааллууд байдаг. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зөрчилд хамаарч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хуулийн шаардлага нь зөрчил гаргасан нь илэрхий ойлгомжтой бол эсвэл зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн шаардлага тавигддаг. Миний үйлчлүүлэгч анхнаасаа зөрчил гаргаагүй, гаргаснаа мэдээгүй байсан гэж тайлбарлаж байсан. Тийм учраас энэ нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зөрчилд хамаарахгүй юм.

8.8. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүрэг, байгаа. 40 дүгээр зүйлд гүйцэтгэгчийн чиг үүрэг бас байгаа. Гүйцэтгэгчтэй нь холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан уу, хуулиар гүйцэтгэгч нь батлагдаагүй зураг төслөөр ч юм уу, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах ёсгүй. Тухайлбал, барилга барих ёсгүй, захиалагчийг нь торгосон, гүйцэтгэгчийг  торгоогүй нь ойлгомжгүй байдаг. Ингээд бие биеэ үгүйсгэсэн ийм нөхцөл байдлууд байгаа учраас миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

1.1. Гомдол гаргагч Т.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 3 давхар үйлчилгээний барилгын ажлыг 2022 онд эхлүүлж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барьж дуусгасан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 000980575, 000980576, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 001234753, 001234755 дугаартай Т.Жыг тухайн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын фото зургаар тус тус тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1.16-д "барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг;”, 4.1.30-д “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;” 4.1.31-д “зураг төсөл зохиогч” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;”  ойлгохоор тус тус заасан.

 Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ .25.2.Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ: 25.2.1.газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт; 25.2.2. газар хөдлөлтийн долоогоос доош баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт; 25.2.3.барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд; 25.2.4.инженер-геологийн дүгнэлт, геодезийн зураглалд;” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасан.

Гомдол гаргагчаас  шүүх хуралдааны явцад “...би барилгын зураг төсөл боловсруулдаг эрх бүхий “Рус Нур” ХХК-д хандахад, иргэн н.Абайн хүсэлтээр боловсруулсан түүний Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт барих барилгын бэлэн зураг төсөл байгаа,  ижил загвар бүхий барилгад нэг зураг төслийг ашиглаж болно гэсэн тул нэг зургаар ижил загвар бүхий өөр өөр барилга барьж болох эсэхийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатаас асуухад “болно.” гэх хариуг өгсөн. Иймээс уг зураг төслийг ашиглаж барилгаа барьсан” гэж, шүүхэд гаргасан гомдолдоо “...“Рус Нур” ХХК нь зургийг бодит байдлаар шаардлага хангасан хэлбэрээр батлуулж өгөөгүйн улмаас ийнхүү зөрчил гарсан учраас зөрчил гаргасан буюу зураг төслийн байгууллагын буруутай үйлдэл юм.” гэж тайлбарлажээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;” гэж засан ба Т.Ж нь тухайн барилгын ажлын захиалагчийн хувьд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;” үүрэгтэй юм.

Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас иргэн Т.Жыг “зураг төсөлгүйгээр барилга барьсан” гэж үзсэн байх ба гомдол гаргагчийн тайлбарын агуулгаас үзэхэд,   Т.Жын Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт барьсан 3 давхар үйлчилгээний барилгын ажилд зориулж эрх бүхий этгээдээс боловсруулсан зураг төслийн баримт бичиг байхгүй байх ба зураг төсөл зохиогч “Рус Нур” ХХК-ийн боловсруулсан гэх өөр барилгын ажлын захиалагч иргэн н.Абайн Өлгий сумын 4 дүгээр баг буюу газрын өөр байршилд барих барилгын зураг төслийг ашиглаж Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьсан нь,  уг зураг төсөлд Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмаар магадлал хийгдээгүй нь тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "инженер хайгуулын судалгаа" гэж барилгын ажил гүйцэтгэхээс өмнө тухайн газрын инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус цаг уурын нөхцөл, газрын төлөв байдал, орчны архитектур төлөвлөлт, тохижилт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах боломжийг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг;” гэж заасан ба хариуцагчаас “…гомдол гаргагчийн барилга барихад ашигласан гэх ”Рус-Нур” ХХК-ийн боловсруулсан зураг төсөл нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах барилгад зориулагдсан, Өлгий сумын 4 дүгээр баг болон Т.Жын барилга барьсан Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газар нь геологийн бүтэц, газрын төлөв байдлын хувьд ялгаатай байж болох тул нэг загвар бүхий барилга байгууламжийг нэг зураг төслийн дагуу барих боломжтой ч “Рус Нур” ХХК-ийн боловсруулсан гэх уг зураг төслийн дагуу Өлгий сумын 10 дугаар багт барилга барих тохиолдолд уг зураг төсөлд магадлалын дүгнэлтийг дахин хийлгэх зайлшгүй шаардлагатай” гэх тайлбар нь  үндэслэлтэй байна.

     Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасан ба гомдол гаргагч  нь Барилгын тухай хуульд заасан журмаар магадлал хийгдсэн зураг төслийн дагуу барилгаа бариагүй нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтнаас “батлагдсан зураг төсөлгүйгээр барилга барьсан” зөрчил гаргасан гэж үзсэнийг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

     1.2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих; 26.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: 27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга.” гэж заасан.

Гомдол гаргагчаас шүүх хуралдааны явцад “...барилга барихад эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагатайг мэдээгүй” гэж тайлбарласан ба барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга барьсан зөрчил гаргасан нь мөн тогтоогдсон байна.

  1.3. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.6-д “энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.” 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.”  тус тус заасан байна.

Гомдол гаргагчаас түүний барьсан 3 давхар барилгын доод давхар нь талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх, 2 давхар нь рестораны үйл ажиллагаа явуулах, 3 давхар нь гэр орон сууцны зориулалттай, уг барилгыг дуусгасны дараа 2024 оны 10 дугаар сараас эхэлж ашигласан,  барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барилгын 2 давхарт явуулж байсан рестораны үйл ажиллагааг зогсоосон, одоогоор барилгын 1, 3 давхрыг ашиглаж байгаа гэх тайлбарыг гаргасан.

 Барилгын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдээс тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар шийдвэрлээгүй нь, ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашигласан зөрчлийг гомдол гаргагч гаргасан нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад нотлох баримтаар мөн тогтоогдож байна.

Иймээс эрх бүхий албан тушаалтнаас  барилгын ажлын захиалагч Т.Жыг комисс ашиглалтад аваагүй барилгыг ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн нь мөн үндэслэлтэй байна.

2. Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, барилгын ажлын зөвшөөрөл авах, ашиглалтад оруулаагүй барилгыг ашиглахгүй байх нь барилгын ажлын захиалагчийн үүрэг бөгөөд иргэн Т.Ж нь Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай  3 давхар барилгын ажлыг магадлал хийлгэсэн зураг төсөлгүйгээр, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьж, эрх бүхий этгээдээс ашиглалтад оруулаагүй байхад ашигласан зөрчил гаргасныг илрүүлж, тухайн барилгын ажлын захиалагчаар иргэн Т.Жыг тодорхойлж, зөрчлийн холбогдогчоор тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчил гаргасан тохиолдолд хүнийг 500 000 төгрөгөөр торгохоор заасан ба нэхэмжлэгч талаас Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:1.2.Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, 6.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар Т.Жын гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус гэж тайлбарлан маргасан.

3.1. Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын захиалагч нь тухайн барилгын ажлыг гүйцэтгэхээс өмнө магадлал хийлгэсэн  барилгын зураг төслийн баримт бичгийг бүрдүүлж, барилгын ажлын зөвшөөрөл авснаар  зураг төслийн дагуу барилга байгууламж барих үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан   2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 000980575, 000980576, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 001234753, 001234755 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр иргэн Т.Ж нь тухайн барилгыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барьж дуусгасан нь тогтоогдсон ба  “батлагдсан зураг төсөлгүйгээр, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас Т.Жын гаргасан “батлагдсан зураг төсөлгүйгээр, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан” зөрчилд холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин иргэн Т.Ж нь комисс ашиглалтад оруулаагүй байхад  барилгыг 2024 оны 10 дугаар сараас эхэлж, одоог хүртэл ашиглаж байгаа нь тогтоогдсон.

