Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00594

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00594

 

Н.Энхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэлтэй хариуцагч Даймонд рөүд ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхбат би 2017 оны 06 сарын 05-ны өдөр Даймонд рөүд ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь авто замын барилгад ажилласан. Гэтэл 2017 оны 07 сарын 01-ний өдөр захирал Г.Болдоо тушаалгүй болон тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Энхбат нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр Даймонд рөүд ХХК-ийн захирал Г.Болдоотой уулзан тус компанийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хамгааллын инженерээр өдрийн 50 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллахаар тохиролцсон. Захирал Г.Болдоо 15 хоногийн дараа Завхан аймаг дахь салбартаа очиход ажлын хамт олон шинээр ирсэн ажилтан Н.Энхбат ажил хийхгүй, шаардлага тавьсан нэгнийхээ өөдөөс хэрүүл хийдэг, ааш муутай, бүдүүлэг, цаашид энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллуулах хэрэггүй, манай ажилд тохирохгүй, өдөржин хэвтэж өнгөрөөж байна гэсэн. Тухайн ажлын байранд ажиллаад 20 хоног болоход Н.Энхбатын талаар хамт олон нь гомдол гаргасан, ажлын байранд очиход ажил хийхгүй байсан тул цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн. Хэдий тийм боловч уг ажлын байранд хэд хоног зүгээр байсан өдрөөр нь тооцож 870 000 төгрөг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасны дагуу Н.Энхбатад цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн бөгөөд тэрээр орон нутаг дахь манай салбарт ажил хийхгүй цаг хугацаа өнгөрөөж, мөнгө авсан мөртлөө шүүхэд хүртэл гомдол гаргаж шүүх байгууллагад чирэгдэл учруулж байна. Мөн хөдөлмөрийн гэрээг хоёр талаасаа тохиролцож зурсан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхбатыг Даймонд рөүд ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Даймонд рөүд ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 804 504 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхбатад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.Энхбатын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Даймонд рөүд ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Энхбат нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Даймонд рөүд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 107.822 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохироогүй болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэл болон шүүх хуралдааны тайлбарт "би 2017 оны 6 сарын 5-ны өдрөөс "Даймонд рөүд" ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь авто замын барилгад ажилласан" гэжээ. Дээрх тайлбараас хөдөлмөрийн нөхцөлийг тохиролцоогүй болох нь тогтоогддог. Хариуцагчийг шүүхэд төлөөлөх эрхгүй төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт "Н.Энхбат нь тус компанийн захирал Г.Болдоотой 2017 оны 6-р сарын 5-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар хөдөлмөрийн өдрийн 50 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллахаар тохиролцсон" гэжээ. Түүний тайлбараас мөн хөдөлмөрийн нөхцөлийг тохиролцоогүй болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх "зохигч нарын тайлбараас хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг амаар тохирсон, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн" гэж Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэгт заасныг зөрчжээ. 2006 оны 7-р сарын 3-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд 2 дугаар хэсэгт "Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан "хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол" гэдэгт мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцөлийн аль нэгийн талаар ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсныг хамааруулахгүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон эсэх нь эргэлзээтэй, баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсаны зэрэгцээ хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно" гэжээ. Мөн Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 21 дүгээр зүйлийн 21.7-д тус тус зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байхаар хуульчилсан. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзэхэд зөвхөн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах зорилттой байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр 20 хоног ажиллсан нэрийн доор хүнтэй хэрүүл хийж зүгээр суусан хүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гэж 5 804 504 төгрөгийг хуулийн болон бодит үндэслэлгүйгээр манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Хөдөлмөрийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг талууд тохирно" гэсэн байтал шүүх цалингийн хэмжээг тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгч өөрийн шаардлагаа дэмжсэн нотолсон нотлох баримт байхгүй байхад ИХШХШтХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв гэж үзэж зөвхөн түүний шүүхэд гаргасан тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй ч үнэн зөв, харин хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй гээд үнэлэхгүй орхигдуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй.

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Н.Энхбатын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дурьдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хэргийг хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэдий хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй боловч хариуцагч байгууллагын зүгээс 20 хоног зүгээр байсан өдрөөр нь тооцон 370 000 төгрөгийг бэлнээр төлж сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс хариуцагч "Даймонд Рөүд" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захиралаар Г.Болдоо харагдаж байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу компанийг төлөөлөх итгэмжлэлийг Г.Болдоо өгөх байтал компанийг төлөөлөх эрхгүй ерөнхий захирал Ё.Бадраа хариу тайлбар гарган, итгэмжлэл олгосон байна. Төлөөлөх эрхийн талаар анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт хэлэлцэж шүүх хурлыг нэг удаа хойшлуулсан байх бөгөөд залруулга хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийг шүүхэд төлөөлсөн П.Хүрэлбаатар нь компанийг төлөөлөх эрхгүй байжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Энхбат нь хариуцагч Даймонд рөүд ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Н.Энхбат нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч Даймонд рөүд ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар нэг сарын 1 200 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тус компанийн захирал Г.Болдоотой амаар тохиролцсон, тус компанийн Завхан аймаг дахь авто замын барилгад ажилласан, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Даймонд рөүд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөр хамгааллын инженерийн ажлыг өдрийн 50 000 төгрөгийн хөлстэй ажиллахаар тохиролцсон, тухайн ажлын байранд ажиллаад 20 хоног болоход Н.Энхбатын талаар хамт олон нь гомдол гаргасан, ажлын байранд очиход ажлаа хийхгүй байсан, түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд ажилд томилох тушаал гараагүй тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Даймонд рөүд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Н.Энхбатыг ажилд авсан, ажлаас халснаа зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан, нэхэмжлэгч Н.Энхбат нь тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж, цалин хөлс авсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй явдал нь хариуцагч Даймонд рөүд ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болохыг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн байна.

Хариуцагч байгууллага нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ заасан тушаал шийдвэр гаргаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч байгууллагын үйлдлийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай адилтган үзэж Н.Энхбатыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу 1 200 000 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг шүүх зөв дүгнэсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Даймонд рөүд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 830 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