 Т.Ж нь  “ашиглалтад оруулаагүй барилгыг ашигласан” зөрчлийг 2024 оны 10 дугаар сард эхэлж гаргасан байх боловч барилгыг одоог хүртэл  ашиглаж байгаагаас үзэхэд, зөрчил нь үргэлжилсэн шинжтэй байна. Иймд энэ зөрчлийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзнэ.

Хариуцагчаас дээрх байдлаар Т.Жын гаргасан Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай  3 давхар барилгыг  зураг төсөлгүйгээр, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьж, эрх бүхий этгээдээс ашиглалтад оруулаагүй байхад ашигласан гэх зөрчилд тус тусдаа шийтгэл оногдуулаагүй бөгөөд  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зөрчилд хамааруулж, мөн зүйлд зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Өөрөөр хэлбэл, Т.Жын гаргасан “Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зөрчилд дээрх 3 төрлийн зөрчлийг эрх бүхий этгээдээс хамааруулж, нэг шийдвэрээр нэг удаа торгох шийтгэл оногдуулсан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн даалгавар нь  барилгын зураг төслийг магадлалд оруулаагүй, барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, байнгын ашиглалтад оруулаагүй барилгад үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн байх тул зөрчлүүдийг арилгах хүртэл бүх үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг холбогдогч Т.Жад даалгасан агуулгатай байх ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно.” гэж заасантай нийцсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн үндэслэлгүй гэж үзэв.

5. Гомдол гаргагч Т.Жаас анх шүүхэд маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500 000 төгрөгийн торгох шийтгэлийн төлбөрийг тухайн өдөр төлсөн гэсэн үндэслэлээр захиргааны уг актыг хэрэгжсэн гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох, харин “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Эрх бүхий этгээдийн үйлдсэн маргаан бүхий шийтгэлийн хуудас болон даалгавраас үзэхэд, гомдол гаргагч уг шийдвэрүүд гарсан тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр танилцаж, уг шийдвэрүүдийн “танилцсан” гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь тогтоогдсон.

Гомдол гаргагч дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актуудын талаар 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн байх ба шүүхэд захиргааны актыг хууль бус байсныг тогтоох, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Гэвч гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо “...би тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэхэд, намайг ойлгоогүй байхад тайлбарлахгүй гарын үсэг зуруулсан.” гэж, шүүх хуралдааны явцад “…эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн агуулга, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, тухайн өдөр торгох шийтгэлийн 500 000 төгрөгийг төлбөл боллоо.” гэж тайлбарласан тул зөрчил арилсан үр дагавар үүсгэхгүй гэж ойлгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2026 оны 05 дугаар сард ирж барилгын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах үед эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрүүдийн үр дагаврыг ойлгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар  2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандах болсон.” гэж тайлбарлан маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн  2- т “Холбогдогч дараахь эрхтэй: 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;” гэж заасан ба  холбогдогчийн энэхүү эрхийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас тухайн иргэн нь ямар зөрчилд холбогдсоныг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан аливаа шийдвэрийг танилцуулах, шийдвэрийн агуулга, үр дагаврыг тайлбарлах үүрэгтэй гэж ойлгоно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудас болон даалгаврыг танилцуулсан байх боловч уг шийдвэрийн агуулга, үр дагаврыг тайлбарласан нь тогтоогдоогүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-д заасан холбогдогчийн эрхийг хариуцагч хангаагүй гэж үзэхээр байна.  Иймд зөрчлийн холбогдогчоос эрх бүхий албан тушаалтны шийдвэрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзээд, гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасан “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

6. Дээрх шийдвэрүүд нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.”,  1.3 дугаар зүйлийн  1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7-д “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай тогтоолоор батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын Хоёрын 2.7-д “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.” гэж заасан ба хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудаст гарын үсэг зурсан байх боловч журмын дээрх зохицуулалтын дагуу өөрийн дардас, эсхүл байгууллагынхаа тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

Гомдол гаргагч талаас шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлага хангаагүй, уг шийдвэрийг баталгаажуулаагүй гэж маргасан нь үндэслэлтэй боловч энэ нь  гарсан зөрчлийг үгүйсгэх, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1,  3.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Жын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 0957662 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хууль бус байсныг тогтоох,  “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах  тухай” даалгаврыг  хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                М.РИЗА